Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өнөөдөр /2023.03.16/ Токио хотноо Японы ерөнхий сайд Фүмио Кишидатай уулзана. Энэ уулзалтаас хэдхэн цагийн өмнө буюу орон нутгийн цагаар 07:10 минутад Хойд Солонгосын зүүн эргээс тив алгасах баллистик пуужин харвалаа. Пуужин ойролцоогоор 1000 км зайд нисч, 08:20 цагийн орчимд Японы баруун зүгт усанд буужээ. Ингэхдээ Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан байна. Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр пуужин 6000 км өндөрт гарч 70 минут хугацаатай ниссэн гэв.
Энэ нь Хойд Солонгосын сүүлийн долоо хоногийн дотор харвасан дөрөв дэх пуужин болж байна. Гэхдээ өнгөрсөн Пүрэв, Бямба, Даваа гаригуудад харвасан пуужин нь бүгд ойрын тусгалтай баллистик пуужин байжээ.
АНУ, Өмнөд Солонгос хоёр Солонгосын хойгийн орчимд сүүлийн таван жилд байгаагүй томоохон хэмжээний цэргийн сургуулилалтыг хийж буй. БНАСАУ уг сургуулилалтыг өдөөн хатгалга гэж үзэж байгаагаа удаа дараалан мэдэгдсэн билээ. Гэвч өнөөдрийн пуужингийн дараа ч ерөнхийлөгч Юн Сук Ёл хамтарсан сургуулилалтаа төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэх тушаал өгчээ. Түүнчлэн хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл пуужин харвасан асуудлаар хуралдах болов. Мэдээж өнөөдрийн уулзалтын хэлэлцэх гол сэдэв нь Хойд Солонгосын пуужин байх юм.
Хойд Солонгос хамгийн сүүлд сар хүрэхгүй хугацааны өмнө алсын тусгалтай баллистик пуужин харвасан. Үүнтэй холбоотойгоор НҮБ яаралтай хуралдаж байв. Умардаас тив алгасах баллистик пуужин хөөргөвөл АНУ-ын эх газарт хүрэх магадлалтай юм. Хойд Солонгосыг олон тооны цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай баллистик пуужин бүтээсэн гэж шинжээчид үзэж буй. Тус улс өнгөрсөн онд 90 гаруй пуужин хөөргөж, түүхэнд байгаагүй амжилт тогтоогоод байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ