Хуульд заасан хугацаатай уралдан улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулан, нэрсийг нь Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.
Сунгаа эхлэх мөчид УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн төлөөлөл харьцангуй бага нэр дэвшиж болзошгүй нөхцөл байдал бий болсон ч тодорхой зохицуулалт хийснээр Ардчилсан нам, Ардын нам аль, аль нь 16 эмэгтэй нэр дэвшигчийг сойж, Сонгуулийн тухай хуульд заасан 20 хувийн квотоо барихаар болсон ч залуучуудын төлөөлөл харьцангуй бага нэр дэвших болж байна. Тодруулбал, 35-аас доош насны төлөөлөл болгож, Ардчилсан нам нэг л төлөөллийг УИХ-д нэр дэвшүүлсэн бол МАН арав орчим залуусыг гаргаж ирсэн нь илүү залуустаа боломж олгосон мэт харагдах ч өрсөлдөгчийнхээ аманд нь унах нэр дэвшүүлэлт хийснийг сануулах хэсэг ч байна. Тухайлбал, Хэнтийн тойрогт өрсөлдөхөөр анхан шатнаасаа мандатаа өвөртөлсөн УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба яагаад Бага хурлаараа батламжлуулах болоход нэрээ татав. Залуу үедээ боломж олгосон хэрэг үү, эсвэл өрсөлдөгчидтэйгээ яриа тохироо хийгээд мандатаасаа татгалзав уу гэдэг олон нийтийн анхаарал татах сэдэв болж хувираад байна.
МАН дэргэдээ Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо гэх том байгууллагатай, тэндээс нийгмийн захиалга болсон нэр цэвэр, өндөр боловсролтой залуусаа шигшээд гаргаад ирэх бололцоотой ч байгаа оноогүйг сануулах хүн олон байна.
Ардчилсан намын хувьд ч мөн л залуучуудын том байгууллагатай ч зөвхөн нэг нэр дэвшигчийг сойсноороо хүн амын дийлэнх хувийг эзэлдэг залуучуудын төлөөллийг хууль тогтоох дээд байгууллагад оруулж ирэх санаачилга байхгүйгээ харууллаа.
Г.ОЮУ