Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүдээс анх удаа хунтайж Уилльям Израил, Палестины газар нутагт айлчлахаар төлөвлөж байна. Тус бүс нутагт улс төрийн тодорхойгүй нөхцөл байдал үүссэн цагаас хойш албан ёсны айлчлалыг зогсоосон байсан юм.
Кэнсингтон ордны төлөөлөгчийн мэдээлснээр хунтайж Уилльям энэ оны эцсээр Ойрх Дорнодод аялах үеэр Израил, Палестин болон Иорданд айлчлах ажээ.
Их Британийн засгийн газрын хүсэлтээр хийж буй энэхүү айлчлалыг Израил, Палестин болон Иорданы талууд талархалтай хүлээн авчээ.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хунтайж Уилльямыг тус улсад айлчлах гэж буйд ихэд олзуурхсан байна.
Израилийн Ерөнхийлөгч Реувен Ривлин хэлэхдээ “Хунтайж бидний онцгой зочин байх болно. Энэ айлчлал бол Израилийн тусгаар тогтнолын 70 жилийн хугацаанд тохиож буй маш онцгой үйл явдал” гэжээ.
Их Британийн Засгийн газар Иорданы баруун эрэгт Израилийн суурин байгуулсныг эхнээс нь эсэргүүцэж байсан юм.
Хунтайж Уилльям өмнө нь Израилд ерөнхий сайд асан Ицхак Рабин болон ерөнхийлөгч асан Шимон Перес нарын оршуулгад оролцохоор хоёр удаа очиж байжээ.
Палестины албаны хүмүүс хунтайжийн айлчлалыг зөрчилдөөнт бүс нутагт хийж буй түүхэн айлчлал гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian