Байнгын хороодын хуралдаан цуцлагдлаа

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Байнгын хороодын хуралдаан цуцлагдлаа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр 09.00 цагт зарлагдсан байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хуралдааныг дөнгөж сая цуцаллаа. Хуралдаан даргалагчийн тайлбарласнаар бол зөвхөн УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг гишүүдээс 11 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжихээр орон нутагт ажиллаж байгаа нь байнгын хорооны хуралдааныг цуцлахаас аргагүй, ирцийг хуульд заасан хэмжээнд хүргэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ. Хуульд зааснаар хамтарсан байнгын хорооны хуралдаанд оролцох гишүүдийн тоо 19-д хүрсэн нөхцөлд ирц 50 хувьд хүрэх ёстой юм. Хамтарсан хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус бүр хийхээр байв. Мөн дээрх хуралдааны дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж Мөрдөх албаны тухай хуулийн төсөл, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байсан ч гишүүдийн ирц хангалтгүй тул цуцлагдлаа. Түүнчлэн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо мөн дангаараа хуралдах хуваарьтай байсан ч бас л ирц бүрдэхгүйгээс цуцлагдаад байна.

Үндсэндээ үдээс өмнө зарлагдаад байсан хамтарсан нэг, тус бүртээ хуралдах хоёр ч байнгын хорооны хуралдаан цуцлагдаад байна.

Г.ДАРЬ
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж