Монгол хүн бүр дэвжих болтугай

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Монгол хүн бүр дэвжих болтугай

Улиран одож буй төмөр туулай жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны маань хөгжил дэвшилд ахиц гарсан сайхан жил байлаа.

Угтан золгож буй “Баясгалан” хэмээх усан луу жил бол төрийн эрхийг ард түмэн барих жил. УИХ-ын сонгууль аливаа улс төрийн намуудын хувьд хариуцлагатайгаас гадна, ард түмнээрээ дүн тавиулах жил байдаг.

Төмөр туулай жилд Ардчилсан нам “Монгол хүн-2020” хөтөлбөр боловсруулахыг санаачилж, эдийн засгийн хувьсгал улс оронд зайлшгүй шаардлагатайг зарлалаа.

“Монгол хүн-2020” хөтөлбөр нь иргэн бүрт эдийн засгийн эрх чөлөөг олгоход чухал ач холбогдолтой хөтөлбөр болно гэдэгт бид итгэлтэй байна. Ард түмний чин санаа бодлыг нэгтгэж, сум, баг бүрийн тулгамдсан асуудлыг Ардчилсан нам сонссоноор Монгол хүний хөгжлийг ойрын арван жилд бүрэн хамгаалах түүхэн боломжийг олгож байгааг онцолж байна.

Угтан золгож буй “Баясгалан” хэмээх усан луу жил монголчуудын амьдралд өнгө нэмсэн улс төр, эдийн засаг, нийгмийн эрс шинэчлэлийн жил болж, иргэн бүр өөрөөрөө бахархах, шударга ёс өөд тэмүүлсэн, хүсэл бодол нь биелсэн жил байна гэдэгт итгэлтэй байна.

Эх орны маань өнцөг булан бүрт шинэ санаачлага, шинэ бүтээн байгуулалт өрнөж, Монгол хүн бүрийн, өрх бүрийн амьдрал өөдлөн дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн мэндчилье.

Ардчилсан намын
Ерөнхий нарийн бичгийн дарга Д.ЭРДЭНЭБАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж