Иранд хоригдож буй иргэдээ суллаж авахын тулд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Тегерантай зургаан тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ. Хоригдол солилцооны гэрээний дагуу Иранд ял эдэлж буй таван америкийг Нэгдсэн улсад буцаасны дараа Тегераны эсрэг хориг арга хэмжээг зөрчсөн хэргээр АНУ-д саатуулагдсан тодорхой тооны иранчуудыг нутаг буцаах гэнэ.
Түүнчлэн Өмнөд Солонгос улсад царцаагдсан Ираны зургаан тэрбум ам.долларын хөрөнгийг чөлөөлж, Катарын төв банкин дахь Тегераны данс руу шилжүүлэхээр АНУ-аас гэрээ байгуулсан гэж эх сурвалж мэдээлэв.
Иранаас хоригдол солилцоогоор буцаан авах америк хоригдлуудын дунд тагнуулын хэргээр ял сонссон Сиамак Намази, Эмад Шарги, Морад Тахбаз нар багтаж байгаа аж. Нөгөө хоёрынх нь нэрийг ар гэрийнхэн нь нууцалж байгаа ч нэг нь эрдэмтэн, нөгөө нь бизнесмэн гэнэ. Хоригдол солилцооны гэрээг Оман, Катар, Швейцарь улсууд зуучилсан бөгөөд үе шаттайгаар зохион байгуулжээ. Өмнөд Солонгосын банкуудад Ираны газрын тосны наймааны долоон тэрбум ам.долларын хөрөнгө царцсан байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS