"No double standart" иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү тэргүүтэй хүмүүс арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, болон өөрчлөлт оруулах талаар нээлттэй сонсгол хийх хүсэлтийг УИХ дахь Ардчилсан нам (АН)-ын бүлэгт хүргүүлсэн. Улмаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тэдний эрх зөрчигдсөн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийхээр санаачилсан билээ.
Өнөөдрийн байдлаар 39 гишүүн Э.Одбаяр, Д.Монголхүү нарын зөрчигдсөн эрхийн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийхийг дэмжсэн байна. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Х.Баделхан дэмжиж гарын үсэг зурав. Ямар ч байсан 30 гаруй гишүүд нээлттэй сонсгол явуулахыг дэмжжээ.
Энэ талаар Нийтийн сонсголын тухай хуульд: 9.1.2.Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан тохиолдолд сонсгол явуулна гэж заажээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлээд буй. Тэрбээр "Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийг журамлах цаг ирсэн байна. Ингэснээр иргэд жагсаал цуглаан хийх хүсэлтээ тухайн дүүргийн Засаг даргад мэдүүлж бүртгүүлнэ. Олон улсын туршлагаас харахад жагсаал цуглаан хийхээс өмнө бүртгүүлдэг. Иргэдийн итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хэзээ ч, ямар ч цаг үед нээлттэй орхих ёстой" гэсэн юм.
Уг асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр "Монголын төр нэг л нүүртэй байх ёстой, хэнийг ч ялгаварладаггүй байх ёстой. Иргэдээ итгэл үнэмшилтэй байсны төлөө, үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдан хорихгүй байх бодлогоо Монголын төр зарласан. Итгэл үнэмшлийг цагдан хорихгүй гээд төрийн бодлого тодорхой байхад торгох ял авах хүнийг цагдан хорьдог байж таарахгүй. Хэрэг шалгах ажиллагааны зарчимд нийцэх үү гэдгийг бодоорой" гэж холбогдох байгууллагын албан тушаалтнуудад анхааруулж, "Хүний эрхийн тэмцэлд төгсгөл гэж байхгүйтэй адил Хүний эрхийн дэд хороо хүний эрхийн асуудлаар хуралдах нь хэзээд нээлттэй" гэсэн байр суурь илэрхийлж байв.
Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль анх 1994 онд батлагдаж, 2005 онд нэмэлт, өөрчлөлт орж байсан түүхтэй бөгөөд уг хууль цаг үеийн шаардлага хангахгүй байгааг ХҮЭК-оос удаа дараа дүгнэж байсан юм.
Уг хуулийн хэрэгжилтээр нийтийн сонсгол хийхийн гол ач холбогдол нь оролцогч бүх тал нэг дор цуглаж, бодит байдлын талаар олон нийттэй нээлттэй ярилцаж, хаана нь алдаа гараад байгааг тодруулах, бодитоор олж тогтооход оршиж байгаа юм. Ингэснээр шинэчлэгдэн гарах хууль иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг баталгаатай хангах боломжийг бүрдүүлэх юм.
Өмнөх туршлагуудаас харахад УИX-ын гишүүд албаны журмаар цагдаа, прокур гэх мэт төрийн байгууллагуудаас иргэдийн эрх зөрчигдсөн асуудлаар мэдээлэл хүсэхэд, тэдний зүгээс өөрсдийн үйлдлийг зөвтгөж, иргэдийг буруутгах, гуйвуулсан мэдээлэл өгөх хандлага гарч байсан нь нууц биш юм. Тухайлбал, 461 дүгээр анги дээр болсон "No double standards" хөдөлгөөнийхөнтэй холбоотой үйл явдлуудыг олон нийтэд хэрхэн мэдээлж байгааг харахад цагдаагийнхан болон шүүxийн шийдвэрийнхэн илт зөрүүтэй мэдээлэл өгч байсан нь тэднийг эргэлзэхэд хүргэсэн.
Мөн ихэнх тохиолдолд хөдөлгөөнийхний болон иргэдийн тухай мэдээллийг УИX-ын гишүүд зөвxөн нийгмийн сүлжээнд тавигдсан мэдээллүүдээс авдаг. Тэгэхээр бүx талыг оролцуулсан, ил тод нээлттэй сонсгол хийx нь чухал ач холбогдолтой гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж дэмжсэн билээ.
Холбоотой мэдээ