Сурвалжлага: Төгрөг цаас болж, доллар тэнгэрт гарав

Хуучирсан мэдээ: 2025.04.14-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Төгрөг цаас болж, доллар тэнгэрт гарав

Сурвалжлага: Төгрөг цаас болж, доллар тэнгэрт гарав

Сүүлийн саруудад ам.долларын ханш өдөр бүр өсч, монгол төгрөгийн ханш унасаар байна. Өчигдрийн байдлаар /2025.04.13/ Найман шарга валют арилжааны захад ам.доллар худалдах ханш 3562 төгрөг байгаа бол худалдан авах үнэ 3553 төгрөг гэж байв.

Наймаачин Б.Пүрэвхүү тэрбээр, “Ерөнхийдөө ам.долларын ханш 2023 оноос хойш тогтвортой байсан. Өөрөөр хэлбэл, Covid-19 цар тахлын дараа буюу 2023 оноос хойш ам.долларын зах зээлийн ханш 3380 төгрөг дээд тал нь 3390 төгрөг байсан. Нэг жил шахуу тогтвортой байсан ам.долларын ханш УИХ болон орон нутгийн сонгуулийн дараагаас эхлэн ингэж эрчимтэй, тасралтгүй өсч байгаа нь сонин байна. Монголбанкинд ам.долларын нөөц ховордсон гэх мэдээлэл байхгүй, нөөц хангалттай байгаа л гэдэг.

Ам.долларын ханш өдөр бүр эрчимтэй өсөөд байхад эрх баригчид мэдээгүй, сонсоогүй юм шиг л байна.

Үүнийг дагаад төгрөгийн ханш унаж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх зэрэг олон сөрөг үр дагаврууд бий болж байна. Хүнсний дэлгүүр орох бүрт бараа, бүтээгдэхүүний үнэ 10-20 төгрөгөөр нэмэгдсэн байна. Ард иргэдийн амьдрал үнэндээ хэцүүдэж байна. Цаашид ам.долларын үнэ дээр анхаарахгүй бол улам л хэцүү болох байх. Одоо АНУ, Хятадын худалдааны дайн гээд л сошилаар баахан мэдээлж байх юм. Монгол Улс ихэнх бараа бүтээгдэхүүнээ Хятадаас авдаг. Тэгэхээр цаашид бараа материалын үнэ тасралтгүй л өсөх байх гэж ах нь бодох юм. Бид ч яахав банкнаас авсан үнэ дээр хэдхэн төгрөг нэмээд л зардаг. Саяхан баахан олон баяр дараалан боллоо. Гэсэн  хэдий ч иргэдийн ам.доллар худалдан авах эрэлт их байна. Учир нь арилжааны банкууд сүүлийн саруудад нэг иргэнд 1-5 мянган ам.доллараас илүүг олгохгүй хязгаар тогтоосон. Тиймээс иргэд хар зах дээрээс хамгийн ихдээ 20 мянган ам.доллар хүртэл хэмжээгээр худалдан авах боломжтой тийм учраас "Найман шарга"-ыг зорих иргэд багагүй байна гэв.

Биднийг ярилцах зуур төгрөгөө ам.доллараар солиулах гэж хэд хэдэн хүн ирэв. Иргэдийн хэлж буйгаар, ам.доллар ингэж эрчимтэй өсч байгаа учраас цаашид нэмэгдсээр байна байх. Монгол мөнгөөр нэг сая төгрөг солиулахад 200 гаран 300 хүрэхгүй л ам.доллар болж байгаа юм. Монгол төгрөг цаас болж байна. Үүнийг дагаад төгрөгийн ханш унаж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөөр байгааг хэлж байв.

Иргэн Б.Сэргэлэнбаатарын хувьд охиноо Австрали улс руу ирэх наймдугаар сард явуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ эхний ээлжид 50 сая төгрөгийг төгрөгөөр хадгаламжид хийх гэж байснаа больж ам.доллараар хадгалах эсэх дээрээ эргэлзэж буйгаа хуучлав. Тэрбээр "Төгрөгийн ханш унаж байгаа энэ үед яах аа мэдэхгүй л болчхоод байна. Ямартай ч ирэх найман сар хүртэл ам.долларын ханш унахгүй л байх гэж бодож байна. Ажиглаад байхад өдөр бүр л нэмэгдэж байна. Төр үүн дээр анхаарлаа хандуулаасай гэж бодож байгаагаа хэлж байв.

Цахилгааны үнэ нэмснээс хойш тэртээ тэргүй өргөн хэрэглээний барааны үнэ өдөр бүр төгрөгөөр нэмэгдэж байгаа.

Иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэн нь иргэдийн амьдралд ямар ч ялгаа алга байна шүү дээ. Үнийн өсөлтөд үнэндээ дарлуулж байна. Үүнтэй зэрэгцээд валютын ханш чангарсаар байгаа нь улам л үнийн хөөргөдөл үүсгэнэ. Монгол хүн амныхаа бэлгээр гэдэг гэлээ ч ард иргэдийн амьдрал тийм ч сайхан биш байна. Тэгэхээр  валютын ханшийг бодлогоор барих нь зөв байх гэж бодож байна гэсэн юм” гэдгийг хэлэв.

ДУНДААС ДООШ ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН АМЬДРАЛД ХҮНДЭРНЭ

Эрх баригчид УИХ-ын сонгууль угтаж цалин тэтгэвэр нэмэгдүүлэх, сонгогчдын санал татах зорилготой хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсэн нь ийнхүү ганц улирлын дараа хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг. Валютын ханшийн өсөлт, бууралтыг эдийн засгийн суурь ойлголт болох эрэлт, нийлүүлэлтийн хуулиар л тайлбарлаж болно. Ханш өсөж байна гэдэг бол валют зах зээл дээр хомсдож байна гэсэн дохио. Монгол Улс  нийт импортын 70 хувь нь ам.доллараар хийгддэг ба хэрэглээний сагсны 40 хувийг импортын бараа эзэлдэг. Тиймээс гадаад валютын ханшийн чангаралт, тэр тусмаа ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чангаралтаас шалтгаалж импортын болон өргөн хэрэглээний барааны үнэ өсч дундаас доош орлоготой иргэдийн амьдралд хүндэрнэ гэсэн үг.

Мөн улс орны татварын ачааг үүрч яваа бизнес эрхлэгчид, тэр дундаа ам.долларын зээлтэй зээлдэгчдэд асар хүнд дарамт болж улс орны эдийн засгийн өсөлтийг сааруулах муу нөлөөтэй. Мөн энэ нь валютын нөөцөд мэдээж нөлөөлнө. Хангалттай гэж хэлэхэд хэцүү.

Гадаад валютын нөөц одоо таван орчим тэрбум ам.доллар гэж байна.

Төсвийн зарлагын хэт өсөлтөөс татгалзах, түүхий эдийн үнийн өсөлтөөс бий болж буй нэмэгдэл орлогын урсгалыг тэр чигээр нь төсөвт зарцуулахгүй байх, уг орлогыг тогтворжуулалтын болон хуримтлалын санд түлхүү хуваарилж, цаашид тулгарч болзошгүй эдийн засгийн хүндрэл, хямралаас сэргийлж байх ёстой. Гэвч түүнийг сонсдог хүн эрх баригчид дотор бараг байхгүй. Тэд зөвхөн өнөө маргаашаа харсан харалган шийдвэр гаргахаас гадна эдийн засгийн наад захын мэдлэггүй байгаагийн гор цаг хугацаа өнгөрөх тутам мэдрэгдэж байна.

Валютын ханш нь улс орны эдийн засгийн суурь үзүүлэлт, төр засгийн хэрэгжүүлж буй бодлогын толь гэж үзэж болно.

Ханш өссөн асуудалд Монголбанкны үйл ажиллагааг дангаар нь буруутгах аргагүй. Засгийн газрын тооцоо судалгаагүй шийдвэр ханш сулрахад маш их нөлөө үзүүлдэг.

Төсөв хэт тэлсэн өнөө цагт Төв банк мөнгөний бодлогоо чангатгах замаар инфляцитай тэмцэх, эсвэл мөнгөний бодлогыг зөөлрүүлэх замаар эдийн засгаа дэмжих гэсэн салаа замын уулзварт ирчхээд байна.

Дээр нь нүүрсний ханш буух аваас ирэх жилээс цалин, тэтгэврээ өгч чадахгүй байдалд хүрнэ. Засгийн газрын буруу бодлого ийнхүү ханшид нөлөөлдөг гол хүчин зүйл гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж