“Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө” сэдвээр ҮАГ-аас гүйцэтгэлийн аудитыг хийж гүйцэтгэжээ. Аудитын тайланд анхаарал татахаар хэд, хэдэн зүйлс байгааг энд сийрүүллээ. Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхээр бодлого боловсруулан ажиллаж байна гэж төр засгаас мэдэгддэг хэдий ч бодит байдал дээр гарт баригдаж, нүдэнд харагдах бүтээн байгуулалт ховор, үр дүн гарахгүй байгааг дараах тоо илэрхийлж байгаа юм.
Энэ салбарын хөгжлийн зүг чиг болох учиртай бодлогын хэрэгжилт хангалтгүй, зорилтоо бүрэн хэрэгжүүлж чадаагүй байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод 2020 он гэхэд эрчим хүчний хэрэгцээнийхээ 85.0 хувийг дотоодын эх үүсвэрээр хангах зорилт тавьсан. Гэтэл 2015 онд бодлого батлагдсанаас хойш 2016-2020 онд 80.0 орчим хувийг дотоодын эх үүсвэрээс хангасан хэвээр буюу ахиц дэвшил гараагүй, импортын эрчим хүчний хамааралтай хэвээр байна. Мөн нийт эрчим хүчинд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хувийг 20 хувьд хүргэхээр заасан ч энэ оны гуравдугаар улирлын байдлаар 17.8 хувьтай байгаа аж. Эгийн голын УЦС, Улаанбаатарын 5 дугаар ДЦС, Тавантолгойн, Багануурын ДЦС зэрэг шинэ эх үүсвэрүүд, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамууд барьж байгуулах талаар үе үеийн Засгийн газар байнга ярьсаар ирсэн. Гэвч бодлого тодорхойлогчдын яриа бодит ажил болоогүй, Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нэмэгдээгүй, хүрэх үр дүнгийн биелэлт хангагдаагүй байна гэсэн агуулгыг аудитын дүгнэлтээс харж болно.
Одоогийн байдлаар Монгол Улс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 90.9 хувийг нүүрснээс гарган авч байна. Харин 7.9 хувийг нар, салхин эх үүсвэр, 1.2 хувийг усан цахилгаан станцаас авч байна. Ногоон эрчим хүчний жинг нэмэгдүүлэх цаашлаад эрчим хүчний системд тогтворжуулах үүрэг гүйцэтгэдэг усан цахилгаан станцуудыг барьж байгуулах санаачилга гараад удаж байгаа ч бодит үр дүн хараахан гараагүй л байна.
Эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилтийг хангах тогтолцооны тухайлбал, яамд хооронд буюу хөндлөн чиглэлийн уялдаа холбоо, оролцоо бүрэн хангагдаагүй, удирдлагын босоо чиглэлд Засгийн газар нь салбарын тулгамдсан асуудлыг үр дүнд хүрэхүйц байдлаар дэмжиж ажиллаагүй зэргээр харилцан хамаарал алдагдсан байгааг доорх жишээ харуулж байна. Тухайлбал, дулааны шугамын дагуу нийт 200 барилга зөрчилтэй баригдсан, нийслэлийн гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар бууруулснаас үүдэн 7.3 тэрбум төгрөгийн өр хуримтлагдаад байна. Гэтэл энэ төлбөрийг Сангийн яам, БОАЖЯ төсөв хүрэлцэхгүй шалтгаанаар шийдвэрлэхгүй байгаа нь яамд хоорондын уялдаа холбоо сул байгааг харуулж, хэн төлөх нь тодорхойгүй, хариуцах эзэнгүй байсаар.
Дээрээс нь, төрийн өмчит эрчим хүчний компаниудын алдагдал талийсан. Эдгээр компанийн алдагдал жилд дунджаар 35.7 хувиар нэмэгдсээр 2020 оны байдлаар нийт дүн нь 62.4 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ алдагдлын хамгийн том шалтгаан нь үнэ. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтдог үнийг төрөөс зохицуулж байгаа нь энэ салбар үр ашиггүй ажиллахад хүргэж байна. Тиймээс үнэ чөлөөлөх бодит шаардлага бий гэдгийг эрчим хүчний салбарынхан хэлдэг. Эрчим хүчний эх үүсвэрүүд ийм эмзэг, нэг л өдөр Монгол Улс гал алдаж, гэрэлгүй болоход ойрхон байгаа бол нөгөө талд энэ салбарын өр төлбөр ийнхүү хяналтаас гарах дөхжээ.
Одоогоор хэрэглэгчдэд борлуулж буй цахилгаан эрчим хүчний дундаж үнэ нь үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах өртгөөс 3.8-74.6 хувиар бага. Өртгөөсөө ийм бага үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна. Түүнчлэн дулааны эрчим хүч борлуулж буй дундаж үнэ өртгөөсөө 1.4-3.4 дахин бага. Харин борлуулалтын орлогын 16-23 хувь нь импортын эрчим хүчний төлбөр болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт очдог. Эдгээр шалтгааны улмаас энэ салбарын нийт алдагдал 67.8 тэрбум, сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр ороогүйгээр балансын алдагдал 92.0 тэрбум төгрөгт хүрчээ.
Дээрээс нь, үр ашиг багатай энэ салбарын компаниудын засаглал муу. Компанийн засаглалыг сайжруулж, мэргэжлийн чадварлаг удирдлага, хүний нөөцөөр хангах нь чухал байгааг аудитын баг онцолсон. Тодруулбал, компаниудын хувьцаа эзэмшигч, ТУЗ сайн засаглалыг бий болгож, үйл ажиллагааны зохион байгуулалтаа дээшлүүлж, ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа аж.
Үүнээс гадна Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний 30 гаруй барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгосон бөгөөд эдгээр эх үүсвэрүүд ашиглалтад ороогүй байна. Эдгээр эх үүсвэр ашиглалтад орж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхэлбэл одоогийн мөрдөгдөж буй дэмжих тариф болох 23.79 төг/кВт.ц дээр 113.78 төг/кВт.ц-аар нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй байна.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, СЭХ-ний үүсвэрүүд нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний үнийг бууруулсан ч ам.доллароор илэрхийлсэн хэвээр байгаа нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дэх хэсгийг зөрчсөн байна. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж, хэрэглэгчдэд хүргэхийн хэрээр өндөр үнэтэй ногоон эрчим хүч нь хэрэглэгчдэд төдийгүй дотоодын эрчим хүчний системийн санхүүгийн ачааллыг нэмэгдүүлж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарын санхүү эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлэх зэрэг эрсдэлтэй байгаа аж.
Эцэст нь, Аудитын тайланд “хууль дээдлэх” зарчим алдагдсанаас эрчим хүчний салбарын урт, дунд хугацааны бодлогын хэрэгжилт хангалтгүй, үнэ тарифыг бүрэн индексжүүлээгүй байна гэж дүгнэсэн байна. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжид амин чухал хэрэгтэй, улсын хөгжлийн цохилох зүрх болсон эрчим хүчний салбарт хүлээгдэж буй зохицуулалт, өөрчлөлтийг цаг алдалгүй хийх шаардлага үүсээд байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Холбоотой мэдээ