Сэлэнгийн гаальчдыг гүтгэсэн этгээдийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн гаальчдыг гүтгэсэн этгээдийг шалгаж байна

Сэлэнгийн гаальчдыг ачаатай машиныг хоосон хэмээн бичиж нэвтрүүлсэн тухай мэдээлэл цацагдаад шуугиан нь дарагдаагүй байна. Уг нь хилийн мэргэжлийн хяналтын албаныхны нэвтрүүлсэн хоосон машинууд ачаатай болохыг нь харин гаальчид илрүүлжээ. Тиймээс нэр төрд нь халдсан хэмээн үзэж тэд шүүхэд хандаад байна.

Болсон хэргийг сөхвөл, өнгөрсөн хоёрдугаар сарын 15-ны өдөр Алтанбулаг боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны нэр бүхий ажилтнууд дөрвөн машиныг шалгаж саатуулах гэж байтал шууд л гаалийн хяналт шалгалт руу  оруулжээ. Иргэн Д.Гэрэлмаа, Батбаяр, Д.Урлагмаа, П.Тунгалаг нар бага оврын ачааны энэ дөрвөн машины нэгд нь ойролцоогоор нэг тн орчим ачаатайгаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирж. Засгийн газрын 20-р тогтоолд заасны дагуу хүнсний бараа бүтээгдэхүүн импортлоход мэргэжлийн хяналтын газар эхэлж шалгаад импортын мэдэгдэл тухайн аж ахуйн нэгжид өгдөг. Хүнсний тухай хуулинд заасны дагуу ийм дарааллаар гаднаас хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхэд хянаж шалгадаг. Хуулийг зөрчиж байгаа эсэхийг тогтоосны дараа Гаалийн байцаагч нар дараа нь хянан шалгадаг. Чухам юу импортолж байгааг гаалийн байцаагч нар эхэлж мэдэх албагүй төдийгүй, эрх ч байдаггүй аж. Хэрвээ сэжигтэй зүйл гарвал  гаалийн байцаагч нар саатуулах хуудас бичээд импортоор оруулж ирсэн тухайн хүнсний бүтээгдэхүүн нь чухам юу болохыг Мэргэжлийн хяналтын газраар дахин шалгуулдаг хуультай. Энэ дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын гаалийн байцаагч нар ажиллажээ Гэтэл зарим хэвлэлд Сэлэнгэ аймгийн гаалийн гурван байцаагч дөрвөн ачааны машин өшиглөсөн гэж гүтгэн бичсэн байгаа юм. Гаалийн байцаагч О.Жаргалан, П.Буянтогтох, Т.Саранжаргал нар нь дөрвөн машиныг саатуулах хуудас бичин гаалийн бүсэд саатуулчихаад байхад ингэж гүтгэжээ. Бүр дөрвөн машинд тус бүрд нь 1,2 тонн хүрэхээр ачаа байсныг нь гаальчид илрүүлчихээд байхад  арав дахин өсгөж 40 тн байсан гэж үзээд харчихсан юм шиг бичсэн байгаа юм. Хяналт шалгалтаар дөрвөн машинд 4 тонн гаруй зөгийн бал нуун дарагдуулсан байсныг ийнхүү хэт өсгөн ямар ч баримтгүйгээр бичсэн хэмээн Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын байцаагч В.Батжаргал, П.Буянтогтох, О.Жаргалан, Т.Саранжаргал, Б.Наранжаргал  тайлбарлаж байна. Импортоор оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээс хэдий хэмжээний татвар авахаа гаалийн бүрдүүлэлт хийсний дараа холбогдох хуульд заасны дагуу гаалийн татвар ногдуулдаг. Ямар үнээр худалдан авсныг нь тооцож, хуулийн дагуу 15,5%-ийн татвар ногдуулах ёстой. Гэтэл хэвлэлд гарсан уг мэдээнд тэр ачаанд 26,5%-ийн татвар оногдуулах байсан мэтээр ямар үндэслэлгүйгээр бичсэн хэмээн гаальчид тайлбарлалаа.

Муу л бол хойд хар овоохой гэдэг шиг гэм зэмгүй ажилаа хийж байсныхаа төлөө авилгалын хүнд гэмт хэрэгт гүтгүүлсэн учраас Сэлэнгийн гаальчид нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд ханджээ.

А.ТУЛГА
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж