VS: Хийн халаалтыг гэр хороололд ашиглана, ашиглахгүй

Хуучирсан мэдээ: 2025.02.05-нд нийтлэгдсэн

VS

VS: Хийн халаалтыг гэр хороололд ашиглана, ашиглахгүй

NEWS.MN энэ долоо хоногийн VS булангаараа олны анхаарал татсан сэдэв болсон агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айлуудад хийн халаалт нэвтрүүлэх асуудлаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Ц.Түмэнбаяр нарын эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. Ц.Түмэнбаярын хувьд хийн халаалтыг ашиглавал Монгол Улс импортын хамааралтай болно гэсэн бол нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дэлхий нийтээрээ нүүрснээс салж хий рүү шилжилт хийж байна гэдгийг хэлсэн юм.


 

Ц.Түмэнбаяр
“Хашаандаа сайхан амьдаръя” бүлгэмийн админ

-Зуух тараахаа зогсоосонд баяртай байгаа. Олон нийтийнхээ үгийг сонсдог болсон байна. Дүлий биш байна. Хийн хэрэглээн дээр гурван том асуудал байгаа. Ер нь бүтэхгүй л гэж хэлнэ. Нэгдүгээр Монгол Улс импортын хамааралтай болно. Монгол Улс авто бензин, эрчим хүчээ ОХУ-аас худалдан авч байгаа. Хийн халаалт гэдэг чинь дулаан гэсэн үг. Үүн дээр дулааны хамааралтай болох нь ээ. Одоохондоо хийн газны үнэ хямд байж болно. Хэрэв геополитикийн дайн зогсч, Европын холбоо газ худалдан авч эхэлбэл хийн газны үнэ нэмэгдэнэ. Мөн улс төрийн ямар нэгэн асуудал гарч, газаа хаахад гэр хорооллын айл өрхүүд хөлдөх эрсдэлтэй.

Хоёрт, маш том татаас явна. Одоо нүүрс дээр жилд 400 тэрбум төгрөгийн татаас өгч байгаа. Хэрэв гэр хорооллыг газаар халаавал үйлдвэр барьж, дэд бүтцийг нь татах гээд жилд өгөх татаас нь хоёр их наяд төгрөг. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө.

Гуравт, монголчууд газ хэрэглэж заншаагүй. Нүүрс түлж байхад олноор угаартаж байгаа шиг ахуйн газын осол нэмэгдэнэ. Нэг шугамд гэмтэл гарахад холбогдсон бүх айл хордож, гал алдах эрсдэлтэй. Үр ашиггүй хөрөнгө оруулалт болно. Харин зөв шийдэл нь гэр хорооллын гэр, байшинг дулаалах. Ойролцоогоор 6 кВТ-аар халдаг айлыг дулаалбал 2 кВТ-аар хална. Газын дэд бүтэц нэг айлд ч байхгүй. Гэтэл тогны утасны үзүүр очоогүй айл өрх гэж байхгүй. Бэлэн байгаа дэд бүтцээ ашиглан байшин, гэрээ дулаалж, цахилгаанаар халаа гэж хэлмээр байна. Жилд 10-20 мянган айлын яндан буулгах эрчим хүчний эх үүсвэр үүсчихсэн шүү дээ. 

Х.Нямбаатар
Нийслэлийн Засаг дарга
-Энэ мэддэг мэддэг гэхэд арай дэндэнээ. Бид утаанаас хурдан ангижрах шийдэл орон сууцжуулах бодлоготой хамт хийн түлшинд шилжихээр судалгаа тооцоолол хийж байгаа.
Дэлхий нийтээрээ нүүрснээс салж хий рүү шилжилт хийсэн. Сонгуулиар дэвших гээд чадаагүй, нам нь ажилд тавиагүй энд тэнд юу хамаагүй ярьж олон түмэнд буруу ойлголт өгөхөө энэ мэт нөхдүүд болих хэрэгтэй. Хийн нэгдсэн систем тус бүртээ аюулгүйн системээр тоноглогдсон байдаг.
Өнгөрсөн 2022 онд Агаарын тухай хууль батлагдсан. Уг хуулийн 6.1.6 д цахилгаан болон хийн түлшинд шилжсэн гэр хорооллын шаардлага хангасан өрхөд урамшуулал олгох тогтолцоог хуульчилсан.
Уг урамшуулал олгох журмыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. LNG/LPG гэсэн хийн хоёр сонголтоор гэр хорооллын өрхүүдийг хийн шилжилтэд шилжүүлэх судалгаа, тооцоо хийгдэж байна. Туршилт ч явагдаж байгаа. Амины сууц нь шаардлага хангасан айлуудад LNG буюу байгалийн шугам оруулах, гэр сууцанд LPG хоолой халаагчтай нь оруулах тооцоо судалгааны дүн удахгүй гарна. Нэг жишээ хэлье. Гэрт LPG халаагч, плиткатай тавьж нэг сар боллоо. Уг айл цахилгаан плитка хэрэглэлгүй газан плитка дагнан ашиглаж гэр нь тогтмол 25 аас дээш градус байхаар тохируулж/ автомат асаж унтардаг тохиргоотой/ хэрэглэхэд 12 сард өнөөгийн худалдаалж бгаа LPG үнээр 165 мянган төгрөг гарсан. Тэгвэл Агаарын хуульд заасны дагуу халаалтын улирлын долоон сард сар бүр тогтоосон хэрэглээний 50 хувийг төрөөс даахад уг айл 83 мянга орчим төгрөг төлөхөөр байна. Мэдээж дулаалга маш чухал. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж