
Энэ мэтчилэн зөрчлөөс болж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ЦЕГ-ын дарга Б.Билэгт нарын хоорондын харьцаа тийм сайнгүй байгаа бололтой. Тэднийг цагдаад хийгдэж буй томилгооноос болж гар зөрүүлэхдээ хүрсэн гэх мэдээлэл нэг бус удаа гарч, хэн хэн нь үүнийг үгүйсгэж байгаа ч Б.Билэгт даргын хувьд албан тушаал нь дээсэн дөрөөн дээр байна. Учир нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Цагдаагийн албаны тухай /Б.Билэгт даргын өөрийнх нь тэгтлээ үзэн ядаад байгаа/ шинэ хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор ЦЕГ гэдэг байгууллагын үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүн, чиг үүрэг бүхэлдээ өөрчлөгдсөн. Ядахдаа л дарга нар нь цагдаа нарынхаа шалгаж байгаа хэргийг өөр дээрээ татаж авдаг, хаадаг барьдаг, зогсоодог, тийм замаар мөнгө “саадаг” эрх мэдэлгүй болсон. Зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх бодлого боловсруулах, шуурхай удирдлагаар хангах үүрэг хүлээж байгаа.
Тиймээс хуулийн энэ өөрчлөлттэй холбоотойгоор Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, дэд дарга нарыг хууль хэрэгжиж эхэлсний маргааш албан тушаалаас нь чөлөөлж, дахин томилсон тушаал гаргасан билээ. Өөрөөр хэлбэл салбарын сайдын шалгуураар ямартай ч энэ хоёр хүн одоо эрхэлж буй албан тушаал дээрээ тэнцэж үлджээ гэсэн үг. Харин ерөнхий газрын дарга Б.Билэгтийн хувьд байдал өөр байна. Хэдийгээр түүнийг Засгийн газар томилох ёстой ч Хууль зүйн сайд Х.Тэмүүжин лав түүнийг энэ албан тушаалд нь дахин томилуулахаар Засгийн газарт санал оруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, өмнөх хуулийн орчинд ЦЕГ-ын даргаар томилогдсон түүний хувьд Цагдаагийн албаны шинэ хуулиар тодорхойлсон ажлын байр, ажил үүргийн хуваарьтайгаа зөрчилдөж байна гэсэн үг. Хамгийн товчхоноор хэлэхэд “хууль бус цагдаагийн дарга”. Магадгүй Хууль зүйн сайдын түүнийг дахин томилуулахгүй байх шалтгаан нь дээр хэлсэнчлэн өөрийнх нь твиттерт жиргэсэн зүйлтэй ч холбоотой байж мэдэх юм. Хэрвээ тиймгүй бол Хууль зүйн сайд хууль бус цагдаагийн даргаа хэзээ хууль ёсны болгох вэ?!
“МОНГОЛЫН ҮНЭН” сонин