Юлия Тимошенко өлсгөлөнгөө зогсоов

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Юлия Тимошенко өлсгөлөнгөө зогсоов

Украйны экс-Ерөнхий сайд Юлия Тимошенко бараг гурван долоо хоног үргэлжилж буй өлсгөлөнгөө зогсоож, эмчлүүлэхийг зөвшөөрсөн гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн шоронд өлсгөлөн зарласан Тимошенког өнөөдөр Харьков хотын эмнэлэгт шилжүүлэхээр болжээ. Украйны экс-Ерөнхий сайд Юлия Тимошенкод эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр долоон жил шоронд хорих ял өнгөрсөн жил оноосон билээ. Шоронгийн хуягууд түүний эрхэд халдаж, хүч хэрэглэж буй эсэргүүцсэн Юлия Тимошенко өлсгөлөн зарласан аж. Хуягуудад зодуулж, ухаангүй хэвтэж буй Тимошенкогийн зураг интернэтээр цацагдсан нь Украйнд төдийгүй хилийн чанад дахь түүнийг дэмжигчдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн. Украйны прокурор түүний гомдлын дагуу мөрдлөг явуулсан боловч хуягууд түүнд хүч хэрэглэснийг нотлох баримт олоогүй гэж мэдэгдсэн байна. Украйны шүүх өнгөрсөн аравдугаар сард Юлия Тимошенког Украйнд ашиггүй байгалийн хийн гэрээг ОХУ-тай байгуулсан хэмээн буруутгаж, долоон жил шоронд хорих ял оноосон юм. Украйны шүүх Юлия Тимошенког 1.5 тэрбум гривень буюу 190 сая ам.долларын алдагдалтай гэрээ байгуулсан гэж буруутган түүнийг тэр хэмжээний хохирлыг барагдуулах ёстой гэж үзсэн юм. Хүний эрхийг хамгаалах “Эмнести интернэйшнл” байгууллага түүнд оноосон ялыг хууль бус гэж үзэж байгаа бөгөөд түүнийг улс төрийн далд явуулгын золиос болсон гэсэн юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж