Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүрийн Баасан гаригт сэтгүүлчдийн асуултад хариулж, олон нийтэд нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж буй. Энэ удаа сэтгүүлчдийн асуултад ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа, ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зохицуулалтын газрын дарга Л.Энхсайхан, ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр нар мэдээлэл өглөө.
-Дельта вирус илэрсэн хэчнээн хүн байгаа вэ. Биеийн байдал нь хүндэрсэн үү?
-Дельта вирус батлагдсан долоон хүн байгаа. Одоогоор шинжилгээнүүдийг авч байна. Иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа.
-PCR шинжилгээний цэгийг яагаад нэмэгдүүлэхгүй байна вэ?
-Хуваарийн дагуу ажиллаж байгаа цэгүүдийг одоогоор нэмэгдүүлэхгүй. Халдвар бүх нийтээр тархсан байгаа энэ үед түргэвчилсэн шинжилгээ нь хугацааны хувьд илүү хэмнэлттэй. Хоёрдугаарт түргэвчилсэн болон PCR шинжилгээ чанарын хувьд ойролцоо учир хариу арга хэмжээг хурдан авах үүднээс цэгүүдийн тоог нэмэхгүй байгаа гэж ойлгож болно. Шат, шатны эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүдийн ачаалал өндөр байна. Ээлжийн амралтаа аваагүй эмч нар ч олон бий. Вакцины цэгийг нэмэх тал дээр анхаарч ажиллаж байна. Дэлхийн нийт хүн амын 23 хувь нь вакцинд хамрагдсан. Харин манай улсад хүн амын 60 хувь нь хамрагдсан. Дархлаажуулалтын ажил эрчимтай үргэлжилж байгаа.
-ДЭМБ-ын зөвлөх баг Монгол Улсад ажиллана гэсэн. Хэзээ ирэх вэ?
-Монгол Улсад ажиллаж байгаа эмч нар халдвар бага бүртгэгдсэн орнуудын эмч нартай харьцуулахад харьцангуй туршлагажиж байгаа. ДЭМБ-ын бүс нутгийн хүрээнд хийж байгаа ажлын хүрээнд Монгол Улсад 42 хоногийн хугацаанд сургалт зохион байгуулахаар долоон хүний бүрэлдэхүүнтэй эмч мэргэжилтнүүд ирж буй.
–Вакцины гуравдугаар тунгийн талаар судалгааны ажил ямар явцтай байна вэ?
-Вакцины үр нөлөөг анхааралтай судалж байгаа. Халдварын эсрэг вакцин өвчлөлөөс 90-95 хувь хамгаалж байгааг ДЭМБ-аас мэдээлсэн.
-Улсын хэмжээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангалттай бий юу?
-Иргэд дур мэдэж эмчилгээ хийлгэх асуудлууд гарч байна. Түүнээс эм, эмнэлгийн зайлшгүй шаардлагатай хэрэгсэл, бүтээгдэхүүн одоогийн байдлаар хангалттай байгаа.
"ДЕЛЬТА ВИРУС БӨӨР, МЭДРЭЛИЙН ЭД ЭСИЙГ ГЭМТЭЭЖ, ЭРХТЭН ТОГТОЛЦООНД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ"
-Дотоодод бүртгэгдсэн Дельта хувилбарын нөхцөл байдал ямар байна вэ. Шинж тэмдэг, эрсдэл, тархах хугацааг дэлгэрэнгүй хэлж өгнө үү?
-Тархах чадвар энгийн хувилбараас богино хугацаатай байдаг. Тиймээс халдвар авах болон тархах эрсдэл өндөр. Энэ вирус бөөр, мэдрэлийн эд эсийг гэмтээж биеийн эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг. Дур мэдэн эм хэрэглэж болохгүй.
-Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилтнуудад нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламжийг олгосон уу?
-Эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилттэй болсон. Ингэснээр гүйцэтгэлээр цалин олгох асуудал тухайн эмнэлгийн удирдлагууд шийдвэрлэнэ. Гүйцэтгэлээр авч байгаа өртгийн хэмжээг нэмэгдүүлснээр цалин урамшуулал нэмэх боломж бүрдсэн. Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж байгаа учраас эмч ажилчид нэхэмжлэлээ авч байгууллагын удирдлага тодорхой хэмжээний урамшууллыг олгоно. Урамшуулал долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхэн үеэс олгож эхэлнэ.
-ХӨСҮТ хүний нөөцөө нэмэгдүүлэх үү?
-Дельта хувилбар мутацид ороогүй вирусээс илүү эрсдэл өндөр. Хэрэв Дельтагийн тархалт нэмэгдэх юм бол хүндрэх хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Тэгэхээр хүний нөөцийн асуудал ярина гэсэн үг. Резидент эмч нарыг нэмэх, хийж байгаа судалгааны ажлуудтай холбоотой нэмэлт хүний нөөц зайлшгүй шаардлагатай байгаа. Тиймээс АШУҮИС-ийн оюутнуудыг цалинтай дадлагажуулан ажиллуулж байгаа.
-Ирэх саруудад халдварын тархалт ямар байх вэ?
-Халдварын тархалт хүн амын хөдөлгөөнтэй шууд хамааралтай. Эрдэмтэн, судлаачдын тооцооллоор ирэх долоо хоногоос халдварын хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 400-аас доош байх боломжтой гэсэн урьдчилсан тооцоог гаргасан. Нийслэлд халдварын идэвх харьцангуй суларсан. Харин орон нутагт эрсдэл өндөр байна. Гэхдээ иргэдийн хөдөлгөөнөөс шалтгаалаад ирэх есдүгээр сард сургууль, цэцэрлэг орохоор бол ирэх сард халдвар нэмэгдэх магадлал маш өндөр.
Холбоотой мэдээ