Өмнөд Африкийн Үндэсний Ассамблей өчигдөр төрийн нууцыг хамгаалах хууль гэгчийг баталжээ. Шүүмжлэгчид ийм хууль сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрхийг хориглож, саад болно хэмээн буруутгаж байна. Улсын нууцыг хамгаалах хуулийг тус улсын Үндэсний Ассамблейн 229 гишүүний 107 нь хүлээн зөвшөөрч, хоёр гишүүн түдгэлзжээ. Хуулийг өчигдөр батлахын өмнө хар хувцас өмссөн эсэргүүцэгчид хэд хэдэн хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, “Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хар мягмар гариг” гэж зарласан байна. 1977 онд Өмнөд Африкийн апартейд Засгийн газар хэд хэдэн сониныг хааж, апартейдын эсрэг хөдөлгөөнд хориг тавьсан “Хар лхагва гариг”-тай зүйрлүүлсэн байна. Уг хуулинд төр засагтай холбоотой мэдээлэл олж авч, олон нийтэд түгээсэн тохиолдолд дээд тал нь 25 жил шоронд хорих ял оноохоор заасан ажээ. Түүнээс гадна төр засагтай холбоотой мэдээллийн нууцыг засаг захиргааны албан тушаалтнууд чандлан сахих тухай заасан гэнэ. Уг хуулийг хатуу шүүмжлэгчдийн дунд Нобелийн шагналт зүтгэлтэн Десмонд Туту, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэгч Ерөнхийлөгч асан Нелсон Мандела нар байгаа ажээ.
Н.Энх