Хятадын сөнөөгч онгоц өнгөрсөн долоо хоногт Өмнөд Хятадын тэнгис дээгүүрх олон улсын агаарын орон зайд АНУ-ын тагнуулын онгоцыг саатуулжээ. Энэ үеэрээ онцын шаардлагагүй түрэмгий маневр хийсэн гэж АНУ мэдэгдэв. Хятадын "J-16″ сөнөөгч онгоц тавдугаар сарын 26-ны өдөр АНУ-ын "RC-135 Rivet Joint" тагнуулын онгоцны урдуур хамрыг нь зүсэх шахам орж ирсэн аж. "RC-135 Rivet Joint" онгоцны хувьд аюулгүй, ердийн үйл ажиллагаагаа явуулж байсан гэж АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлал мэдэгдэв. Мөн олон улсын хууль тогтоомжийн дагуу хаана ч хамаагүй аюулгүй, хариуцлагатай нислэг үйлдэж, далайд гарч, үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэжээ.
Энэ мэтчилэн Хятад, АНУ-ын нисэх онгоцууд агаарт эрсдэлтэй огтлолцох тохиолдол сүүлийн үед огцом нэмэгдэж байгаа аж. Хятад онгоцууд илүү түрэмгийгээр АНУ болон холбоотны онгоцуудтай ойртох болсон тул аливаа осол гарах вий гэж санаа зовж буйгаа албаныхан мэдэгдэж байна.
Дээрхтэй ижил төстэй үйл явдал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мөн болсон. Тодруулбал, Хятадын Тэнгисийн цэргийн хүчний "J-11" сөнөөгч онгоц АНУ-ын "RC-135 Rivet Joint"-ыг саатуулж байжээ. Тухайн үед АНУ мөн л аюултай маневр гэж мэдэгдэж байсан. Хятадын сөнөөгч онгоц маш аюултай зайд ойртож ирсэн тул АНУ-ын онгоц илүү том, хүнд хэдий ч маневр хийж, зайлсхийхээс өөр аргагүй байдалд хүрчээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ