Б.Балжинням: Би бол нэг л туйпуу

Хуучирсан мэдээ: 2011.05.28-нд нийтлэгдсэн

Б.Балжинням: Би бол нэг л туйпуу

Олон туйпуу нийлж байж байшин босгодог шиг, бид нэгдэж байж кино урлагаа өөд нь татаж авах ёстой. Ард түмний санал асуулгаар кино бүтээх “Кино код” шоуг Боловсрол суваг телевизээр нэвтрүүлж эхэлсэн. Нэрт кино найруулагч, төрийн шагналт Б.Балжинням уг төслийн зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Түүнтэй нэвтрүүлгийн зураг авалтын үеэр уулзаж ярилцлаа.



-Ард түмний саналаар кино бүтээх “Кино код” төслийн багийнханд амжилт хүсье. Энэ удаад зөвлөхийн хувьд таны үгийг уншигчид сонирхон хүлээж байгаа. Төсөл хэр амжилттай болно гэж бодож байна вэ?

-Боловсрол суваг телевизийн хийж байгаа энэ ажил их үр дүнтэй болох байх гэж би бодож байна. Сүүлийн үеийн Монголын кинонууд их аятайхан болоод байгаа шүү дээ. Шинэ залуу боловсон хүчин их гарч байна. Найруулагч, зураглаач мэргэжлийн хүмүүс сайн болж байна. Тиймээс  би энэ төсөлд оролцож байгаадаа дуртай байгаа юм. Энэ төсөл дээр ажиллаж байгаа найруулагч Болд, найруулагч Тунгалаг нар миний шавь юм. Үргэлж надтай холбоотой байдаг учраас энэ ажилд нь жаахан ч гэсэн гар бие оролцох юмсан гэж боддог юм.

-Та манай нэртэй найруулагчийн хувьд киноны талаар ярилцвал ихийг өгүүлэх байх. Гэхдээ танаас киноныхоо жүжигчдийг хэрхэн сонгож авч байсан бэ гэж асуумаар санагдлаа. “Кино код” бол үзэгчдийн санал асуулгаар жүжигчдээ сонгоно гэж байгаа шүү дээ?

-Киног яаж хийдэг, яаж хийсэн тухай яривал урт удаан ярилцлага болно. Манай залуучууд их боловсрол сайтай болж. Бүгдээрээ энэ чигээрээ сайн энийгээ улам цааш нь хөгжүүлээд энэ ажлаа урамтай сайхан цааш нь үргэлжлүүлээд хийж байгаад би их баярлаж байгаа. Энэ төслийн мэдээллийг дамжуулж, хамтран ажиллаж байгаа танай хамт олонд ч гэсэн баярлаж байна. Хамтаараа нэгдэж ажиллана гэдэг чадлыг л харуулж байна гэж би ойлгож байгаа шүү дээ. Цөмөөрөө зүтгэж байж телевиз, кино урлагийг цэгцэлж авахгүй бол болохгүй байна. Улсын чадамж муу байна гэж боддог л байх. Гэхдээ бид хэзээ сайжрах бол гээд нэг их хүлээмээргүй байгаад байгаа юм. Миний хувьд нас жаахан дээр гарсан болохоор яараад байгаа юм уу гэж бодож байгаа. Гэхдээ яарч байгаа юм энэ биш юмаа. Үүнийг хүсэн хүлээж байгаа  боловсон хүчин, ялангуяа мэргэжлийн хүмүүс, хүсэн хүлээж байгаа үзэгчид, Монгол киног сайн байгаасай хөгжөөсэй хуучин шигээ нэгдэж ажиллаасай гэсэн их хүлээлт байгаа. Үүнийг бүгд мэдэж байгаа. Жишээлбэ,л кино үйлдвэр маань 75 жил болоод замхарч байна шүү дээ. Шинэ техник төхөөрөмж алга, хуучнаасаа улам л дор болоод ингэж ингэж гол нь тасрах юм бол яах вэ? Ухаандаа зул бадамлаад өнгө гэрэл ороод ирэхээрээ бөхчихдөг. Тэгээд ахиад шинээр хийх хэрэгтэй болно. Одоохондоо энэ зул арай  бөхөөгүй байгаа дээр төр засаг, хэн мэддэг чаддаг хүмүүс нь үүнд санаа тавиасай гэж боддог. Саяхан зурагтаар нэвтрүүлэг харж байхад улсын циркийн 70 жилийн ой болж байна гэнэ. Ер нь цирк гэдэг юм нь байхгүй болсон шүү дээ. Байшинг нь гаднаас нь хараад биш шүү дээ. Цирк гэж байшинг хэлэхгүй. Үүн шиг энэ Кино үйлдвэрийн байшинг хараад байгаа юм биш. Энэ дотор чинь хүн байна, уран бүтээлчийн тархи байна, ажил хийж байгаа хүмүүсийн юм устаад алга болно. Ингээд устаад алга болбол энэ нэгэн үеийг босгож ирнэ гэдэг маш аюултай, хэцүү их ажил болно. Тиймээс үүнийг хаа хаанаа, дээр дооргүй бодож, хичээж энэ урлагтаа хайртай ард түмэндээ их юм зүйл хийж өгөх хэрэгтэй гэж өвгөн ах нь бодож байна. Тэгээд одоо ингэж үглэж дуулаад байвал хичнээн үглэж дуулах вэ дээ. Тэгээд л байхгүй болно биз дээ. Одоо циркт тоглодог сургуультай амьтан ганц ч байхгүй гэж байна шүү дээ. Тэр амьтныг чинь тэр дор нь төрүүлээд гаргаад ирдэг юм биш. Энэ мэт зүйлсийг хааяа телевизээр үзэн, сониноос уншин бодож суухад харамсах юм. Түүнээс биш манай улсад ирээдүй байгаа. Энэ олон хүний хүсэл мөрөөдөл биелэх нь дамжиггүй. Гэхдээ л над мэтийн хүн энэ сэргэн мандахын үндэс, эхний  өдрийг харах юмсан гэсэн санаатай байх юм. Хүмүүс бодож магадгүй энэ Балжинням дандаа энд тэнд үглэж дуулсан юм ярьж байх юм гэж. Энэнтэй энэнгүй урлаг болно гэж хэлдэг хүн байдаг л даа. Надгүйгээр болно л доо. Би юу юм бэ. Нэг туйпуу бол туйпуу шүү дээ. Барилга өч төчнөөн туйпуунаас бүтдэг биз дээ. Түүний л нэг туйпуу байгаа шүү дээ би. Гэхдээ би хойш нь тавимааргүй байна. Би Хөх хотын кино үйлдвэрийг үзсэн. Маш мундаг шинэ тоноглол төхөөрөмжтэй, шинэ зарчмаар, шинэ удирдлагатай болсон байна. Гэтэл хуучин кадруудаа цуглуулах гэсэн нөгөө бурхны оронд очих нь очоод, тарж бутраад, зарим нь юмаа мартаад, зарим нь өөр мэргэжил эзэмшээд ингээд явчихсан байна. Тэднийг буцааж татаж авна гэдэг бол байж болохгүй асуудал. Шинээр л төрж байх ёстой. Гэтэл одоо бол манайд сайн сайн залуучууд байна л даа. Бушуухан энэ олон продакшныг нэгтгээд үг, хүч тэнхээгээ нэмэгдүүлээд кино урлаг гээч юмаа өөд нь дээш нь болгоод босгоод ирвэл хойчийн хойч үе биднийг харааж зүхэхгүй юм болов уу гэж бодогдож байгаа юм.

-“Кино код”-ын шүүлт дээр та юуг илүү анхаараасай гэж хүсч байгаа вэ?

-Мэргэжлийн сайн залуучууд зөндөө байна, үнэн зөв шүүх байлгүй. Тэгээд яахав бид мэтийн хүмүүс оролцолгүй яахав. Оролцох бололцоотой хүмүүс оролцоно. Гэхдээ одоо шинэ үеийнхэн маань үүнд гол анхаарлаа чиглүүлээсэй гэж хүсч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж