Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2023.10.07/ цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах алба хаагчидтай уулзалт хийж байна.
Тэрбээр "Юуны өмнө аймшигт, харамсалтай хэрэг гарч, хэргээс урьдчилан сэргийлж чадаагүйдээ талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайдыг дуудаж, шуурхай үүрэг чиглэл өгсөн. Бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах арга хэмжээг авч, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, яаралтай шийдвэрлүүлэхийг үүрэг болгосон.
Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг чангаруулж, 20 хүртэлх жилийн ялыг 25 жил болгож нэмэгдүүлэх, гэмт этгээдийг өршөөлд хамруулах, магадлангаар суллахгүй байх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт оногдуулж байгаа ялыг хорих ялаар солих, авлига албан тушаалын болон бусдыг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг магадлангаар суллахгүй байх холбогдох хуулийн төслийг нэн яаралтай боловсруулахыг үүрэг болголоо. Бага насны хүүхдийг алах гэмт хэрэг үйлдэж, 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн хэрэг дунджаар 22.2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдсэн энэ төрлийн гэмт хэрэг дунджаар 14.25 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байна.
Өмнөх хуультай харьцуулахад ялын бодлого найман хувиар зөөлөрсөн байна.
Төрийн ял шийтгэлийн бодлогын алдааг шуурхай засч, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн өмнө нь бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээдийн талаарх мэдээллийг ил болгож, хууль сахиулах байгууллага, олон нийтийн хяналтыг сайжруулж, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, сургууль цэцэрлэгийн ажиллах журам, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, автомашины цахим бүртгэлийг хийх, гудамж зам талбайг бүрэн камержуулах, жолоочийн хариуцлагыг чангатгах, зөвшөөрөл такси үйлчилгээ эрхлэх үедээ гэмт хэрэг үйлдсэн бол жолооны эрхийг хасах, такси үйлчилгээг сайжруулах замаар олон улсын сайн туршлагыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, ирэх оны төсөвт шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатай боллоо. Гэмт хэргийн гаралт болон тухайн хэрэг маргааныг шийдвэрлэх процессын хууль, шүүхийн үйлчилгээ үзүүлэх тусдаа дэд бүтэц шаардлагатай байна. Засгийн газраас удахгүй Шүүх байгуулах тухай хуулийг өргөн барих гэж байна. Энэ хуулийг дагалдуулж, Монгол Улсад гэр бүлийн дагнасан шүүх байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хүний эрхийн олон улсын байгууллага, шүүх байгууллагуудаас санал авч, хууль өргөн барихаар ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг асуудал хэрээс хэтэрлээ. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэм буруутан гэж буруутгаж болохгүй. Тийм учраас хууль сахиулах байгууллагын албан хаагчдын оролцоотойгоор гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг явдлыг нэн даруй таслан зогсоохыг үүрэг болгож байна. Энэ бол гэмт хэрэг. Энэ гэмт хэрэг одоогоор торгох болон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй байна. Салбарын сайдын хувьд ял шийтгэлийн бодлогыг чангаруулах саналыг УИХ-д оруулж хэлэлцүүлнэ. Энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах бие даасан газар байгуулахыг сануулж хэлье. Олон нийтэд хандаж хэлэхэд, бага насны хэрэгт ухаалаг, хүлээцтэй хандаж, зураг бичлэгийг олон нийтийн сүлжээнд дэлгэрэнгүй мэдээлэхээс татгалзаарай. Хүн байж, талийгаачийг хүндэтгэж, түгээхдээ анхааралтай хандахыг хүсье. Цагдаагийн байгууллага илд байх үүргээ сайн биелүүлэхийг хүсье. Би хамгаалагч нь байх болно" гэв.
Холбоотой мэдээ