Супернэгдэлчин Ч.Эрдэни: “Би сүүлчийн нээлтийг хийсэн”

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Супернэгдэлчин Ч.Эрдэни: “Би сүүлчийн нээлтийг хийсэн”

Монгол хүн дэлхийн хэмжээний том нээлт хий­жээ. Тэр тусмаа физикийг өөрийн сонирхлоор бие дааж судалсан хүн физи­кийн нээлт хийсэн нь гойд ихээр анхаарал татна. Үс нь цал бууралтсан энэ хүн Хятад, Англи, Ташкент өөр хаана, хаана ч билээ удаан хуга­цаагаар амьдарч бай­сан. Тэр бүртээ шинэ зүй­лийг сурч, мэдэхийг урьтал бол­гоно. Сурч мэдэх энэ их хүсэл эрмэлзэл нь намайг хүртэл шинжлэх ухаан со­нир­хож судалмаар санаг­дуулж дөн­гөсөн. Эрдэни гуайн органик зан чанар нь ганцаар­дах. Их л зожиг, зөрүүд хүн шиг санагдлаа. Юм асуух тоолонд “сонин” юм хэлснээ араас нь “Тэ­гээд тооц, тооц” гэж дуус­гана. “Хүн болгон шинжлэх ухааныг мэддэг байх ёс­той” гэж хэлээд над руу том харна. Эрдэни гуай их олон зүйл бодож явдаг нь илт. Юм ярьж байхдаа заавал хадуураад өөр юм яриад явчихна. Бас хүзүүндээ зүүсэн хас тэмдэг үндсэр­хэг үзэлтэйнх нь гэрч. Цул мөнгөөр хийсэн тамхины хайрцаг нь хуучны орос эд юм гэсэн. Тэгээд л байн байн өнөөх хуучны эдээ гаргаж ирээд “Parliament”-аа татаж гарна даа. Бидний ярилцлага тамхины тухай яриагаар эхэллээ.

-Ямар их тамхи татдаг юм бэ? Физикийн үүд­нээс тайлбарлавал тамхи яг ямар үйлдэл вэ?
-Хүмүүс заавал өөртөө нэг өвөрмөц, гаж хэрэглээ бий болгодог юм байна л даа. Архи, ундаа, тамхи, чихэр гэх мэтийн юм хэ­рэглээд л. Энэ нь байга­лийн шаардлага үүсч бай­гаа хэ­рэг юм. Хүн өөрөө биологийн талаасаа шал­гар­сан амь­тан, байгалийн төгс бүтээг­дэхүүн. Харин логикд нэг ч төгс зүйл байх ёсгүй гэдэг. Тэгэхээр мар­гаан­тай ойл­голт. Байлаа ч гэсэн хяз­гааргүй төгс бо­лоод явчих­на. Тэгэхээр логик бус бай­гаа байхгүй юу. Тэгэхээр хүмүүс тэр хязгааргүй төгс хэм хэм­жээнээс зайлсхийж, ямар нэг хор хэрэглэж бай­гаа юм. Төгс хэлбэр алдаг­дах хам­гийн гэмгүй арга нь тамхи… Гэхдээ үүгээрээ би хүн бол­го­ныг тамхи тат гэж хэлж байгаа юм биш шүү. Энэ гаж үйлдэл нь юугаар ч нөхөгдөж болно. Энд ямар нэг био­логийн шаард­лага л байгаа гэж хэлэх гээд байна.

-Та өөрийгөө Нобе­лийн шагнал авах хэм­жээ­ний нээлт хийсэн гэж ярьж байсан. Яг ямар нээлт юм бэ?
-Шинжлэх ухааны том нээлт. Сүпер нэгдлийн оно­лыг нээчихлээ шүү дээ. Энэ онол маань нэг ч биш, бүр хэд хэдэн Нобелийн шаг­нал авах ёстой. Цаг нь болохоор надад өгнө. Одоо­хондоо энэ нээл­тийн­хээ талаар дэл­хийд зарлаж ам­жаагүй байгаа.
-Дэлхийд зарлана гэ­хээр яадаг юм бэ. Үүнд төр засаг дэмжлэг үзүү­лэх ёс­той юм уу, эсвэл Монгол Улсын нэрийн өмнөөс та­ныг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх ёстой бай­даг юм уу?
-Аяндаа болно оо. Сая гэхэд л шилэн кабель зо­хион бүтээсэн хүмүүст Нобель өглөө ш дээ. Энэ чинь аль 40, 50 жилийн өмнөх нээлт. Ерөнхийдөө нээлт хийг­дэхээ больчих­сон. Сүүлийн 20, 30 жилд минийх шиг ийм том нээлт хийгдээгүй. Тэгэ­хээр би хэд, хэдэн Нобель авна гэдгээ дахин хэлмээр байна.
-Та физикийн шинж­лэх ухаан руу яагаад та­тагд­­сан юм бэ?
-Надад таалагддаг. Бүх шинжлэх ухааны салбараас физикийн шинжлэх ухаан гэдэг зүйл л миний сонир­хох ёстой юм.
-Кембрижийн их сур­гуульд сурч бай­сан гэсэн. Ямар чиг­лэлээр?
-Лийдст хэлний сур­гууль төгсөөд, Уэлсьтд сэт­гүүл зүйн дээд сургууль төгссөн. Англид хоёр сур­гууль төгссөн анхны Мон­гол хүн бараг би байх шүү. Ерэн оны эхэн үе байлаа шүү дээ.
-Бас “Монцамэ” агент­­лагийн захир­лаар ажил­лаж байсан байх аа?
-Тийм. Би “Мон­ца­мэ”-д хорин жил ажил­лаад тэгээд Англи руу сургуульд явсан. 90 оны үед Англид монгол хүн гэвэл бараг би л ган­цаараа байсан. Харин да­раа нь зөн­дөө олон хүн мэр­гэжил дээш­л­үүлэхээр очсон гэсэн. Гэх­дээ сэтгүүл зүйд ярилцлагыг доод тө­рөл жанр гэж үзэх нь бий. Үүнийг залуу сэтгүү­л­чид сонс­сон байхад илүүдэхгүй. Хүнд үнэ өртөггүй реклам суртал­чилгаа хийж өгч бай­гаа хэрэг гэж хэлдэг юм. Энэ ч оргүй юм биш. Сэт­гүүл зүйд үнэ­гүй бүү хэл, үнэтэй сур­талч­­лах зо­рилт байдаггүй юм шүү дээ.
-Та тэгвэл сэтгүүл зүйн доод төрлөөр өө­рий­гөө илэр­­хийлэхийг яа­гаад зөв­шөөрсөн юм бэ?
-Муу ах нь бага ярьдаг юм. Ярихдаа тулбал зөр­чил­­тэй юм ярьдаггүй. Ярилц­­лага гэдэг доод жан­рыг дээд жанр бол­тол нь ярилцаж чадахыг сэт­гүүл зүйн урлаг ухаан гэдэг юм. Тийм боло­хоор л Talk Show нэг бол балай юм, эсвэл гайхам­шиг­тай юм болж хоёр туйлд тэмүүлдэг байх­гүй юу.
-Одоо сэдэвтээ оръё. Надад таны нээлт чухал байна.
-Сэтгүүл зүйд ч бод­моор юм их л байдаг. Мон­голд англи хэлээр тогтмол гардаг хоёр сониныг би үүсгэж өгсөн удаа­тай юм. Нэг нь “Private property” гэж бичих гэж байгаад “Private poverty” гэж бичсэн удаа­тай. Хувийн өмчийг хувийн ядуу­рал бол­гоно гэдэг чинь тэр чигтээ утгагүй асуудал. Ер нь бол мэддэг чаддаг юм руугаа хэл байтугай, үзэг хальтрах гээд байдаг гэм­тэй ш дээ. Жишээ нь, би геометр гэж олон дахин хэлэх хэрэгтэй болдог. Гэ­тэл тээр жил на­даас ярилц­лага авсан нэг сонин тувт гоёметр гээд бич­чих­сэн. Уншигчид нь юу гэж ойлго­сон юм, бүү мэд. Мэддэг чаддаг ганц юм нь шоу болчихсон одоо үед шинж­лэх ухааны тухай ярих ч осолтой л болоод байна.
-”Гоёметр” гэдэг ч бас түрүүчийнхээс гайгүй сон­согдож байна шүү. Та шоу цэнгээнд дургүй юу?
-Бүр дургүй хүмүүс байдаг ш дээ. Би тийм биш. Шоу сайн юм уу, муу гэдэгт асуудал байгаа юм биш. Амьдрал өгүүлшгүй баян, үй олон тал­тай. Шоу ч бай­на, шинжлэх ухаан ч байна. Нийгэм өөрөө олон талын ашиг сони­р­хол­той байх ёс­той. Шоу ч бизнес, сумо ч бизнес, харин шинжлэх ухаан бол бүр том суурь бизнес. Энэ ялгааг нийгэм энгийн хар ухаа­наар ойл­гож хандах хэрэг­тэй болно. Мон­голд шоу, шоу гэх мөрт­лөө шоугаа огт мэддэггүй гэхэд алдас болохгүй шүү. Дэлхий даяаршсан. Бүх асууд­лыг тэр тусмаа шоуг дэлхийн эн ца­раар сэтгэ­хээс өөр аргагүй болчихсон үе. Орчин цагийн нөхцөлд шоу сэтгэлгээ ноёр­хож ирэх нь цаанаасаа зүй тогтол­той үзэгдэл. Зөв зүйтэй үзэгдэл. Цагийн аяс ийм. Гэтэл бид манай гэрийн хойх­но бай­гаа UB Palace-ийн хаягаар хяз­гаарлаж сэтгээд байна. За­рим хүний хэлдгээр, нэг муу явган шоу л яваад бай­на. Манай улс төр ч гэж сонгуу­лийн тойргоос гарах­гүй бас л нэг муу явган шоу. Дэлхийг доргиох хэмжээний шоу хийх хэрэгтэй шүү дээ…
-Тэгвэл бидэнд дэл­хийг доргиох хэрийн шоу зохиох ямар хэрэг байгаа юм гэсэн асуулт гарна шүү дээ?  
-Өнгөрсөн, гэхдээ дахин дахин авч үзмээр нэг жишээ хэлье л дээ. Их Монгол Улсын 800 жилийн ой бо­лов доо. Английн алдарт утга зохиолыг үндэслэгч их яруу найрагч Жеффри Чо­сер гэ­дэг хүн Чингис хааны магтаал зохиож, өөрийн хаа­дад сур­гамж болго­сон түүх­тэй. Бод­вол, хаад нь сургамж авснаас өнөө бид англи хэл соёлын нөлөөнд байгаа биз. Их том найраг­лал. Ахмад дипломатч Бям­баа их сай­хан монгол­чилсон байдаг. Чингис хаа­ны эртний маг­таал найраг­лалыг орчин үеийн нүргэл­сэн их сүрт рок-поп дуурь болгоод Их Монгол Улсын ойгоор санс­рын теле­ви­зүүдээр ца­цаж, дэлхийг доргио гэсэн санал би тавь­сан юм. Гэтэл хэн ч анзаарч авч хэлэл­цээгүй өнгөрсөн. Төр засаг маань хүн амьт­наас гуйж түүсээр зөндөө мөнгө босго­сон. Гаднаас гомо царайтай хэ­дэн хөг­шин халтар юм ав­чирч шоуд­сан болохдоо хоёр тэрбум төгрөг зарцуулж чадаж байгаа юм. Үлийгээ хийнэ вэ?!  Хоёр тэрбумаар тэр байтугайг босгож бү­тээж болно. Мөнгө ихдэ­хээр хэрэг­гүй юманд зардаг хууль­тай. Уг нь бол хүч хүрмээр бодог­доно, харин амбиц нь алга. Амбиц гэж дэлхийд дэнчин тавихыг хэл­дэг болсон үе.
-За, хэзээ нэгэн цагт Чин­гисийн тухай Чосе­рын маг­таал рок дуурь болж санс­раас цуурайтах байл­гүй дээ. Одоо харин таны нээлтийн талаар ярилцъя.
-Үүнийг ярихын тулд за­рим оршил хэлэхгүй бол бо­лох­гүй. Хүмүүс ойлгохын тулд эхлээд ойлгох ашиг сонир­холтой байх ёстой. Ийм ашиг сонирхол манайд их ховор. Хүмүүс суурь шинжлэх ухаан гэдэг зүйл Монголд огт пад­лийгүй гэж яриад байдаг. Ярих ч юу байхав, нэг тийм бурангуй харанхуй сэтгэл зүй манайд ноёрхчихоод байгаа юм. Мон­гол сэтгэл зүйн нэг айхтар зуршил бий. Эрдэнэ гэж нэг муу монгол гэж ха­раад байдаг. Энэ сэтгэлзүй нь нөгөө муу монголынхоо ярьж буйг ойлго­ход нь саад болдог, ерөөс боломжгүй болгодог нь ажиг­лаг­ддаг. Бодит сэтгэлгээний үүд­нээс Эрдэнэ нь сонин биш, юу ярьж байгаа нь сонин байх ёстой. Толиндоо Эрдэнийг бус, гол асуудлыг тусгах ёстой байхгүй юу. Гадны­хан бол “Өө, манай хүн тэр тэм­цээнд тү­рүүл­нэ. Манайх л тийм юм зохион бүтээнэ, өөр хэн чадах вэ” гэж бод­дог, итгэдэг. Аме­рикчууд дэлхийг аварна гэдэг­тээ бүр бат итгэчихсэн байдаг. Тийм кино ч ихийг хийдэг. Гэтэл Монгол­чууд бид шал өөр. “Аа, манай тэр яг тэгж хараг­даач” гээд урьдаас нь асууд­лыг шийд­чихдэг. Нэ­гэнт урьдаас шийд­чихсэн учраас ямар нэг юм хийчих­сэн, ямар нэг юманд ялчих­сан хойно нь ч итгэж өгдөг­гүй. Заавал нүдээр үзнэ, баримт­жуулахыг хүсдэг. Тэгэ­хээр би нэг нээлт хий­лээ. Тэрийг дэлхийд хүлээн зөв­шөө­рөх хүртэл харах гээд байгаа юм. Өөр газар энэ онолыг нээчихсэн бол шүтэж бишрээд сонирхоод байж ч мэднэ шүү. Би худ­лаа яриад байна уу?
-Магадгүй ээ. Бид жил гарны өмнө олон жил хүсч хүлээж байсан Олим­пийн аваргуудтай болсон. Энэ үйл явдал гэхэд л мон­голчуудад итгэл найдвар өгсөн шүү.
-Харин тийм ээ. Бид бүг­дээрээ Олимпийн авар­гын хэрийн лут хүмүүс юм байна гэдэг ойлголт өгөх шиг бол­сон. Өөртөө итгээд л яльгүй зүтгэ­хэд болохгүй, чадахгүй юм алга. Эхлээд монгол үндэстэн гэдэг нэр хая­гаараа сэтгэж мэдэрч сурах хэрэгтэй байгаа юм. Би гэ­хэд өөрийгөө ёстой ясны сумочин юм байна гэж бо­доод байдаг болсон. Мон­гол­­чуудыг арай дийлэх­гүй байх, бусдуудыг нь бол арччих юм шиг санагдаад байгаа.  Яагаад гэвэл, өнөө­дөр ар­чиж хаяад бай­гаа ёкозуна нар ч монгол хүмүүс, би ч монгол хүн. Хоёр гурван монгол хоо­рон­доо л наа­натай цаана­тай болохоос бусад нь ёс­той яршиг бо­лоод байна. Үүнээс өөр логик байхгүй ш дээ.
-Шинжлэх ухаан чинь сумо биш. Гэхдээ шинж­лэх ухааны салбарт Ёко­зуна болно гэвэл яах ёс­той вэ?
-Сумо, шинжлэх ухаан хоёр чинь адилхан л хүний үйл ш дээ. Аль аль нь бай­даг л нэг өрсөлдөөний тал­бар. Ялгаа нь гэвэл, бид бөхийн барилдааны үндэс­ний уламж­­лал, турш­лага­тай. Мэддэг чаддаг, итгэ­дэг найд­даг юм маань энэ. Гэтэл шинжлэх ухаанд үн­дэс­ний уламжлал байхгүй, ши­нээр бий болсон турш­лага ч тун хомсхон. Үүнээс болоод шинж­лэх ухаан гэ­сэн үг хэл сонсмогц урьдаас айж бэр­гэж, зүрх үхээд байдаг зур­шил­тай. Гэхдээ сумод наад зах нь 120 килог­рамм жин­тэй хэдхэн хүн л ноцолдох боломж­той. Харин шинжлэх ухаан бол нийтлэг үзэгдэл. Бүх шатны сургуульд үзэж судалдаг юм чинь ганц­хан  шинжлэх ухаан шүү дээ. Тэгэхээр шинжлэх ухаан сумо­гоос хамаагүй хял­бар салбар болоод явчихаж байгаа биз дээ. Шинжлэх ухаа­ны сал­бараас Ёкозуна гарах ма­гад­лал харин ч их байхгүй юу.
-Профессор С.Буд­ням гэдэг хүн “Өнөөдөр” со­нинд “Суурь шинжлэх ухаан му­хар­далд орсон” гэдэг утга­тай өгүүлэл нийтэлсэн бай­сан. Тэгсэн чинь та мухар­далд орсон салбарт зодог­лоно гэж яриад байх юм.
-Тэр өгүүллийг би бас хар­сан. Сүүлийн 20 жилд шинжлэх ухааны асуудлаар гарсан гайгүй тулхтай ганц өгүүлэл байж ч мэднэ. Суурь шинжлэх ухаан му­хар­­далд ороод удаж бай­на. 1960-аад оны эхнээс мухар­далд орсон гэж тооц­дог, тэгж ч ярьдаг. Томоохон нээлт гарсангүй уд­лаа. Хү­мүүс бүгд тэнэг бол­чихсон хэрэг биш. Мөнгө санхүү нь хомсдсон хэрэг бүр ч биш. Товчдоо суурь шинж­лэх ухаан өөрөө дуусах, төгсөх шатандаа орчихсон байх­гүй юу. Нээлт хийнэ гэж ховор. Одоо бол нээлт хийг­дэх байга­лийн нөөц шав­хагдсан байгаа. 20 ду­гаар зууны гарамгай фи­зикч, Нобе­лийн шагналт Ри­чард Фейнман “Өнөө­гийн бид их азтай улс, ямар нэг нээлт хийх багахан ч гэсэн боломж үлдсэн үед амьдарч байна. Хойшид нээх юм үлдэхгүй шүү дээ” гэж хэлж байсан. Нээлт хийнэ гэдэг чинь бай­гальд ерөөс буй юмыг ухаж олж ирнэ гэсэн үг. Харин одоо байга­лийн тэр нөөц нь шав­хагдах шатан­даа ороод бай­на. Энэ нь мухардал мэт харагдавч цаа­наа зүй тог­толтой үйл явц учраас арай өөрөөр ойлгогдох ёс­той л доо. Мэдээж хэрэг, нээлтийн боломж хаалттай шахам болсон нөхцөлд залуу үеийн шинжлэх ухаа­ны сонир­хол хаа сайгүй буурсан тухай ярьсаар олон жил болж бай­на. То­моо­хон их сур­гуулиу­дын физикийн ангид сурал­цах оюутан их цөөрсөн үе бий. Энэ байдлыг засах талаар ч олон улсын хэм­жээнд том том арга хэмжээ авсан. Суурь шинжлэх ухаан төг­сөх шатандаа ор­сон. Нээл­тийн өлсгөлөн байдаг, нээл­тийн нөөц нь дууссан байдаг, ийм л хүнд­рэл, ийм л мухардал байгаа юм даа.
-Нээлтийн нөөц дуус­чихаад байхад та тэгээд яаж нээлт хийсэн юм бэ?
-Суурь шинжлэх ухаан буюу физикт, бүр тод­руул­бал, онолын физикт хүлээг­дэж байсан ганц нээлтийг би хий­чих­лээ. Энэ бол сүүл­­чийн нээлт. Супер нэгдлийн оно­лын нээл­тийг дэлхий даяа­раа хүлээж байсан. Жижиг­хэн нээлтүүд бол хийгдэнэ л дээ. Гэхдээ ми­нийх шиг том нээлт хийг­дэхгүй. Энэ олон дотор зад­раад л явчихна. Компьютер гэдэг юм бүтээгд­чихлээ. Удах­гүй компьютер чинь ярьдаг болно, сонсдог бол­но. Тэгээд цаашаа хөг­жөөд явчих­на. Тэгэхээр би энэ компьютер шиг юм хий­чи­хээд байгаа юм. Энэ нээл­тээс цаашаа олон хөгжил дэвшил гарна.
-Та урьд нь ямар нэг нээлт хийж байсан уу?
-Нээлт, нээлт… Нэг хүн олноор нь хийгээд байдаг эд биш л дээ /инээв/ Нэг хүн нэг л нээлт хийвэл тэгээд болчихож байгаа юм.
-Хүмүүс голцуу хэдэн настайдаа нээлт хийдэг вэ?
-Янз янз л байдаг юм. Математик, физикийн чиг­лэ­­лээр бол голцуу 20-30 нас. Харин одоо бол залуу­гаараа хийдэг нээлт гэж байхгүй болж дээ. Миний энэ судал­гааны ажил бол миний оюу­тан байх үед л санаанд орж байсан зүйл байгаа юм. Тэгээд барьж аваад, бодож боловсруулах цаг гараад л сууж эхэлснээс хойш яг 12 жил болж байгаа юм. Суурь судалгааны ажил хийж бай­гаа хүн өөр юм хийж чад­даггүй байхгүй юу. Уншиж, судлах зүйл их ш дээ. Бүх­нийг мэдэх гэж оролдоно. Юм мэ­дэх­гүй байж дуусгана гэж юу бай­хав. Гэхдээ энэ чинь суурь шинжлэх ухааны онолын түү­хэнд бол рекорд боло­хоор богино хугацаа шүү. Онол номлол цаасан дээр буудаг. Би буулгасан, би­чиж тэмдэг­лэсэн. Олон мянган томъёо тэгшитгэл надад байна. Ертөн­цийн ор­шихуй гэж агуу юм бай­даг. Тэр бүхнийг физикт мате­матикаар тооцож бай­гаа хэрэг л дээ. Буй бүхнийг онолоор тооцох ёстой оно­лыг л супер­нэгдлийн гэх юм гэж шинжлэх ухаанд урьд­чилан тогтоосон хэрэг. Су­пер нэгдэл гэдэг нэр то­мъёо шинжлэх ухаанд хэрэг­л­эгд­дэг байсан. Гол нь яг нээ­чих­сэн юм байхгүй л байсан байхгүй юу. Энэ тухай ном зохиол дэлхий дахинд уул овоо шиг их байгаа. Өндөр хөгжилтэй орнуудын энгийн иргэд ч энэ асуудлын учир начрыг нийтлэг мэддэг. Ма­найд болохоор бо­ловс­рол үнд­сэндээ уначихсан, шинж­­лэх ухааны мэдээлэл, суртал­­чилгаа байх­гүй боло­хоор хоцрогдчихоод байгаа юм. Тэгээд супер нэгд­лийн онол гээд ярихаар энэ олон на­муу­дыг нэгтгэх юмуу, эсвэл дэл­хийн улс орнуудыг нэгт­гэх юм уу яах юм энэ тэр гэсэн сонин юм их асууж байна. Энэ бай­дал жаахан түвэгтэй санагдаж байгаа.
-Тэгээд яг юуг юутай нэгтгэх гээд байгаа юм?
-Орчлон ертөнцөд тоо томш­гүй олон янзын юмс үзэг­дэл байгаа. Тэр бүхний үүсэл хувьслыг цорын ганц учир шалтгаанаар нэгтгэн тайлж тайлбарлах ёстой. Ингэж нэгтгэ­сэн зүйлийг л супер нэгдлийн онол гэж бай­гаа ш дээ. Монгол­чуу­дад монгол хүний амжил­тыг ит­гүүл­нэ гэдэг их хэцүү. Монгол үндэстэн дэлхийн түүхнээ хам­гийн агуу их гүрэн бай­гуулж байжээ. Дараа нь хэдэн зуун жил бууран доройтож, харийн нөлөөнд орсон. Ийм хоёр түүхэн туршлага бидэнд бай­гаа юм. Их гүрний турш­лага, ирмүүн сэтгэл зүй мар­тагдсан. Бууралт до­ройт­лын туршлага, буран­гуй сэтгэл зүй ноёрхож байна. Тиймээс муусайн мон­гол­­чууд бид юу чадах вэ, би ч чадахгүй, чи ч чадахгүй, бүгдээрээ юу ч чадахгүй хэв­тэж, худлаа хуцаад гэж өмнөөс шууд л хэлдэг байх­гүй юу. Гэтэл нөгөө үндэс­тэн нь байж л байгаа бодит үзэгдэл. Тэр тусмаа түүхэн үүднээс хар­вал заавал муу­гаар нь дуу­даад байхааргүй нэгэн үн­дэс­тэн гэдгээ март­чихсан яваад байгаа юм.
-Таны түрүүн хэлсэнч­лэн би баргийн юманд итгэ­дэггүй монгол хүн учраас яг таг баримт но­тол­гоо хэрэг­тэй байна. Таны энэ онолыг ямар туршил­таар батлах вэ?
-Энэ онолыг батлах ёс­той онол аль хэдийн энэ дэлхий дээр хийгдээд бат­лагд­чихсан байхгүй юу. Тэгэ­хээр тэр тур­шилтын тал дээр санаа зовох зүйл­гүй. Шинжлэх ухааны арга зүй өөрөө батлаад өгнө. Суурь онолын арга зүй нь мате­матик. Өөрөөр хэлбэл, хоёр хоёрын дөрөв гэдэг шиг хэн бүхэн шалгаж үзээд баталж юмуу няцааж бол­дог тийм зүйл. Нэгд энэ. Хоёрт гэвэл, шинжлэх ухаан гэж ерөөсөө эхлээд ганцхан хүн ямар нэг юм мэдээд авчихаж болдог юмыг хэлдэг. Копер­никийн дараа ч нар өглөө бүр ур­гаж, тэнгэрт аялсаар орой жар­гадаг. Дэлхий сансарт дүүлж яваа нь огт ажиг­лагддаггүй. Гэтэл бодит байдал огт эсрэг гэдгийг ганц Коперник л хэлж бай­сан. Тэр математикаар тооц­сон байхгүй юу. Хүмүүс тэр тоо­цоонд нь итгэхгүй их удсан. Чи гараад хар л даа, Нар явж, дэлхий сууж бай­гаа биз дээ. Хүмүүс чинь нүдэндээ л итгэ­дэг байхгүй юу. Шинжлэх ухаан гээч юмны хамаг эгзэг үүнд л оршдог юм. Орчлон ертөн­цийн жинхэнэ үнэн хүний санаанд багтахгүй гаж со­нин парадоксаль байдаг. Хүнд хоёр нүднээс гадна уураг тархи, оюун ухаан байна. Оюун ухаанаа ажил­луулаад шинжлэх ухаанаар тэр тус­маа мате­матикаар тооцоод ирэ­хээр нүдэнд үл харагдах гүн далд, хамгийн суурь тулгуур үнэнүүд олд­дог байхгүй юу.
-Тэгээд та ямар суурь тулгуур үнэнийг олж нээ­сэн юм бэ? Энэ л их сонин байна.
-Ертөнц оршин байна. Ертөнц бидний харж бай­гаагаар ийм байна. Өөрөөр яагаад байсангүй вэ? Хэрэв ертөнцийг Бурхан бүтээсэн гэвэл, энэ байгаагаас арай өөрөөр бүтээх сонголт бай­сан уу, үгүй юү? Байсан бол ямар ямар сонголт байгаад Бурхан тэдгээрээс хийсэн сонголт нь зөв үү, буруу юу? Бурханд ийм ертөнц бүтээ­хээс өөр сонголт байсангүй бол яагаад? Шинж­лэх ухаан эцсийн дүнд дээрхи асуул­тууд л яв цав хариу­лах ёстой юм. Энэ асуул­туудыг Альберт Эйнштейн анх дэв­шүүлэн тавьсан байдаг. Тэгэ­хээр яагаад, яагаад гэдэг олон асуултын хариул­тыг л олсон хэрэг. Харин бүх асуултын эцсийн үнэмлэхүй хариулт ганцхан байх ёстой. Түүнийг зөв олж тогтоосноор супер нэгд­лийн онол бо­ловс­рох нь үнэн хэрэгтээ бараг авто­матаар хийгдсэн ажил юм. Тэгэхээр орши­хуйн суурь шалтгаан олдлоо л гэсэн үг ш дээ. Хэрэгтэй байлгүй яахав. Энэ дэлхий хөгжинө. Наад онол дээр чинь дөрөө­лөөд шинэ хөгжил ирнэ ш дээ. Наад гар утас чинь ча­майг ойлгодог болно. Тэр санд­лыг дуудахад чам руу өө­рөө ирдэг болно ч гэх юм уу.
-Физикчид ихэвчлэн шашингүй үзэлтнүүд бай­даг гэж би сонсож байсан…
-Би шашинтайд нь орох байх аа. Том нээлт хийсэн хүмүүс ихэвчлэн шашинлаг үзэлтэй талдаа шүү. Тийм нэг зүй тогтол байгаад байдаг юм. Хүний хийж байгаа юм бай­галь орчноор зохилдсон, нэг ёсондоо дээд тэнгэрээс явж байгаа үйл явц байдаг байхгүй юу. Тэрнээс биш тохиолдлоор болдог юм гэж аль ч сал­барын дээд түв­шинд байхгүй ш дээ. Тамирч­дын хувьд аз гэдэг их чухал. Сайн тамир­чид азгүй­тээд л байхыг алийг тэр гэхэв. Тэгэ­хээр аз гэдэг чинь байга­лийн тоо­цоонд орчихсон бай­даг зүйл.
-Сүүлийн үед физик гэ­дэг ойлголт дангаараа ор­шихоо болиод байх шиг. Ихэнх шинж­лэх ухаа­нууд хоо­рондоо уусан нэгдэж байгаа бололтой.
-Физикийн ухаан дан­гаа­раа байна л даа. Мате­рийг судал­даг. Гэхдээ мэ­дээ­лэл, танин мэдэхүй рүүгээ ханд­даг. Ертөнц нэг л юм чинь шинжлэх ухаан бас нэгдэж таарна, угаасаа. микрос­ко­поор юм харна гэдэг чинь физикийн бага­жийг ашиг­лаж байна гэсэн үг ш дээ. Өөр яахав.
-Таны бичсэн “Мон­голын үндэсний сэргэн мандал” номыг уншсан. Үнэндээ огт ойлгоогүй. Толгой эргэмээр олон тоо хэнд хэрэгтэй юм бэ?
-Хүн төрөлхтөнд тоо хэрэг­тэй. Зарим хүмүүс тоо боддог болохоор чамд тоо бодох шаардлага гарахгүй байгаа юм. Чиний эдэлж хэрэглэж байгаа гар утас, зургийн аппарат, өөр юу байдаг юм тэр бүгд чинь тооноос бүтдэг юм ш дээ. Энэ тоонуудыг цаашаа бодоод л байх юм бол утас чинь чам­тай ярьдаг болно. Чи бүр товчлуур дарах ч хэрэггүй болно гэсэн үг ш дээ. Ер нь энэ тоо гэдэг чинь амьд­ралтай салшгүй хол­боотой зүйл. Хүн болгон л тоо бодож чадна. Сурахыг хүсвэл, тэ­гээд хичээвэл ча­дахгүй юм гэж байхгүй ш дээ.
-Та сэтгэл хөдлөл бага­тай хүн шиг санагдаж бай­на шүү. Ташкентийн газар хөдлөлтийн үеэр тэнд байсан гэж сонссон юм байна. Тэр үед сэтгэл санааны байдал ямархуу байсан бол?
-Тэр үед Ташкент нэг сая хүнтэй байсан. Би тэр нэг сая хүмүүстэй адилхан гарч ороод л, бужигнаад байж байсан. Үргэлж газар хөд­лөөд байхаар сүүлдээ дас­чихна ш дээ. Таван давхар оюутны байрнууд байдаг байхгүй юу. Тэр байшингууд чинь тирхххххх гээд л сүртэй дуу чимээ гаргана. Газар хөдлөлтийн эсрэг барилга байхгүй юу. Нимгэн тоосгон ханатай, булангуудаараа салгуу. Жаахан шавард­чихсан. Хүчтэйхэн шиг түл­хэхэд л ганхах эд байдаг юм. Тэгээд газар хөдлөлтийн үеэр байшин нурахгүй, ган­хаад шавар нь нураад бай­гаад л байдаг. Ташкентийн Политехникийн дээд сургуу­лийн захирал Рузбаев гэдэг хүн бол газар хөдлөлтөнд тэсвэртэй барилгын зөв­лөлийн гол мэргэжилтний нэг. Тийм болохоор хичнээн газар хөдөлж байсан ч байр нураад уначихна гэсэн ойл­голт байхгүй. Энэ чинь байгаль дэлхий. Юунд ч захирагдахгүй. Тэр дундаа хүний үйлдэлд огт захираг­дахгүй. Харин байгальтай уялдуулаад өөр шинэ зүйл зохион бүтээх хэрэгтэй. Тэ­рэнд чинь л миний нээлт тусална…

Бидний яриа энд хү­рээд төгсөж байна. Харам­салтай төгсгөл… Хэрэв цаашаа үргэлжилсэн бол хаа хүрэх байсныг мэдэх­гүй. Магадгүй бүх амьд­ралынхаа турш яриад ч барагдахгүй байж мэднэ. Одоо зүгээр л ярианы сэдв­ийг “далийлгадаг” энэ эрхэмд амжилт хүсэх л үлдлээ. Эрдэмтэн ах сүүл­чийн тамхиа асаагаад гарч одов. Тамхины утаа нь хүртэл ээдрээтэй бодлого мэт хачин юм аа…


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж