Чуулган: Ерөнхий сайдаа огцруулахын оронд авлигачидтайгаа тэмц

LiveЧуулган: Ерөнхий сайдаа огцруулахын оронд авлигачидтайгаа тэмц

Чуулган: Ерөнхий сайдаа огцруулахын оронд авлигачидтайгаа тэмц

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөөдөр /2025.01.24/ 10.00 цагт эхэллээ.


 

16 : 29
2025-1-24

Намрын ээлжит чуулган хаалаа

86fb8fa0340b4aa5b8f290ed9edbd24e

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 81 өдөр чуулж, бие даасан хууль 8,  хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29,  олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль,  Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталлаа.

Энэ хугацаанд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулсны зэрэгцээ нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын хорооны хуралдаан 146 удаа, Дэд хорооны хуралдаан 6 удаа тус тус хийжээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд багагүй цаг хугацаагаа ажлын хэсгүүдийн хуралдаан, хэлэлцүүлэгт оролцох, холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцах ажилд зарцууллаа.

Улсын Их Хурлын даргын захирамж болон Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 60  гаруй ажлын хэсэг давхардсан тоогоор 90 гаруй удаа хуралдсан байна. Эдгээр ажлын хэсгүүд өнөөдөр эрх зүйн шийдэл нь хүлээгдэж байгаа болон цаг үеийн шаардлагад нийцүүлэн зохицуулалтыг зайлшгүй боловсронгуй болгох шаардлагатай асуудлаар байгуулагдан ажиллаж байна. Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуулийг сайжруулах, хууль ба журмын зохист харьцааг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, эрчим хүчний салбарын эрх зүйн шинэтгэл хийх, ялгаварлан гадуурхалтыг үл тэвчих эрх зүйн орчныг бүрдүүлэх, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрүүдэн шүүхийн эсрэг арга хэмжээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мопед, скүүтерийн хэрэглээг нарийвчлан зохицуулах, электрон тамхины хэрэглээг зохицуулах, тамхины хяналтын хууль тогтоомжийг сайжруулах, эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн үйлчилгээ, эм, хүнс, боловсролын зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудлыг хөндөж байгаа юм.

Ажлын хэсгийн эхний үр дүнгүүд гарч байна. 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлын хэсэг товлосон цаг хугацаандаа төслийг өргөн мэдүүлснээр  “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг” баталлаа. Ийнхүү Улсын Их Хурал нэгэн бүрэн эрхийн хугацаандаа баримтлах “хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санаа” бүхий алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлээ нэгтгэн тодорхойллоо.

Стратеги төлөвлөгөөнд дөрвөн жилийн үйл ажиллагаагаа урьдчилан төлөвлөж, хүрэх үр дүнгээ тодорхой тусгасан байгаа нь парламент төлөөллийн байгууллагын хувьд үр дүнд чиглэх, хариуцан тайлагнадаг байх зарчим бодитой хэрэгжихэд ач холбогдолтой юм.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлээд байна. Энэ төсөл нь хууль ба журмын зохист харьцааг хангах, журмын тоог цөөлөх, журам батлах эрх олгосон зохицуулалтад тавигдах шаардлагыг өндөрсгөх, хуулийн төсөлд хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр дүгнэлт гаргадаг болох зэрэг иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, хуульд нийцээгүй журмуудыг хүчингүй болгох эрх зүйн үндсийг бий болгоход чиглэж байна. Тиймээс хаврын чуулганаар энэ хуулийн төслийг нухацтай хэлэлцэж, цаг алдахгүй батлан мөрдүүлэх ажил биднийг хүлээж байна.

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” хэмээн тунхагласан. Түүнчлэн “Монгол Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн заасан.

Үндсэн хуулийн эдгээр заалтын агуулгыг бүрэн утгаар хэрэгжүүлж Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөд тусгагдсан сонгуулийн холимог тогтолцоо нь төлөөлөх чадварыг өргөжүүлэх замаар парламентын дархлааг бэхжүүлэхийг зорьсон. Энэ зорилго хэрэгжиж Та бүхэн ард түмэн, нутаг дэвсгэр, нас, хүйс, ажил мэргэжлийн салбарын төлөөлөл болон сонгогдож, 126 гишүүнтэй парламентыг бүрдүүлсэн.

Энэ бол зөвхөн нэг тооны төдий өөрчлөлт биш ээ. Энэ бол өнгөрсөн 30 гаруй жилийн туршлага сургамжаа цэгнэн дүгнэсний үндсэн дээр эхлүүлсэн, засаглалын тогтолцооны шинэтгэлийн нэг үр дүн юм.

Тиймээс 126 гишүүнтэй болсны утга учир, ач холбогдол, зөв сайн үр дүнг батлан харуулах, эх орноо сэргээн мандуулах эрхэм зорилго, зөв замд ухралт буцалтгүй оржээ гэсэн итгэл үнэмшлийг бий болгох нь энд суугаа гишүүд бидэнд ногдож буй эрхэм үүрэг, гүн хариуцлага мөн.

Чухам үүний төлөө энэ Улсын Их Хурал, энэ парламентын гишүүд ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Улсын Их Хурлын намрын чуулган ирэх оныхоо улсын төсвийг хэлэлцэн баталдаг нь хуулиар тогтоосон үүрэг юм. Гэхдээ 126 гишүүнтэй парламентын намрын чуулган өмнөх намрын чуулгануудын хэвшмэл жишгийг өөрчилж чадсан гэж үзэж байна.

Сүүлийн 10 жилд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлагын өсөлтийн хувь ойролцоо байгаа боловч дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх зарлагын хувь нь орлогоосоо дунджаар 4 пунктээр илүү байсаар ирсэн. Улмаар алдагдлыг өр, зээлээр нөхөх замаар шийдвэрлэж, тухайн жилд авсан зээлийн заримыг өмнөх зээлээ төлөхөд, үлдсэн хэсгийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсаар байсан.

Манай улсын Засгийн газрын нийт өр 2024 оны байдлаар 35,2 их наяд төгрөг байсан бол 2025 оны төсвийн төсөлд энэ өр даруй 5.0 их наядаар нэмэгдэхээр орж ирсэн.

Засгийн газрын өр сүүлийн 15 жилд буурах биш байнга өссөн, 2010 оноос хойш жил бүр дунджаар 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэсэн статистик үзүүлэлт бий.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт бүхэлд нь тавьсан  хориг нь төсвийг эргэн харах нөхцөл бүрдүүлсний зэрэгцээ төсөв хэлэлцэх дэгийг цаашид сайжруулах шаардлагатай байгааг мөн харууллаа.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэх дэгийн тухай нэг удаагийн хуулийг хэлэлцэн баталж, улсын төсвийг өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах хугацааг тусгай дэгээр зохицууллаа.

Төсвийг дахин хэлэлцсэнээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 35.2 хувьд хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай байх төсвийг баталсан.

Төсвийн хүрээнд орон нутаг руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх зарчмыг баримталсан бөгөөд  Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дэд бүтцийн шинж чанартай хөрөнгө оруулалтуудыг чухалчилснаар эдийн засаг 8.0 хувь өсөхөөр төсөөлөгдөж байна.

Цар тахлын хүндрэлтэй үеийг бид шуурхай арга хэмжээ авч, өндөр зохион байгуулалттайгаар тууштай бодлого хэрэгжүүлсний үр дүнд амжилттай даван туулсан.Геополитикийн хурцадмал, тодорхойгүй байдлыг ч зөв бодлогын үр дүнд сөрөн өнөөдөр эдийн засаг маань сэргэж байна.

Үр дүнд нь эдийн засгийн өсөлт 2024 оны жилийн эцсийн байдлаар 5 хувь руу дөхөж гарахаар байна. Зөв бодлогын хажуугаар түүхий эдийн үнэ, гадаад дотоод эрэлт өсөлтөд нөлөөлсөн гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. Хүрсэн үр дүн, эдийн засгийн энэ сэргэлтийг хадгалж, цаашид тогтвортой авч явах нь бидний үндсэн зорилго байх ёстой.

Эрхэм гишүүд Та бүхэнд Намрын чуулган эхлэх үеийн макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг сануулъя.

Эдийн засгийн өсөлт 5 хувьтай, үүнээс хөдөө аж ахуйн салбар 3.5 хувийн агшилттай, уул уурхайн салбарын өсөлт 1.4 хувь болж нэрлэсэн ДНБ 56 их наяд төгрөг хүрсэн байсан. Инфляц 6.7 хувьтай, гадаад худалдааны тэнцэл 3.2 тэрбум ам.долларын ашигтай, төлбөрийн тэнцэл 250 сая гаруй ам.долларын алдагдалтай, гадаад валютын нөөц 4.7 тэрбум ам.доллар хүрсэн байсан.

2024 оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар төсвийн орлого 22.8 их наяд, зарлага 20 их наяд, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд, банкны салбарын нийт зээл 35 орчим их наяд төгрөгт хүрсэн эдийн засгийн ийм орчинд Улсын Их Хурал 2025 оны төсвийн болон мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн.

Эдгээр тоо, баримтыг дурддаг нь Улсын Их Хурлаас гарсан аливаа шийдвэр, хууль тогтоомж ард иргэдийн амьдралд ямар нэгэн байдлаар эерэг нөлөө үзүүлсэн байх ёстой гэдгийг сануулах зорилгоор дахин давтан сануулж байгаа юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн төсөл, хэрэгжүүлэхээр зорьж байгаа мега төслүүд нь улс орны хөгжлийг шинэ шатанд гаргана гэсэн том зорилго тээсэн хөгжлийн бичиг баримт байсан. Улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд, аж үйлдвэржилтийн үндэс суурь болсон эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтууд зэрэг том бүтээн байгуулалтууд багтсан алсыг харсан шийдлүүд үүнд багтсан байсныг хэлэх нь зүйтэй.

Улсын Их Хурлын зүгээс аливаа хөгжлийг түүчээлэх, эдийн засагт бүтцийн шинж чанартай өөрчлөлтүүдийг бий болгох төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих нь бидний үүрэг юм.Гэхдээ энэхүү үүрэгтэй зэрэгцээд өнөөдөр ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг санаж, бодит орлогыг нь өсгөх ирээдүйгээ харсан зарчмын шийдвэрүүдийг гаргах нь манай парламентын үйл ажиллагааны үндсэн чиг шугам байх ёстой.  

Эрхэм гишүүд ээ,

Энэ намрын чуулганаар бид Төрөөс мөнгөний бодлогын талаар  2025 онд баримтлах үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг баталсан. Эдгээр бодлогын баримт бичгүүдэд эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг 6+-2 хувьд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлнэ гэж заасан.

2023 оны жилийн эцэст инфляц 7.9 хувь байсан бол 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 9 орчим хувьтай гарахаар байна. Бид “инфляцыг нэг оронтой тоонд барих” зорилтоо 2023 онд биелүүлж чадсан. Гэхдээ 9 гэдэг бол хоёр оронтой тоо руу шилжихэд ганцхан алхмын зайд байна гэсэн үг. Өндөр инфляц, ханшийн уналт гэсэн таагүй үзэгдлүүд нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж, салшгүй хамт явдаг жамтай. Төсөв алдагдалтай байх нь инфляц өсөх таатай хөрс болж өгдөг. Тиймээс инфляцыг 6.0 хувиас хэтрүүлэхгүй байх нь гарцаагүй чухал зорилт мөн.      

Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 2024 оны эцсийн байдлаар 5.5 тэрбум ам.долларт хүрч, валютын төлбөртэй барааны импортын 5.7 сарын хэрэгцээг, бараа болон үйлчилгээний импортын 4.0 сарын хэрэгцээг тус тус хангах түвшинд байна. Цаашид банк санхүүгийн салбарын зээлийн мэдээлэлтэй холбоотой эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход Улсын Их Хурал анхаарлаа хандуулах ёстой. Цаг үеийн ээдрээтэй нөхцөлөөс үүссэн эдийн засгийн хүндрэлийг даван туулж, сэргэсэн санхүүгийн зах зээл, эдийн засгийн өсөлтийн эерэг үр дүнг дунд хугацаанд тогтвортой хадгалж, хөгжлийн бодлого, ард түмний амьжиргааны өсөлтөд тууштай чиглүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт байсаар байх болно.

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд 4 тэргүүлэх чиглэлийн хүрээнд 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийг хэрэгжүүлж, салбарын реформуудыг хөшүүрэгдэх цогц асуудал, түүний шалгуур үзүүлэлт, шаардагдах санхүүжилтийн хэмжээ, эх үүсвэр, хариуцагч байгууллагуудыг тусгаж баталсан.     

Сүүлийн 30 гаруй жил ярьсан ч амьдралд бодит биеллээ олоогүй, “гацсан” төслүүдийг гацаанаас гаргаж, хөгжил дэвшлийг тушсан чөдрийг тайлах эхний алхмуудыг Улсын Их Хурал энэ удаагийн чуулганаараа хийж чадлаа.

Өөрөөр хэлбэл Улсын Их Хурал улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж, дээр дурдсан мега төслүүдийг хөдөлгөхөд онцгой анхаарч ажиллалаа. Цаашид энэхүү төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, Засгийн газраас үр дүн шаардаж ажиллах ёстой.

“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай" тогтоолыг Та бид сар хүрэхгүй хугацааны өмнө баталж, 12 үндсэн чиглэл баримталж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх замаар хөгжлийг хурдасгах Засгийн газар хоорондын  хэлэлцээрийг хөрш орнууд болон гуравдагч хөршүүд, олон улсын байгууллагатай хийх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, парламентын зөвшилцлөөр үр дүнд хүргэж  чадсан нь онцгой ач холбогдолтой шийдвэр байлаа.

Зөвхөн төмөр замын бүтээн байгуулалт амжилттай хэрэгжсэнээр Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүн хатавч боомтын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн терминал ашиглалтад орж,  Монгол Улсын экспортын хүчин чадал нэмэгдэж, экспортын орлого хоёр дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ.

Төр, хувийн хэвшлийн түншлэл бусад эх үүсвэрээр хийгдэх томоохон төслүүд болох 1.2 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтаар 366 сая кв.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн аймгуудын цахилгаан эрчим хүчний асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.

Монгол-Францын хамтарсан уран үйлдвэрлэлийн төсөл хэрэгжсэнээр жилд 2500 тонн уран экспортолж, төсөл хэрэгжих хугацаанд улсын болон орон нутгийн төсөвт 5.2 тэрбум доллар  төвлөрөх боломж бүрдэнэ. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр хэдэн мянган шинэ ажлын байрууд бий болж, тэр хэрээр монгол айл өрх, аж ахуй нэгжийн орлого бодитой нэмэгдэнэ.

Мөн Улаанбаатар хотын дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрээр Оросын Холбооны Улстай хамтран 20 сая ам долларын өртгөөр Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцыг үе шаттайгаар өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөж, өндөр даралтын хэсгийг эхний үе шатанд 50 МВт-ын дулааны станцыг шинээр барихаар, дараагийн шатанд ашиглалтын хугацаа дууссан 48 МВт-ын станцыг буулган, суурин дээр нь 250 МВт-ын дулааны цахилгаан станц шинээр барих төслийн зураг төсөл боловсруулах хүрээнд инженерийн судалгаа, шинжилгээ явуулах ажлын ерөнхий нөхцөлийг тодорхойлж төслийг 1 алхам урагшлууллаа. Ингэснээр нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр дулаан, цахилгааны эрчим хүчээр найдвартай хангах нөхцөл бүрдэх юм.

Эдгээр төслүүд нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлэх төдийгүй, улс төр, геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой бөгөөд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн 5 гишүүн улсын гурван оронтой эдийн засгийн салбарт нягт хамтын ажиллагаа өрнүүлэх нь Монгол Улсын цаашдын хөгжил, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой.

Иймд, эдгээр томоохон төслүүдийн олон талын ач холбогдлыг үнэлж, удаан хугацаанд гацаад байсан төслүүдийг хурдтай, чанартай хэрэгжүүлэх нь бидний өмнө тавигдаж буй түүхэн үүрэг бөгөөд энэ нь улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой юм.

Үр дүнд нь өнөөдөр 2024 оны жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр гарч байгаа 4.7-оос 5 орчим хувийн эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох ДНБ 6700 ам.долларт хүрч, 5.5 тэрбум ам.доллар давсан гадаад валютын нөөц, 6 орчим хувьтай байгаа ажилгүйдлийн түвшин, 600 орчим сая ам.долларын ашигтай гарч байгаа төлбөрийн тэнцэл зэрэг макро эдийн засгийн суурь тоон үзүүлэлтүүд дунд хугацаандаа сайжрах суурь хөрс бий болно. Ингэснээр монголчууд бидний амьдралын чанар  сайжирч, өдөр тутмын асуудлууд гэхээсээ илүү ирээдүй рүүгээ харж, төлөвлөсөн өөдрөг, эерэг нөхцөл байдал бүрдэх бүрэн боломж нээгдлээ.       

Хууль гаргах, төрийн бодлогыг тодорхойлох нь бидний зорьж буй хөгжлийн шинэ ирээдүйг эрх зүйгээр дэмжих үйл ажиллагааны зөвхөн эхлэл юм. Нэгэнт батлан гаргасан хууль, төрийн бодлогыг тууштай, тогтвортой мөрдүүлэх, олон түмэнд зөв ойлгуулж хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих зорилгоо үр дүнд хүргэх нь парламентын үйл ажиллагааны нэг чухал тулгуур юм. Тиймээс Улсын Их Хурал хяналтын үндсэн чиг үүрэгтээ онцгой анхаарал хандуулах ёстой.

Түүнчлэн, бид энэ удаагийн чуулганаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хархорум хотыг дахин сэргээх, орчин цагийн хот болгон сүндэрлүүлэх их бүтээн байгуулалтыг хийж эхлэх,  эртний түүхт нийслэл хотоо сэргээн байгуулах, оновчтой төлөвлөх, төлөвлөлтөдөө нийцсэн хотыг бүтээн байгуулах эрх зүй зохицуулалтыг баталлаа.

Энэ чуулганаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар”-ыг батлан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, үр дагаварт үнэлгээ хийх, тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх зэрэг 17 чиглэлээр хяналт шалгалтын ажил хэрэгжүүллээ. Энэ хүрээнд Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандахаас ангид байх эрхийн хэрэгжилт, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хяналтын сонсголыг 37 төрийн байгууллага, 87 иргэн, хуулийн этгээд, 2 ажиглагчийг оролцуулан зохион байгууллаа.

Түүнчлэн 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ахмад настны нийгмийн хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлого, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцох хүрээнд Ахмадын үндэсний чуулганыг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Уг чуулганд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн ахмадын 1000 гаруй төлөөлөл оролцлоо.

Ахмадуудын амьдралыг чанарыг дээшлүүлэх, нийгмийн оролцоог дэмжих асуудал төрийн бодлогын төвд байсаар ирсэн. Дундаж тэтгэврийн хэмжээ 2016 онд 285,2 мянган төгрөг байсан бол 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 848,0 мянган төгрөг болсон. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиар ийнхүү инфляцын түвшинтэй холбогдуулж тэтгэврийг 6 хувь нэмсэн билээ. Үүний дүнд ахмад настны тэтгэврийн худалдан авах чадвар буурахгүй байх нөхцөл боломж бүрдэж байгаа төдийгүй инфляцын түвшинтэй уялдаж тэтгэвэр нэмэгдэж байх тогтолцоонд шилжиж байгаа юм.

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуульд хууль тогтоох эрх мэдэл гагцхүү Улсын Их Хуралд хадгалагдана хэмээн заасан. Тиймээс хууль тогтоох үйл ажиллагаа илүү чанартай, үндэслэл гаргалгаа сайтай, судалгаа шинжилгээ, шинжлэх ухаанч хандлагад суурилсан, гарцаагүй шийдлээ хүлээсэн асуудал, харилцааг оновчтой олж, тодорхойлсон байх ёстой.

Ес дэх удаагийн парламентын баталсан Стратеги төлөвлөгөө, “Гурван төгөлдөршил”-ийн нэг үндсэн чиглэл чухамхүү үүнд чиглэж байгаа. Тиймээс Ажлын хэсгүүд ажлаа улам эрчимжүүлж, тогтоосон хугацаанд санал, дүгнэлтээ танилцуулах шаардлагатай байгааг гишүүдэд онцлон тэмдэглэе. 

Ирэх хаврын чуулганаар хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Ажлын хэсгүүдийн санал дүгнэлт, боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэх болно.

Дэлхий нийт, түүний дотор Монголчууд бид шинжлэх ухаан, техник, технологийн цоо шинэ эрин үед амьдарч байна. Хиймэл оюун ухаан бүхий л салбарт хүч түрэн орж ирлээ. Их өгөгдлийн хэрэглээ, инновац, технологийн шинэ шийдлүүд алхам тутмын хэрэгцээ болж хувирлаа.

Нийгэм, эдийн засгийн үр өгөөж, байгаль орчны нөлөөллийг нарийвчлан тооцоолж, төлөвлөлт, бүтээн байгуулалтын бүх үе шатад олон талын оролцоог хангах, ашиг сонирхол нь хөндөгдөх иргэд, олон нийттэй нээлттэй харилцаж, хүний эрхийг хангасан “хүн төвтэй байх”, стандартыг нарийн чанд мөрдөж ажиллах зэргийг тусгайлан анхаарцгаая.

Энэ удаагийн парламент аливаа шийдвэр гаргахдаа хүн төвт, хүний эрхийг хангасан, ойлгомжтой, тодорхой, цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх зарчим баримтлан ажиллаж байгаа. Энэ утгаараа намрын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн, “яаралтай горим”-оор хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурал аль болох нааштай хүлээн авч, холбогдох хууль эрх зүйн орчныг цаг  алдалгүй бүрдүүлэхийг эрмэлзэж ажиллалаа.

Гэхдээ асуудлыг шийдэх талаас нь харж, Улсын Их Хурлаар баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь зүйн хэрэг ч хэт цаг хугацааны шахалтад орох нь алдаа дутагдал гаргах эрсдэлтэйг тал талдаа анхаарах ёстой.

Хуулийг яаралтай горимоор хэлэлцэх заалт 2016 оноос хэрэглэх болсноос хойш 9 жилийн хугацаанд Улсын Их Хурал нийт 76 буюу жилд дунджаар 8-9 хууль, тогтоолын төслийг энэ горимоор хэлэлцжээ.

2016-2020 оны парламентын үед 22 хууль, тогтоолын төсөл яаралтай горимоор хэлэлцэж байсан бол 2020-2024 оны парламентын үед энэ тоо 2.4 дахин өсөж 53 хууль, тогтоолын төслийг яаралтайгаар хэлэлцсэн байна.

Харин бид ээлжит бус болон энэ удаагийн намрын чуулганаар нийт 11 хууль, тогтоолын төсөл яаралтай горимоор шийдсэн байгаа нь нэг талаар Улсын Их Хурлын гишүүд богино хугацаанд өндөр ачаалалтай ажилласныг илтгэх боловч, нөгөө талаар хэлэлцэж буй асуудалд иргэд сонгогчдын санал бодол, мэргэжилтэн, судлаачдын дуу хоолойг сонсож тусгах нөхцөл хомсдож байна. 

Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд заасан “ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулан, иргэдийн санал бодлыг сонсож, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн талуудын тэгш оролцоог хангах” зорилт хэрэгжих ёстой. 

Иймд асуудлыг бүх талаас, ул суурьтай судалж танилцах, олон талын оролцоог ханган хэлэлцэх нөхцөл бүрдүүлэх, хангалттай цаг хугацаатай байх шаардлагатайг Засгийн газар анхаарч, хууль тогтоолын төслийг аль болох энгийн горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх зарчим баримтлах хэрэгтэй.

Эрхэм гишүүд ээ,

Улсын эдийн засгийн өсөлт тогтворгүй, ганц салбараас хэт хамааралтай хэвээр байна. Өсөлтийн үр шим, олсон орлого иргэдийн амьжиргаанд наалдахгүй байсаар удлаа. Үйлдвэрлэл олигтой хөгжихгүй байгаатай холбоотойгоор бид хөршийнхөө түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгч, импортын хараат болж хувирсан.

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах зорилт ахиц дэвшил багатай байна. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрх, хүн амын тоо мэдэгдэхүйц буурсангүй. Боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо бүрэн зүгшрээгүй, хүртээмж нь тааруухан байсаар байна. Хөдөлмөрийг биш, халамжийг шүтэх буруу хандлага бий болж, хүүхдийн мөнгө тооцохгүйгээр авч үзвэл нийгмийн халамжид нийт хүн амын бараг гуравны нэг нь хамрагдах болсон байна.

Хот хөдөөгийн ялгаа ихэсч, төвлөрөл нэмэгдсэн. Хэт төвлөрлийг дагаад дэд бүтцийн хомсдол, түгжрэл, орчны аюулгүй байдал нэн эмзэг түвшинд байсаар байна.

Бизнесийн үйл ажиллагаанд байгаль орчин, нийгэм, засаглалын үр нөлөөг оновчтой зохицуулж чадахгүй байна. Хөрөнгө оруулалт төдийлөн нэмэгдсэнгүй. Төр хувийн хэвшлийн түншлэл бодит үр дүн багатай байна. Банк, санхүүгийн зах зээлийн хүртээмж, тогтвортой байдал хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаагийн илэрхийлэл юм.

Энэ мэт хуримтлагдсан, шийдлээ хүлээсэн олон асуудал бий. Тэдгээрийг шийдвэрлэх эрх зүйн оновчтой орчин бүрдүүлэх, хөгжлөө тэтгэх, хүнээ дээдлэх төрийн бодлогыг төлөвшүүлэх, буруудсаныг засаж, уруудсаныг тэгшлэн, зөв замд нь гаргах түүхэн үүрэг Та биднийг хүлээж байна.   

Баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх шударга ёсны тэмцэл бүрэн үр дүнд хүрч хараахан амжаагүй байна. Энэ тэмцлийг зориудаар зогсоох, гацаах, үнэгүйдүүлэх, үр дүнгүй болгож харагдуулах, илт мушгин гуйвуулсан хар мэдээллээр нийт нийгмийг сөргөлдүүлэх замаар эрх ашгаа гүйцэлдүүлэх зорилготой бүлэглэлүүдийн ил, далд эсэргүүцэл илүү зохион байгуулалттай болж, эрчимжиж байна.

Ийм үед эх орон, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлж, ёс зүй, сахилга хариуцлагыг бат журам болгон, шударга ёс, иргэнээ дээдэлсэн төр, эрүүл нийгэм, хөгжлөө тэтгэсэн эдийн засгийг цогцлоохын төлөө нэг зүгт харсан, нэгдмэл зорилгод хүчээ нэгтгэж зүтгэх нь Та бидний эрхэм журамт үүрэг байх болно.

Улс орныхоо өнөөдрийг зөв дүгнэж, маргаашийн алс хэтийг олж харж, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид, зөвхөн улсаа, ард түмнээ бодож зүтгэцгээе.

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын 2024 оны  намрын ээлжит чуулган хаасныг мэдэгдэе.

12 : 47
2025-1-24

"Даргыг хэн сайн таньдагт нь зөвшөөрөл өгөхөө болино"

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

-Монгол Улс дангаараа хот байгуулж байсан түүх байхгүй. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануурыг оросууд байгуулж байсан. Тийм учраас өмнөх 20 жилийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт маш муу байна. Ерөнхий сайд илтгэлдээ ажил нь уялдаагүй, хариуцлага тооцох тогтолцоогүй байсан гэдгийг онцоллоо. Энэ алдааг яаж засах юм бэ. 

Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар:

-Ажлын хэсэг 2017 оноос хойш ажиллаж байгаа. Салбар салбарын эрдэмтэн, төрийн байгууллага гээд бүх хүмүүстэй уулзаж, судалсан. Мөн Сөүл хотын архитектур чиглэлийн компаниас санаа авч, боловсронгуй болгосон. Иргэдээр хэлэлцүүлэх ажил үргэлжилнэ. Хот байгуулалтын тухай хууль 70/30 харьцаатай байгаа. Сүүлд Гэр хорооллыг орон сууцжуулах хуулиар 60/40 болгосон. Дахин төлөвлөх нөөцтэй бүс бол гэр хороолол. Гэр хороололд дэд төв байгуулж, 60/40 харьцаатай явж байгаа. Сэлбэ дэд төвийн тендер хоёрдугаар сард зарлагдана. Хот байгуулалтын алдааг давтахгүй байхад анхаарна.

1986 оны ЗХУ-ын судлаачдын хийсэн 700 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн хотод 2 сая хүн амьдарч байна. Цоо шинэ төлөвлөгөөг хийнэ. Эдийн засгийн чадавхгүй байдлаас дэд бүтцээ шийдээгүй, хууль тогтоомжийн зөрчил, авлигаас бол газрыг замбараагүй байж ирсэн гурван том шалтгаан байсан. 1984 оноос хойш нэг ч том дулааны цахилгаан станц баригдаагүй. Дэд бүтэц дээрээ хөрөнгө оруулалтыг хийнэ. 

Ажлын хэсэг:

-2024 оныг хүртэл салбарын яаман дээр хаягжуулалтыг хийх ажлын хэсэг ажиллаж байсан. Энэ хуулийг шинэчлэх ажил Газар зохион байгуулалт, зураг зүйн газар дээр хийж байгаа. Хуулийн төслийг боловсруулж байгаа. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

-Одоо энэ төлөвлөгөөг зөрчиж газар олговол хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар:

-Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын ерөнхий төлөвлөгөөгөө өмнө нь батлаагүй. Тиймээс даргыг хэн сайн таньдаг хүн нь таван давхар барилга барих ёстой байснаа 10-20 давхар болгож ирсэн. Бид энэ төлөвлөгөөг батлуулсанаар хотын 14 хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 42 нэгж төслийн барилгажилтын төлөвлөгөөг давхар зуруулна. Танил тал, талбай хэтрүүлэлт зогсоно.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Дэмжиж байна. Улаанбаатарт бүх үйлчилгээг хийдэг учраас шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн. Үүний эсрэг бүсийн төв байгуулж, нийслэлийн үйлчилгээтэй адил үйлчилдэг байх ёстой. Цаашдаа сумууд таталцлын төвтэй болох хэрэгтэй. Үе шаттай шилжилт хөдөлгөөнийг бий болгох ёстой. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Эрчим хүчний үнэ нэмэхээс айгаад нэг ч станц барьж чадалгүй үүнийг дагасан төлөвлөлтгүй газар олголтыг арын хаалгаар өгсөн. Хот мөнгөгүй байсан. Улсын төсвийг байшин болгосон. Бүсчлэгдэж, улсын асуудал болсон. Хот, орон нутгийн асуудлаа давхар шийднэ. Төсвөөр ямар ч том төслийг санхүүжүүлэх боломжгүй болсон гэсэн үг. Зөвхөн төрийн үйлчилгээний зардлыг төсвөөс санхүүжүүлнэ. Засаг хатуу байр суурьтай байгаа. 

Мега төслүүдийн 60 хувь шүүх дээр шийдэгдсэн. Шүүгч нар барилгын асуудлыг шийдэж,байшин барьсан. Хуулийн байгууллагын Тендерийн хууль болчихсон. Үүнийг парламент зоригтой шийдэхгүй бол. Гадаад мэргэжилтнээс айхаа болих ёстой. Эх орондоо ажиллуулах ёстой. Тангадын хараал гэдэг шиг өөрсдөө хийхгүй байж. Төсөл болгон дээр жагсдаг 20 хүн Төрийн ордон тойроод жагсч байдаг. Дундаас нь мөнгө авч, мессежээр айлгаж байдаг. Ийм улсуудаас айгаад ажил хийдэггүй. Ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэхгүй бол ялтай байх ёстой. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Улаанбаатар хотод хүн амын тал нь амьдардаг, улс шахуу болчихсон. Улсынхаа асуудлыг нийтэд нь харах ёстой. Хархорум хот хэдэн хүн амтай байх вэ. Том асуудлаасаа Улаанбаатараа салаалж ярихгүй бол. Нутагшил суурьшлын ерөнхий төлөвлөгөө гэдэг бодлогын баримт бичиг хаана явж байгаа вэ. Тэр лав шинэчлэгдээгүй байх. 

Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар:

-Алсын хараа 2050 бодлогын баримт бичиг, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлсэн. 2021 онд УИХ руу оруулах гэж байхад тан шиг юм яриад хойшоо татсан. Улаанбаатар хотын дүр төрхийг 2040 онд байгаль орчинд ээлтэй, олон төвт хот болж хөгжинө. 

1960-иад оноос модерн барилга байгууламжтай болсон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-21 аймагтай хамт Улаанбаатарын асуудлыг авч, таталзлын үзэл баримтлал чухал. Энэ агуулгаар тойрог бүсчлэгдсэн. Аймгийн дарга нар томилогдож, өргөтгөсөн хуралдаанаар энэ асуудлыг ярьсан. Цагаан сарын дараа наадмын өмнө бүх бүсүүдэд зөвлөлийн хурлыг зохион байгуулна. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ очиж, зөвлөмж гаргана. 

2028 оны сонгуулийг бүсчилж хийхгүй гээд УИХ-ын гишүүн аймгийн дарга нартай ярьж байгаа юм билээ. Буцаад аймаг руу жижгэрвэл улсын асуудал хүндэрнэ. Гишүүд өөрсдийн сонгогдох эрх ашгийн төлөө ухарч болохгүй. Улс төрийн нэгдмэл байр суурьтай байхыг хүсье. 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Шинэ парламентын анхны ээлжит чуулган завсарлах гэж байна. Бидний анхны Ерөнхийлөгч П.Очирбат нэр хүндтэй, зөв шударга төр нийгмийн зүтгэлтэн байж болдгийг залуу үедээ харуулж чадсан манлайлагч. Түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. 

Том даваа бол санхүүжилт. 2025-2030 онд 96 их наядын төслүүдийг хэрэгжүүлж, төсвөөс 59 хувийг гаргана гэжээ. Хувийн хэвшил цаашид нийт санхүүжилтын 57 хувийг босгодог болох нь ээ. Цоо шинэ хөрөнгө оруулалтын хэлбэр гарч байгаа нь олон нийтийн санхүүжилт. Иргэд ногоон байгууламжаа байгуулах гэх мэт. 

Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар:

-Улаанбаатарын гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг 2023 оны 12 дугаар сард баталсан. Газар олгох журам, албадан чөлөөлөх журам батлагдсан. Өнөөдөр Сэлбэ дэд төвийн 2206 айл өрхөөс газар чөлөөлөх боломжгүй, том барилгатай 200 гаруй нэгж талбар байна. Бид ирэх тавдугаар сард газар чөлөөлөлт дуусна гэж төлөвлөж байна. Ногоон байгууламж бүхий 20 минутын хот байгуулна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-УИХ-аас гарах бүх шийдвэр хүн төвтэй байна. Төсвийг Үндэсний аюулгүй байдлын бодлогын бичиг баримтад нийцэж буй эсэхийг аудитаас хянах ёстой. Гэтэл хянахгүй оруулж ирээд байна. Хуульдаа шалгуур үзүүлэлтийг тогтоох ёстой. Та ҮАБЗ-ийн гишүүний хувьд шалгуур үзүүлэлтийг гаргаач ээ. Улаанбаатарын 4700 км.кв талбай газартай. Асар бага нэгж дээр хүн амын 60 гаруй хувь амьдарч байна. Бусад 11 бодлогын бичиг баримтын нэг нь 2040 ерөнхий төлөвлөгөө юм. Энэ утгаараа үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн асуудлыг хэрхэн шийдэх вэ. Тодруулбал, 2030 он гэхэд 42 мянган орон сууц, агаарын бохирдлыг 55.6 хувь бууруулна. Харин 2040 он гэхэд 76.500 айлыг орон сууцжуулж, агаарын бохирдол 37.8 хувьд хүрэх буюу 63 хувиар буурна гэж байгаа. 15 жилийн тухайд. Энэ хөтөлбөрийг дэмжиж байгаа ч хэтэрхий удаан тэмцэж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Утааны асуудлыг шийдэхээр хагас коксжсон нүүрс рүү нэг алхам ахина. Сайжруулсан түлшний дараагийн алхам. энэ рүү шилжихэд 1.5 жил зарцуулна. Баруунаас зүүн тийш, хойноос урагш нэмэх тэмдэг бүхий хоёр хурдны зам барьж түгжрэлийг 30-40 хувь бууруулна. 

Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар:

-Тодорхой аргачлалын дагуу ерөнхий төлөвлөгөөгөө гаргасан. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс өөр арга алга. 15 жилийн дараа ДНБ-ийг 40 тэрбум ам.долларт хүргэнэ. Одоо 20 ам.доллар байгаа. Бид нийт айлуудынхаа 80 хувийг орон сууцжуулж, засгаас санхүүгийн татаас шийдвэл газ хэрэглэхээр ажлуудаа хийгээд эхэлсэн. 

Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн:

-Хүн төвтэй байгаагүйгээс байгаа дэд бүтэц дээрээ хэт төвлөрсөн асуудал. Хаврын чуулганаар 20 минутын хотын үзэл баримтлал, 2025 оны зургадугаар сараас эхлэн хэрэгжих Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг УИХ-аар оруулна. 

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь:

-Улаанбаатар хот өөр нийгэмд байгуулагдаж байсан. Дагуул хотуудыг өөрсдөө барьж байгуулах, чөлөөт нийгэмд хувийн хэвшилтэй хамтран хот байгуулахаар төлөвлөж байна. Байгаа боломждоо хамгийн хурдтай төлөвлөгөөг оруулж байгаа. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Одоо энэ санхүүгийн хяналтыг аудит хийх ёстой. Гэтэл хэмжих нэгж нь тодорхойгүй байгаагаас үндэсний аюулгүй байдлын зөвлөмж нь гарч өгөхгүй байна. Мөнгө байсан ч хариуцлагагүй байсан. Отог нэрээр хаусууд барьсан. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Энэ бол зургаа дахь ерөнхий төлөвлөгөө. Томоос том тосгон болсон. 2002 онд Э.Бат-Үүл хотын дарга болж байхад 337 тэрбумын төсөвтэй байсан бол Х.Нямбаатар 3.8 их наядын төсөвтэй байна. Улаанбаатар хотод бүтэн биеийн тамирын талбай, ногоон байгууламжтай үлдсэн сургууль, цэцэрлэг эмнэлэг алга. Их тэнгэрийн амнаас бусад нь отог нэрээр хаус хороолол болсон. Улаанбаатар Баянбогд нүүрсний ордтой энийгээ ашиглан цахилгаан станцтай болох боломж байгаа юу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Шулуухан асуултад шулуун хариулъя. Одоо УДШ-ийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзориг ажиллаж байгаа тохиолдолд нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй. Нууцаар байранд орсон, СӨХ-той хуйвалдсан нөхдүүд бүгд шүүгч нар. Шүүгчид хэргээ шийдэж чадахаа байсан. Энэ асуудлаар сонсгол хийх ёстой. Байгаль орчны яам газар олгох нь утгагүй. Отог гэхээр буулгаад авч явах боломжтой байх ёстой ч харамсалтай нь хаус баригдсан. Цаашдаа ерөнхий төлөвлөгөөндөө отог байшин болдоггүй юмыг хийх ёстой. Хариуцлага заавал тооцох ёстой. О.Алтангэрэл сайдтай адил байр суурьтай байгаа. Парламентын гишүүд авлигатай тэмцэх гэхээр буцаад, баларна гээд эхэлдэг. Тав, зургаан хүний гарт улсаараа орчихсон байдаг. Авлигатай тэмцэхээр дарангуйлал тогтож, эрх чөлөөнд халдлаа гэдэг. 

Шүүхийнхэнд хандаж хэлэхэд, Ерөнхий сайдыг огцруулах гээд  ШЕЗ-ийн гишүүдээ архидуулаад явж байхын оронд наад авлигачидтайгаа тэмц. Энэ асуудлыг задлах зүйлийг парламент нэг өдөр хэлэлцэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Шүүгчид нь авлигачид байхаар яаж тэмцэх юм бэ. Бүх мега төслүүд шүүх дээр гацаж байна. Мэдсэн ч мэдээгүй юм шиг хэдэн жил явах юм бэ?

Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар:

-Дархан цаазат газруудыг шалгасан байгаа. "Эрдэнэс Баянбогд" дээр хүрэн нүүрсний орд байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн урилгыг 3-4 аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн ч нийслэл 20-иос доошгүй урьдчилгаа амалж байж, станцууд баригдах нөхцөлтэй юм билээ.

Хог хаягдал дээр 2024 онд 1.8 сая тонн хог булшилсан. Бид 2 сардаа багтаан хог хаягдлын сонгон шалгаруулалтын гэрээгээ хийж, эцэслэнэ. Ажлыг нь эхлүүлнэ. Улаанбаатар 24 сарын дотор анхны хог хаягдал шатаах үйлдвэртэй болно. Харамсалтай нь нийт гарч байгаа хог хаягдлын 40 хувь нь огт шатдаггүй үнс зэрэг барилгын хог хаягдал байна. Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулсан. Үнсийг хольж барилгын материал хийх тендерийг зарлана. 

Үргэлжлүүлэн санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын 98 гишүүний 64.3 хувь нь “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, "Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

12 : 05
2025-1-24

"Засгийн газар бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгуулна"

-“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Тэрбээр, Цаг хугацаа өнгөрөх тусам үнэн баримт түүх болон үлддэг. Холимог тогтолцоогоор бүрдсэн шинэ парламентын анхны намрын чуулган Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэн үлдэнэ гэдэгт бат итгэлтэй байна. Засгийн газраас 2025 оныг нийслэлийн дэд бүтцийн хөгжлийн дэмжих жил болгоно зарласан. Хот бол амьд организм. Нийслэлийн асуудлыг цогцоор нь шийдэхийг эрдэмтэн судлаачид зөвлөсөн. Улстөрчид шинж тэмдэгтэй зууралдах бус эрдэмтэн судлаачдын суурь шалтгааны шийдвэрлэж, олон нийтэд ойлгуулах нь дөт шийдэл юм. Ерөнхий сайдын шууд удирдлага дор шуурхай штабыг байгуулан ажиллаж байна. Засгийн газар бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан бүс тус бүр хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг эдийн засгийн төслүүдтэй уялдуулан боловсруулж, хаврын чуулганд өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байна" гэдгийг онцолсон юм. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
“Эрхэм монголчууд аа,
Хүндэт нийслэлчүүд ээ,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
 
Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилго, зорилтоо ханган хэрэгжүүлэхийн тулд олон жил шийдэгдээгүй зангилаа асуудлуудад төвлөрч үе шаттай шийдвэрлэсээр байна.
 
Олон жил гацсан хөгжлийн төслүүдийг гацаасны цаана улс дамнасан далд зохион байгуулалт байсаар ирсэн нь нууц биш ээ.
 
Сүүлийн хэдэн өдөрт Бадрах Энержигийн хөрөнгө оруулалтын гэрээ, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэх үед жагсаал цуглаан өрнөж, Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхэнд гаднын бүртгэлгүй дугаараас мессеж илгээх зэрэг олон нөлөөллийн ажиллагаа явсныг үгүйсгэхгүй ээ. Энэ бол гацаагчдын цагаа өнгөрөөж буй хуучин технологи юм.
 
Бид хамтдаа Хурдтай хөгжлийн төлөө ЗОРИГ гарган энэ бүхнийг даван туулах учиртай.
 
Хамтарсан Засгийн газраас эрэмбэлэн танилцуулсан хөгжлийн 14 мега төслөөс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төслийг дэмжих тогтоол, мөн 1 сарын 17-ны өдөр гарын үсэг зурагдсан Монгол-Францын Уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээг дэмжин баталсан Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
 
Цаг хугацаа өнгөрөх тусам үйл явдал, үнэн баримт бүхэн цаасан дээр түүх болон мөнхөд үлдэнэ. Холимог тогтолцоогоор бүрдсэн шинэ парламентын анхны намрын чуулган Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэн үлдэнэ гэдэгт Ерөнхий сайдын хувьд бат итгэлтэй байна.
  
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
 
Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ нь нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд ойлголтоо нэгтгэхэд үндсэн ач холбогдол нь оршиж байгаа юм.
 
Хот өөрөө амьд организм. Биеийн дархлааг бүхэлд нь сайжруулахтай адил Нийслэлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад оролцсон мэргэжилтнүүд зөвлөсөн.
 
Дэлхийд сайн ба муу хот гэж байхгүй бөгөөд гагцхүү ерөнхий төлөвлөгөөгөө зөв ба буруу хийсэн, ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадсан, чадаагүй гэдэг л ялгаа байгааг мэргэжилтнүүд дурдсан.
 
Улс төрчид шинж тэмдэгтэй зууралдах биш харин мэргэжилтнүүдийн зөвлөж буй суурь шалтгааныг шийдвэрлэх, олон нийтэд ойлгуулахад дэмжлэг үзүүлэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг ч тэд сануулсан.
 
Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Ерөнхий сайдын шууд удирдлага дор мэргэжлийн байгууллагууд, хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, их дээд сургуулийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн шуурхай штаб байгуулан ажиллаж байна.
 
Парламентад суудалтай намын дарга нар болон үе үеийн Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан эрхмүүд штабын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаад талархал илэрхийлье.
 
Нийслэлийн асуудал бол улс төржих сэдэв биш гэдэгт нэгдсэн ойлголтод хүрч, нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих бүлэг байгуулж ажиллахыг парламентад суудалтай улс төрийн намууд, нийслэлийн тойрог, жагсаалтаас сонгогдсон гишүүддээ уриалъя.
 
Энэ агуулгаар Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жилийн эхэнд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг өргөн барьж, бүх нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, нийслэлд хэрэгжих төсөл арга хэмжээ, эрэмбэ дарааллын талаар нэгдмэл ойлголтод хүрэх нь чухал байна.
 
Татварын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд хүний хөгжил, байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийг дэмжиж, борлуулалтын орлогын нэг хувьд ногдох татвараас чөлөөлөх зохицуулалтын дагуу Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах төслүүдэд хөрөнгө оруулж буй аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэнд талархал илэрхийлж, бусад аж ахуйн нэгжүүдийг уриалж байна.
 
Засгийн газар Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулж, Нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан бүс тус бүрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг эдийн засгийн төслүүдтэй уялдуулан боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулганд өргөн барихаар бэлдэж байна.
 
Бүсийн анхдугаар хуралдаанаар 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө, бүс нутагтаа хэрэгжүүлэх таван мега төсөл, бүсийн бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн орчны нэгдсэн санал, 2026 оны улсын төсөвт тусгах санал зэргийг хэлэлцэх учир Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.


 
Улаанбаатар хотын хувьд анхны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь 1954 онд батлагдаж, 1961, 1976, 1986 онд тодотгол хийгдэж байсан бол Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2002 онд баталсан.
Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг хэлэлцэн баталж байжээ.
 
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө бүтэн хэрэгжээгүй суурь шалтгаанууд нь  
1.    Эрчим хүчний үнийг эрт чөлөөлж чадаагүйгээс дэд бүтэцтэй газраа даган ерөнхий төлөвлөгөөнд тусаагүй төлөвлөгөөт бус барилгажилт үүссэн,
2.    Засаглалын хэт тогтворгүй байдлаас үүдэн сахилга хариуцлага суларч, хууль бус газар олголт хавтгайрсан,
3.    Нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх хэмжээнд байж чадаагүйгээс үүссэн асуудлууд хуримтлагдсан,
4.    Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байсан ч хариуцлага тооцох эрхзүйн орчин сул,
5.    Газар олголтын асуудлаар хэт олон субъект улс төрийн гэнэтийн шийдвэр гаргадаг зэрэг суурь асуудлууд байжээ.
Харин энэ удаагийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа хэрэгжихүйц байх зарчмыг баримтлан, 20 минутын хот загварт тулгуурлаж, Улаанбаатар хотын асуудлыг үндсэн долоон том салбараар тодорхойлж, бусад улс орны туршлагад суурилан дахин төлөвлөлт хийж,  нийслэлийн хэт төвлөрөл, тэгш бус хөгжлийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн загварыг бий болгоход чиглүүлсэн.
 
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төсөлд Нийслэлийн хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нийгэм, эдийн засгийн өсөлт, шинжлэх ухааны хөгжил, цаг үеийн өөрчлөлтүүд, ирээдүйн хотжилтын чиг хандлага, иргэд, олон нийтийн санал оролцоонд тулгуурлан“Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэхэд энэхүү төлөвлөлт чиглэсэн болно.
 
Ерөнхий төлөвлөгөө хэрэгжих үндэс нь төлөвлөлтийг олон нийтийн оролцоонд тулгуурлан хэлэлцүүлэх бөгөөд намрын чуулганд амжиж өргөн барьснаар хаврын чуулган хүртэл Улсын Их Хурал, мэргэжлийн байгууллагууд, иргэдийн дунд өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийх цаг хугацааны боломжийг олгож байна.
 
Энэхүү Ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад зөвлөсөн мэргэжилтнүүд Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдийн үе шат, эрэмбэ дараалал, төсөл хоорондын үнэлгээ хийхэд алдаа гарсныг анхааруулж, “Сontrol Tower” нэгдсэн удирдлага, зохицуулалтын аргачлал шаардлагатайг онцолсон.
 
Нэг үгээр хэлбэл, бидний хэрэгжүүлж байсан төслүүд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй, хоорондоо уялдаа холбоогүй, эрэмбэ дараагүй, төсөл хоорондын  эерэг болон сөрөг нөлөөллийг урьдчилан тооцдоггүй, нэгдсэн их өгөгдөлд тулгуурласан дүгнэлт байдаггүй, төлөвлөлтөд олон нийтийг оролцуулах механизм сул зэрэг нь хөрөнгө, цаг хугацаа алдахад нөлөө үзүүлжээ.
 
Тиймээс ч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн Нийслэлд хэрэгжих төслүүдийн талаар нарийвчилсан мэдээлэл авч, мэдээлэл түгээж, мэтгэлцэж хамтран ажиллахыг хүсье.
 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,


 
Нийслэл хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх 24 мега төслийг хэрэгжих хугацаа, төслийн нөлөө, өртөг гэсэн гурван хүчин зүйлийн дагуу эрэмбэлж, төслүүдийн харилцан уялдаа, ач холбогдол, төсөл хоорондын эерэг, сөрөг нөлөөллийг тооцож, “Сontrol Tower” аргачлал буюу нэгдсэн удирдлага, зохицуулалт, хяналттайгаар хэрэгжүүлнэ.
 
Уг төслүүдэд Баянзүрхийн товчооноос 22-ын товчооны уулзвар хүртэл 32 км хэвтээ тэнхлэгийн 4-6 эгнээ бүхий Туулын хурдны авто замын бүтээн байгуулалт хийгдэхээр туссан.
 
Туулын хурдны зам дагуу Хүй долоон худагт 30,000 хүний багтаамжтай наадмын шинэ цогцолбор байгуулж, шинээр дэд бүтэц тавигдах нь хот байгуулалтын чухал алхам болно.
 
Хандгайтаас Чингис хаан нисэх буудал хүртэл, төр захиргааны нэгдсэн байрыг холбосон, Сэлбэ голыг дагасан, гүүрэн байгууламж, туннел бүхий босоо тэнхлэгийн 62.5 км хурдны замын төсөлхэрэгжүүлнэ.
Энэхүү босоо тэнхлэгийн хурдны замаар Нийслэл Улаанбаатар хотын төвийг Хөшигийн хөндийд шинээр байгуулагдах дагуул хоттой холбогдоно.
 
Өнөөдөр Шинэ Зуунмод хотыг Хүннү ухаалаг хот болгон өөрчлөх Улсын Их Хурлын тогтоолын төслийг хамт хэлэлцүүлж байгаа нь шинэ хотын концепцийн уралдааныг олон улсад зарлахад ач холбогдолтой.
 
Хотын авто замын сүлжээг хэвтээ найм, босоо 12 тэнхлэг, гурван тойрог авто замын бүтэцтэй байхаар төлөвлөж дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний оргил ачааллын үеийн дундаж хурд есөн км/цаг-аас 22.5 км/цаг болж нэмэгдэх боломжтой.
 
Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй авто машины хэрэглээг бууруулж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урт 14 өртөө бүхий Улаанбаатар Метроны нэг, хоёрдугаар шугам байгуулахаар төлөвлөлөө.
 
Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхэд орон сууцны зориулалттай баригдаж буй барилга байгууламжийн зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх, газар доорх байгууламж, дулааны шугам, нийслэлийн дэд бүтцийг сайжруулах, гэр хорооллын хэсэгчилсэн дэд бүтэц, эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулах зайлшгүй шаардлагатай.
 
Нийслэлийн дулаан, эрчим хүчний хэрэглээ 3,820 МегаВатт байгаа бол цаашид 7,480 МегаВатт болж нэмэгдэх тооцоолол хийгдсэн. Иймд хоёрдугаар цахилгаан станцын эдэлбэр газар, шугам сүлжээг ашиглан тавдугаар цахилгаан станцыг барьж, эрчим хүчний хэрэглээнд 300 МегаВаттын нэмэлт эх үүсвэрийг бий болгоно. Мөн нүүрсний уурхай түшиглэн нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний хосолсон эх үүсвэрүүд шинээр байгуулахаар төлөвлөгөөнд тусгасан болно.
 
Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхгүйгээр хот тэлэх, шинэ хот байгуулах, орон сууцжуулалтын бүтээн байгуулалт, аж үйлдвэржилтийн төсөл хэрэгжих ямар ч боломжгүй юм.
 
Энэ намрын чуулганаар эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, эрчим хүчний салбарын реформыг эхлүүлсэн нь түүхэн шийдвэрүүдийн нэг байсныг онцлон хэлье.
 
Нийслэлийн дулаан, эрчим хүчний сүлжээний шинэчлэлийг бүрэн шийдвэрлэхэд хоёр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Нийслэлийн асуудлыг сууриар шийдвэрлэх эрэмбэлэгдсэн 24 мега төслийг хэрэгжүүлэхэд багадаа 70 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Тийм ч учраас ерөнхий төлөвлөгөөнд туссан мега төслүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн асуудлыг бүрэн хэмжээнд шийдвэрлэхийн тулд эрх зүйн орчны томоохон шинэчлэл шаардлагатай.


 
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд туссан хөгжлийн 24 мега төслийг хэрэгжүүлэх, “Control Tower” буюу нэгдсэн удирдлагын зохицуулалт, хяналтын тогтолцоог бүрдүүлж, нэгдсэн ойлголтод оруулах нь энэхүү хэлэлцүүлгийн хамгийн чухал үр дүн байх болно гэж үзэж байна.
 
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталж, дээр дурдсан төслүүдийг хэрэгжүүлснээр:
·      Улаанбаатар хотын иргэдийн 91 хувь нь орон сууцанд, есөн хувь нь сайжруулсан амины сууцанд амьдрах боломж бүрдэх,
·      Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг найман м.кв-аас 35 м.кв болж нэмэгдэх,
·      Багтаамж ихтэй нийтийн тээврийн сүлжээг бий болгож өдөрт 1.2 сая зорчигч тээвэрлэж, нийтийн тээврийн хүртээмж хоёр дахин нэмэгдэх,
·      Улаанбаатар хотын өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангах боломж бүрдэх зэрэг ач холбогдолтой бөгөөд иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, агаар орчны бохирдлыг бууруулах асуудалд илүүтэй төвлөрсөн болно.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж, олон нийтийн өргөн цар хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулж, Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жилийн хүрээнд Засгийн газар, Нийслэлтэй нягт хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсье”.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ-аас оюутны амралтыг тохиолдуулан "Нээлттэй парламент" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Нийт 1740 гаруй оюутан бүртгүүлж, УИХ-ын залуу гишүүдээс бүрдсэн баг их сургуулийн багш нартай хамтран ажиллаж, хоёр удаагийн шалгаруулалтыг явуулсан. Шалгарсан 100 оюутан нэг сар парламент дээр цалинтай дадлага хийж байгаа. Дүү нартаа сурлагын өндөр амжилт хүсье. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг танилцууллаа. 

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Түүхэн бодлогын баримт бичиг УИХ-аар орж ирж байна. Монгол Улсын түүхэнд анх удаагаа нийслэл хотынхоо ерөнхий төлөвлөгөөг батлах гэж байна. Учир нь 1984 он хүртэл Монголын төрийн бодлого 100 хувь шингэж явж чадаагүй батлагдаж байсан. Нэлээн шүүмжлэлтэй хандахуйц явж ирсэн. Хотын хэтийн хөгжлийн төлөв хол гарч чадаагүй. Хэрэгжилт нь 20 хувьтай гарч, маш муу байсныг өнөөдрийн тулгамдсан асуудлууд баталж байна.

Суурь эдийн засгийн системийг ямар систем дээр авсан бэ. Зүүний чиг баримжаатай социалист эдийн засгийн сууриар авбал ТӨК-иуд бахь байдгаараа байна. Барууны сууриар явбал хотын захиргаа хийх ёстой ажлаа хийж, хувийн хэвшлээ дэмжинэ. Анхнаасаа тодорхой баймаар байна. Нийслэлийн өөрийн орлого, улсын төсөв нийлээд 5.3 их наяд төгрөг байгаа. Улсын нийт төсвийн 50 хувьтай тэнцэх хөрөнгө. Өнөөдрийн байгаа эрх зүйн орчноор хөгжлийн ерөнхий төлөвлөгөө биелүүлэхэд хангалтгүй. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэхээр Улаанбаатар хотыг парламент, олон нийт хамтдаа маш сайн ойлгох хэрэгтэй. Маш олон төсөл байгаа ч хоорондоо эрэмбэлэгдээгүй. Эрчим хүч, зам тээвэр, нийслэл дээр, олон улсын, хувийн хэвшлийн төслүүдийг эрэмбэлж чадаагүйгээс маш их цаг хугацаа алдсан. 

Тийм учраас том хэлэлцүүлэг хийхийн тулд нийслэлийн 2040 оны ерөнхий төлөвлөгөөг оруулж ирж байна. Жишээлбэл, газар доор шугамын хөрөнгө оруулалт хийхгүй байсаар байгаад одоо энэ ажлыг хийвэл багадаа 2 тэрбум ам.доллар. Гэтэл 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд төлбөрийн тэнцэл дээр алдаа гардаг. Тэгвэл бид энийг улсын төсвөөр хийж чадах уу. Нийт төслийг хэрэгжүүлэхэд 70 тэрбум ам. доллар шаардлагатай. Бүсүүдийг оруулахгүйгээр зөвхөн нийслэл дээр. Энийг яаж багасгах вэ. Улсын төсвөө хүлээвэл 30 жил хүлээнэ. Бид ил тод асуудлаа ярьж, эрэмбэлж байна. 

Ирэх хаврын чуулганаар татвар, нийгмийн даатгал, хөрөнгө оруулалт, тендерийн багц хуулийн төслүүдийг оруулж ирнэ. Бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхийг зорино. Цагаан морьтой ханхүү гарч ирж нийслэлийг өөрчлөхгүй. 

Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар:

-Ерөнхий төлөвлөгөөний суурь эдийн засгийн тооцооллыг хэрхэн хийсэн бэ гэлээ. Ажлын хэсэг 2040 он хүртэл ДНБ-ийг 40 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 18 мянган ам.долларт хүргэж, улсын төсвийг жилд 90 их наяд төгрөг байхаар тооцоолсон. Мөн энэ хүрээнд 242 их наяд төгрөг шаардлагатай бөгөөд 120 их наядыг улс, нийслэлийн төсвөөр санхүүжүүлнэ. Үлдсэнийг нь хувийн хэвшлээс санхүүжүүлнэ гэж тооцоолсон. Ганц тоо хэлэхэд, 2035 он гэхэд Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ 3000 гига-ватт давна. Одоо бол 1000 гаруй гига-ватт явж байгаа. Энэ жилийн оргил ачааллын үед 1680 гига-ваттад хүрч байсан. 10 жилийн дараа гэхэд 3000 мВТ давж, дамжуулах эх үүсвэрийг өргөтгөн шинэчлэхэд 7 их наяд төгрөг шаардлагатай болно.

10 : 50
2025-1-24

"Хүннү судлалын төв болон музей байгуулах хэрэгтэй"

-Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ө.Шижир танилцуулав. 

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Улаанбаатар хот руу 2040 он болтол 242 их наяд төгрөг хийнэ гэдэг. Тэр дунд 100 гаруй их наяд нь улс, нийслэлийн төсвөөс гэсэн байна. Миний бодлоор энэ мөнгөөрөө бусад аймаг руу тараан байршуулах бодлогоо хэрэгжүүлэхгүй бол Улаанбаатар руу хэдэн их наядыг хийгээд юу ч өөрчлөгдөхгүй байдалд хүрсэн. Надад мунхаглал юм шиг харагдаад байна. Ямар гарц байгаа юм бэ?

Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар:

-Бид шинэ Зуунмод хотын нэрийг Хүннү хот болгож өөрчлөхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Дараагийн хэлэлцэх асуудалтай холбоотой асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:

-2024 оны зургадугаар сарын 5-ны өдөр Шинэ Зуунмод хотын тухай хуулийг баталсан байна. Өнөөдөр хотынхоо нэрийг өөрчилж байгаа юм байна. Зарим нэг төөрөгдөл, ёс заншил, түүх соёлтойгоор холбоход ач холбогдолтой юм. Байршлын хувьд хаана баригдах юм бэ. Дагуул хот болох юм байна. Өөр дагуул хот бий болгох юм уу?

Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар:

-2024 оны тавдугаар сард УИХ-аас Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. УИХ-ын тогтоол гарч, хот тосгодыг шинээр байгуулах тухай тогтоол хавсралтаар батлагдсан. Энэ хүрээнд хотын захын хоёр дүүрэг буюу Налайх, Багануурыг улсын зэрэглэлтэй хот болгохоор шийдвэрлэсэн. Төвийн зургаан дүүргийн нэгж дээр 14 хот байгуулахаар төлөвлөсөн. Улаанбаатарын дагуул хот Шинэ Зуунмод, Баганхангай, Агросити, Шаргаморьт гэсэн хотуудтай байна. 

Шинэ Зуунмод хот анх удаа корпорацийн зарчмаар байгуулагдахаар хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутгийн 33 мянган га газрыг авч, хот байгуулна. Шинэ нисэх онгоцны буудал орчимд гэсэн үг. Одоо дэд бүтцийн шугам сүлжээний ажлыг хийгээд дуусч байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр энэ хотын эрчим хүчний эх үүсвэрийг хийхдээ сэргээгдэх эрчим хүч буюу цэвэр эрчим хүчээр хийх тендерийг зарлах гэж байгаа. Улаанбаатар хотоос тодорхой хөрөнгө гаргаж, цэвэрлэх байгууламжийн тендерийг гуравдугаар сард зарлана. ТЭЗҮ-г хийж дууссан. Дагуул хот болох Хүннүгийн 20 хувийг Төв аймаг, 80 хувийг Улаанбаатар хот эзэмшиж, корпорацийн зарчмаар явна. Дулаан хангамжтай холбоотой судалгааг Хөшигийн хөндий орчимд хийхээр төлөвлөж байна. Хотын дэд бүтцийн ажлын дараа төсөл сонгон шалгаруулалт хийсний үндсэн дээр 150 мянган хүний суурьшил бүхий аялал жуулчлал, тээвэр ложистикийн хот байгуулахаар зохион байгуулж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Энэ төслийг дэмжиж байгаа. Хүннү гэдэг нэрийг яаж сонгоод байгаа юм бэ. Тулгар төрийн гүрэн улсын нэрийг хотоо нэрлэж болж байгаа юм уу.Бусад улсад ийм жишиг байхгүй. Би үүнийг нарийн судалсан. Анхны төрт улсынхаа нэрийг нэг аймгийн нэр болгож болох уу. Хүннү гэдэг нь хятадаар "хүн зэрлэгүүд" гэсэн агуулгатай байдаг. Хэл зүйн хувьд монголчуудыг дорд үзсэн хэллэгүүд байдаг. Энэ чиглэлээр тайлбар авсан юм уу. Энэ талаар том хурал хийх ёстой. Хархорум хот гэж байхад бүгдийг түүхчилж яах гээд байгаа юм бэ. Ирээдүй рүү чиглэсэн нэрийг сонгож болдоггүй юм уу. Түүхээ жижигрүүлж яах гээд байгаа юм бэ?

Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар:

-Засгийн газрын хуралдаан дээр Хөшигийн хөндий орчим Улаанбаатарыг тэлэх бүс гэж тодорхойлж, Шинэ Зуунмод хотын нэрийг өөрчлөх асуудлыг хэлэлцсэн. Дэлхий дахинд Монголыг сурталчлан таниулах анхны төрт улсынхаа нэрээр нэрлэвэл яасан юм бэ гэдэг асуудлыг ярилцаж, тодорхой судалгаа хийсний үндсэн дээр энэ нэршил рүү орох санаачлага гаргасан. Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр том эдийн засгийн бүс байгуулах учраас далайцтай нэр байвал яадаг юм бэ гэдэг санаачлага гаргаж, шийдэгдсэн. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Зуунмод хот гэдэг агуулгаар олон улсын үзэл баримтлалын уралдаан зарлах бэлтгэл хангаж байна. Сүүлийн үеийн ухаалаг хотуудтай танилцаж, аялал хийсэн. Р.Эрдэнэбүрэн сайд хамт ажилласан. Хятадын Шанхай хотын төлөвлөлттэй бас танилцсан. Тэгэхээр энэ нэршлээс олон улсын уралдаан зарлахад боломж тааруу байна. 100 ширхэг мод гэж орчуулагдаад. Аймгийн төв гэхээр үзэл баримтлалын хувьд болж өгөхгүй байсан. Энэ агуулга дээр эртний эзэнт гүрний хаадууд, түүхээ тод томруун болгох агуулгаар Хүннү гэдэг нэрээр нэрлэх нь зүйтэй. Олон улсад тайлбарлахад эзэнт гүрний түүхээ одоо, ирээдүй цагтай гинжин хэлхээгээр холбох нь зүйтэй гэж үзсэн. Археологичидтой уулзсан. Хүннү гүрний нийслэл нь Луут хот байсан. Энэ нь Монголын үндсэн бэлгэдэл байсан. Эртний түүхтэй холбоотой асуудлаа гаргаснаар бэлгэдэл талаасаа чухал гэдгийг онцолсон. Хархорум гэдэг нэрээр Пакистан улсад гүүрээ нэрлэсэн байдаг. Гэтэл бид Хүннү нэрээр зугтаж, хоорондоо мэтгэлцэх нь буруу юм. Хотоо нэрлэх нь чухал. Манай Төв аймгийнханд  ч гэсэн бахархалтай гэдэг агуулгаараа энэ бол олон улсын үзэл баримтлал дээр ухаалаг хот байгуулах нь давуу талтай юм. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Зарчмын байр суурийг ойлгож дэмжиж байгаа. Миний асуулт бол мэтгэлцээний тухай огт биш. Харин ч бид Монголын түүхийн эзэнт гүрний нэрийг аймагт өгөх нь зөв үү. Хотын дарга ШУА-аас хариулах байх гэсэн. Бид улстөрчид. Шинжлэх ухааны түвшинд энэ тайлбараа хадаж өгсөн юм уу. Эхнээсээ хүмүүст тайлбарлаж өгсөн нь дээр шүү.

ШУА-ын дэд ерөнхийлөгч Ц.Цэрэндорж:

-Аливаа улс үндэстнийг нэрлэдэг хоёр төрөл байдаг. Тухайн үндэстэн өөрийгөө нэрлэдэг, тухайн үндэстнийг өөр улс орнууд нэрлэдэг. Хүннү эзэнт гүрнээ бид өөрсдөө нэрлэсэн. Гэхдээ ханз үсгээр бидэнд тэмдэглэгдэж ирсэн. Одоо бол тэгдэггүй. Түүхэндээ хөрш зэргэлдээ улс орноо нэрлэхдээ нү гэдэг дуудлагатай олон ханз байдаг. Тэр дундаас доромж утгатайг нь сонгож авдаг тохиолдол бий. Жишээлбэл, Монгол Улсын нэрний Мөн гэдэг ханз их сонин утгатай. Хятадууд манай улсын нэрийг ямар ханзаар тэмдэглэсэн нь сонин биш. Харин энэ Хүннү нэрийг сэргээх оролдлогыг олон эрдэмтэн хийж ирсэн. Ер нь Хүнна, Хүнно гэдэг үг байсныг сэргээж чадсан. Хятадуудын өгсөн ханз дээр ач холбогдол өгөх шаардлагагүй. Улс орны нэрээр нийслэлээ нэрлэдэг тохиолдол улс орнуудад байдаг. Мексик, Бразил гэх мэт. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Засгийн газрын хуралдаан дээр энэ нэршлийн талаар сайн ярилцсан. Бидний хувьд ШУА-тай адил байр суурьтай байгаа. Чингис хааны нэр ч гэсэн Чингэс гэдэг. Гадаадын аль нэг улс манай улсын түүхийг хэрхэн тэмдэглэж, тайлбарлах нь тэдний асуудал. Харин бид өөрсдийнхөө түүхэнд итгэл үнэмшилтэй байх нь дотоод асуудал. Тиймээс бид түүхэндээ итгэл үнэмшилтэй байж, урт хугацаанд тайлбарлах ёстой. 

Хууль тогтоолын төслийг дэмжсэн, дэмжээгүй нэг гишүүн үг хэллээ. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Нэр солих төдийд энэ том төслийн ач холбогдлыг битгий орхигдуулаасай. Энэ хуулийн цаана бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэмжиж, Улаанбаатар хот, Төв аймаг хамтдаа хөгжих, эдийн засгийн эргэлтэд орж, тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхээр явж байгаа. Энэ хот дээр олон улсын санхүүгийн төв байгуулахаар ярьж, том дата төвүүдийг байгуулна. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, дулааны станц, цэвэрлэх байгууламжийн асуудлыг хавартаа амжиж хийвэл. Тээвэр ложистикийн зангилаа хот болох бүрэн боломжтой.

Гурван төрлийн тээврээр холбогдоно. Хот тодорхой төсөлд газар өгнө. Зочид буудал, усан парк байгуулах гэх мэт. Энэ үзэл баримтлалыг баримтлах чиглэлд анхаарч ажиллахыг хүсч байна. Хотын нэрийг өөрчилж байгаа бол Хүннү судлалын төв болон музей байгуулах хэрэгтэй. 

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураалт явуулж, 70 гишүүн дэмжлээ. 

Хамт өргөн мэдүүлсэн Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 71 гишүүн дэмжлээ. 

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 68 гишүүн дэмжлээ.

Гаалийн тариф, гаалийн татварын  тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 71 гишүүн дэмжлээ.

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 67 гишүүн дэмжлээ.

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 71 гишүүн дэмжлээ.

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 91 гишүүн дэмжсэнгүй.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Тогтоолын төсөл буцаах тухай УИХ-ын тогтоолыг танилцуулъя. Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид буцаасугай. Тогтоол баталсанд тооцогдоно. 

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 64 гишүүн дэмжлээ.

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 67 гишүүн дэмжлээ.

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 69 гишүүн дэмжлээ.

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжих санал хураалтаар 63 гишүүн дэмжлээ.

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

10 : 16
2025-1-24

Чуулганы хуралдаанд 72 гишүүн оролцож байна

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:

-Чуулганы хуралдаанд 72 гишүүн оролцож байна. Өнөөдрийн чуулганаар зургаан асуудал хэлэлцэнэ. 

10 : 12
2025-1-24

Хуралдаанаар 6 асуудал хэлэлцэнэ

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2025.01.24/-нд хаалтаа хийнэ. Өнөөдрийн хуралдаанаар:

-Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

-“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэнэ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы хуралдаанд оролцож үг хэлнэ.

-Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгийг хэлэлцэнэ.

-“Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэнэ.

-Баталсан хууль тогтоомжийн эцсийн найруулгыг сонсоно.

-Намрын ээлжит чуулганыг хаана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үочин 2025-01-24 202.179.25.140

Ямөрч ажил хийгээгүй. Монголын эдийн засаг унаж байна. Худлаа ярьж, төлөвлөж хуурахаас өөр юу чүгүй. Энэ хүн төрд байх хүн биш. магадгүй шоонд байх ч өндөр магадлалтай.

Avatar

Нэргүй 2025-01-24 139.5.219.214

Улсын нэрийг Монгол биш Хүннү гүрэн болгоё. Хүрэлсүх нэрээ Тэмүжин, ерөнхийлөгч биш шаню гэе. Тэгээд армиа нум сум, сэлмээр сэвсэглэж, бүх эрчүүдийг цэрэгт татаж мориндоо мордоцгоогоод Их Монголын газар нутгаа эргүүлэн авах аян дайндаа явцгаая. Муусайн хятад оросыг арчаад хаяацгаая.

Avatar

сонгогч 2025-01-24 202.9.47.24

ажил хийх гэж зүтгэж байгаа ЗГ- тайгаа шөргөөлдөхийн оронд Монголын хөгжлийг 34 жил гацаасан, авилгач шүүчидтэйгээ тэмцэх ёстой юм биш үү? Монголын хамгийн өмхийрч ялзарсан газар бол шүүх….тэднийг 100% цэвэрлээгүй цагт Монгол улс хөгжихгүй…3-5 авилгач новшийг буудчих ….тэгэхэд л цэвэршинэ. Ерөнхийлөгч, ЗГ маш шуурхай, шийдэмгий арга хэмжээ авах цаг нь ирээд бна. Ерөнхийлөгч, ЗГ ийм сул дорой, арчаагүй, аймхай хулчгар байж таарахгүй. Мэргэн бууч ажиллуулах хэрэгтэй …!!!

Avatar

Зочин 2025-01-24 76.220.74.140

Засгийн газрыг огцруулж дахин бялуу хүртэцгээнэ гэвэл их хурлыг тараах хэрэгтэй. Урьдах засгуудыг огцруулаад дээрдүүлж байсан түүх байхгүй шүү дээ. Харин сайд дарга,их хурлын гишүүдийн амьдрал л дээрдэж байсан байх.зо

Avatar

Зочин 2025-01-24 76.220.74.140

За эндээс харахад eрөнхийлөгчийн засаглалтай босоо удирдлагатай болохгүй бол ч явахгүй нь дээ. Эрх мэдлийн хэт хуваагдал нь Монголын хөгжлийн бүх боломжуудыг үгүй хийж байна. Социализмын үед л Монголыг тэжээж байсан Эрдэнэт үйлдвэрээс өөр үр ашгаа өгч байгаа төсөл алга даа.

Avatar

Б 2025-01-24 66.181.191.93

Шүүгчидийг арга хэмжээ авдагаар нь аваад буулга тэгээд шүү

Avatar

Нэргүй 2025-01-24 66.181.182.34

Ундрам гишүүн Галынхаа өрөөнд s**-ийн ванлантай орон сууц захиалах гээд л энэ асуудалд их илэвхтэй хандаад л бна даа, янз нь……..

Avatar

Зочин 2025-01-24 202.126.90.219

Мулгуу удирдлагаас унэхээр их ичих юм!!!

Avatar

Нэргүй 2025-01-24 103.71.100.75

мулгуу биш нь танай шуналын тип тарвагадоржуу?

Avatar

Нэргүй 2025-01-24 202.21.102.98

авилгачид хулгайчид нь боож үхэх нь дээ муусайн юмнуудтай үзэж тарна шүү

Avatar

Үнэн төрх 2025-01-24 192.82.92.204

Оюук, Нямбаа 2 улсыг хөгжүүлэх ямарч төлөвлөгөө сэтгэл алга, төслөөр мөнгө гудрах санаархал байна. ОУ-ын жишиг, шинэ хот барих сайн туршлага бол дэд бүтцийг зургийн боловсруулж тухайн зураглал, стандартын дагуу гадаад дотоодын хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан байгууламжийг шудрагаар хүлээн авах. Хувийн хөрөнгө оруулалтийг үзэн ядаж төрийн хөрөнгөөр бодлогогүй барьсан түүх гэвэл Венесуал, Куба, Хятадад баригдсан хүн амьдардаггүй нохоин оромж болсон хаягдсан орон сууцнууд, сүнстэй эзгүй хот.

Avatar

зочин 2025-01-24 66.181.189.105

Засаг төр 30 жилийн завхарал гажуудлыг засаж залруулах улс орныг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх ашигт малтмалын баялгаас хуулийн дагуу ашиг хүртэхыг эсэргүүцэх нь ард иргэд ядуу амьдрах ёстой юу,,,

Avatar

Зочин 2025-01-24 66.181.160.15

Шинэ нийслэлийг дэмжиж байна

Avatar

ИРгэн Z 2025-01-24 202.21.104.2

Том зургаар нь авч үзвэл Оюук, Нямба 2-ын санаа тодорхой бн. Аль болох том мөрөөдлийн төлөвлөгөө зохиож мөнгө цавчих, Шүүх засаглалыг эрх мэдэлдээ оруулж дураар дургих.ккк. Манайд төлөвлөгөө багадаагүй. Төсөв мөнгөгүй хоосон төлөвлөгөөгөөр ч яах юм? Төсөв бүрдүүлдэг ААН-үүдээ боомилчихоод яаж мөнгө босгох гээд байгаам? Манай ЕС, Хотын дарга 2 арай л аархуу байгаад байх шиг.. Гол нь үр дүн хаа байна?

Avatar

Зочин 2025-01-24 103.168.34.2

Оюунэрдэнэ газар доорхи шугам засах нэрийдлээр мөнгө идэх болохоор цагаан морьт хүн ч гэх шиг үлгэр ярихаа боль.

Avatar

Нэргүй 2025-01-24 139.5.219.214

Энэ хэрэгтэй хэрэггүй нэр солих шинэчлэх гэж маргалдахаас өөр хийх юмгүй, хоосон толгойтой нөхдүүд бас байнаа байна.

Avatar

Нэргүй 2025-01-24 139.5.219.214

Авилгачид нь ЕС-ыг огцруулах гээд боож үхэх гээд байна.

Avatar

Нэргүй 2025-01-24 66.181.182.34

Үнэн үнэн !
Авилгачид, нүүрочид л Данхыг онцруулж оронд нь өөрмйн хүнээ тавих санаатай байгаан доо !

Avatar

Нэргүй 2025-01-24 139.5.216.44

Эргүү тэнэгүүдээ толгойдоо залчаад юу бодож амьдранаа

Avatar

Ж.Онгар 2025-01-24 62.122.5.63

Ерөөнхий сайд Оюун-Эрдэнэ Монгол улсын төлөө, ард түмний ирээдүйн гэгээлэг амьдарлын төлөө шударга, бүтээлч ажил хийх чин эрмэлзэлтэй залуу болох нь дэвүүлсэн зорилт, итгэлээс тодорхой харагдаж байна шүү. Үнэхээр алсын хараатай улс төрч юм. Энэ улс төрчэд бүрэн итгэл хүлээлгэж, бүгдээрээ санал нэгтэй ойрын хэдэн жил ирээдүйн том зорилт, зорилгын төлөө хамттай хөдөлмөр шаардалгатай. Бид алдахгүй байх. Ажил, амьдаралын дээдийг хүсэн ерөөеэ

Avatar

зочин 2025-01-24 202.21.104.2

Бүгд сайхан амьдрал чин эрмэлзэж, хүсэл мөрөөдөлтэй байна. Тэгээд сайхан амьдарч чадаж байна уу? Чин эрмэлзэл ч гэх шиг.. Хоосон эрмэлзлээр хичнээн ч жил хулхидуулав?ккк

Avatar

Нэргүй 2025-01-24 66.181.182.34

За тэгвэл, Төв аймгийхан хадандаа гарчээ, Хүннү гэдэг чинь бид л байгаа юм, монголчууд бүгд биднээс үүсэлтэй гээд л даналзаад байж дээ ! Ер нь энэ уран зөгнөл сайн биелэхийн бол яваандаа Монгол Улсын нийслэлийн нэр ч болж болох юм. Монгол Улсын нийслэл Хүннү нэртэй бол чихвол харин ч нэртэй төртэй, сүртэй сайхан юм биш үү ?!
Анх Төв Азийн бүс нутагт төрт ёс тогтоход Хүннү нэртэй их гүрэн байгуулж байсны хойчис нь бид юмаа гэсэн утга санаа шууд ханхалж бнаа !!!
Царэндоржийн тайлбар маш зөв !

Avatar

Нэргүй 2025-01-24 62.72.181.40

Зөв шүү. Монголын шүүх ялангуяа дээд түвшиндээ өмхийртлөө авилгажсан гэдэг нь ойлгомжтой. Хэдэн их наядаар нь улсыг тоносон хулгайчид, нүүрсчид, ЖДҮ-чид бүгд хулгайлсан мөнгөө дээд шатны хэдэн авилгач шүүгчидийн амаар нь гартал мөнгө чихээд зүгээр л сул явцгааж байна. 5 ш ажиллагааны хүрээнд хөөрхий хэдэн цагдаа маань өчнөөн зардал чирэгдэл болж оргодол хулгайч шувуудыг нь чирээд ирэхээр хэдэн мөнгөнд дөрлүүлсэн шүүгчид нь суллачихна. Интэрполоор авилгачидаа зарлаад хууль хэрэгжүүлдэг орнууд нь

Avatar

Нэргүй 2025-01-24 103.168.34.2

Ерөнхий сайд буруутай.

Avatar

ах ламаас 2025-01-24 103.168.34.67

30 гаруй жилд ганц Цахилгаан станц барьж чадахгүй байж том том бүлтрэх нь ёстой мөрөөдлийн жагсаалт гэлтэй . Ер нь эхлээд дэд бүтээцээ л барьж байгуул дараа нь бүлтэрцгээл дээ

Avatar

Үочин 2025-01-24 202.179.25.140

Авилгачидтайгаа нууцаар өат бэх сүлбэлдэж холбогдсон шуналын их дэв Оюунэрдэнээс, Нямбаатараас заль мэхий нь нарийн харж тооцоолон байж салах асуудал нь Монгол улс хөгжих нэг номерийн асуудал болно. Үүний дараа заль мэх, шунал байхгүй боловсролтой, төрийн ажлын туршлагатай хүнээр ерөнхий сайд болгох нь улс хөгжих эхний алхам мөн. Харин залий нь яаж давах уу.

Avatar

Ж.Онгар 2025-01-24 62.122.5.63

Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ улс, орны төлөө шударга, бүтээлч ажил хийх чин эрмэлзэлтэй залуу болох нь дэвшүүлсэн санал, итгэлээс тодорхой бна шүү. Үнэхээр алсын хараатай улс төрч юм. Ямар ч гэсэн ойрын хэдэн жил тэдний ирээдүйн зорилт, зорилгын төлөө бүгдээрээ хамттай урагчаа харж хөдөлмөрлье. Алдахгүй байх. Амжилтын дээдийг ерөөэе

Avatar

Zochin 2025-01-24 202.21.111.170

126 гишүүнэс тл нь алга. УИХ дарга ажлаа хийж чадахгүй байна. Хуралдаа суудаггүй буюу ажлаа хийхгүй байгаа гишүүдийг эргүүлэн татаач… НАМУУД аа.

Avatar

МОДУН ШАНЬЮЙ 2025-01-24 66.181.177.55

БАЙЖ БОЛОМГҮЙ АЛДАА !!! НИЙСЛЭЛИЙН ТӨВ ТАЛБАЙГАА ИХ ЭЗЭН ЧИНГЭС ХААНЫ НЭРЭМЖИТ БОЛГОСОН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН МАН – ЫНХНААС ИХ ТҮҮХЭЭ ҮЛ ОЙШООСОН ! ГУТААСАН ! ИЙМ ТЭНЭГ ПОПРОХ ГЭЖ ЯДСАН ШИЙДВЭР ГАРГАНА !!!

Avatar

Нэргүй 2025-01-24 124.158.123.244

2040 он хүртэл их ажил хийнэ, дуустал нь бид засаг барина гэсэн горьдлоготой байхад болох болохгүй олон "сайхан юм" эдний толгойд орж, амаар гарах нь тодорхой болоод явчихлаа. Төр улсын нэртэй, тэр тусмаа захын нэг хот гэж дэлхий дээр хаана я байхгүй…

Avatar

Женко И Россия 2025-01-24 192.82.92.204

Олон жил гацсан хөгжлийн төслүүдийг гацаасны цаана улс дамнасан далд зохион байгуулалт байсаар ирсэн нь нууц биш ээ. Женко и Россия

Avatar

Нэргүй 2025-01-24 202.131.233.251

Эзэн Богдынхоо нэрийг архинд өгчихсөн юм чинь энэ зэргийн юм ч болох байлгүй.

Avatar

зочин 2025-01-24 202.21.104.2

Хэлбэрдэхээс цаашгүй

Avatar

Иргэн 1 2025-01-24 103.57.95.59

Хүннүгийн байршил, үүх түүх болон булш, олдвор нь хаана илүүтэй байгаа газрыг тодруулж түүний ойролцоо хот байгуулбал ямар бол? Тэгвэл гадаад дотоодын аялал жуулчлалын томоохон төв болох юм биш үү? Хэнтий аймагт Чингэсийн___ зарим аймгуудад түүхэн домог болсон хаан, хан, баатруудын нэртэй баймаар ч юм шиг…

Avatar

irgen 2025-01-24 66.181.190.73

uur hiih ajil bdagguimuu, yatsarsan humuus bee

Avatar

Нэргүй 2025-01-24 103.212.162.85

Хүннү улсын гарал тодорхойгүй. Гэхдээ дийлэнх судлаачид түрэг гаралтай байсан гэдэг дээр санал нэгддэг. Олон үндэстэн угсаатаны улс ч байсан гэдэг. Гэхдээ мэдээж 1 нь толгойлсон л байгаа. Тэр нь енисейчүүд юм уу скифчүүд байсан ч гэдэг хэсэг бий. Харин монгол байсан гэж зөвхөн монголчууд л үздэг болохоос бусад орны судлаачид зөвшөөрдөгүй юм. Тэгэхээр зүгээр л Хөшиг хот гэхэд л болно. юун хаа хамаагүй сүржин нэр өгдөг юм бэ. Агросити ч гэх шиг латин, англи хэлний холимог компанийн нэртэй хот

Avatar

Нэргүй 2025-01-24 122.201.31.48

хүннүчүүдийн хувцас киданы мөн монголчуудын хувцас яг адилхан байдаг түрэг гаралтнуудынхаас тэс өөр хэл яриаг мэдэхгүй чингэс хаана өвөг дээдсээ хүннүгээс гаралтай гэж чань чун бомбод хэлсэн тухай үлдсэн байдаг түрэг уйгур киргизүүд хааны үетэй хамаагүй ойр байсанч заавал хүннүг онилсон нь учиртай

Avatar

Нэргүй 2025-01-24 202.9.41.77

Өндр цааша үмхий хулгайч х***а манж хог шааруудын сүнс орох ёсгүй.

Avatar

Нэргүй 2025-01-24 202.9.41.77

нам төрийг Угаадс хулгайч х***а манж хог шаар гажиг гуйлагчингууд-с цэврлээгүй бхд адгийн хулгай зогсохгүй үтр түргн устгаж бузр арилнаа.

Avatar

Нэргүй 2025-01-24 202.9.41.77

Нам төрийг үтр түргн үмхий угаадс х***а манж хог шаарууд-с цэврлээ.

Avatar

Нэргүй 2025-01-24 202.9.41.77

Түрүүний бөөс хувхай гуйлагчин хулгайч х***а манж хог шааруудыг гажиг үмхий амьдрлуун далд ор2л.

Avatar

Нэргүй 2025-01-24 103.212.117.41

"Түрүү" биш, "Түрий"!! Гутлын түрий!

Avatar

Нэргүй 2025-01-24 202.9.41.77

Монгол төриын босго адгиын өлөн түрүүний бөөс хулгайч х***а манж хог шаарууд шургх-ргүй өндөр бх ёстой.