Энэтхэгийн дээд шүүхээс Шинэ Дели хотод хөл хорих санал тавьжээ. Энэ нь цар тахал биш агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хортой нөхцөл байдалд хүрсэнтэй холбоотой аж. Даваа гаригийн хуралдаанаар эрх баригчид чухал хэрэгцээгүй замын хөдөлгөөнийг хязгаарлаж, албан газруудыг хааж, олон сая хүнийг гэрээсээ ажиллахыг үүрэг болгожээ.
Энэ хөл хорио хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Дели хотын агаарын чанар Даваа гаригт бага зэрэг дээрдсэн гэдгийг албаныхан мэдээллээ. Агаарын чанарын (AQI) индексээр агаарын бохирдол Дели хотноо Даваа гаригт 400-гаас доошилсон байна. Өнгөрсөн долоо хоногт хотын зарим хэсгээр агаарын бохирдол дээд хэмжээнээс хэтэрчээ. Дели хотын орлогч дарга агаарын бохирдолтой холбоотой хөл хорио тогтооход бэлэн байгаагаа зарласан ч ойр орчмын бүс нутгууд адил арга хэмжээ авахгүй бол үр дүн маш бага гарахыг онцолжээ.
Шинэ Делигийн агаарын бохирдол хэвийн хэмжээнээс дөрөв дахин их байгаатай холбогдуулан сургуулиуд хаалгаа барьж, барилгын ажлуудыг зогсоосон юм. Энэ нь эдийн засгийг ноцтой удаашруулна гэж албаныхан мэдэгджээ. Энэтхэгийн сургуулиуд цар тахлаас шалтгаалан хаалга бариад 20 сар болсны эцэст дөнгөж сурагчдаа хүлээн авсан ч ийнхүү буцаад хаалгаа барьжээ.
Энэ бүхэн Энэтхэгийн хойд хэсгээр үүссэн хортой утаанаас үүдэлтэй юм. Үйлдвэрлэл, авто машинаас ялгарах утаан дээр ургац хураалтын дараа үлдсэн хог хаягдлыг шатааснаас өвөл болгон нийслэлд утаа үүсдэг байна. Гэхдээ Даваа гаригт болсон шүүх хуралдаанаар агаарын бохирдолд зөвхөн тариачдыг буруутгаж байсныг няцааж, тэд нийт бохирдлын 10 хувийг л үүсгэж байгааг хэлжээ. Зарим шүүгч бүр 10 хувиас бага ч байж болно гэж мэдэгджээ.
Энэ хооронд Глазго дахь НҮБ-ын чуулга уулзалтад Энэтхэгийн нөхцөл байдлыг нухацтай авч үзээгүй байна. Харин нүүрсний хэрэглээг багасгах биш нэг мөсөн хэрэглээнээс гаргах талаар ярилцсан нь зарим эрх баригчдын дургүйцлийг хүргэжээ. Гэхдээ энэ үйл явдал нь Энэтхэгийн хэвлэл мэдээлэлд арай өөрөөр тусгагдсан байна. Энэтхэгийн нэгэн хэвлэлд “COP26” чуулганы мэдэгдэл нь Энэтхэг болон түүний дипломат харилцаанд том ялалт гэж нийтэлсэн байна. Энэтхэг улс нь эрчим хүч үйлдвэрлэлийнхээ 70 хувийг нүүрснээс гаргаж авдаг. Мөн нүүрсний хэрэглээг багасгаж, олон улстай хамт хэрэглээнээс гаргана гэсэн зорилттой байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: NPR
Холбоотой мэдээ