ЧУУЛГАН: Бэлэн мөнгө нь гэрт нь багтахаа болиод, алтан гулдмай болгон хурааж байна"

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

LiveЧУУЛГАН: Бэлэн мөнгө нь гэрт нь багтахаа болиод, алтан гулдмай болгон хурааж байна"

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2022.12.15/ хуралдаан эхэллээ.


 

18 : 47
2022-12-15

"ТӨК-иудын удирдлагыг улс төрийн томилгоогоор томилж буй нь нууц биш"

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ: 

-Сүүлийн үед төрийн өмчтэй аж ахуйн нэгжүүд дээр хулгай, дээрэм их гардаг, дээр нь төрийн өмчийн хуулийн этгээдүүдийн үр өгөөж муу гэсэн зүйл их яригдаж байна. Энэ хууль батлагдсанаар одоогийн байдлыг хэрхэн сайжруулах вэ? Ялангуяа төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн менежментийг сайжруулах талаар ямар арга хэмжээ авах вэ? Цаашдаа хулгай, луйвар гарахгүй байх нөхцөл боломжийг хааж буй ямар зохицуулалтууд орж байгаа вэ?

Бидэнд нэг дутагдал байна. Томоохон төрийн өмчит хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх захирлыг Засгийн газар шууд томилоод явчихдаг. Энэнээс чинь болоод бид горыг нь амсч байна. Ганхуяг гэдэг залууг Засгийн газар томилсон. Төрийн болон аж ахуйн ажлын дадлага туршлага багатай энэ залуу хүнийг төрийн өмчийн том компанийн захирлаар тавиад, ажлаа унагачихдаг. Залуу хүнийг өөрийг нь ч бас баллачихаж байгаа юм шүү дээ. Цаашдаа төрийн өмчит хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх удирдлагыг яаж шийдэж байх юм бэ? Нээлттэй сонгон шалгаруулалтаар ил тод зарлаж байх юм уу? Энэ дээр бид томоохон зарчмын ахиц өөрчлөлт гаргахгүй бол болохгүй нь ээ.

Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдүүд бүгд Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-тэй. ТУЗ-ийн гишүүдийн томилгоог танай Төрийн өмчийн хороо томилдог. Энэ томилгоонуудыг цаашдаа яаж ил тод, нээлттэй болгох вэ? Олон нийтийн оролцоо, хяналтыг яаж бий болгох вэ? Ерөөсөө ард түмэнд тайлан тавьдаггүй. Мэдээлэл өгдөггүй, хаалттай байх юм. Энийг яаж сайжруулах вэ? 

Төрийн болон төрийн өмчит байгууллагуудад газартай холбоотой маш их зөрчил, маргаан гардаг. Танай дээр энэ талаар судалгаа байна уу? Төрийн болон төрийн өмчит байгууллагуудын газраас хууль бусаар тасдаж, бусдад худалдсан хэчнээн хэмжээний га газар байна вэ? Үүнийг буцааж төрд авах боломж байна уу? 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.ЦЭНГЭЛ: 

-Бид Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, мөн олон улсын байгууллагуудтай хамтраад төрийн болон төрийн өмчит компаниудын талаар нэлээн гайгүй судалгаанууд хийсэн. Таны яриад байгаагаар төрийн өмчит компаниудын засаглал нь болохгүй байна, үр өгөөж нь хангалтгүй байна, нийгэмд дорвитой хувь нэмэр оруулахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Үүний дагуу Засгийн газар төрийн болон төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийх цаг нь болсон байна, 30 орчим жил явсан тогтолцоог өөрчлөхгүй бол болохгүй нь гэсэн агуулгаар асуудалд хандаж байна. Энэ агуулгаар 2011 онд батлагдсан Компанийн тухай хууль, 1996 онд батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиас төрийн болон төрийн өмчит компаниудын заалтыг аваад, дээр нь олон улсын болон өнөөгийн компаниудад хэрэгжиж буй тусгаад, анхдагч хууль болгоод, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг өнгөрсөн аравдугаар сард УИХ-д өргөн бариад, хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн. 

Төрийн болон төрийн өмчит компаниудын анхдагч хууль дээр бүр зарчмууд тусгагдсан. Энэ хуулийг өнөөдрийн өмчийн хуультай бараг зэрэгцээд шахуу хэлэлцэх нь оновчтой гэж бодож байна. Манайд компанийн засаглалын зарчим алдагдсан байгаа нь үнэн. Төрийн өмчит компаниудын удирдлагыг улс төрийн томилгоогоор томилж буй нь нууц биш.

Бид өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хэд хэдэн зарчим баримталж байна. Нэгд, компани улс төрөөс хамааралгүй байх нь зүйтэй, мэргэжлийн хүн удирдах нь зүйтэй, компанийн удирдлагыг сонгогдохдоо сонгон шалгаруулалтын зарчмаар хийх ёстой. Компанийн нийгэмд гүйцэтгэж буй үүргээс нь хамаараад, олон улсын хэмжээний менежерийг сонгон шалгаруулах хэлбэрээр ажиллуулах, үйл ажиллагаа нь ил тод байх ёстой гэсэн үндсэн зарчмуудыг компанийн анхдагч хуулинд хийж өгсөн. Өнөөдөр хэлэлцэж буй хуулин дээр ерөнхий зарчим туссан.  

НАРАНГЭРЭЛ: 

-Газар эзэмших, ашиглах гэрчилгээг Засаг дарга нар олгоод явж байсан. 2018 онд Засгийн газрын шийдвэрээр эзэмших, ашиглах үнэлж, санхүүгийн тайланд бүртгэснээр байгууллагын үндсэн үйл ажиллагаа эрхэлж буй газрыг үнэлж бүртгэж, хяналтдаа авсан. Энэ жил улсын нэгдсэн тооллого явуулахад нэлээд ахиц гарсан. 128 мянган га газрыг төрийн болон орон нутгийн өмчтэй 600 байгууллага эзэмшиж, ашиглаж байна. Энэ байгууллагуудын бүртгэлийг бусдад шилжүүлснийг нь цуцлуулах шийдвэрийг 2020 оны Засгийн газрын 10 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Энэ дагуу алдсан газруудыг буцаан авах ажлыг хэрэгжүүлж байна. Саяын тооллогоос харахад, төрийн болон албанын нууцад хамаарах газар, эмнэлэг, сургууль цэцэрлэг, тусгай хэрэгцээний газар зэрэг төрийн өмчит газруудад газрын маргаан нэлээд хэмжээтэй байгаа учраас буцааж авах, буцааж байгууллагад нь авах талаар Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байна. 

Шинэ хуулийн төслөөр хязгаарлагдмал эрхээр ашиглуулах асуудал төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн ашиглалтад олгосон газрыг эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр бусдад хязгаарлагдмал эрхээр ашиглуулах, зориулалтын бус барилга байгууламж барихыг хориглох тухай заалтыг өнөөдөр танилцуулж буй төслийн 5-д тусгасан. 

УИХ-ын гишүүн Ж.БАТЖАРГАЛ:

-Энэ хуулинд бид нэлээн өөр өнцгөөс хандмаар байгаа юм. Төрийн нийтийн өмч дээр бид ямар удирдлага хэрэгжүүлэх вэ? Энэ хуулинд суурь заалт нь байх ёстой. Төрийн хөрөнгөөр хайгуул нь хийгдээд, нөөц нь тогтоогдсон үйл явцыг яаж үнэлж, зохицуулалтыг нь хийх ёстой вэ? 

"Эрдэнэс Монгол" бил үү тэр компани ямар статустай вэ? Бид тэр компанийг ямар эх зүйгээр зохицуулаад байна вэ? Корпорацийн хэлбэр юм уу гэж бодогдоод байна. Буцаагаад "Эрдэнэт", "Монголросцветмет"-ийг бүгдийг нь авчраад нийлүүлсэн. Одоо тэгвэл "Эрдэнэт", "Монголросцветмет" дээр ТУЗ байх юм уу, үгүй юу? Шаталсан бүтэц юм бол яаж харилцааг нь зохицуулах юм бэ? 

Компанийн хуулиар зохицуулна гэхээсээ илүүтэй өмчийн хуулин дотор үндсэн суурь үзэл санаа нь суух ёстой. 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.ЦЭНГЭЛ: 

-Энд асуугаад байгаа олон асуулт өргөн барьсан байгаа Төрийн өмчийн компанийн тухай хуулийг л асуугаад байна. Өргөн барьсан хуулиар манай байгууллага тохируулагч агентлаг болж байгаа юм. Ажилладаг арга хэлбэр нь хэвээрээ, хорооны зохион байгуулалтаар байна. 9 гишүүнтэй байна. Шийдвэр нь тогтоол, тэмдэглэл хэлбэрээр гарна. Нэг шинэлэг зүйл нь бид өмчийн байцаагчтай болж байгаа.

Өмчийн асуудал хянан шалгах улсын байцаагчийн эрхтэй болж байгаа юм. Өмнө нь энэ асуудал байхгүй байсан. Орон нутгийн өмчийн байгууллагуудынхаа үйл ажиллагааг хянаж шалгаж байх зохицуулалт хийгдсэн. Нэг том зүйл бол мэдээллийн нэгдсэн сантай байх асуудал байгаа. Хяналт шалгалтын асуудал нэлээн өргөн хүрээгээр хийгдэхээр орж ирж байна. Хороо нэргшлээрээ явж, хуулийг дагасан журам гаргах эрх хэмжээтэй болно. 

"Эрдэс Монгол"-ын хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэгч нь Монгол Улсын Засгийн газар. Д.Тогтохсүрэн гишүүн "Эрдэнэс Тавантолгой" танай мэдэлд байдаг гэсэн. "Эрдэнэс Тавантолгой" манай мэдэлд байхгүй. Түүний хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэгч нь хамгийн сүүлд "Эрдэнэс Монгол" болсон. 

УИХ-ын гишүүн Т.ЭНХТҮВШИН:

-Засгийн газраас дандаа алдагдалтай ажилладаг төрийн болон орон нутгийн өмчийн компаниудыг хувьчлах жагсаалт гарсан. Энэ амьдрал дээр хэрэгжихгүй. Харин төрийн өндөр албан тушаалтнууд оролцоод байгаа компаниудаа олон нийтийн болгох Засгийн газрын тогтоолыг яаралтай оруулж ир ээ. Зам арчлалтын компаниудыг хэн ч авахгүй. Харин ч алдагдалтай ажилладаг компаниудыг улсын төсвийн  болон орон нутгийн хөрөнгөөр баригдсан замуудаа арчлаад явах нь зөв. Жижиг Тавантолгойн 51 хувиас 10 юм уу 20 хувийг орон нутгийн болгох чиглэл өгч ажиллаж болно шүү дээ. Энэ тал дээр анхаарч ажиллаач ээ. 

ТУЗ гэж байна. Үүнийг ямар сонгон шалгаруулалтаар, ямар шалгуураар сонгодог юм бэ? Танайх тохируулагч агентлаг болох юм байна. Хяналтын тогтолцоо танай дээр ирэх үү? Төрийн болон орон нутгийн өмчийн компаниудын санхүүд хяналт шалгалт хийдэг тогтолцоог бий болгох шаардлагатай байна. Орон нутгийн өмчийн эрх мэдлийг нэмэгдүүлж байна гэж ярьсан. Ямар нэмэгдлүүд орсон бэ? 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.ЦЭНГЭЛ: 

-2022-2023 онд төрийн болон орон нутгийн өмчийн 26 аж ахуйн нэгжийг олон нийтийн болгох ажлыг эхлүүлээд явж байна. Төрийн банк олон нийтийн болох үйл ажиллагаа амжилттай явагдсан. Одоо ондоо багтаад Монголын хөрөнгийн биржийг бирж дээр гаргах асуудлыг хийх гэж байна. 

 

17 : 24
2022-12-15

"Нүүрсний стандартаа олон улсын жишигтэй ойртуулж шинэчилсэн"

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.БАТНАЙРАМДАЛ: 

-Д.Тогтохсүрэн гишүүний нүүрсний стандарттай холбоотой асуултад хариулъя. Олон улсад 204 таваарын бирж ажиллаж байна. Хөгжиж буй орнууд ийм төрлийн биржийг байгуулахдаа төрийн оролцоотойгоор ажлаа эхлүүлсэн байдаг. Монгол Улсын нүүрсний стандарт энэ жилийг хүртэл 2014 оны ангиллаар, нийтдээ түүхий, баяжуулсан нийлээд нийт 11 төрлийн ангилалтай байсан. Жишээлбэл, коксжих нүүрс ганцхан ангилагддаг гэсэн үг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам энэ жил нүүрс экспортлогчид гээд бүх талыг хангасан ажлын хэсэг гараад, нүүрсний стандартаа олон улсын жишигтэй ойртуулж 30 ангилал болгож шинэчилсэн. БНХАУ-ын нүүрсний ангилалтай маш ойрхон болсон. 

Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.АЛТАЙ:

-Цахим биржээр уул уурхайн бүтээгдэхүүн борлуулах асуудал яригдсантай холбоотойгоор хувийн хэвшлийн төлөөллүүд ирж уулзсан. Тэд ч мөн уг биржээр дамжуулан нүүрсээ борлуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Гадныхан манай нүүрсийг худалдан авах тал дээр ямар нэг асуудал үүсэхгүй. Монголын Хөрөнгийн бирж олон улсын биржийн зарчмаар ажиллах боломжтой. Дэлхийн олон хөрөнгийн биржийн ашигладаг цөөхөн платформ байдаг, түүний нэг  болох Millennium IT гэдэг программ хангамжийг ашигладаг. Хууль батлагдахтай зэрэгцээд санхүүгийн үнэт цаас гэх мэт шинэ бүтээгдэхүүнүүд гарна. Системийн тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийнэ. Millennium IT-г Лондоны хөрөнгийн бирж ашигладаг. Тэр утгаараа таваарын биржийн чиглэлээр ашиглах боломжтой. 

Д.ГАЛСАНДОРЖ: 

-Бирж байгуулагдсанаар Хятадын гангийн үйлдвэр, тухайлбал, Бугамт ч байдаг юм уу, Бээжингийн томоохон үйлдвэрлэгч, Хятадын эцсийн хэрэглэгч нар манай нүүрсийг Уул уурхай биржээр дамжуулж цаашаа зараад явна гэсэн үг. 

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураав. 

Төслийн зарчмын зөрүүтэй саналын томъёолол дэмжигдэв. Иймд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн зөасгийн байнгын хороонд шилжүүллээ. 

15 : 59
2022-12-15

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол ардын намын дэд дарга Х.Булгантуяа танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:

-Хуулийн төслүүдийг зориг гаргаад оруулж ирж буй талархалтай байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас оруулж ирж буй энэ хуулийн төсөл өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэхэд том хувь нэмэр оруулна үзэж байна. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газар хөрөнгийн бирж дээр нүүрс арилжаалах түр журмаа гаргаад, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаа явагдах нөхцөл бололцоо бүрдсэн гэж ойлгож байна.

Боомтын үйл ажиллагаанд ч хиймэл оюун ухаан ашигладаг бол гэж байгаа юм. XXI зуунд өнөөдөр машин тэргээ хүн тоолох биш, хиймэл оюун ухаанаар бүх зүйлээ бүртгээд, автоматжуулаад явах ёстой. Иргэд бүрэн дүүрэн ойлголттой биш байна. Одоо бүгдээрээ шийдлээ ярих цаг болсон. 

Х.Алтай захирал та Хөрөнгийн бирж яг хэзээ нүүрсээ журмын хүрээнд арилжаалж эхлэх вэ гэдгийг маш энгийн үгээр тайлбарлана уу? 

Хөрөнгийн биржийн захирал Х.АЛТАЙ:

-Өчигдөр Засгийн газрын холбогдох шийдвэр гарч, түр журам батлагдсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжИЖ эхэлнэ. Зарчим нь маш энгийн. "Эрдэнэс Тавантолгой" юм уу, хүссэн байгууллага, уурхай Монголын хөрөнгийн биржид энэ сард тийм хэмжээний ийм чанартай нүүрсийг борлуулах боломжтой гэсэн мэдээллээ өгнө. Бид түүнийг ил тодоор өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлнэ. Нөгөө талаар тэр бүтээгдэхүүнийг худалдаж авах хүсэлтэй байгаа худалдан авагчид нь өөрийнхөө 10 хувийн дэнчинг тавиад, тухайн нүүрсийг шууд худалдаж авах боломжтой. Ийм энгийн зарчим. Хөрөнгийн бирж, таваарын бирж бүгд нээлттэй, ил тод байдаг. Ингэснээр нүүрсний борлуулалт ил болох юм. 

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ: 

-Хууль гарснаар бирж дээр иргэдийн хяналтыг хэрхэн оруулах вэ? 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.ГАНБААТАР: 

-Засгийн газрын шийдвэрээр биржийн ажиллагааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.11-д эрх бүхий байгууллагууд гүйцэтгүүлж болно гэсэн заалт хуульд нэмж орж байгаа юм. Энэ утгаар иргэдийн хяналт болон хувийн хэвшил хамтарч ажиллах боломж нээгдэж байна. Энхбаяр гишүүн байнгын хороон дээр санал гаргаж байсан. Яамны хувьд төрийн оролцоо 66 хувиас доошгүй байх нь зөв гэсэн байр суурьтай байна. Бирж байгуулагдсанаар амны үнэ гэдэг юм уу, гэрээний үнэ зэрэг яригдаад байгаа энэ олон зүйлүийг нэг мөр болгоно. 

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН: 

-Энэ бол чухал ач холбогдолтой хуулийн төсөл байгаа юм. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсанаар уул уурхайд ил тод, хариуцлагатай байдал, өрсөлдөөн бий болно. Үнийн хувьд бид дэлхийн зах зээлийн ханшаар борлуулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж буй учраас энэ хуулийг баталж гаргах саналтай байгаа юм. Хоёр зүйлийг тодруулж асууя. Бид нүүрс, зэс, алт, төмрийн хүдрээ дэлхийн зах зээл дээр гаргана. Ялгах, угаах нөхцөл манайд бүрдэж байгаа юу? Зүгээр хольсон нүүрсийг хэн ч авахгүй байх гэж бодож байна. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.ГАНБААТАР: 

-Өнөөдрийн хэлэлцэгдэж буй хууль ирэх оны долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар баталсан журмаар нүүрсийг долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёрдугаар сарын 1-нээс "Эрдэнэс Тавантолгой" болон "Энержи ресурс", бусад хувийн компаниуд нэмэгдэх боломжтой, сардаа багтаад дунджаар сая тонн нүүрсийг биржээр зарна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ нь долдугаар сарын 1-нээс хууль хэрэгжээд явахад нэлээн түлхэц болох юм. Журмаар зөвхөн нүүрсээ зарах гэж байгаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ямар ойлголт байна вэ гэхээр би өөрийнхөө ашигт малтмалыг биржээр зарах гэж байгаа юм. Хятад руу гаргах уу гэдэг дээр Хөрөнгийн бирж хариулах байх. Одоогоор худалдан авагч бол бий. Манай нүүрсийг айхтар голоод байх нь бага байна. Зэс, төмрийн хүдэр дээр ч гэсэн. Алт Монголбанкинд тушаагдаад явна. Нефтийн бүтээгдэхүүн өөр хуулиар зохицуулагдаад явдаг учраас одоогоор биржээр худалдаална гэж зорихгүй байна. 

Манай итгэмжлэгдсэн лаборатори нүүрснийхээ чанарыг тодорхойлдог. Энэ чанарын тодорхойлолтоор Хятад улсын худалдан авч буй компаниудаас айхтар гомдлууд гараад байдаггүй. Нийт 24 чанар байдаг. Зарим тохиолдолд ийм чанарынх байна тийм чанарынх байна гэсэн гомдол анзаарагддаг. Бирж байгуулагдсанаар олон янзын үнийг цэгцлэнэ. Татвараа, АМНАТ-аа зөв авна. Аж ахуйн нэгжүүдэд өсөх бололцоо гаргаж өгнө. Худалдан авагч нарт маш зөв, таатай боломж олдоно. Зэсийн хувьд нэлээн урт хугацаанд төлөвлөж байна. Энэ хооронд 11 журам батлах ёстой. Өнөөдрийн байдлаар Хөрөнгийн биржийн дор охин компани маягаар ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Шинээр томоохон бирж байгуулаад, их мөнгө зарцуулаад, том том платформ бий болгох нь бирж нэлээн томорсон үед хийгдэх байх. Хуулинд хоёр гарцтай, эсвэл тусад нь бирж байгуулна, эсвэл Хөрөнгийн биржтэйгээ хамтраад явж болно.  

15 : 41
2022-12-15

"Бэлэн мөнгө нь гэрт нь багтахаа болиод алтан гулдмай болгож хурааж байна"

УИХ-ын гишүүн Ш.РАДНААСЭД:

-Түрүүн Чинбатаас сонин юм сонсох юм. Өнгөрсөн хугацаанд нийт 226 мянган машин нүүрсгүй гээд хилээр давсан. 2.6 сая тонн нүүрс гараад явчихсан байна шүү. Энэ дээрээ шалгаж чадаагүй, тагнуулаа та нар оруулж шалгадаг, АТГ, цагдаатайгаа нийлээд бид шалгаж байна, энэ дотроос харж байгаад бид та нарыг оруулсан юм гэж ийм утгагүзй юм ярихаа боль оо. За юу, Чинбат аа. Босоо удирдлагатай байгуулллага, та нар мэдээлэл авч байж юм ярих ёстой. "Голомт"-ын Баясгалан гээд оффтейк гэрээ хийсэн хүмүүсээ яагаад оруулж ирэхгүй байгаа юм бэ, та нар. Тэрэнд чинь оролцсон Сумъяабазараас эхлээд хүмүүс байна шүү дээ. Яагаад оруулж ирэхгүй байгаа юм бэ.

Улс төрд ойрхон 500 орчим л хүн бий. Монголчууд жоохон шүү дээ. Хэн хаана, хэнтэй юугаа нуугаад иддэг, хэн нь яаж хуйвалдсаныг мэднэ. Эрдэнэс Тавантолгой" дээр онц байдал тогтооё гэхэд манай Засгийн газрын 5-6 гишүүн тогтоохгүйгээд хамгаалсан гэсэн. Хулгайгаа л нуух гэж байгаа биз дээ. Одо энийг бид тав маргааш гаргаж зарлана. Шалгуулна. Яг үнэн мөнийг нь үзье гэж байгаа бол. Зүгээр гэмгүй нөхдүүдийг нийгэмдп, олны дунд аваачиж яллаад гарна гэж байгаа бол эндүүрэл шүү. Та нар харин прокурор байгууллага, АТГ шударга ажиллаарай. Үнэхээр хийсэн хэрэг, авсан юм байгаа бол ял аваад явна. Тэгэхгүй зөөлчилсөн, тал зассан хэлбэрээр явбал ямар ч хэрэг байхгүй. Ийм байгууллагуудыг бүгдийг нь татан буулга. Хүмүүсийг нь бүгдийг соль. Энэ авлиатай тэмцэ хүсэл сонирхолд Щрөнхийлөгч Ерөнхий сайдад байгааг байх гэж хажрж байна.

Уучлаарай, Их хурал дотор байгаа болон байхгүй 500 гаруй хүн гадуур бий. Хүний өөрийн намын. Эд нарын идсэн уусан тухай мэдээллүүдийг хүмүүс бидэнд өгч байна. Идэж уусныг нь зарлаад өгнө. Шалгаад, тогтоогоод өг гэж АТГ басамжилж байгаа юм шиг. Бид та нарын хэн гэм буруутай гэж зарлаагүй шүү дээ. Шалгаж үзэх гэж байгаа юм шүү дээ гэж. Ингэж тоглоом хийхгүй ээ, Чинбат аа. Ажил хийвэл та нар хуулийн дагуу зөв хий. Хоёрдугаарт, хуулийн өөрчлөлт дээр нэлээн сайн ажиллах хэрэгтэй. Гадна талд жагсч, 22.1 гээд яриад байгаа хүмүүсийг байнгын хорооны хуралдаан дээрээ суулгаж байгаад яриул. Юу нь болохгүй байгаа юм бэ. Энэ дотор хуульч, өмгөөлөгч хүмүүс байна.

Яг энэ хуулийг хүмүүс өөрсдөдөө, дарга нартаа тааруулаад л бичиж байгаа шүү дээ. Хдэн тэрбумаар нь мөнгөө хийсэн, гэмт хэрэг хийсэн хүмүүс дахин дахин УИХ-ын гишүүн болохын төлөө явна биз дээ. Бэлэн мөнгө нь гэрт нь багтахаа больчихоод алтаар авч хурааж байна гэж байгаа шүү дээ. Энэ худлаа биш шүү. Энэ бол хуулийнхны дунд яригдаж байгаа яриа. Чинбат аа, чи үүнийг мэдэхгүй байна гэж байхгүй. Та нар ийм хүмүүсээ гаргаж ир л дээ.

Хадгаламж зээлийн хоршоод дээр хэний хэдэн төгрөг угаагдаж байгааг та нар бүгд мэдэж байгаа шүү дээ. Яагаад цөөхөн хүний учрыг олж дийлэхгүй байгаа юм бэ. Гудамжинд зогсож буй залуусаас 20 хүн оруулаад гаргахад л юм нь явна даа. Аргыг нь зааж өгөөд, учрыг нь мухарлаад явуулахад болно. Чинхүү сэтгэл байхгүй учраас та нар ийм байдалтай байгаа байхгүй юу. Одоо боль оо. Ингэж авлигатай тэмцэхгүй. Яг тэмцье гэж байгаа бол гудамжинд нүцгэлж буй ард иргэд шиг бүх юмаа тайлж хаяад бүгд шалдан үз. Нэг хэсэг нь хуулиар, албан тушаалаар өөрсдийгөө хамгаалуулсан, нэг хэсэг нь гудамжинд авлигатай тэмцэнэ гэж ярина гэж байхгүй. Төр оршъё гэж байгаа бол. Өнөөдөр бид үүнийг цэгцэлж авахгүй бол дахиад 20 жилийн дараа цусаар уйлаад ч энэ авлигачидтай тэмцэж чадахгүй. Баян, хоосны ялгаа чинь туйлдаа хүрнэ. Тэр цагт энэ улс Энэтхэг шиг кастын систем рүү өөрөө орно. 

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй  гэсэн саналын томъёоллоор санал хураахад 43 гишүүнээс 27 нь дэмжиж, 74.4 хувийн саналаар төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

15 : 01
2022-12-15

"Жинхэнэ хулгайчдыг нь яагаад зарлахгүй байгаа юм бэ?"

УИХ-ын гишүүн Ш.РАДНААСЭД:

-Байнгын хорооны хуралдаан дээр гудамжинд шаардлага тавьж буй хүмүүс ээ оруулж ирээ. 20, 30 хүнийг зарлалаа. Та нар энэ хүмүүсийн нэрийг зарлахдаа цагдаа, АТГ-аас тогтоогдсон байсан ч хүмүүсийн нэрийн эхний үсгийг зарлаж ёстой. Би ямар хэрэг хийсэн бэ? Хэлж өг өө. Хээл хахууль авах, улс төрд нөлөө бүхий этгээд гэдгийг 22.4.5-аас яагаад хасчихав. Ганхуяг гэдэг хүн 22 дугаар зүйлээр ял авлаа гэхэд 5 хүртэлх жилийн ял авна. Сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрөх юм бол ялаас чөлөөлнө. Энэ яагаад ингэчихэв? Энэ байдлаар яллагдагчаар татагдсан хүмүүсийг явуулах уу? Бүлэг этгээдүүдийн алсын удирдлага ордон дотор байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ:

-Хахууль авах гэмт хэрэг дээр ял чангарсан. Улс төрд нөлөө бүхий, зохион байгуулалтттай гэмт этгээд үйлдвэр 12-20 жилийн ялтай болохоор оруулж ирж байна. 

Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын зөвлөх М.ЧИНБАТ:

-Нүүрсний гэх тодотголтой нүүрс тээвэрлэх, олборлох, зөвшөөрөлтэй холбоотой хэргүүдийг АТГ, ТЕГ тус тусдаа шалгаж байсан. Шинээр  хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. АТГ-т хийгдсэн хэргийн мэдээллээр, Эрүүгийн цагдаагийн алба, АТГ-ын мөрдөх байгууллагынхан мэдээлэл өгч, бололцоотой хэргийн хүрээнд зөвшөөрөл өгч, мэдээлэл хийсэн байна. 

УИХ-ын гишүүн Ш.РАДНААСЭД: 

-Би ямар хэрэгт холбогдсон юм бэ? Би үүнийг л сонсмоор байна. Жинхэнэ хулгайчдыг нь яагаад зарлахгүй байгаа юм бэ? Тодорхой хэрэгт зориулж хууль бичнэ гэдэг сайн юм биш шүү. Үндсэн зорилго нь тэр хүмүүсийг аврах зорилготой. 

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР: 

-Би бас ямар хэрэг хийснээ мэдэгдэхгүй байна. Эрүүгийн хэрэг нээсэн юм уу, надтай уулзаагүй, мэдүүлэг аваагүй, олон нийтэд зарласан байна. Дараа нь би асуултаа асууя. 

Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын зөвлөх М.ЧИНБАТ:

-Миний хувьд та бүхний асуултад хариулах боломжгүй. Хариулбал би хууль зөрчинө. Тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурорын эрх хэмжээний асуудал. 

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР: 

-Энэ хуулийг бодлогын хувьд хулгай хийсэн хүмүүсийн ялыг чангатгана гэдгээр дэмжиж байна. Гишүүдийн ярьж байгаагаас харахад алдаа оноо байж магадгүй. Ардчилсан нийгэмд хууль засагладаг. Ийм учраас энэ хууль сайн гарах ёстой. АТГ-аас мэдээлж буй мэдээллээр авлигаас орж ирж буй орлого, нөхөн төлөлт нэмэгдэж байгаа нь сайн. Олон улсын үзүүлэлт буурахгүй байна. Эрсдэлүүдийг тооцсон уу? Ямар судалгаа хийсэн бэ? Орлого, зарлагыг хэр тооцож оруулж ирсэн бэ? 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР: 

-Хөрөнгө орлогын мэдүүлэгт бөглөгдсөн хөрөнгө нэмэгдэхдээ хууль ёсны татвар төлсөн, хууль ёсны бизнесийн болон ар гэрийнхний орсон орлогоос тогтоогдсон байх ёстой. Тогтоогдоогүй бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэг болно. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ: 

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудал дээр Эрүүгийн хуулийн суурь зарчим буюу өөрөөр нь нотлуулахаар байсан. Ял хариуцлагын бодлого чангарсан. Засгийн газраас цаашид төрийн албан хаагчдын орлого, хэрэглээтэй уялдуулж хянах чиглэлийн хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд өгсөн. Энэ чиглэлээр судалж анхаарах асуудал бий. 

АТГ-аас олон улсын донор байгууллагатай хамтраад авлигын гэмт хэргийг хянах шийдвэрлэж байгаа талаар дүн шинжилгээ хийсэн. Яаманд ирүүлсэн. Энэ дээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудлын нөхцөл байдлыг дүгнэсэн байдаг. Гэмт хэргийн шинж томъёоллоос шалтгаалаад шийдвэрлэхэд хэцүү байгаа юм. 

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. 

Хэлэлцэх эсэх асуудлыг дэмжих, дэмжихгүй саналын томъёоллоор санал хураахын өмнө дэмжсэн 3, дэмжээгүй 3 гишүүн үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ: 

-Авлига албан тушаалын хэрэг дээр хариуцлагыг нэлээн чангатгая гэсэн зарчмыг дэмжээд байгаа юм. Төрийн болон төрийн өмчийн хуулийн этгээд дээр хулгай луйвар асар их гараад байна гэж яриад байна. Энэ хуулинд төрийн болон төрийн өмчийн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн бол торгох, зорчих эрхийг хязгаарлах зэрэг орж ирж. Торгох ял байх ёсгүй гэж бодож байна. Улс төрд нөлөө бүхий этгээд гэж яриад байгаа хүрээнд хувийн хэвшлээ чангалсан юм орчих вий дээ. Улс төрд нөлөө бүхий этгээдүүдэд хялбаршуулсан журам байж болохгүй гэж бодож байна. Энэ өөрчлөлтөөс нэг их сайхан үр дүн гарах юм уу гэдэгт эргэлзээд сууж байна. Хэрэг ч нээгээгүй байж зарладаг, нийгмээрээ ялладаг зарчим руу явах вий, үүнийг анхаарах хэрэгтэй. 

14 : 16
2022-12-15

П.Сайнзориг: Хууль, шүүхийн байгууллагад итгэх иргэдийн итгэл сайнгүй байна

УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:

-Шийдвэр гаргалтад нөлөөлсөн, томилсон эрх бүхий албан тушаалтнууд ард нь үлдэж байна. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" маш том Төлөөлөн удирдах зөвлөлтэй. Томилсон албан тушаалтнууд зүгээр ард нь үлдээд хоцрох уу? Зөвхөн захирал хариуцлага хүлээгээд, хохирлыг нь төлүүлсэн гээд үлдэх үү?

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ:

-Тухайлсан фактыг мэдэхгүй учраас хэлж болохгүй байна. Гэхдээ үнэхээр ТУЗ-ийн шийдвэр хууль бус, хууль бус чиглэл, давуу байдал өгөгдсөн бол хариуцлага хүлээх боломжтой. Заавал гарын үсэг зурснаар үйлдэгддэг асуудал биш. Тодорхой хэмжээний, бусад байдлаар Хэрэг хянан шалгах хүрээнд шалгах байх. Төрийн болон орон нутгийн өмчит компани бий болгож, зарим талаар улс төрийн албан тушаалтнууд ТУЗ-д сонгогдож байна. 

УИХ-ын гишүүн Б.БАЯРСАЙХАН: 

-Монгол Улсын хөгжлийн гацаа болсон ёс суртахууны доройтол өнөөдрийн байдалд хүргэж байна. Гэхдээ энийг сайн цагийн эхлэл, дохио гэж харж байна. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна. Өнөөдрийг хүртэл хууль шүүхийн байгууллагад итгэх иргэдийн итгэл ямар байна вэ? 22.1 дүгээр зүйлийг хүндрүүлэх нөхцлөөр оруулж ирэхэд хууль хяналын байгууллагад буй авлига дахиад нэмэгдэх юм биш биз дээ? Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр энд нэг ч хүн алга. Хуулийн 22.8 дугаар зүйл заалт яагаад хүндрүүлэх нөхцөлөөр орж ирэхгүй байна вэ? 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Хуулийн төсөл боловсруулах ажил дөнгөж сая олон нийтийн эсэргүүцлээс үүдэн эхэлж, өөрчлөлт оруулах гэж байгаа юм биш.
2022 оны тавдугаар сард өргөн мэдүүлээд, хэлэлцсэн. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ:

-Хууль, шүүхийн байгууллагад итгэх иигэдийн итгэл сайнгүй байна. Итгэл, хандлагыг өөрчлөх ажлууд хийгдэж байна. Мөрдөх албаны тогтолцоо, хувийн эрх зүйн шинэчлэл хийгдээгүйгээс хууль шүүхийн байгууллагууд буруу шийдлээ гэсэн олон зүйл бий. Энэ бүхэн 30 жилийн турш явж ирсэн зүйл. Бүх байгууллагаас хуулийн өөрчлөлтөөр санал авч байсан. 22.8 дээр хүндрүүлэх бүрэлдэхүүн аль хэдийнэ шийдвэрлэгдсэн. 

УИХ-ын гишүүн Д.ИДЭРБАТ: 

-Цаашдаа шүүх процессын асуудлыг яаж шийдэх вэ? Шүүх дээр хэргүүд маш их буцдаг, зарим хэрэг бүр 10 жил шийдэгдэлгүй явдаг юм билээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Бид тогтолцоогоо яаж зөв болгох вэ гэдэг асуудал яриад байгаа юм. Засгийн газраас Монгол Улсын шүүхийн тогтолцоог шинээр эмхлэн байгуулах тухай хуулийн төсөл оруулж ирэхээр төлөвлөж байна. Бид шүүхийн ерөнхий хуулийг баталсан. Шүүх байгуулах тухай хуулиа оруулж ирнэ. Бид тогтолцоогоо шийдвэрлэхгүйгээр илүү үр дүн хүлээгээд хэрэггүй. Үндэсний мөрдөх албаны шинэ тогтолцоог бүрдүүлэхээр ХЗДХЯ дээр төсөл эхлүүлээд байна.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Эрүүгийн хуулийг ийм нөхцөл байдалд ингэж түргэн түүхий, гал унтраах, улс төрийн маягаар шийдэж болохгүй юм. Өглөө ерөнхий сайд улс төрийнч анартай үг хэлээд гараад явчихлаа. уур амьсгалаа дарахын тулд ийм хууль оруулж ирлээ гэж байна. Авлигын индекс 60, 70 руу ороод ирсэн. Өмнө нь яагаад энэ хуулийн өөрчлөлтийг хийгээгүй юм бэ? Хөөн хэлэлцэх хугацааг сүүлийн зургаа, долоон жил яаж өөрчлөв гэдгийг мэдмээр байна. Ял завшсан, ард түмний балгийг хулгайлсан хүмүүсийн мөнгө төгрөгийг яаж шийдэх юм бэ? Судалгаа, шинжилгээ алга байна. Жишээлбэл, Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхийлөгч тавьдаг байсан, одоо Ерөнхий сайд тавьдаг болсон. Юм сайжирсан юм уу, бүгд захиалгаар явдаг 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Таныг бүлгийн даргаа өгнө гэдэг үеэр бид энэ хуулийн төслийг хэлэлцсэн. Тооцоо судалгаа тэр үеэр хийгдсэн. Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компанийнхаа хуулийг УИХ-д өргөн барьсан байгаа шүү дээ. Таны зөвлөхүүд ажил хийхгүй байна аа даа. Ямар хуулиуд орж ирж байгаа талаар мэдээлэхгүй байна аа. "Трансперэнси интернэйшнл" байгууллагаас бидэнд төрийн өмчит компаниудынхаа засаглалыг сайжруулах, улс төрийн намуудын санхүүжилтийг тодорхой болгох, шүгэл үлээгчийн асуудлыг шийдэх. Удахгүй улс төрийн намуудын санхүүжилтийн хуулийн төслийг өргөн барина. 

13 : 43
2022-12-15

"Улс төрд нөлөө бүхий этгээдийг хорихоос өөр ял байхгүй"

ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг:

-Улс төрд нөлөө бүхий этгээдийн хэргийг үндсэн бүрэлдэхүүнээр шийдэх ямар ч боломжгүй. Дандаа хүндрүүлэх, онц хүрдрүүлэх ял байгаа. Дандаа хорих ял байгаа. Өөр сонгох ял байхгүй. Эрүүгийн хуулийн 6.7 зүйлд тодорхой хэмжээнд мөрдөн байцаалтад дэмжлэг үзүүлэх бол нийтлэг байдлаар үйлчилнэ. Авлига, ашиг сонирхлын гэмт хэрэгт янз бүрийн хүмүүс холбогдоно. Сургуулийн багш, захирлаас эхлээд. Улс төрд нөлөө бүхий этгээдэд өөр санкци хэрэглэх боломжгүй. Тийм учраас буруу зөвөөр ашиглах вий гэдэг асуудал гарахгүй. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-УИХ-ын гишүүн бол албан тушаалтан биш ард түмний төлөөлөгч. Би бүх зүйл дээрээ бичдэг. Жагсагчид хариуцлага тооц, хөрөнгө хураа гэдгийг хэлж байна. Хариуцлагыг шүүх, АТГ, прокурор. Хөрөнгө хураах шаардлагын дагуу хуулийн заалтыг танилцуулаач.

УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн:

-Гэмт хэрэг үйлдэхдээ олсон орлого, хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгслийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх ёстой. Энэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 зүйлд бий. Нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагад татаагүй хүний хувьд хөрөнгийг нь хураах шийдвэрийг ердийн журмаар шүүх шийдвэрлэнэ гэдэг заалтыг оруулсан. Мөн төр, нийтийн албанд хохирол учруулбал прокурор хөрөнгийг хураах иргэний нэхэмжлэл гаргаж, эрүүгийн хэрэгтэй нь хамт шийдвэрлэхээр нэмэлт заалтыг оруулж байна. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл тоолох заалт батлагдсан.

Харин энэ хууль хэрэгжиж эхлээгүй байхад 2017 оны тавдугаар сарын 18-нд нэмэлт өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тоолохоор болсон. Энэ зөрүүтэй байдал үүссэн учраас 2020 оны нэгдүгээр сарын 10-нд энэ заалтыг өөрчилж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэл тоолдог заалтыг сэргээж, хуульчилсан. Ингэснээр хуулийн хийдэл арилсан. Гэхдээ нэмэлт өөрчлөлтийг оруулахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэргүүд дээр хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг хэрэглэх үү, үгүй юу гэдэг хууль зүйн маргаан маш их гарсан. Шүүхийн практикт бас зөрүүтэй шийдвэрүүд гарч эхэлсэн.

Тийм учраас УДШ-ээс 2022 оны гуравдугаар сарын 9-нд нийт шүүгчийн хуралдаанаар албан ёсны тайлбарыг хийж, хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам хэргийн процессын шинж чанарыг агуулсан хэм хэмжээ юм. Тиймээс энэ хууль батлагдсан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг буцаан хэрэглэхгүй гэсэн тайлбарыг гаргасан. Гэхдээ нэр бүхий шүүгчид эргээд ҮХЦ-д Улсын дээд шүүхийн тайлбар Үндсэн хуульд нийцээгүй гэдэг үндэслэлээр мэдээлэл гаргасан. Үүний дагуу маргаан үүсгэж, хянан шийдвэрлэж байгаа. 

12 : 33
2022-12-15

"Эрүүгийн хуулиас торгох ялуудыг хасч байгаа"

Эрүүгийн хуулийн төслийн талаар Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар танилцууллаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Алтан тушаал, авлигын хэргийг үйлдсэн этгээдэд чангатгаж хариуцлага тооцохыг дэмжиж байна. Энэ хэрэгт торгох, зорчих эрхийг хязгаарлах ял байх ёсгүй юм. Ерөнхий сайдын хэлсэн үгээс нэлээн хариуцлага чангатгаж байгаа гэж ойлгосон. Гэтэл Эрүүгийн хуулийн 12.2 дахь хэсэгт төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хэрэг үйлдсэн бол торгох ялтай байна. Зорчих эрхийг нь хязгаарлах ялтай байна. Би эргэлзэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт нийтдээ 11 төрлийн гэмт хэрэг байгаа. Таны хэлж байгаагаар төрийн өмчит компанийн албан хаагчид хахууль авсан, өгсөн үйлдэл нь 22.1 зүйл заалтаар зүйлчлэгдэнэ. Харин Эрүүгийн хуулийн 12.2 дахь хэсэг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэдэг нь хувийн секторын байгууллагын удирдлагуудад хамаарч байгаа. Хувийн ЕБС шударга сонгон шалгаруулалтаар сурагчдаа элсүүлж авах ёстой байтал захирал нь хахууль авч оруулбал энэ ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэгдэнэ гэсэн үг. Энэ удаа 22 тусгай бүлэгт төрийн өмчийн удирдах албан тушаалтанд хамаарах юм. 

ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг:

-Эрүүгийн хуулиас торгох ялуудыг хасч байгаа. Нэмж орж ирээгүй. Зөвхөн төр, нийтийн албан тушаалтанд хахууль өгөх, хувийн сектор дээр л торгох ял байгаа. Бусад хэсгүүдэд хассан. Мөн зорчих эрхийг хязгаарлах ял улс төрд нөлөө бүхий этгээдэд байхгүй. Хоёрдугаарт, 22.13 зүйлийг нэмж байгаа юм бэ гэхээр төрийн алба, нийтийн алба, хувийн секторт ч хамаатай учраас тусад нь 22.13 зүйл гэж нэмж оруулсан. Хоёрдугаарт, 6.7 зүйлд тодорхой хэмжээний ялаас хөнгөлөх зохицуулалт одоо байдаг.

Мөрдөн шалгаж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн бол хөнгөлнө гэж тодотгож оруулж ирсэн. Тэрнээс биш баахан цаг хугацаа зарцуулж, хийчихээд сүүлд үнэнээ хэлэхгүйгээр анхнаасаа хамтарч ажиллаж, дэмжлэг үзүүлбэл нийтлэг байдлаар тодотгож байгаа юм. Бусдаар энэ заалт одоо ч хэвийн үйлчилж байгаа. 

Нийтийн албан тушаалтан авлига авах эсэхэд ялын бодлого чангарч, Эрүүгийн хуульд байгаа хамгийн хүнд санкци буюу хорих ялын дээд хэмжээгээр 12-20 жил болгосон. Энэ зөвхөн улс төрд нөлөө бүхий этгээд болон зохион байгуулалттай байдлаар хахууль авсан этгээдүүдэд хамааралтай зүйл заалтыг оруулсан. 

Нэмээд Эрүүгийн хуулийн 22.12 зүйл заалтад хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэдэг заалт төр, хувийн хэвшилд аль алинд нь хамаатай. Одоо 2700-14 мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох, зургаан сараас 3 жил хүртэл зорчих эрхийг нь хязгаарлах эсвэл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялтай. Үүнийг хүндрүүлж, төрийн өмчит компани үйлдвэл торгох заалт сонголттойгоос гадна 1-5 жилийн ял болгож нэмсэн. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дэмжиж байна. Гэхдээ үүний нэрэн дор янз бүрийн юм ярьдгаа больё. УИХ-ын гишүүдийн халдашгүй байдал, энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг нэг ТНБД хэвлэлээр ярихгүй. П.Сайнзориг оо. Ямар хуулийг хэн өргөн барих вэ гэдэг асуудлыг тодорхой заачихсан байгаа. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж байгаа явдал. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Би сая Ж.Батжаргал гишүүний яриаг ойлгосонгүй. Хууль тогтоомжоор Засгийн газар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гол субъект нь. Ер нь цаашдаа бид Хууль тогтоомжийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл бэлтгэж байгаа. Эрүүгийн хууль, Төсвийн хууль, Татварын хуулийг зөвхөн Засгийн газар өргөн мэдүүлэх өөрчлөлтийг хийнэ. П.Сайнзориг өчигдөр зүгээр мэдээлэл хийсэн. Тодорхой зүйл заалтуудын талаарх мэдээллийг олон нийтэд хийхийг би даалгасан. 

Таны яриад байгаа 22.1 зүйлд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн бол гэмт хэргийн субъект болж байгаа юм. Шүүхийн практикт ийм л асуудал гарч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Сайд миний яриаг буруу ойлгосон юм болов уу. Өчигдөр танай намын ТНБД хэлэхдээ "УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлыг арилгах ёстой" гэсэн. Энэ бол УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна. Тиймээс ярих асуудал хязгаартай байх асуудлыг ярьж байна. 

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Ерөнхий сайдаас ирсэн жагсагчдын шаардлагын дагуу ХЗДХЯ-наас халдашгүй бүрэн эрх гэдэг ойлголтыг цаашид арилгах эрх зүйн зохицуулалт байвал яасан юм бэ гэдгийг судлах үүрэг өгсөн. Би тантай санал нэг байна. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх гэдэг бол зөвхөн УИХ-д хадгалагддаг асуудал. Нөгөө талдаа олон нийтийн шаардлагад энэ талаар судалж байгаа гэдэг хариултыг өгсөн. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа зогсдог зохицуулалтыг оруулж ирсэн. Тэгвэл 2017-2020 онд энэ асуудлаар ял завших вий гэдэг үүднээс Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын хуулийг тусад нь санаачилж, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн асуудлууд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүсийг нэхэж ял оногдуулах ёстой гэдэг хууль санаачилсан. Олон албан тушаалтыг бүгдийг яллаж дуусгасан. Үүний дараа хүмүүс Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, Дагаж мөрдөх журмын хуулийг хүчингүй болгоё гээд хүчингүй болгосон. Гэхдээ үүрэг ролио гүйцэтгэж дуусгасан юм. Өмнө нь анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа үргэлжилдэг байсан. Энэ алдаагаа хэдийнэ зассан. 

Өчигдөр Ш.Раднаасэд над руу дайрч байна лээ. Би тэр хүний сэтгэл зүйг ойлгож байна. Нэр ус нь олонд зарлагдаж учраас би дуугүй л байгаа. 

Олон нийтийн эсэргүүцэлд нийцүүлж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Би үүнийхээ хариуцлагыг хүлээнэ.

ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг:

-Хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр батлагдсан хуулиар засагдсан. Бүрэн эрхийг дуусгавар болсны дараа хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх асуудлыг тодруулж оруулсан. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, торгох ял байгаа. Хахууль авах, өгөх, нийтийн албан тушаал урвуулан ашиглах гэмт хэргээр 22 бүлгийг төсөөлж болохгүй. Нийтдээ 12 төрлийн гэмт хэрэг байгаа. Гадаад улсын төрийн байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, нийтийн албанд эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах, өгөх, улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, дураараа аашлах, нийгэмд учруулж буй хор аюул нь харилцан адилгүй гэмт хэргүүд дээр төрөөс ялын бодлогыг ялгамжтай өгөх ёстой.

Эрх мэдлээ урвуулах, хахууль авах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглахад торгуулийн ялыг хассан. Гэтэл нийтийн албан тушаалтан дураараа аашилж, жишээлбэл орон нутгийн замыг хаавал хорих ял өгч болохгүй. 

11 : 29
2022-12-15

"Тэрбумаар хулгайлсан луйварчид хялбаршуулсан журмаар ял завшиж байна"

Миний бие их жанжин Сүхбаатарын талбайд иргэдтэйгээ хамт жагсч, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллагыг бүхэлд нь барьцаалсан МАНАН бүлэглэлд ҮГҮЙ гэж хэлж, авлигад барьцаалагдсан 30 жилийг цэгцэлж, шударга ёс тогтсон шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө ордон дотор хүчин мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч, тууштай тэмцэхээ илэрхийлж байсан билээ.

Ард түмэнтэйгээ хамт төрийн мөнгөөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьдаа завшсан хулгайг таслан зогсоож, Дархан Төмөрлөг, Хөтөлийн Цементийн үйлдвэрийг эргүүлэн авч, энэхүү хэргийг шүүхэд шилжүүлж чадлаа. Ард түмэнтэйгээ хамт баялгаа ашиглуулсны эцэст 22 тэрбум ам.долларын өрөнд оруулсан Дубайн хулгайг таслан зогсоож, Монголын талд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, гацсан байсан Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж чадлаа.

Ард түмэнтэйгээ хамт улсынхаа нэрээр бонд босгож, бүлэглэлийн зарчмаар хувааж, эх орноо дампууруулсан Хөгжлийн банкны хулгайг илчилж, 805 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг эргэн төлүүлж, “Чингис бонд”-ын хоёр тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж, Хөгжлийн банкны хулгайн асуудлыг шүүхэд шилжүүлж чадлаа.

Ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, нүүрс тойрсон хулгайн асуудлыг олон нийтэд ил болгож, өнөөдөр амаргүй нөхцөл байдлын дундуур энэ тэмцэл үргэлжилж байна. Эрдэнэтийн 49 хувь, Оюу Толгой, Хөгжлийн банк, Тавантолгой, Эрдэнэс Тавантолгой дээр эрх ашиг нь зөрчигдсөн авлигачдын амь нь тэмцэж, бүх хүчээрээ эргэн ноцож буйг би бүрэн ойлгож байна.

Нэг цаг хугацаанд олон авлигын хэрэг давхцан шалгагдах нь улс төрийн хувьд эрсдэлтэй гэдгийг ч гүнээ ухамсарлаж байна. Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсны төлөө жагсаж буй ард иргэддээ баярлалаа. Хэрэв энэ тэмцэл байгаагүй бол бид ордон дотор хүчин мөхөсдөх байсныг нуухгүй ээ.

Яагаад гэвэл, Монгол Улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс, зэс бүрдүүлдэг бол Тавантолгойн орд нь нүүрсний нийт экспортын 50 хувийг дангаараа бүрдүүлдэг Монголын нийт ард түмний баялаг юм.  Тийм ч учраас уул уурхай, тэр дундаа нүүрс тойрсон далд эдийн засаг, тэдний төлөөллийг хангасан улс төр, бизнес, хууль хяналтын байгууллагын бүтэн сүлжээ амь бөхтэй оршин тогтнож байна. Энийг л би нам дамнасан МАНАН бүлэглэл гэж томъёолж байгаа юм.

Нүүрс болон зэсийн судсыг авлигаас бүрэн чөлөөлөхгүйгээр Монгол Улс хөгжил дэвшлийн тухай, иргэдийн баян, ядуугийн ялгаа хэт гүнзгийрсэн орлогын тэгш бус байдлыг арилгах тухай, ард түмний сонголт мөнгөнөөс ангид байж, шударга төр засаг байгуулах тухай, Үндсэн хуулиндаа тунхагласан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох тухай ойлголт байх ямар ч боломжгүй нь гашуун бөгөөд бодит үнэн билээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш яг 30 жилийн хугацаа өнгөрлөө. Ардчиллын 30 жилийн заагт дэлхий дахиныг хүндрүүлсэн цар тахал, дайн зэрэг томоохон сорилттой нүүр туллаа. Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд дараахь гурван эрхзүйн суурь өөрчлөлтийг яаралтай хийх шаардлагатай байна.

Нэг. Орлогын тэгш бус байдлыг арилгах

Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш 17 дахин тэлсэн ч иргэдийн амьдралын чанарт дорвитой өөрчлөлт гарсангүй ээ. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын баялаг хэсэг бүлэг хэдхэн хүний гарт шударга бусаар төвлөрч, уул уурхайн баялаг иргэдийн амьдралд бодит орлого болж чадсангүй. Засгийн газрын УУЛ УУРХАЙН далд эдийн засгийг ил болгохын төлөөх тэмцэл ч үүнтэй л холбоотой.

Миний бие өнгөрсөн долдугаар сард “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгээ, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ.

Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаагүй. Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм. Хорт хавдрыг мэс заслын аргаар өвдөлт өгч, эмчлэхгүй бол архагшин буглаж, эцсийн шатандаа орж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай. Хэдийгээр хувь хүний хувьд олон дайсантай болж байгаа ч ард түмний ирээдүйн боломжийг боомилсон авлигын гинжийг таслах нь Монгол Улсын Ерөнхий сайдын журамт үүрэг мөн.

Авлига арилаагүй цагт орлогын тэгш бус байдал арилахгүй, орлогын тэгш бус байдал арилаагүй цагт Монголын ардчилал “доголон” хэвээр байх болно. Энэ агуулгаараа Уул уурхайн биржийн хууль, Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн болгох багц хууль, Баялгийн сангийн тухай хууль, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хууль зэргийг Монгол Улсын Засгийн газраас ойрын өдрүүдэд Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлэх болно.  

Хоёр. Иргэний төлөөлөх эрхийг хангах.

Монгол Улс бол парламентын засаглалтай ардчилсан улс билээ. Парламентын суурь үндэс нь нийт ард түмнийг төлөөлсөн БАГА АРД ТҮМЭН байх төлөөллийн зарчим юм. Харамсалтай нь, орлогын тэгш бус байдал, тогтолцооны гажуудлаас улбаалж, парламентыг иргэний төлөөллийн байгууллага гэхээсээ илүүтэйгээр дарга ангийн төлөөллийн байгууллага гэж ойлгодог болоод удлаа.

Энгийн иргэн, хоёр том намын гишүүнчлэлгүй нийгмийн сонирхлын төлөөллүүд, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөл, нийгмийн цөөнхийн төлөөлөл парламентад сонгогдох нь өдрийн од харах мэт ховор байсныг өнгөрсөн 30 жилийн түүх хангалттай нотлоно.

Ардчилал бол эрх мэдэл, эд хөрөнгө хэт цөөнхөд төвлөрснийг эсэргүүцэж гарч ирсэн засаглалын хэлбэр юм. Энэ утгаараа парламентын ардчилал бол төр иргэн хоёрыг холбосон төлөөллийн төв байгууллага бүрэн төлөөлөх ёс зүйн өндөрлөгийн тухай ойлголт билээ.

Тийм ч учраас сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор үндэсний их зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулж, иргэний төлөөлөх эрх, иргэний хяналт тавих эрхийг өргөтгөх эрхзүйн цогц шинэчлэл хийхийг Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн нийт намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэддээ уриалж байна.

Гурав. Хариуцлагын тогтолцоог чангатгах

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тогтолцоо ард иргэдэд хатуу, авлигачдад зөөлөн байна гэж олон нийт шүүмжилж байна. Дуулиант хэргүүд шүүхийн шатанд замхарч, шүүхээр эцэслэн шийдэгдсэн хэргүүд гадны өмгөөллийн компани дээр задарч, тэрбумаар хулгайлсан луйварчид хялбаршуулсан журмаар ял завшиж, гавьяа байгуулсан мэт олон нийтийн сүлжээнд тааваараа тарвалзаж байгаад ард түмэн хилэгнэн уурсаж байна.

Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи класс хөлөглөж, тансаг хаусанд амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна.

Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах авлигатай хийх тэмцлийг гүнзгийрүүлэх бодлогын хүрээнд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд дараахь үндсэн өөрчлөлтүүдийг тусгаж, Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлж байна. Үүнд:

  • Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах,
  • Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигын замаар олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж, улсын орлого болгох,
  • Эрүүгийн хуулийн 22-р бүлгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг эрхзүйн зохицуулалтыг хүчингүй болгох,
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх зэрэг авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахаар тусгалаа.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Энэхүү хуулийн төсөлд тусгагдсан өөрчлөлтүүд давс мэт шорвог сонсогдож магадгүй ээ. Гэвч аалз мэт бүрхсэн авлигын торыг бид аргадан учирлаж тасдаж, хариуцлагатай сайн засаглалыг бүрдүүлж чадахгүй ээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд авлигатай хийх энэхүү тэмцлээсээ алхам ч ухрахгүйгээр тэмцэх болно гэдгээ дахин илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж буй Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталж өгнө гэдэгт итгэлтэй байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол төрд шударга ёс ялан мандах болтугай! 

10 : 41
2022-12-15

"Эрх баригчид өөрсдийн гар хөл болсон дарга нартаа хариуцлага тооц"

Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүд горимын санал гаргадаг. Үүний дагуу УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Н.Наранбаатар, С.Одонтуяа, Ш.Раднаасэд, Н.Алтанхуяг, Ц.Анандбазар, Н.Ганибал, Ц.Сэргэлэн, Ц.Батсуурь нэг үг хэлж байна. 

УИХ-ын Б.Пүрэвдорж:

-МАН долоон жилийн турш үнэмлэхүй олонхоор санал авч, төрийн эрхийг барьсан. Бүх шатанд төр барьж, хууль хяналтын байгууллагыг атгаж байгаа. Гэтэл өнөөдөр ЖДҮ, Концессын гэрээ, Хөгжлийн банк, нүүрсний асуудлыг бид цэвэрхэн, сөрөг хүчин муухай гэж ярьдгаа хэзээ болих юм бэ. Энэ хугацаанд АН-ынхан бүгд гудамжинд гарсан. Тэднийг шалгаад шилийг нь харахгүй яасан юм бэ. Зөндөө шалгаад юу ч гараагүй биз дээ. Би хоёр жил Гашуунсухайтын хулгай луйврыг ярьсан. Гэмт хэргийн шинжтэй асуудлыг ярьж байхад яагаад өнөөдрийг хүртэл АТГ хяналт тавиагүй юм бэ. Тэнд нь хяналт тавиагүй Хилийн тагнуулын газрын даргадаа хариуцлага тооцол доо.

Нүүрсний машиныг яагаад бүртгэлгүй гаргасан юм бэ. Гаалийн даргадаа хариуцлага тооц. Намайг Б.Ганхуяг хоёр удаа цагдаад өгсөн. Би тодорхой мэдээллийг цагдаад өгөөд байхад шалгаагүй цагдаагийн даргадаа хариуцлага тооц. Хилийн хяналтын албаны дарга, ХӨСҮТ-ийн дарга нарт хариуцлага тооц. Татварын дарга, Авто тээврийн үндэсний төвийн даргадаа хариуцлага тооц.

Өнгөрсөн 2016 онд машин болгон авдаг энгийн цаас байсан С зөвшөөрлийг авлигын схем болгож, жолооч болгон хоёр сая төгрөгийн авлига төлдөг болгосон. Яагаад энэ төвийн даргадаа хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Өнөөдрийн өөрсдийн гар хөл болсон дарга нартаа хариуцлага тооцохгүй байж олон нийтийн хяналтад байдаг орон нутгийн өмч дээр Бүрэн эрхэт төлөөлөгч томилж байхын орон хариуцлагаа тооц гэж Засгийн газраас шаардаж байна. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Сүүлийн үед Монголын хөгжил дэвшилд хэрэгтэй хуулиудыг хэлэлцэх гэж байна. Батлах нь зүйтэй. Хувийн ашиг сонирхлыг зохицуулах хуулинд орлого зарлагыг нотолдог байх нь зүйтэй. Бид ардчиллын нийгэмд шилжээд улс орны эдийн засаг хөгжсөнгүй. Өсөлт, өгөөж байхгүй. Нэг хүнд ногдох өрөөрөө дэлхийд тэргүүлдэг. Нийт хүн амын 42 хувь нь ядуурсан. Үйлдвэрлэл байхгүй. Хэрэглэгч улс болсон. Экспорт, импорт нь хамааралтай болчихсон. Мянган хүнд ногдох халдварт өвчний тоогоороо дэлхийд тэргүүлдэг.

ОУВС-гийн хөтөлбөрт зургаан удаа орсон. Долоо дахь удаагаа орох магадлал өндөр. Түгжрэл, утаа гээд маш их асуудал бөөгнөрсөн. Нийт баялгийн 90 хувь нь хүн амын нэг хувьд ногдож байна. Энийг олон улсад олигархижсан загвар гэдэг. Гэтэл газрын баялгаараа дэлхийд 10-т ордог. Хөгжихгүй байгаа шалтгааны нэг нь хулгай. Сүүлийн гурван жил энэ талаар хангалттай ярьсан ч байхгүй. Өнгөрсөн 30 жил төрөө удирдаж чадсангүй.

Сая АТГ-аас таван хүний нэрийг зарласан. Энэ нэрийг зарлаад жагсаалыг тараана гэвэл горьдсоны гарз шүү. Жинхэнэ хулгайч нар нь цаана үлдлээ. Хэдэн жараахайгаар тоглочихлоо. Тулууд нь цаана нь хэвтэж байна гэдгийг жагсагчид хэлж байна. Өөрийн бодлоор ажлаа хийдэг УИХ-ын таван гишүүнийг хаяж өгч байгаа юм байна. Ингэхгүй шүү. Бид хонь шиг байж байгаад төхөөрүүлэхгүй. Жинхэнэ хулгайч нараа зарла. Жирийн нэг гаалийн байцаагч нүүрсний машиныг хилээр гаргачихна гэж байхгүй. Том улстөрчид оролцсон байгаа. Энийг би хэлнэ. Би амьдралдаа хулгай хийж байгаагүй, хийж чадахгүй.

Нүүрсний хулгай бол эх орноосоо урвасан хэмжээний гэмт хэрэг шүү. Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулахдаа улстөрчдийн гар хөл болдоггүй хүмүүсийг томилох хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцэх Төрийн өмчит аж ахуйн нэгж шинээр байгуулахгүй гэсэн тогтоолын төсөлтэй холбоотойгоор би Төрөөс аж ахуйн үйл ажиллагаанд оролцохгүй байх ёстой гэдэг тогтоолын төслөөр дөрөвдүгээр сард санал авсан. Энийг хамтатгаж, хэлэлцэж өгөхийг УИХ-ын даргаас хүсч байна.

Монголд төрийн өмчит аж ахуйн нэгж эдийн засгийн 50-иас дээш хувийг эзэлдэг. Үүнийг дагасан хулгайн асуудал нүүрлээд байна. Өнөөдөр төр, орон нутгийн өмчит 380 орчим аж ахуйн нэгж бий. Эдгээрээс том нэг аж ахуйн нэгжийн хөгжлийг сөхөхөд юу гарч ирж байгааг хараад улсаа сүйтгэх хэмжээнд хүрч байна. 

Нэг тонн нүүрс тутмаас 3-5 ам.долларын авлига авдаг гэдэг яриа тогтчихсон байсан. Энэ бол асуудал. Ард иргэдэд яагаад гэсэн олон асуулт үлдэж байна. Яагаад гэрээнүүдийг илрүүлэхэд хойрго хандаж байна вэ. Эрх баригчид зургаан жилийн хугацаанд улсынхаа эдийн засагтай тэнцсэн хулгайн асуудлыг илрүүлээгүй юм бэ. Аль эсвэл чадваргүй хүмүүс байна уу. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-АТГ-аас нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 17 хүний нэрийг зарласан. Үүний нэгэнд миний нэр орсон. Хэвлэлээр олон удаа ярьсан. Нэр зарласан хүмүүсийг ямар шалтгаанаар холбосныг хэлээгүй. Тайлбар мэдүүлэг ч аваагүй. Холбогдох албан тушаалтан нь байхгүй, бид буцсан. Бид АТГ-т асуулга тавихаар бэлдсэн. Хариугаа авна. Намайг яагаад холбогдуулсан юм бэ гэхээр Өмнөговь аймагтай хамаатуулж байгаа байх. Энэ хулгайд миний бие оролцоогүй. Хууль хяналтын байгууллагад тултал нь шалгуулна. Жинхэнэ хулгайчдыг зарлахын төлөө ард түмэнтэйгээ хамтарч ажиллана. 

"Эрдэнэс Тавантолгой" компанийн бүх удирдлагыг төрөөс томилж, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шийдвэр нь гарч, Засгийн газраас мэддэг. Тийм учраас Өмнөговь аймгийн удирдлагууд энэ асуудалд оролцдоггүй. Орон нутгийн "Тавантолгой" 2700 орчим хувьцаа эзэмшигчтэй, нээлттэй үйл ажиллагаа явуулдаг. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Зүгээр сууж байгаад жинхэнэ хулгайчдын амны хаалт болчихлоо. Би уг нь хууль хяналтынханд итгэж байсан юм. Одоо нүүрсний асуудлыг сайн судалж үзлээ. Түр хороо нэлээн нухацтай үзмээр байна. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд 86 сая тонн нүүрс буюу 12.8 их наяд төгрөгийн нүүрсийг Монгол Улс зарсан байна. Зөвхөн 2018-2022 онд 7.5 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг “Эрдэнэс Тавантолгой” компани худалдаж авсан байна. Нөгөө 12 их наядын 7.5-ыг нь энэ компани өөрөө үрчихсэн байна. Нүүрсний гэрээг шалгаж ядаад байх юм байна.

Нийт 576 гэрээгээр 7.5 их наядыг цацаад хаясан бол 396 гэрээгээр нүүрсээ зарсан. Давхардсан тоогоор хэдэн ч компани байгаа юм бүү мэд. Энэ бол АТГ-ын вэб сайтад байгаа мэдээлэл шүү.

Жишээлбэл, 111 сая төгрөгөөр 40 тоннын чингэлэг, 880 тэрбумаар машин авдаг, 30 саяар футболк, 40 саяар бээлий, 1.3 тэрбумаар эрүүл мэндийн үзлэг хийж, мөнгө идэж байна. Оффтейк гэрээнээс өөр булай юм энэ дотор байна. Боомтын хяналтын хороог өргөтгөж, хоёр хуваа. Нүүрсний хулгайд дандаа улстөрчдийн компани байна. Тэдний нөлөөлөл байгаа. Оффтейк гэрээтэй холбоотой хулгайчдаа яагаад барихгүй байгаа юм. "Голомт"-ын Д.Баясгалан, Женкогоо барь л даа. Хулгайтай тэмцэх хүсэл зориг байгаа юм бол Ерөнхий сайдаа энэ хүмүүсээ бариач ээ. Тэд хэдэн тэрбумаар нь ашиг олдог. Анх Б.Энэбиш гэж хүн "Эрдэнэ Тавантолгой" компанийн захирал болж, 2014 онд 250 сая төгрөгийн "Чалко"-гийн гэрээгээр хэрэгт холбогдож, хил даваад зугтсан. Одоо байхгүй. Дараа нь Я.Батсуурь гэж хүн очсон. Тэр хүн хэрэгт холбогдож, ял авсан. Одоогийн дарга нар нь бүгд хэрэгт холбогдсон. Энийг ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ынхан томилдог. Яагаад бид тавыг гаргаж шидэж байгаа юм. Эсвэл Д.Тогтохсүрэн даргын ярьдгаар "МАН бүлэгт нүүрсний хэрэгт холбоотой хүн байхгүй" гэдгээ нотлохын тулд биднийг түлхэж байгаа юм уу. Энэ хулгайгаа илэн далангүй ярья. Бид гадна -30 градус хүйтэн байгаагаас илүү цэвдэг байна. Хулгайч нар ичихгүй бол би зарлана шүү.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Ард түмэн тэсэрч байна. Ард түмэн нүдтэй, шударга ёс гэсэн нэг л хариулттай. Бид одоо бодитой ажил л хийх хэрэгтэй байна. Шуурхай ажиллаж шаардлагатай хуульд өөрчлөлт оруулъя. Эх орныхоо баялгийн хулгайн хаалгыг хаая. Нүүрсний асуудлыг сарниулах оролдлого хийж байна. Ардчилсан намын зүгээс ҮАБЗ-д шаардлага тавьсан юм байна. Тиймээс ҮАБЗ-өөс мэдээлэл ирүүлсэн байна. Та бүхэнд товчхон танилцуулъя. ҮАБЗ-ийн зөвлөмж, шийдвэр байгаа эсэхийг шалгаж, байгаа бол тэдгээрийг задалж ил болгох асуудлыг судлан шийдвэрлэхийг үүрэг болгосон. ҮАБЗ-ийн ажлын алба энэ асуудлыг хариуцан ажиллаж байна. 

10 : 29
2022-12-15

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслүүд, Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох тухай УИХ-ын тогтоолын төсөл,

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах, Төрийн албаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл зэрэг найман асуудлыг хэлэлцэнэ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж