"Төрийн ордонд орохоос эхлээд л хүний эрх зөрчигддөг"

Хуучирсан мэдээ: 2021.12.30-нд нийтлэгдсэн

"Төрийн ордонд орохоос эхлээд л хүний эрх зөрчигддөг"

"Төрийн ордонд орохоос эхлээд л хүний эрх зөрчигддөг"

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн нээлттэй сонсгол өнөөдөр/2021.12.30/ Төрийн ордонд болсон. Гэвч "NoDoubleStandart" тэргүүтэй хөдөлгөөний төлөөлөл энэ нээлттэй сонсгол хүчингүй болох ёстой гэдгийг мэдэгдэн хэвлэлийн бага хурал хийлээ.


Иргэн Д.Монголхүү:

-Нээлттэй хэлэлцүүлэг нь бидний хүссэн, хэвлэлийн оролцоог хангаж чадахгүй гэдгийг бид мэдэгдсэн. Гурван бүлэг шаардлагыг хүргэсэн. Үүнд, нэгдүгээрт Үндсэн хууль болон Сонсголын тухай хуульд нийцүүлэх, хоёрдугаарт, олны анхаарал баяр руу чиглэсэн үед хийхгүй байх, гуравдугаарт, нэг өдөр яриад өнгөрөх асуудал энэ бишээ гэдгийг хүргүүлсэн. Гэтэл бид хүсэлтээ өгөөгүй гэж Н.Учрал гишүүн мэдэгдсэн. Д.Ганбат гишүүн арванхоёрдугаар сарын 20-ны өдөр шаардлагаа хүргүүлсэн гэдгийг хэлж байхад микрофоныг нь хааж байна лээ. Хаалттай хэлэлцүүлгийг явцыг харж байхад шүүмжлэл хэлсэн хүмүүсийн микрофоныг шууд хааж байна. УИХ-ын чуулган, хэд хэдэн байнгын хорооны хуралтай давхцуулж хийж байгаа нь энэ хэлэлцүүлгийг үр дүнгүй болгож буй хэлбэр.

Ирэх оны нэгдүгээр сарын 15-ны өдөр нээлттэй сонсголыг улс орон даяар хийнэ.

УИХ-ын чуулганаар энэ сонсгол явах ёстой. Гэтэл Байнгын хорооны хурлаар явуулсан. Хэрэв бидний шаардлагыг хүлээн авахгүй бол бойкотлоно гэдгээ илэрхийлсэн. Хэлснийхээ дагуу ч өнөөдөр очсонгүй. Хэрэв мэдлэг ур чадвар чинь дутаад байвал бид туслаад өгье гэдгээ арванхоёрдугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн. Өнөөдрийн байнгын хорооны хэлэлцүүлэх асуудал дээр энэ сэдэв байгаагүй. Хэлэлцэх асуудлаас хассан гэсэн. Хүний эрхийн комисс тэр зааланд юу хийж суугаад байгаа юм бэ. Хүний эрхийн комисс бойкотлоод гараад явах хэрэгтэй шүү дээ. Нүдэн дээр нь хүний эрх зөрчигдөж байхад. Иргэдээ үүрэгжүүлэх тухай л яриад байна. Төрийн үндэс суурь иргэдээ хамгаалах хэлбэрүүд олон янз байдаг. Иргэдийг бус төрийг үүрэгжүүлэх ёстой байдаг юм. Хийж байгаа ажлаа ойлго. Өнөөдөр нэг талын хүмүүс л оролцлоо. Өнөөдрийн хэлэлцүүлгийг заавал хүчингүйд тооцох ёстой.

Иргэн Д.Амартүвшин:

-Халтуурны юм битгий хийгээсэй гэж бид хүссэн. Гэтэл нээлттэй сонсголыг халтуурдаж байна. Иргэдийн төлөөллийн хоёр хүн нь МАН-ын гишүүн байгаа харагдсан. Асуулт асуугаад л болсон. Ардын намын эрх мэдэлтэй хүмүүс удахгүй гудамжинд гарна. Эрх мэдэл үүрдийнх биш. Байнга эрх мэдэлтэй байх юм шиг хандлага гаргаж байгаа нь муухай санагдаж байна. Нээлттэй нэртэй жүжиг өнөөдөр боллоо. н.Мөнхчулуун Ардын намынх, хүний эрхийн судалгааны төвийн ажилтан нь бас Ардын намынх. Зүгээр л жүжиг тавиад байна. Энэ байдлаар жагсаал цуглааны тухай хуулийг сайжруулахгүй. Эрх баригчдад ээлтэй хууль болох гээд байна. Бид 10-15 хүн оруулж, сонсгол хийх ёстой. Тэрнээс биш Н.Учрал, Х.Нямбаатарыг сонсох сонсгол биш ээ. Олон нийтийн сонсгол байх ёстой. УИХ-ын чуулганы хажуугаар жижигхэн, халтуурдсан хэлэлцүүлэг боллоо. Та нар 2-3 жилийн дараа гудамжинд гарна. Бидэнтэй адил сууж байна. Тэр үед та нарыг хэн ч сонсохгүй. Та нарыг эрх мэдэлтэй байхтай ямар байсныг хүмүүс асууна.

Иргэн н.Цацрал:

-Өнөөдөр жагсаал, цуглаан зохион байгуулах тухай хуулийн нээлттэй сонсгол болжээ. Нэрсийг нь авч, өнөөдөр оролцооч гэсэн. Сүүлийн хоёр жил 420 орчим жагсаал болсон. Үүнээс 29 нь хүсэлтээ өгч, 28 нь татгалзсан хариу авсан. 1994 онд батлагдсан энэ хууль хэрэгжихгүй байна. Төрийн ордонд орох үйл явцаас эхлэн хүний эрх зөрчигдөж байна. 40 гаруй хувийн ирцтэй эхэлсэн энэ сонсгол дээр микрофон барьсан хүмүүс иргэдийг шүүмжилж байна. Өнөөдөр арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хүмүүс юу хийж байдаг юм бэ. Иргэд баяртаа бэлдэж байдаг юм. Ажлын өдөр сонсгол зарлаад эхэлсэн хойно нь мэдэгдэж байна. Оролцох хүмүүсийнхээ тоог нэмье гэж шаардлага хүргүүлсэн ч хариу нь ирсэнгүй. Өнөөдрийн нээлттэй сонсголыг хүчингүй болгон ирэх онд хийе гэсэн саналтай байна.

"Yes or No" хөдөлгөөний н.Билгүүн:

-14 хоногийн өмнө зар хүргэх ёстой байдаг. Гэтэл өчигдөр, өнөөдөр зар хүргэж байна. Мессежээр зар хүргэнэ гэж байдаггүй. Арванхоёрдугаар сарын 20-ны өдөр бид хэвлэлийн бага хурал зарлаад хүсэлтээ хүргүүллээ гэж мэдэгдсэн. Гэвч Н.Учрал гишүүн хүсэлт хүргүүлээгүй гэж хэллээ. Д.Монголхүү, Э.Одбаяр нарын нэрийг цохож, хэллээ. Харлуулах зорилгоор хэвлэлийн бага хурал мэт нээлттэй сонсгол хийлээ. Өнөөдөр нээлттэй сонсгол хийсэн гэж үзвэл дахин хоёр жил сонсгол хийхгүй. Иргэн асуулт асуухаар ондоо хариулт хэлдэг. Н.Учрал гишүүн Э.Одбаяр, Д.Монголхүүг харлуулах гэж орж ирсэн. Гурван минутын хугацаанд энгийн иргэн өөрийн зөрчигдөж буй эрхээ ярихад хангалтгүй. Хэвлэлийн байгууллагууд яагаад нээлттэй сонсголд оролцохгүй байгаа юм. Ганц "parlament.mn" байх нь хангалтгүй.

Э.Одбаяр:

-Өнөөдөр 18 хүн нээлттэй сонсголд бүртгүүлжээ. Анх 10 хүн бүртгэнэ гээд тав нь оролцогч, тав нь ажиглагч гэсэн. Гэтэл өнөөдрийн сонсголд оролцсон хүмүүсийн тал нь Ардын намынх. Хэрэв гүжирдсэн гэж байгаа бол харъя л даа. Яг асуудал тавих гэсэн төрийн бус байгууллагуудаа хашааны гадна үлдээгээд өөрсдийн хүний эрхийн гэх нэртэй байгууллагуудаа оруулж байна. Бид шаардлагадаа бүхнийг дурдсан. Өнгөрсөн жил өрнөсөн органик хөдөлгөөнүүдийг нэрсийг нь бичээд, асуудлаа тавиад байна шүү дээ. Нээлттэй сонсголд ирсэнгүй гэж болохгүй. Х.Нямбаатараа чамаар заалгахгүй. Зүүн гараараа хүний эрхийг булшилж, баруун гараараа хамгаалж байгаа юм шиг байж болохгүй. Хурал даргалагч Н.Учрал гишүүн хэдэн хүн урьсан юм бэ. Хэвлэл мэдээллийнхэн заавал оролцох ёстой. Сонсголд заавал оролцох иргэд ч бий. Чаддаг юм бол та нар ороод ир гэж болохгүй. Төрийн ордонд орохоосоо эхлээд л хүний эрх зөрчигддөг. Хэдэн цүнх барьдаг нөхдүүдээ ордон руу оруулаад твиттерээр хүн доромжлохоо болиоч. Өнөөдрийн нээлттэй сонсгол журмаа зөрчсөн учир хүчингүйд тооцно. Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хүмүүс гэртээ нийслэл салатаа хутгаж байхад нээлттэй сонсгол зарлаж байна. Бид 2022 онд өөрсдийн жинхэнэ нээлттэй сонсголоо хийх болно. Хүн бүрийг нээлттэй индэр дээр гарган сонсох болно. Та нар чадахгүй бол иргэд өөрсдөө эрхээ хамгаалахын төлөө явна.

Өнөөдрийн сонсголд хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох байсан. Тиймээс энэ бол хүчингүй. Шинэ товыг зарлах ёстой. Дахин хийхгүй бол бид өөрсдөө хийнэ. Бид төрийн байгууллагын дарга нарыг урина. Хэн ирж, хэн ирэхгүйг бүгд харах ёстой. Х.Нямбаатар, Н.Учрал хоёр сууж байгаад 30 минут ярьдаг зүйл хийхгүй. 2-3 өдөр үргэлжлэх сонсгол хийнэ. Хэрэв бид өнөөдөр ордон руу орсон бол оролцогч гээд бүртгэчихнэ. Сонсгол ингэж хийхгүй гэдгийг нь бид хэлээд байхад хариу өгөлгүй хийсэн. Хэдүүлээ ширээ тойрч суугаад хуулиа боловсруулъя. Та нар бидний боловсруулсан төслийг хараад ойлгохгүй юм байна. Бидэнд олон материал байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
81
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж