Цэцэрлэгт хүрээлэнд зам тавьж өгье

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгт хүрээлэнд зам тавьж өгье

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Улаанбаатарт сүүлийн жилүүдэд хийсэн хамгийн бодитой ажил. Энд одоо өглөөний нарнаас үдшийн харанхуй болтол хүүхдүүд тоглож, хүмүүс амарч өнждөг. Нэг ч гэсэн агаар салхи амсах, ядаж дугуй жийгээд явчих газартай байгаа нь сайн юм боловч нэгэнт нээсэн энэ газрыг одоо дараагийн шатанд гаргаж, өргөжүүлмээр байна.

Хамгийн эхний асуудал. Цэцэрлэгт хүрээлэн рүү орох гэж баахан цаг алддаг. Баруун ардаа ганц хаалгатай, тэр хэсэгтээ ганц зогсоолтой болохоор бөөн түгжрэл үүсдэг. Хотын зүүн талаас ирж байгаа хүмүүс гэхэд цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд нь ирчихсэн мөртлөө бараг хоёр, гурван км тойрч байж машинаа сая байрлуулж, дотогш орох болдог. Нэгэнт энд олон хүн очих нь тодорхой, дийлэнх нь хол ойроос машин унаатайгаа ирдэг болохоор Цэцэрлэгт хүрээлэнгийн арын замын уулзвар, гэрэл дохио, зохицуулалтыг шийдэх хэрэгтэй болжээ. Мөн байгууламжийн өөр нэг талд нь хаалга нээж, автомашины зогсоол нэмж барих шаардлага бий болжээ.

Хоёрдугаарт, Цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойрон дахь худалдаа, үйлчилгээг цэгцэлмээр санагдав. Хүүхдийн баяр, наадам болохоор цэнгэлдэх, талбайгаар дүүрэн гар дээрээс худалдаа хийж, бараг зах нүүгээд ирсэн юм шиг замбараагүй байдал бий болдог. Одоо тэгвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдрөөс өдөрт гар дээрээс худалдаа эрхлэгчид нэмэгдсээр үүд хавьцаад нь багахан зах “байгуулагджээ”. Үйлчилгээ, худалдаа байх нь зайлшгүй. Гэхдээ тэднийг албан ёсны зөвшөөрөл өгөөд, үзэмжтэй мухлаг, лангуугаар хангавал сайн. 

Тэгээд болдог бол хотынхоо баруун тал руу бас дахин ийм Цэцэрлэгт хүрээлэн байгуулчихвал баярлах хүн олон байгаа даа. 

Б.БАЯСАХ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж