Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын 2019 оны тогтоол бий. Дээрх тогтоолын хэрэгжилтэд бүх шатны Засаг дарга нар хяналт тавих ёстой. Гэтэл сар шинийн баяраар цөөнгүй аймагт морины уралдаанууд ар араасаа зохион байгуулагджээ. Үүнийг аймгуудын Засаг дарга нар нь саяхан мэдсэн гэх. Тодруулбал, Хүний эрхийн үндэсний комиссоос 2022 оны Цагаан сарын баярын өдрүүдэд
- Архангай аймгийн Булган, Ихтамир,
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг,
- Говьсүмбэр аймгийн Баянтал,
- Төв аймгийн Батсүмбэр, Баянжаргалан,
- Дорноговь аймгийн Даланжаргалан,
- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл,
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Хэрлэн суманд хурдан морины бэсрэг болон бооцоот уралдаан зохион байгуулсан гэж мэдэгдсэн.
Мөн 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Элстэй гэх газар хурдан морины уралдаанд бэлдэж байсан 12 настай, уралдаанч хүү мөсөн дээр унаж, моринд өшиглүүлэн дунд чөмгөө хугалжээ. Хүүхдийн биеийн байдал сайнгүй байгаа аж.
МАЛЧИД НУУЦААР УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛААД БАЙНА
Энэ талаар Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргалаас тодруулахад “Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Арга хэмжээ зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцно. Цагдаагийн байгууллагад хэдэн хүн шалгагдаж байгаа талаар мэдээлэл надад алга. Аймгийн Засаг дарга хориглосон захирамж гаргасан ч малчид өөрсдөө нууцаар уралдаан зохион байгуулаад байна” гэсэн хариулт өгөв.
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ӨНГӨРСӨН ХОЙНО НЬ МЭДДЭГ
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын ажилтан “Морины уралдаан болсон нь үнэн. Уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Уржигдар л энэ талаар бид мэдсэн. Арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон хууль, тогтоомжийг сурталчлах чиглэлийг сумдын удирдлагад өгсөн. Морины уралдаан хийлгэхгүй гэхээр хүмүүс хот айлаараа, эсхүл сумын хэсэг нөхдүүд хоорондоо бооцоо тавьж, уралдаан зохион байгуулаад байна. Цагдаагийн байгууллага өнгөрсөн хойно нь мэддэг. Ямар ч үр дүнгүй завхарсан л юм болоод байна” гэв.
"УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛААГҮЙ"
Говьсүмбэр аймгийн Баянтал суманд “Цагаан сарын үеэр уралдаан зохион байгуулагдаагүй. Буруу мэдээлэл тарсан байна” гэж аймгийн Засаг дарга Г.Батзам хэлэв.
Хурдан морины уралдаан зохион байгуулсан Говь-Алтай, Төв аймаг, Дорноговь, Хэнтий аймгийн Засаг дарга нартай холбогдох гэсэн боловч утсаа авсангүй.
Улсын хэмжээнд 2020 оны байдлаар 13100 хүүхэд хурдан морь унаач гэж бүртгүүлжээ. 2019 онд 61 хүүхэд, 2020 онд 31, 2021 онд таван хүүхэд хурдан морь унахдаа унаж бэртжээ. Үүнээс 2020 онд нэг, 2021 онд гурван хүүхэд нас барсан байна.
Унаач хүүхдүүдийн 10-20 хувь нь амьдралын тааруугаас болж морь унадаг аж.
Өнөөдөр хурдан морины нэг уут тэжээлийн л мөнгө шүү дээ. Энэ нь хариуцлагын шинж чанартай байж чадахгүй. Тухайн хүнийг дахин зөрчил гаргахгүй байхаар ухамсарт нь суулгасан зүйлийг хариуцлага гэж хэлнэ. Үүнээс үзвэл хариуцлагын санкцыг нэмэгдүүлэх шаардлагатай" гэж онцлов.