Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг ирэх аравдугаар сарын 11-ний Баасан гаригт зохион байгуулах тов гарсан. Тэгвэл Үндэсний аудитын газраас нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэг нам, эвслээс болон нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг дараах байдлаар тогтоосон байна.
НИТХ-ын сонгууль УИХ-ын сонгуулийн адил томсгосон тойрогт явагдана. Тиймээс нам, эвсэл, нэр дэвшигчээс гарах зардал өсөхөд нөлөөлсөн гэж зарим судлаачид дүгнэж байна. Тухайлбал, Баянгол дүүргээс нэр дэвшигч 883 сая 500 мянган төгрөг зарцуулах бол Багахангай дүүргээс нэр дэвшигч 99 сая 500 мянган төгрөг зарцуулахаар байгаа нь хуваарилалтын хувьд шог санагдах нь ойлгомжтой.
Өөрөөр хэлбэл, НИТХ-ийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч ойролцоогоор хамгийн багадаа 100 сая төгрөгөөс 1 тэрбум төгрөг зарцуулах хэмжээний санхүүгийн чадалтай, бядтай байх нь эхний шалгуур үзүүлэлт болно гэсэн үг.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болон Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлтүүдийн хүрээнд шат шатны сонгуулийн зардлын хувь хэмжээг бууруулах зорилт тавьж, олон сайхан зүйл ярьсан. Ухуулагчдын тоо, цалин хөлсний хувь хэмжээг бууруулах, хэвлэлийн хуудсын тоо, хэмжээг багасгасан, нэр нэвшигчдийг сурталчилгааны нэгдсэн нэг самбартай болгосон гэх мэт дэвшилттэй зүйл байгаа ч зардлын хувьд өссөн болохыг улстөрчид шүүмжлэх болсон юм.
Тухайлбал, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 894.7-1,526.1 сая төгрөгийн хооронд байхаар Үндэсний аудитын газраас тогтоосон нь УИХ-д нэр дэвшигчдэд томоохон саад тээг болсон гэдгийг нэр дэвшигчид хэлж байсан.
УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг “Энэ удаагийн сонгуульд миний сонгогдсон Сүхбаатар дүүрэг маань Чингэлтэй дүүрэгтэй нэгдэж том тойрог болсноор нэр дэвшигчээс гарах зардлын хэмжээ ихэд нэмэгдэж нэг тэрбум орчим төгрөг зарцуулж байж сонгуулийн ухуулагчдын цалин, хэвлэл мэдээлэл, сурталчилгааны зардал гаргах болсон нь академик ертөнцөөс улс төрд орж ирсэн, хувийн бизнесгүй миний хувьд тойрогт өрсөлдөх санхүүгийн боломжгүйд хүргэсэн юм. Тийм учраас намын жагсаалтаар нэр дэвших хүсэлтээ намдаа гаргасан ч энэ сонгуульд МАН маань жагсаалтаар УИХ-ын гишүүд, сайд нарыг дэвшүүлэхгүй, нийгмийн өргөн төлөөллийг хангах салбар бүрийн хүмүүсийг оруулна гэсэн шийдвэр гаргасныг “УИХ бол хүн амын төлөөллийг хангах ёстой” гэж олон жил зүтгэж, хуулинд тусгаж ирсэн гишүүний хувьд дэмжин хүлээж авлаа” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан юм. Мөн түүнчлэн хангайн бүсэд "өвдөг шороодсон" МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж нар олон нийт, ах дүү, ахмадуудаасаа хандив тусламж гуйж сонгуулийн зардлаа бүрдүүлэхээс өөр аргагүй болсон гэж мэдээлж байсан билээ. Энэ мэт ил шүүмжилсэн нь цөөхөн ч ихэнх нь мөнгөний сонгууль боллоо гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Тэгвэл хоёр сарын дараа болох орон нутгийн сонгуульд өрсөлдөх нам, эвсэл,мнэр дэвшигчдийн хэн нь илүү мөнгөтэй вэ гэх марафон тун удахгүй эхлэх гэж байна.
Тухайлбал, нийслэл Улаанбаатар хотын Баянгол дүүрэг болоод Багахангай дүүргээс нэр дэвшигчийн халааснаас гарах зардлын хэмжээ 8 дахин ялгаатай байх нь. Мөнгөний марафоны тогтолцоог өөртчлөөгүй цагт УИХ болон бусад төлөөллийн байгууллагад иргэдийн жинхэнэ төлөөлөл бус мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс суусаар л байх болно. Мэдээж эргээд зарцуулсан мөнгө ямар аргаар нөхөж олоод цаана нь хэний эрх ашгийн төлөө ажиллах вэ гэдэг нь хэн бүхэнд тодорхой асуудал юм. Төрд иргэдийг төлөөллөх хүнийг сонгох үйл явцын мөнгөний хамаарал буураагүй цагт төрд иргэд, улс орныхоо төлөө ажиллах сэтгэлтэй, зүтгэлтэй хүн сонгогдоно гэдэг үлгэр л дээ.
3,569.17























































Холбоотой мэдээ