Хөрөнгөтнүүдийг үзэн ядах сэтгэлгээ

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Хөрөнгөтнүүдийг үзэн ядах сэтгэлгээ

Гадаадад хэдэн жил ажиллаад ирсэн найзтайгаа таарлаа. Хурд, хүчний гай­хамшиг болсон шинэхэн “To­ёoтo Ланд круйзер” уна­чихжээ. Түүн шиг баяртай хүн алга. Авгай авсан хүн жил­дээ бардам, азарга унасан хүн өдөртөө бардам гэдэг дээ. Хүссэн болгон ийм машин унах биш, тэгэлгүй яахав гэж бодогдож л байв.

Тэгэсхийгээд түүний тухай нэг хэсэгтээ мартчихаж. Гэтэл хагас жилийн дараа өнөөх маань машинаа зарчихсан гээд дуу султай алхаж явахтай таарав. “Машинаа яагаа вэ? Эвдчихээ юу” гэтэл “Зовлон их байна аа. Үнэтэй машин унана гэдэг ёстой там юм байна” гээд толгой сэгсэрч байна. “Тэгнээ тэр. Мань эр шатахууныг нь дийлэлгүй зарж орхиж дээ” гэсэн шүү юм бодож зогстол зовлонгоо тоочлоо. Сайхан машин унасан хүнийг хүн бүхэн нүд үзүүрлэж байна гэвэл та итгэх үү. “Хэзээ байхдаа хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг дээрэлхэж байсан юм бэ. Тэд л харин ядуусыг дээрэлхэх байх шүү” гэсэн үг аман дээр чинь бэлэн байна уу. Тэгвэл яг энэ бодлоос чинь эхлээд нийгэм даяараа хөрөнгөтэй мөнгөтэй, ажил хөдөлмөр нь өөдрөг яваа хүмүүсийг үзэн ядах болжээ. Ажил амьдрал нь өөдрөг яваа нэгнээ авлигачин, дээрэмчин, луйварчин хэмээх ангилалд хамааруулах болоод удсан байна.

…Найз маань үнэтэй машин авсан өдрөөсөө бусдын дайсагналд өртөж эхэлжээ. Зах дээр, аль нэг албан байгууллагын гадаа хаана л машинаа тавина ноорхой хувцастай, халтар царайтай хэдэн жаал бүчиж аваад “Машинаа харуулах уу. Харуулахгүй бол толь чинь алга болж мэднэ шүү” хэмээн дарамтална. “Үгүй” л гэвэл байдал бишдэнэ. Дөнгөж угаалгын газраас гарсан байсан ч аманд нь багтаж тэднээр халтартуулуулахгүй л бол шоглуулна. Тэд үгүй л гэсэн хариу сонсвол “төлөөсөнд нь” нэг нь 150 “ногооны” үнэтэй хоёр толийг нь хуу татах энүүхэнд. Хадаасаар зурна, сэвтүүлнэ. Ямар ч гэсэн дараа заавал мөнгө төлдөг болох “хатуу сануулга” өгнө. Нэг удаа зах дээр очиход нь тэрэг түрдэг хүн машиныг нь шүргэж зураад хаячихаж. Гэтэл хавь ойрынх нь хүмүүс “Чи муу ядарсан хүнээс юуг нь авдаг юм бэ. Муусайн баячуудад энэ зэргийн зу­раас юу ч биш. Зайлаач муу ав­лигач минь” гэх мэтээр хашгирч ундааны лааз шидэлсэн гэнэ. Олны өмнө ийм эвгүй байдалд орсон найз маань бушуухан явахаас өөр аргагүй болжээ. За тэгээд үнэтэй машины лай үүгээр дууссангүй. Ногоон гэр­лээр уулзвар нэвтрэх гэж явахад нь “таксийн цоохор” улаан гэрлээр орж ирээд наалдчихаж. Тэгээд за­мын цагдаа дуудахаас эхлээд ажил ундарч дээ. Цагдаа хүлээх зуур ха­жуугаар нь өнгөрч яваа жолооч нар “Хөөе, уулзвар чөлөөл л дөө. Наад муу луйварчнаасаа олигтойхон мөн­гө салга”, “Биднийг мөлжиж буй ав­лигачдын нэг байна”, “Чи муу таксины жолоочоос юугаа авах гэсэн юм бэ” гэх зэргээр орилж хашгирч нүд­ний булай болгожээ.  Ослын газар дуудлагаар ирсэн цагдаа хүртэл “Энүүхний төлөө цагдаа дуудаад байхдаа яадаг юм бэ. Үүнийг хохи­рол гэдэг юм уу” гэж баахан тохуурх­санаа бичиг баримтыг нь хурааж аваад давхиад явчихаж гэнэ. Бичиг ба­римтаа хураалгачихсан болохоор заргаа автал явгарч, өдөр бүхэн замын цагдаад дуудагдаж хамаг ажлаа нураасан гэнэ. За тэгээд, ил зогсоолд тавих, угаалгах гээд алхам тутамдаа “жийп унасны торгууль” төлж бүр залхаж. Энэ мэт нийгмийн зүгээс үзүүлэх “халамжууд”-ын өмнө өвдөг сөхрөхдөө өнөөх гоё машинаа зарахад хүрчээ. Харин ч явган явах амьдын жаргал байна гэнэ. Түгжрэл энээ тэрээ гэхгүй. Хааяа нэг таксинд яваагүй километрийн төлөө илүү мөнгө төлж нерв зарахаас өөр хо­хи­ролгүй гээд инээж зогсов. Биз­нес эрхэлж компани байгуулаад шижигнэж яваа олон сайхан залуус бий. Тэд ажлын байр бий болгож олон гэр бүлийг тэжээж, татвар төлж байгаа. Өөрөөр хэлбэл, ачааны хүндийг үүрч яваа улс. Гэвч бусдад буян үйлдэж байгаагийнхаа хариуд тэдний дарамт дор шаналж явна. Нэгэн барилгын компанийн захирал залуугийн ярьсан зүйлийг өнөө хүр­тэл мартаж чадаагүй юм. Ажил олохын тулд хагас жил хэртэй яам, тамгын газрын үүд сахиж тендерт оролцохчоо аядна. Тендерийн ко­мис­сын гишүүд гэж хэдэн нөхөр өглөө, оройгүй дуудаж машиныг нь зайдалж, хоол нэхэж ресторан хэсч, оройн цагаар цэнгээний газар тансагласныхаа мөнгийг төлж тооцоо хийхийг шаардана. Тендерт оролцож байгаа компанийн захирлуудыг өмнөө бөхөлзүүлээд бүр сурчихсан байх аж. Тэгж мөлжүүлж мөлжүүлж нэг юм тендерт ялж ажил авна. Дансанд нь мөнгө шилжиж орж иртэл өр тавиад л зээлээд байна. Арай гэж ажил эхэлмэгц дараагийн зовлон үүсдэг гэнэ. Ажилчид нь барилгынх нь материалаас хулгай хийж зовооно. Орой ажлаас тарахдаа тоосго, дээврийн хар цаас, будаг, замаск гээд юу ч гололгүй хумсална. Өөрөө хажууд нь байж цаг тутамд хяналт тавьж чадахгүйгээс хойш багахан шиг аваасай л гэж залбирахаас өөр аргагүй гэнэ. “Ажлаа олигтойхон хий” гээд зандарчих юм бол иргэний хөдөлгөөн байгуулахаа шахаж хүний эрх ярина. Цалинг нь өгсөн өдөр нийлж архи уугаад маргааш өглөө нь ажилдаа ирэх хүн ховорхон. “Тэр хөөрхий өчигдөр уугаад шартчихсан босч чадахгүй байгаа” гэсэн шалтаг бол бүр хамгийн хүндтэй шалтгаанд зүй ёсоор тооцогдож бусдынхаа хайрыг  хүлээнэ. Бүгд түүний тухай бах­далтайгаар дурсаж “аргагүй хөөр­хий” хэмээн эвийлнэ. Захирлыг гараад явахтай зэрэг тамхи татаж элдэв долоон юм чалчин өдрийг өнгө­рөөж ч мэднэ. Тэд гагцхүү өөрс­дийнхөө л эрхийг ярьж хамгаалахаас ажил олгогч эзнийхээ эрх ашгийг үл бодолцоно. Нэгэнт л та компанийн захирал болж бусдад ажил олгож байгаа бол бүх эрсдлийг үүрэх учир­тай. Ажил чанартай сайн байж, хуга­цаандаа дуусах эсэх нь ганцхан танд л хамаатай болохоос бусад ажилтанд огт хамаагүй. Тэд зөвхөн цалингаа л авах учиртай. Бас тэдэнд гачигдал зовлон тохиолдвол үүрэхээс өөр ар­га­гүй. Хэрвээ тэгж чадахгүй бол таныг барьж идэж ч мэднэ. Учир нь та машинтай, байртай, бас тэ­гээд компанитай. Тийм болохоор ажилчдадаа мөлжүүлэх нь таны л үүрэг гэнэ.
Нэг үеэ бодвол сайн ажилласан хүний амьдрал ахуй дээшлэх бо­ломж нээлттэй болж. Татвар буур­сан нь бизнес эрхлэгчдэд таатай бай­гаа. Төрийн албан хаагчдын ца­лин хангамж нэмэгдэж байгаа нь тэдний авлигад өртөх боломжийг нь хааж өгөв. Их дээд сургуульд элс­чихээд төлбөрөө төлж чадахгүй хасагддаг “толгой сайтай” жаа­луудын сургалтын төлбөрийг нь хий­гээд төгсөхөөр нь компанидаа ажилд авъя гэсэн бизнесийнхэн сур­гуулиудыг нэгжих нь холгүй байна. Хувийн хэвшлийнхэн сайн ажилтнаа алдахгүйн тулд цалинг нь өрсөн нэмж, зээлээр орон сууц олгох гэж мэрийх болов. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл байлгүй л яахав. Амьдрал ядуугаас болж дунд сургуулиасаа завсардаж, зах дээр тэрэг түрж, хүний цүнхтэй зүйлийг зөөж, гутал то­солж, машин арчих жаалууд олон. Гэвч тэд шударгаар мөнгө олъё гэхээсээ мөнгөтэй нэг­нээс нь ахиухан хэдэн төгрөг салгахаа л урьтал болгож байгаа нь үнэн. Зарим нь гутал тосолж байна гэж нүд хариулж байгаад усаар арччих жишээтэй. Хүний машиныг цэвэрхэн алчуураар сайн арчаад өгье гэхээсээ халтар хултар арчсан болоод мөнгө нэхэхээ бодох. Хажуу айлын Дондогийнх хөрөнгөжиж гэмээнэ Доржийнх уурлахын учрыг үл олно. “Мөнгөтэй юм байж хэдэн төгрөг зээлүүлсэнгүй” гээд цонхыг нь хагалахын оронд итгэлт зарцыг нь хийгээд амьдарч болохгүй гэж үү. Энд бас нэг хачирхалтай жишээ дурдъя. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр завгүй учир нялх хүүхдээ харуулах гэж нэгэн эмэгтэйг хөлслөн авчээ. Өдрийн цагаар хүүхдийг нь хараад гэрийг нь цэвэрлээд цалин авах боломжтой гэсэн үг. Гэтэл өнөөх эмэгтэй гэрийн эздийг ажилдаа явмагц хүүхдэд нь нойрсуулах эм өгч унтуулчихаад тэнээд явчихдаг байж. Тэгээд ажил тарахыг дөхүүлж байгаад эргэж ирээд гэрийг нь хагас хугас цэвэрлэхчээ аядаад цалингаа авсаар уджээ. Төдөлгүй хүүхдийн биеэр юм туурч, инээж тоглохоо байн мансуурсан аятай байнга л үүрэглэж эхэлмэгц хэрэг илэрч хуулийн байгууллагын үүдийг татсан байдаг юм. Ингэдэггүй юмаа гэхэд гэрээс нь эд зүйлийг нь хулгайлаад зарчихаж байна гэнэ. Эзэгтэйнхээ гоёлын хувцсыг өмсөж гадуур тэнэж яваад баригдсан хөгийн жишээ ч бий. Энэ мэтээс харахад монгол хүн яагаад хүний төлөө ажиллаж чаддаггүй хэрэг вэ. Тэгээд ажиллаж, амьдарч яваа нэгнээ авлигач луйварчингаар нь цоллож гутаан доромжлохын хэрэг юу байна. Япончууд “Sony”, “Тоyоtо”-гоороо бахархаж байснаас доромжилж байхыг сонсоогүй санагдана.

Томоохон компани, банкуудын үүдийг татаад үзээрэй. Голчлон 1980, 1990 онд төрсөн болов уу гэмээр охид, залуус хамгийн чухал ажлын байранд ажиллаж байхыг түвэггүй олж харах вий. Тэд социалист нийгмийн горыг амсаагүй болохоор ажил цалгардуулж, заль гаргаж зүгээр суухыг барагтай л мэдэхгүй. Тэдэнд ажил даалгахад урамтай гэд­гийг хэлээд өгөх дарга олон байх. Хэлний мэдлэг ч хамаагүй дөн­гүүр байгаа. Монголчуудын онц­лог болсон хуурах, мэхлэх, луй­вар­дахад суралцаж амжаагүй, бас тэгээд дийлэнх нь баруунд бо­ловсрол эзэмшиж байгаа болохоор найд­вартай ажиллах хүчин болдог. Гэтэл эдэнд маань нийгмийн зүгээс бас л доромжлол ирдэг бололтой. За­луухан, боловсролтой, царайлаг эмэг­тэй албан тушаал дэвшиж ажиллахад үнэхээр хэцүү гэж байна. Түүний мэддэг, чаддаг бүхнийг хамт ажиллагсад нь ойлгодог атлаа “даргадаа биеэ үнэлж байгаад дэвшиж байгаа юм” гэсэн хардлагаар зовооно. Боловсрол өндөр бол ажил олдоно. Ажил байгаа хойно мөнгө бас олдох учиртай. Мөнгө олдож байгаа бол ахуй амьдрал нь сайжрах ёстой. Ийм энгийн гаргалгааг мэдсээр атлаа сайн сайхан амьдарч яваа залуу бүсгүйчүүдийг хорон үгээр гомдоож, ад үзэж хавчина. Шуудхан хэлэхэд муухай хувцасладаг, өөртөө арчаагүй, боловсролгүй, бүдүүлэг үг яриатай, залхуу, архи ууж ажил тасалдаг хүнийг хамт олон нь илүү үнэлж “манай талын хүн” гэж бүртгээд байх шиг санагдах боллоо. Яахав, хуучин нийгмийн үед зул сарын баяраар сайн ажиллагсдаа шагнахдаа заавал нэг цэвэрлэгч, мужаан, манаачийг шагнаж ангийн ялгаа тэнцүүлж байсан шиг юм болоод байна. Ядахдаа ардчиллын зарчим нь ч олонхиороо асуудлыг шийддэг болохоор арчаагүйчүүд олонхийн дэмжлэгийг илүү авч байгаа нь үнэн. Дийлэнх нь тэр ангилалд багтдаг тул өрөөсөн дугуйгаа дэмжихээс өөр яах билээ дээ. 

Олон жил бизнес эрхэлсэн нэг­нээс “Танай компани чинь одоо болтол томорч өөр салбарт  хүчээ үздэггүй юм уу. Нэг муу засварын газар хэвээрээ хичнээн ч жил болов доо” гэтэл өмнөөс хачин юм ярив аа. “Долоо, найман жилийн турш ажилласан юм болохоор овоо ч мөнгө цуглуулсан. Нэг байтугай охин компанитай болж болохоор байна. Гэвч тэгж бусдад шулуулахын хэрэг юу байна. Бизнес өргөжөөд хөрөнгө мөнгөтэй болоод ирмэгц дээдсийн хараанд өртчих аюултай. Тэгээд цаашид оршин тогтнохын тулд УИХ-ын гишүүд, сайд дарга нарт татаас өгөх болно. Түүнийг нь өгөхгүй бол зүйл дуусна шүү дээ. Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр олсон мөнгөө тэдэнд зүгээр өгч сонгуулийнх нь шоуг ивээн тэтгэх сонирхол алга. Аягүй бол намдаа элс гэнэ. Элсүүлээд хандив нэрээр баахан мөнгө нэхнэ. Тэрний оронд ингээд л “жижигхэн “ байсан нь дээр шүү дээ” гэдэг байгаа. Бизнесээ арвижуулж хөрөнгөжих хүсэлгүй хүн байхгүй л баймаар сан. Гэтэл манай нийгмийн үнэн дүр төрх ийнхүү бусдын ажиллаж амьдрах, ахин дэвших хүслийг боогдуулж байна. Нэрд гарч Монголдоо л танигдах болсон томоохон компаниудыг улстөрчидтэй холбон ярьж, бичдэг нь үнэн болж таарлаа. Бизнесмэнүүд хүсээгүй байхад төрийн түшээд өөрсдөө дарангуйллаа тогтоодог байх нь. Тэгэхээр Монголд бизнес эрхлэх ямар хэцүү болохыг энэ жишээ нотолж байна. Ажилчдадаа мөлжүүлнэ. Тендерийн комисст мөл­жүүлнэ. Гудамжны тэнэмэлүүдэд мөл­жүүлнэ. Эцэс сүүлд нь энэ бүх­нийг давж гэмээнэ төрийн өндөр албан тушаалтнуудад мөлжүүлнэ. Тэгээд бас дээрээс нь “Авлигач” хэмээх нэр зүүж нийгмийн дайсан болно. Хөрөнгөтнүүдийг үзэн ядах сэтгэлгээ гэж энэ буюу. 

Л.Мөнхбаясгалан

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж