Жүжигчин Ц.Баясгалан: “Орчлон дээрх хүүхэн болгон Эсмеральдо, Жульетта биш шүү дээ”

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Жүжигчин Ц.Баясгалан: “Орчлон дээрх хүүхэн болгон Эсмеральдо, Жульетта биш шүү дээ”

Драмын Эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалантай ярилцлаа.
-Таны тоглосон “Солиотой жүжиг” өчигдөр нээлтээ хийлээ. Та уг жүжигт ямар дүрд тоглож байна? Рекламан дээр та “Би солиотой секс хиймээр байна” гэж хэлдэг нь сонирхол татаж байлаа? Зарим хүмүүс шал тэнэг дүр гэцгээж ч байсан.
-Тэнэг дүр гэж ямар дүрийг хэлэх юм бэ? Янхан уу? Дүр л бол дүр. Жүжигчин хүн янхны дүрд тоглолоо гээд янхан болчих юм биш. Ямар ч дүрийг тэнэг дүр гэхгүйгээр өөрсдөө өмөөрч тоглодог. Миний дүр эхлээд нэг мэргэжилтэй хүний дүрд тоглоод, сүүлд нь дүр маань дотроо задраад өөрийн мөн чанараа олдог. Тэгэхээр энэ дүрдээ хоёр янзаар тоглох шаардлагатай болж байгаа.Ер нь манайхан бүгд л дүрүүддээ хоёр янзаар тоглож байгаа.
-Саяхан болж өнгөрсөн Гэгээн Муза наадам дээр та маш сайхан харагдаж байсан. Манай news.mn сайт таныг хамгийн сайхан хувцасласан жүжигчдийн нэгээр нэрлэсэн л дээ?
-Баярлалаа. Миний өмссөн ноолууран цагаан дээлний загварыг “Chic” салоны дизайнер Лхамцэрэн гаргаж, Дээгий гэж оёдолчин урласан. Надад маш их таалагдсан.

-Нууц биш бол ямар өртгөөр бүтсэн бэ?
-Бид нарын хувцсыг цаанаас нь ивээн тэтгэдэг. Өнгөрсөн жилээс Дизайнеруудын холбоо манай “Гэгээн Муза”-тай хамтарч ажиллах болсон. Хувцасны салон болон дизайнерууд “Гэгээн муза”-д нэр дэвшиж байгаа манай уран бүтээлчдийг хуваан авч, гоёлыг нь урладаг юм л даа.
-Таны анхны дүр юу байв?
-Анх СУИС-ийг 1994 онд төгсөөд хуучнаар бол “Орчин үе” театрын урилгаар ажиллаж байсан. Тэнд байхдаа “Махчин могой” жүжгийн тахианы дүрд тоглож байсан /инээв/. 1997 онд намайг хүүхдээ төрүүлчихээд, арван сартай гэртээ сууж байхад Мөнхдорж найруулагч ирж, ажилдаа ороо гэж Драмын театраас дуудсан. Тэгээд 97 оноос хойш Драмын театртаа ажиллаж эхэлсэн. Мөнхөө найруулагч маань намайг тоодогт би их баярлаж явдаг. Хуучны инээдмийн сайн жүжигчдийн арыг дааж явах жүжигчин гэдэг л дээ. Би тэрэнд нь хүрэх ч юм уу, үгүй ч юм уу сайн мэдэхгүй, хичээж л явна. Драмын театрт ирснийхээ дараа бүтээсэн анхны дүр маань “Ижил хүйстэн” жүжгийн Лариса байсан.
-Та тэр бүр олны өмнө ил байдаггүй, нууцлагдмал жүжигчдийн нэг шиг санагддаг л даа?
-Гантөмөр багш маань биднийг оюутан байхад маш их дарж хүмүүжүүлсэн. Юм чаддаг хүн ер нь даруухан л байдаг юм шүү гэдэг зарчмаар биднийг дөрвөн жил хүмүүжүүлсэн.  Тийм ч болохоор тэр үү манай ангийнхан ер нь их даруухан талдаа хүмүүс байдаг ш дээ. Сонин хэвлэлд нэг их ярицлага энэ тэр өгье гэж боддоггүй юм аа.
-Нэг хэсэг яагаад нам жим байв аа?
-Би оюутан байхдаа ангийнхаа хамгийн шилдэг оюутан байсан. Ойрын хэдэн жилээс л гайгүй хэдэн дүрүүдийг авч ажиллаж байгаа. Урьд нь бол жилдээ ганц хоёр жижиг дүр дээр ажилладаг байсан. Найруулагч нар намайг ажиллаж чадахаа больчихсон ч гэдэг юм уу эсвэл би нүдэнд нь харагддаггүй ч байсан юм уу, бүү мэд. Нэг тийм азтай залуу жүжигчид байдаг ш дээ. Азтайгаараа ч юм уу, царай зүсээрээ ч юм уу төгсөнгүүтээ орж ирээд л гол дүр аваад мандчихдаг жүжигчид байдаг. Миний хувьд бол тэдэн шиг төгсөнгүүтээ л азтай байгаагүй, надад таарах дүр их ховор байсан. Тэр талдаа би их аз муутай. Маш их олон жил сул чөлөөтэй явсан л даа. Энэ хугацаанд би өөрийгөө жүжигчин биш болчихов уу, жүжигчнээ цаашид хийж чадахгүй болсон юм болов уу гэж хүртэл боддог байсан. Би чинь хамгийн мундаг оюутан байсан ш дээ, яагаад надад юу ч байхгүй болов гээд эргэлзэх үе зөндөө байсан. Гэхдээ би үнэхээр их хөдөлмөрлөсний үндсэн дээр өөрийгөө олж авсан.
-Танд өөрийгөө олж авахад юу нөлөөлсөн бэ? Ямар уран бүтээл таныг хөглөв?
-Найруулагчдад үнэлэгдэх гэж их чармайсан. Манайд болж өнгөрсөн Олон улсын театрын Чеховийн фестивалийн үер Хятадын “Баавгай” жүжиг тавигдсан. Гэтэл тэр үед эрэгтэй гол дүр нь ирээд, эмэгтэй дүр нь ирээгүй, гэтэл маргааш орой долоон цагаас тоглоно гээд зар нь тавигдчихсан. Гэтэл тэр дүрд тоглох хүнийг хайсан ч манайхан фестивальд оролцоод завтай хүн байгаагүй. Шөнө нэг цаг өнгөрч байхад миний утас дуугараад Мөнхөө найруулагч соёлын хэлтсийн дарга Тунгалаг, Лхасүрэн багш, хятад жүжигчин нар бөөнөөрөө цугларчихсан намайг яаралтай хүрээд ир гэж дуудсан. Очтол чи одоо энэ жүжиг дээр ингэж тоглоно гээд хэлэхэд нь би “яанаа маргааш хүүхдээ сургуульд нь өгнө” гэхэд манай театраас хүүхдийн чинь асуудлыг бүгдийг нь шийдчихнэ гэж билээ. Тэгээд л би шууд ажилдаа орсон. Тэгээд нөгөө хүнтэйгээ харьцахад хятад жүжигчин хятад хэл дээрээ би монгол хэл дээрээ тоглох болсон. Манай жүжигчид болохоор дүр дээрээ ажиллахдаа үнэхээр чи ингэсэн юм уу, аа, үгүй юм уу гэх мэтчилэн харилцан ойлголцож үгээ суулгадаг. Гэтэл нөгөөдөх маань хятадаар яриад би монголоор яриад их хэцүү байсан. Гэтэл маргааш орой нь тоглоно гээд байдаг, шөнө ганц цаг хоорондоо ярилцаад л тарсан. Маргааш өдөр нь талийгаач Лхасүрэн багш, хятад жүжигчин бид гурав хоолонд орж ирээд хоёр цаг өнгөрөөгөөд сургуулилтандаа орсон. Лхасүрэн багш бид хоёр ярилцаад хятадын тавилтыг өөрчлөөд өөрсдийнхөө санаагаар баяжуулан хувцсыг нь хүртэл солин хоёр цагийн дотор л тавьсан жүжиг. Тайзан дээр нөгөөдөх маань хятадаар яриад би монголоор ярьж байсан ч үзэгчид маш сайн ойлгосон байсан. Бид хоёрын хийж байсан үйлдэл, ааш аягийг хүртэл үзэгчид сайн ойлгож, нурж унаад инээлдэж байсан. Энэ жүжиг инээдмийн жанрын жүжиг байсан л даа. Жүжгээ дуусгаад гараад иртэл Мөнхөө найруулагч уйлчихсан Баясаа би чамайг авчирсан нь зөвдсөн байна гэсэн. Манайхан бүгдээрээ яаж чи ингэж амжив аа гээд л надад их урам өгсөн.
-“Шар тэнгисийн тарчлаан” жүжиг дээр та их залуухан харагдаж байсан. Залуу дүр бүтээхэд бэрхшээл байдаг уу?
-Залуу дүрийн хувьд анх “Нууц амраг чинь больё” жүжиг дээр жүжигчин Эбитэй хамтран тоглосон. Би Эбиг залуу хүн гэж бодож байсан болохоор өөрөө их ичиж байсан, гэтэл намайг энэ дүрд ерөөсөө хөгшин харагдахгүй байна гэж тайтгаруулж тоглосон. Тэрнээс хойш дандаа залуу жүжигчидтэй залуу дүр дээр хамтран тоглодог болсон. Хамтрагч маань улам л залуужаад байгаа. Сүүлд “Шар тэнгисийн тарчлаан” дээр хамтарсан жүжигчин маань Шагай гээд бодохоор улам л залуужаад байгаа юм. Тайзан дээрээс залуу жүжигчидтэй эн зэрэгцэн залуухан харагдаж байгаа маань жижиг биений маань ач тус юм болов уу гэж боддог. /инээв/урамшиж байгаа.
-Таны мөрөөдөж явдаг дүр гэвэл?
-Миний мөрөөддөг дүр гэхээр…. Яанаа, би хөгшрөөд байгаа шүү дээ /инээв/. Одоогоор өөртөө таарсан мюзиклд тоглохыг мөрөөдөж байна.
-“Парисын дарь эхийн сүм” жүжгийн Эсмеральдод та тоглохыг хүсч байв уу?
-Үгүй үгүй, би яагаад ч Эсмеральдо биш. Жүжигчин хүний хувьд хүн бас өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Надад Эсмеральдог өгсөн ч гэсэн би хэзээ ч Эсмеральдод тоглохгүй. Шууд татгалзаж чадна. Надад Жульеттаг өгөх юм бол би бас л татгалзаж чадна. Би бас тэр биш учраас. Орчлон дээр хүүхэн болгон Жульетта, Эсмеральдо биш, хүмүүс зөвхөн хөөрхөн хүүхэнд дурладаггүй, эмэгтэй хүн болгон дурлалтай учирдаг тийм болохоор заавал хайр дурлалын биш, зүгээр надад тохирсон гоё мюзикльд тоглохыг л мөрөөддөг. Бүр өөрөө дотроо төсөөлөөд хардаг ш  дээ. Бүтэх байх гэж бодож байна.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Би ээж, дүү, хүүтэйгээ цуг амьдардаг. Манай хүү наймдугаар ангид сурдаг, Номуунбилэг гээд ёстой хөөрхөн хүү бий. Ээжийн хайртай хүү.
-Анхны хайрынхаа талаар эргэн дурсвал ямар вэ?
-Би арван жилд байхдаа анхныхаа хайртайгаа учирч байсан. Захиа их авдаг охин байлаа. Гэхдээ л анхны хайртай хүнээсээ авч чадаагүй. Би тэр хүндээ хайртай байсан, харин мань хүн намайг хайртай байсныг мэдээгүй юм байна лээ. Тэр үед охидууд хичнээн хайртай байсан ч дотроо нуугаад хичээлээ хийгээд явдаг тийм л үе байсан. Гэтэл одооны охидууд хайртай болсноо ямар нэгэн аргаар илэрхийлэх боломж байдаг юм шиг байна лээ. Анхны хайртайгаа хэзээ хойно таараад, ярьж суухдаа “би чамд хайртай байсан” гэж хэлэхэд “өө тийм үү, хэлэхгүй яасан юм бэ” гэж билээ /инээв/ Тэгээд л миний анхны хайр бүтэлгүйтэж өнгөрсөн дөө.
-Тэгвэл одоо танд найз залуу байгаа юу?
-Одоохондоо юу байхав дээ, миний ээж, хүү хоёр л байна даа.
-Ядаж таны сэтгэлийг татдаг залуу байгаа биз дээ?
-Ерөөсөө хайрын тухай бодох завгүй явна. Ажил гэр гээд л, хайрлах хүн маань хаана ч байгаа юм бүү мэд, тэрийгээ эрж хайж яваагүй л байна. Биднээс доошхи үеийнхэн ямар байдгийг мэдэхгүй л байна, бидний үеийнхэн бол хүн л намайг гэж ирэхгүй болвол учиргүй эрж хайж явахгүй. Уг нь хайр дурлал үнэхээр гоё. Би амьдралдаа нээх олон дурлаагүй. Нэг хүнд сэтгэлтэй болохоороо өөр хажуугаар хэн ч өнгөрсөн авч хэлэлцэхгүй үнэнч талдаа. Хайрандаа аз жаргалаа өгч, түүгээрээ л амьсгалаад амьдраад явчихдаг тийм л хүн. Нэг дурлахгүй бол нээх тоохгүй, хайж гүйгээд байдаггүй ээ.
-Сэтгэлдээ ганцаарддаг уу?
-Зарим баяр ёслолоор ганцаардах үе бий, тэр бол ойлгомжтой шүү дээ, хүн л юм чинь.
-Эр хүний ямар мөн чанар таалагддаг вэ?
-Надад үнэнч гэж итгүүлж чаддаг, хөгжилтэй ухаалаг, эмэгтэй хүнийг хайрлаж чаддаг хүн л таалагддаг. Бусад нь ямар байх нь хамаагүй ээ. Эрчүүдийгээ монгол чанараараа л байгаасай гэж их хүсдэг дээ.

Жүжигчин Ц.Баясгалангийн гол дүрд нь тоглосон “Солиотой жүжиг” өчигдрөөс Драмын эрдмийн театрын тайзнаа гарч эхэлсэн. Та заавал үзээрэй.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж