Ургац хураах техникийн засвар 85 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Ургац хураах техникийн засвар 85 хувьтай байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөн­гөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжил­тийг зохицуулах газрын дарга Л.Баяртулгатай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Ургац хураалтын ажил энэ сарын 25-нд эхэлнэ. Одоогийн байдлаар бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?

-Энэ жил нийт 343,300 га талбайгаас төрөл бүрийн таримал ургац хураах ёстой. Хамгийн гол нь техник, тоног төхөөрөмжүүд маань ургац хураалтад бэлэн байх шаардлагатай байна. Техникийн засвар, шинэчлэлийн байдал одоогоор 85 хувьтай байгаа. Өнгөрсөн долоо хоногт манай мэргэжилтнүүд хөдөө, орон нутагт ажиллаад ирэхдээ “Сэлэнгэ, Төв аймгуудын техникийн бүрэн байдал хангалттай сайн байна. Харин Төв аймгийн Угтаал, Цээл зэрэг сумуудад жижиг аж ахуйн нэгж олон тул техникийн бэлэн байдал нь хараахан хангагдаагүй байна” гэсэн мэдээллийг өгсөн.

-Ургац хураалтын үеэр хэрэглэх түлшны асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Өмнө нь  бид тариалалт, уринш, боловсруулалтын ид үед 30 хувийг нь олгож, үлдсэнийг нь намар эргэн төлөгдөх зарчмаар түлш нийлүүлдэг байсан. Энэ жилийн ургац хураалтад мөн иймэрхүү зарчмаар ажиллахаар бид түлш импортлогч компаниудтай ярилцаж байгаа. Гэхдээ хараахан эцсийн шийдвэрт хүрээгүй байна.

-Ургац хураалтын үеэр ажиллах хүчний талаар?

-Ажиллах хүчний талаарх мэдээллийг бид компаниудаас байнга авч байгаа. Мэдээж хуучин сангийн аж ахуйнх шиг шуудхан ийм тооны хүн ажиллуул гэж хэлэх боломжгүй л дээ. Аж ахуй нэгжүүд өөрсдийхөө нөөц бололцоонд тулгуурлан ажиллах хүчээ авах хэрэгтэй байх. Бидний зүгээс “Аль болох орон нутгаас ажилтан авч ажиллуулаач, түр ч гэсэн ажлын байрыг нэмэгдүүлээч” гэдэг саналыг тавиад байгаа. Мөн жингээ баталгаажуулах, агуулах саваа ариутгах, цэвэрлэгээ хийх, дээврийн засварыг хийж дуусгах зэрэг олон ажил одоо оволзож байна. Эхнээсээ агуулах, савыг цэвэрлэх ажлыг дуусгаад байгаа. Гурилын үйлдвэрүүд ч мөн агуулах саваа цэвэрлээд дуусаж буйгаа хэлж байна. Өчигдөр л гэхэд “Алтан  тариа” ХХК  өөрсдийхөө агуулахыг цэвэрлээд дууссан гэсэн мэдээллийг өгсөн.

-Үр тариа хүнсний ногооо хадгалах савны хувьд энэ жил хэр хүрэлцээтэй байгаа вэ?

-Хадгалах сав, агуулахын тухайд нэлээд анхаарч ажиллаж байгаа. Төмс, хүнсний ногооны агуулахын асуудал дээр зарим туршилтын ажлуудыг явуулж байна. Шинээр зоорь барьж хөрөнгө мөнгө үрэх бус өмнө нь хэрэглэж байсан хуучин зоориудыг шинэчлэн засварлах, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох замаар гурван том зоорийг сэргээж байгаа. Энэ ажил амжилттай болвол ирэх жилийн улсын төсвөөс хуучин зоориудыг сэргээх тал дээр хөрөнгө татах зорилттой байна. Гэхдээ зөвхөн улсаас мөнгө татах биш зоорийн эзэн, эсвэл тариаланч  өөрөө сэргээн засах хөрөнгийн 60 хувийг гаргаж,  улсаас 40 хувийг нь гаргаж болох юм гэсэн шийдэлд хүрээд байна. Мөн нийслэлийн зүүн, баруун талд 10-15 мянган тоннын агуулахыг худалдааны төвтэй нь барихаар төлөвлөж байгаа. Одоогоор төсөл сонгон шалгаруулалтын ажил хараахан дуусаагүй байна. Мөн БНХАУ-ын 200 сая ам.долларын хөрөнгө оруулалттай агуулах барих ажил ч байна. Мөн зарим шинэ боломжууд ч бий болж байна. Зарим компанийн зүгээс “Зоорийн аж ахуйд хөрөнгө оруулъя, улсаас дэмжлэг байна уу” гэсэн хүсэлтийг тавьж байгаа. Энэ хүсэлтийг цааш нь дамжуулан ажиллаж байна. Харин элеваторуудын хувьд бид соцализмын үед баригдаж байгаад ашиглаагүй, жишээлбэл Угтаал, Цайдам сумын 36000 тоннын төмөр босоо элеваторыг шинэчлэх ажилыг эхлүүлээд байгаа. Ирэх оны ургац хураалтын ажилд ашиглахаар төлөвлөөд байна. Мөн сүүлийн үеийн фермерийн аж ахуйд өргөн хэрэглэх болсон техникүүдийг нэвтрүүлэх тал дээр нэлээд анхаарч байна. Тухайлбал, ажиллах хүчний зардлыг нэлээнд бууруулдаг төмөр босоо агуулахуудыг өнгөрсөн жил оруулж ирсэн. Энэ жил нэмж нийт хорин мянган тоннын агуулах багтаамжтай, тус бүр нь 300, 500 тоннын багтаамжтай төмөр босоо агуулахуудыг аж ахуй нэгжүүдийн өөрсдийх нь захиалгын дагуу нийлүүлэх болно.

-Энэ жил хур бороо элбэгтэй зун болж өнгөрч байна. Тэгэхээр ур­гацын хэмжээ  өмнөх жилийнхээс өсөх хандлагатай байна уу?

-Ямар ч байсан энэ жил өнгөрсөн жилийн хэмжээний ургац авна гэсэн тооцоотой байгаа. Жил бүр адилгүй байдаг л даа. Энэ жилийн хувьд таримал ургамалын өсөлт хөгжилтөнд тааламжтай хур бороо элбэг байсан хэдий ч бас хурц нар их гарсан гэдгийг санах ёстой. Ер нь энэ жилийхээ ургацаар дотоодыхоо хэрэгцээг бүрэн хангачихна. Бусад хүнсний ногооны 60 хувийг хангана гэсэн зорилт тавин ажиллаж байна. Ургацын тухай урдчилсан мэдээ аймгуудаас наймдугаар сарын 18-нд ирэх ёстой. Тэгэхээр өнөөдрийн байдлаар яг тодорхой тоо хэлж чадахгүй байна.

-“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ болдог. Энэ жилийн хувьд энэ арга хэмжээний талаар?

-“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ уламжлал болоод зургаан жил болж байна. Жилээс жилд улам өргөжих төлөвтэй байгаа. Энэ жилийн хувьд есдүгээр сарын 20-ны үеэр хийхээр төлөвлөөд  байна. Энэхүү арга хэмжээ нь тариаланчдад, бүтээгдэхүүнээ шууд хэрэглэгчдэд хүргэх боломжийг олгодог.

Д.МӨНХГЭРЭЛ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж