Ой хээрийн түймэртэй тэмцэхэд 600 сая төгрөг гаргана

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

Ой хээрийн түймэртэй тэмцэхэд 600 сая төгрөг гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Тус хуралдаанаар ой хээрийн түймрийн нөхцөл байдлыг хэлэлцээд 600 сая төгрөг нэмж гаргахаар шийдвэрлэсэн байна. Түүгээр 500 хучилга, усаар шүршигч аппарат, нүдний шил гэх мэт зайлшгүй шаардлагатай зүйл худалдан авах юм байна.

Дөрөвдүгээр сарын 27-ны байдлаар 15 аймгийн 58 суманд 109 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Түймэр нь байгаль экологи, иргэн, аж ахуйн нэгжид асар их хэмжээний хохирол учруулсан гамшигт үзэгдэл болж байгаа юм. Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр өнгөрсөн жил хур тунадас бага орсон, нөгөөтэйгүүр иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэж түймэр гарч байна гэдгийг сануулжээ. Энэ жил гарсан түймэрт давхардсан тоогооор орон нутгийн болон мэргэжлийн байгууллагын 9000 орчим хүн, 900 орчим техниктэйгээр ажиллажээ.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар иргэн өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах эрхтэй. Гэрээний үүрэг хангагдахгүй болсон тохиолдолд барьцаа болох газраас гэрээний үүргийг хангуулахад заавал шүүхэд хандаж, 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудын газар барьцаалж, зээл олгох сонирхлыг бууруулж байгаа аж. Тиймээс хуулийн төсөлд талууд гэрээндээ барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар хангуулахаар харилцан тохиролцсон бол шүүх нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулан захирамж гаргасны үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зохицуулалтыг тусгажээ. Уг хуулийн төслийг дагаж гарах Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр газар барьцаалах гэрээгээр талууд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар гаргуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж болох зохицуулалтыг нэмж тусгасан байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах журам бий болж, энэ төрлийн маргааныг шүүх урьдчилсан журмаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт бий болох аж.

Г.ДАРЬ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж