Хөдөөний хөх уяачдыг тал нутагт нь тааваар нь үлдээ!

Хуучирсан мэдээ: 2025.01.27-нд нийтлэгдсэн

Хөдөөний хөх уяачдыг тал нутагт нь тааваар нь үлдээ!

Хөдөөний хөх уяачдыг тал нутагт нь тааваар нь үлдээ!

Монголчууд морин дэлэн дээрээ түүхээ бичсэн ард түмэн гэдэг. Түүнийгээ ч хүндлэн дээдэлж, төрийн тамга, сүлдэн дээрээ мөнхөлсөн түүхтэй. Адгуус амьтныг ийн орой дээрээ залсан улс орон дэлхий дахинаа ховор биз. Нүүдэлчин соёл иргэншилтэй монгол орны аж амьдрал, ахуй хэрэглээнд морь ч салшгүй хэсэг байлаа. Зөвхөн уналга, ачааны зориулалтаар ашиглаад зогсохгүй, хурд хүчийг нь өрсөлдүүлэх соёлыг хөгжүүлж ирсэн юм. Хурдан морины уралдаан нь монголчуудын хувьд бахархал, шүтээн, бас эв нэгдлийн илэрхийлэл байсаар өдийг хүрчээ.

21-р зуун гарснаар дэлхий ертөнц хурдацтай хувьсан өөрчлөгдөж, улс үндэстэн бүхний ондоошил гэгч зүйл аажим аажмаар үгүй болж, "Хөгжил", "Ирээдүй" гэх сүржин нэр томъёоны дор бусдаасаа ялгарах зүйл устах шиг. Энэ үйл явдал Монголд ч ажиглагдав.

Сүүлийн үед хурдан морины уралдааныг үгүйсгэх, эс шүтэх, харлуулах үйл ажиллагаа эрчимжиж, янз бүрээр л хэлэх, өгүүлэх болжээ. Гэтэл энэ бол монголчуудын эртнээсээ дахин шүтсэн баяр наадмын нэг тулгуур багана билээ. Монголчууд дэлхийн бусад улс орон шиг хурдан морины уралдааныг зугаа цэнгэл, бооцоо тавьдаг таавар гэж авч үзэж байгаагүй. Харин ч аз хийморь, хүч чадлын бэлгэ тэмдэг гэж үзсээр ирсэн. Монгол адуу гэдэг өөрөө байгалийн эрс тэс уур амьсгалыг давж шалгарсан, тал нутгийн өвөрмөц ололт.

Хурдан морийг сонгож, уяна гэдэг нь маш нарийн ухаан, хөдөлмөр шаарддаг гэдгийг бид олон уяачдын яриа, түүх домгоос хангалттай сонссон, үзсэн. Нөгөө талаараа дэлхийд зөвхөн Монголд л хурдан морийг хүүхэд унадаг. Энэ бас л бидний бусдаасаа ялгарах ондоошил, ялгарал.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Дүнжингарав уралдааныг эргэн сэргээх талаар уяачид жагсаал зохион байгуулсан. Үүнийг зөвтгөх мөн буруушаах олон хүн байна. Дүнжингарав хаврын бүсийн уралдаан нь хаврын эхэн сард буюу уламжлалт цагаан сарын дараа болдог бөгөөд жил бүрийн хурдан морины уралдааны салхийг хагалдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, урин хавар монгол оронд айлчлан ирснийг тэмдэглэх арга хэмжээ гэж ойлгож болно. Газар газрын шилэгдмэл хурдан хүлэг, уяачид, уралдаанч хүүхдүүдийн жилийн өнгийг тодорхойлох том баяр.

Ийм баярыг эсэргүүцэж, буруушаах хүн байгаа нь хачирхалтай. Хурдан морины уралдаан бол гэнэт гараад ирчихсэн соёл, үйл явдал биш юмсан. Зуун, зуун дамжин өвлөгдөн өнөөг хүрч буй үндэстний дархлаа. Уралдаанч хүүхдүүд бол өөрсдөө соёлын биет бус өвийг тээгчид.

Дэлхийн морин уралдаанаас Монголын морин уралдаан ялгарч байгаа онцлог нь тал нутагт уралдаж байгаагаас гадна уралдаанч хүүхдүүд. Цэнхэр гаригийн өөр аль ч хэсэгт хүүхдүүд нь өөрсдөө соёлынхоо дархлаа, баяр наадмынхаа манлай болж байгаа үндэстэн үгүй. Шандас сорьсон, давхар бахдал төрүүлсэн ийм үүрэг хүссэн аавын хүүхдэд нь оноогдоггүй юм. Азаар олдоггүй, золоор заяагддаггүй алба.

Монголчууд багаасаа моринд гаршиж, хүлгийн зоон дээр хүн болно гэж ярьдаг. Одоо өнөөх "Хөгжил", "Ирээдүй", "Хувьсал" гэдэг үгсээрээ түрий барьсаар байгаа бүхнээ устгах шат руу орлоо. Өв соёл гэдгийг бид дараа үедээ өвлүүлэн үлдээж, соёлыг нь байгаагаараа түгээхийн тулд ийн нэрийддэг. Энэ үгний утга учрыг ч алдагдуулах мэт. Хөгжил, хүний эрхээр хэт бамбай хийж, хурдан морины уралдааны тоог багасгах, үнэ цэнийг нь алдагдуулах бодлого хаанаас гарч байна вэ гэдэг сонирхолтой. Олон зууны түүхтэй энэхүү өв соёл сүүлийн арван жил хэрхэн үгүйсгэгдэж, шүүмжлүүлж байгааг харах нь малчид, уяачдын хувьд таагүй байгаа нь лавтай.

Уяачид, уралдаанч хүүхдүүд, малчдыг тал нутагт нь тааваар нь үлдээгээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж