Хоёр жил хагасын өмнө УИХ Төрийн өндөр албан туаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээр Нээлттэй сонсгол хийсний дараачаас сэдэв болон яригдаж эхэлсэн, хуулийн төсөл болж УИХ дээр орж ирснээс хойш жил хагас шахуу хугацаанд хэлэлцүүлэгт явж, Байнгын хороод болон нэгдсэн чуулганы хуралдаанаас олонтоо хасагдаж байж арай гэж батлагдан гарсан Сонирхлын зөрчлийн тухай хуулиар төрийн болон нийтийн албанд хувийг ашиг сонирхлыг хязгаарласан маш олон зүйл, заалтууд орсон байгаа.
Хөрөнгө орлогын мэдүүлгээр хийсэн УИХ-ын Нээлттэй сонсголын дараа зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлэг авсан төдийгөөр төрийн албан хаагчдын ашиг сонирхлыг зөрчил, авлигатай холбоотой асуудлыг шийдвэрлэж чадахгүй нь ээ гэдэг нь нэгэнт ил болсон билээ. Авлигын эсрэг болон Төрийн албаны хуульд нь сонирхлын зөрчлийн зарим хэлбэрийг хуульчилчихсан хэрнээ яг Авлигын эсрэг хуульд нь авлигынх нь зөрчлүүд байхгүй, Эрүүгийн хуульд авлигын болон албан тушаалын гэмт хэргүүдийг зарим хэсгийг заачихсан мөртлөө эрүүгийн хэрэг үүсгэдэг шаардлага нь тодорхой мөнгөн дүнтэй, түүнээс наагуурх нь ямар ч зохицуулалтгүй.
Мөн хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй албан тушаалтандаа хариуцлага тооцож чаддаггүй, үүнээсээ болоод АТГ “акул”-аадаа өөгшүүлж, “жараахай”-нуудтай зууралддаг хочтой болчихсон гэх мэт.
Харин Сонирхлын зөрчлийн тухай хуулийг баталснаар дээрх хуулиудын давхардал болон зөрчлийг арилгаж, юуг нь сонирхлын зөрчил, юуг нь авлигын зөрчил гэж үзэх, аль тохиолдолд эрүүгийн хариуцлага тооцох, алийг нь захиргааны журмаар шийдвэрлэх вэ гэдгийг нарийн зааглаж өгсөн билээ. Нэг ёсондоо АТГ-ын авлигатай тэмцэх “араа шүд” болсон хуулийнх нь механизмуудыг бүрэн дүүрэн суулгаж, “ниргэсэн хойно нь хашгирах” бус, авлига гарах нүх сүвийг анхнаас нь хааж өгөхийн тулд сонирхлын зөрчлүүдийг хуулиар зохицуулсан гэсэн үг. Хүн бүхэнд хувийн сонирхол байдаг, харин тэр сонирхол нь хаа хүрээд зогсох вэ гэдэгт хуулиар зааж өгсөн хэрэг. Хэрвээ та төрийн болон нийтийн албанд ажиллаж байгаа бол таны хамгийн түрүүнд эрхэмлэх ёстой зүйл нь нийтийн ашиг сонирхол. Нийтийн ашиг сонирхлын дээгүүр хувийнхаа ашиг сонирхлыг, хэсэг бүлгийн явцуу ашиг сонирхлыг тавих юм бол наанадаж сонирхлын зөрчил, цаашлаад авлига, гэмт хэрэг болно гэдгийг хэмжих “метр”-тэй нь хийж өгсөн нь уг хуулийн давуу тал юм. Нөгөө талаас өмнө нь энэ төрлийн хуулийн нарийн зохицуулалтгүй явж ирснээс шударгаар ажиллаж байгаа төрийн албан хаагчийг хэлмэгдүүлэх, үнэдслэлгүйгээр хардах, гүтгэх боломжийг олгож байсан тул Сонирхлын зөрчлийн тухай хууль гарснаар дээрх хүмүүсийн хувьд харин ч хамгаалалт болж байгаа юм.
Гэвч хуулийн энэ давуу талуудаас гадна хэрэгжүүлэх хугацаан дээр асуудал гараад байгаа билээ. Нэг УИХ-ын бүрэн эрхийн хугацааг туулан байж гарсан уг хуулийг хэдийнээс эхлэн дагаж мөрдөх вэ гэдэг дээр хэлэлцүүлгийн эцсийн шатанд гишүүдийн дунд багагүй маргаан дэгдсэн. Хууль санаачлагчдын зүгээс “Уг хууль өөрөө 30 гаруй зүйлтэй маш том хууль тул бүх шатны төрийн албан тушаалтнууд, нийтийн албаныханд эхлээд хуулиа бүрэн гүйцэд таниулах хэрэгтэй болно, үүнд хугацаа хэрэгтэй” гэж үзэн ирэх долдугаар сарын 15-наас буюу УИХ-ын сонгуулийн дараачаас дагаж мөрдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан юм билээ. Харин уг хуулийг дагаж өөрчлөлт орж байгаа Авлигын эсрэг хууль болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслүүдийг өнгөрөгч хоёрдугаар сарын 1-нээс мөрдүүлэхээр санал боловсруулсан байсан билээ. Учир нь дээрх нэмэлт өөрчлөлтүүдээр зохицуулах гэж оролдсон нам, улс төрийн бүлэглэлээрээ дамжуулж тендерээ хуваадаг, түүнийхээ 10-20 хувийг аваад сонгуулиа санхүүжүүлдэг, төсвийн хөрөнгө, төрийн албан тушаалаар сонгуулийнхаа сурталчилгааг хийдэг барьдаг авлигын том хэргүүд жилийн яг энэ хугацаанд буюу төсөв батлагдсанаас хойш хийгддэг билээ.
Гэвч хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг дээр УИХ олонхиороо /үндсэндээ гол эсэргүүцэгчид нь МАН-ын бүлгийнхэн байсан гэдгийг нуух шаардлагагүй/ хуулийг дагаж мөрдөх хугацааны талаарх дээрх заалтыг унагаж, Авлигын эсрэг болгон Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг ч мөн адил Сонирхлын тухай хуультай нэгэн зэрэг буюу ирэх долдугаар сарын 15-наас дагаж мөрдүүлэхээр болсон юм. Төрийн албаны бүх шат дамжлагад өөрсдийнхөө хүмүүсийг байршуулж аваад, түүгээрээ дамжуулан хөрөнгөжиж, сонгуулиа ч гэсэн хийгээд сурчихсан тус намынхны хувьд үүнээс өөр сонголтгүй байсан биз. Ингээд нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг хязгаарлах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх утга агуулга бүхий уг хуулийн бүх зүйл заалт энэ УИХ, Засгийн газар, түүнээс доош бүх шатанд үйлчлэхээргүй болж, ирэх сонгуулийн дараачаас зохицуулахаар хийгдсэн билээ. Хоёр жил хагас араас нь хөөцөлдсөн хууль санаачлагчид ч үүнтэй эвлэрч, “Хууль гарсан нь яамай” хэмээн залбираад өнгөрсөн.
Харин Ерөнхийлөгч үүн дээр өөр байр суурьтай байна. Тэр “хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх” Үндсэн хуулийн заалтыг эш үндэс болгон уг хуулийн гучдугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт буюу хуульд “хэсэгчилсэн” байдлаар хориг тавьж, хуулийг дагаж мөрдөх хугацааг 2012 оны тавдугаар сарын 1-ний өдрөөр тогтоох нь зүйтэй гэдэг өөрийн байр суурийг илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дараа гарч ирж ажиллах төрийн албан тушаалтнуудад үйлчилж буй хориг, хязгаарлалтууд одоо ажиллаж байгаа УИХ, Засгийн газраас авахуулаад төрийн албаны бүх шат дамжлагад ижил үйлчлэх ёстой, хуулиар хэн нэгэнд нь давуу байдал олгож болохгүй л гэсэн үг.
Тиймээс өнгөрсөн өдрүүдэд УИХ дээр хийгдсэн хоёр том ухралтын эсрэг нэг алхам урагшлахыг Ерөнхийлөгч санал болголоо. Хүлээж авах эсэх нь УИХ-ын өөрийх нь шийдэх асуудал.