Төгрөгийн хадгаламж энэ оны гуравдугаар сарын эцэст 13.7 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 600.5 (4.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 665.6 (4.6 хувь) их наяд төгрөгөөр багассан байна. Төгрөгийн хадгаламжийн 90.5 хувь (12.4 их наяд төгрөг) нь иргэдийн, 9.5 хувь (1.3 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байв.
Валютын хадгаламж 4.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 114.1 (2.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, харин өмнөх оны мөн үеийнхээс 166.6 (3.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 26.4 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛОВ
Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.4 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 993.8 (3.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төгрөгийн харилцах 1.3 (37.1 хувь) их наяд төгрөгөөр, валютын харилцах 500.4 (22 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 182.5 (3.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (30.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. M1-ийн 4.9 (87.2 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 726.9 (12.8 хувь) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө аж.
Бараг мөнгө энэ оны 3 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 20.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 16.4 (0.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 331.7 (1.6 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Бараг мөнгөний 13.7 (66 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн, 4.3 (20.6 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 2.8 (13.4 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах байв.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 994 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 44.1 (4.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 12 (1.2 хувь) тэрбум төгрөгөөр багасчээ.
Гадаад цэвэр актив /ГЦА/ 3 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 649.4 (34.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 5.6 (82.2 хувь) их наяд төгрөгөөр багассан бол дотоод цэвэр актив /ДЦА/-ын 25.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 815.4 (3.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 6.6 (35.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байна.
Холбоотой мэдээ