
Рональдо олон улсын хөлбөмбөгийн талбарт нэрээ мөнхөлж, гайхалтай амжилт гаргаж байсан ба Бразилийн шигшээ багийн хамт 97 тоглолтод оролцож, 62 гоол оруулсан бөгөөд 2006 оны ДАШТ-ий үеэр дэлхийн аваргын 15 дахь гоолоо оруулж, түүхэн амжилтын эзэн болсон билээ. Харамсалтай нь дэлхийн таван удаагийн аварга бразилчууд дөрөвний нэг шигшээд хожигдож, тэмцээнийг орхисон юм. Тэрбээр мөн ирэх зун Өмнөд Африкт болох 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд дасгалжуулагч Дунга түүнийг сонгох эсэхээс бүх зүйл шалтгаална.
FIFA-гийн Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр гурвантаа шалгарсан тэрбээр “Эйндховен”, “Барселона”, “Реал Мадрид”, “Интер Милан”, АС Милан” зэрэг Европын шилдэг клубуудад хүчин зүтгэж явсан гайхалтай чадварлаг, дэлхийн шилдэг тоглогчдын нэг билээ.
С.Шүр