Төрийн өндөрлөгүүдэд өргөх бичиг илгээжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Төрийн өндөрлөгүүдэд өргөх бичиг илгээжээ

Өмнөговь аймгийн “Балгасын улаан нуураа хамгаалах” хөдөлгөөнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон гишүүдэд хандан өргөх бичиг  илгээсэн байна.

Говийн хамгийн цэнгэг устай  тус нуурын усыг уул уурхайн зориулалтаар ашиглах шийдвэрийг төрийн эрх барих байгууллагаас гаргасан нь  нутгийн иргэдийн зүгээс эрх мэдэлтнүүдэд хандан өргөх бичиг хаяглах шалтгаан нь болжээ. “Балгасын улаан нуураа хамгаалах” хөдөлгөөнөөс  гадна  Өмнөговь аймгийн  60 мянган иргэд нэгдэж, өргөх бичиг гаргасан байна. Уг өргөх бичигт “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон аймгийн Иргэдийн  төлөөлөгчдийн хурлаас  Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт орших Балгасын улаан нуурын газрын доорх цэнгэг усны нөөц бүхий 102.226 га талбайг ундны усны нөөцөөр орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж, УИХ-д зөвлөмж хүргүүлсэн байдаг. Гэтэл Монгол Улсын Засгийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэрийг үл ойшоон өнгөрсөн оны наймдугаар сарын 24-ний өдрийн 257-р тогтоолоор Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Балгасын улаан нуурын газрын доорх цэнгэг усны ордыг уул уурхайн зориулалтаар “Эрдэнэс Тавантолгой”-д ашиглуулах арга хэмжээ авах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр нь  Өмнөговь аймгийн төдийгүй, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц, алдаатай шийдвэр гэж үзэж байгаа тул энэхүү шийдвэрээ эргэн харж, цуцлахыг Өмнөговь аймгийн нийт ард түмэн шаардаж байна” гэжээ. Ийм үг үсэг бүхий өргөх бичгийг эрх баригчдад хаягласан нутгийн иргэд өргөх бичгийнхээ хариуг долоон хоногийн дотор авахаа ч мөн мэдэгджээ. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар Балгасын улаан нуураар говийн ундны усны судал холбогддог,  сүүлийн үеийн судалгаагаар  говийн бүсэд тэр бүр олдоод байдаггүй хамгийн цэнгэг устай нуур хэмээн тогтоогдсон байна.

“Eagle news TV” Холбоотой видеог ЭНД дарж үзнэ үү

“Eagle news TV” Холбоотой видеог ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж