Ливийн бослогын нэг жилийн ойг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Ливийн бослогын нэг жилийн ойг тэмдэглэв

Ливичүүд хурандаа Муаммар Каддафийн 40 жилийн ноёрхлыг зогсоосон эсэргүүцлийн бослогын нэг жилийн ойг тэмдэглэж байна. Зургаан сар үргэлжилж, Муаммар Каддафийн үхлээр төгссөн Ливийн бослогын нэг жилийн ойг нийслэл Триполи хотоос эхлээд хамгийн зүүн хэсгийн Бенгази хүртэл Ливи даяар тэмдэглэж байгаа гэнэ. Цагаан ордон Ливийн ард иргэдэд баяр хүргэхийн зэрэгцээ хүний эрхийг дээдэлсэн шинэ Засгийн газар байгуулахыг уриалжээ. Ливид хурандаа Муаммар Каддафийн дарангуйлал төгсгөл болж, эсэргүүцлийн хөдөлгөөн дарагдсан ч зэвсэгт бүлэглэлүүдийн аюул, заналхийлэл бүрэн арилаагүй аж. Ливийн түр Засгийн газрын тэргүүн Мустафа Абдул Жалил тус улсын болон энгийн иргэдийн аюулгүй амьдралд заналхийлсэн хэнийг ч хатуу шийтгэх болно гэж мэдэгдсэн байна. Ливийн бослогын үеэр амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж, тус улсын түр Засгийн газар цэргийн жагсаал зохион байгуулаагүй аж. Муаммар Каддафийн цэргүүд болон босогчдын хоорондох мөргөлдөөн дууссан боловч хурандаад үнэнч үлдсэн хүмүүсийг зэвсэгт бүлэглэлүүд барьцаалан, тамлаж буй тухай мэдээ байгаа аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж