Сурвалжлага: "Хариуцлагын гэрээ"-г зөвшөөрөхгүй бол хаалгаа барь!

Хуучирсан мэдээ: 2021.06.29-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: "Хариуцлагын гэрээ"-г зөвшөөрөхгүй бол хаалгаа барь!

Сурвалжлага: "Хариуцлагын гэрээ"-г зөвшөөрөхгүй бол хаалгаа барь!

-“Хариуцлагын гэрээ”-гээ байгуулсан уу?

-Үгүй ээ, хүргэлтээр л ажиллаж байна. Тэр гэрээнд бидэнд наалдах юм байгаа юм уу?

-Мэдэхгүй ээ, гэрээг нь харж байгаад л байгуулъя, үгүй бол хаалгаа барихаас яах вэ. Хүн хооллосон биш өрөнд орвол бүр баларна… гэж нэгэн цайны газарт түрээслэгчид ийнхүү ярилцах нь сонсогдов. Хотын төвд, хөл хөдөлгөөн ихтэй газар байрладаг атал эл хуль тус цайны газрын түрээслэгч Л.Насанжаргал зэргэлдээх цайны газрын түрээслэгчтэй жаргал, зовлонгоо хуваалцаж байгаа нь энэ. Түүний хувьд хоолны салбарт олон жил ажилласан ч өдгөө энэ салбарыг орхих хүртлээ цөхөрсөн аж. Учир нь, аж ахуйн нэгжүүдтэй байгуулж буй “Хариуцлагын гэрээ” хөл хорионоос илүү хүнд дарамт болжээ.

Тэрбээр “Хариуцлагын гэрээ"-г нарийн судалж, байгуулна. Үгүй бол хаалгаа барихаас өөр яах вэ дээ. Гэрээ байгуулсан биш ачаалал, дарамт үүрч, өрөнд орох эрсдэлтэй ажилласнаас хаалгаа барьсан нь дээр. Хоёр хуушуур, хоёр мантуун буузны 6500 төгрөг авсныхаа дараа тэр хүний эрсдэлийг үүрч, эмчилгээний зардлыг нь даана гэдэг бидэнд хүндрэлтэй. Маш өндөр торгуультай, үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээ авна гэж заасан. Муугаар бодоход манай цайны газраар үйлчлүүлсэн хүн халдвар авбал эмчилгээний зардлыг нь даахаар нөхцөлийг “Хариуцлагын гэрээ”-нд тусгаж байна. Амьжиргаагаа залгуулах гэж өр тавьж, түрээс төлж ажиллаж байгаа болохоос хэн нэгний төлөө эрсдэл үүрч, өрөнд орохыг хүсэхгүй” гэв.

Энэ мэтчилэн олон шалтгаанаар зарим цайны газар “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй ч иргэдэд заалаар үйлчилгээ үзүүлээд эхэлжээ. Хэрэв мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтаар баригдвал хаалгаа барьсан ч алдах зүйлгүй болтлоо орлогогүй болж шантарсныг ч хэлж байгаа юм.

БИДНИЙГ "ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН"  Ч ТООХГҮЙ, ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТОРГУУЛАХ БАЙСАН

Хоолны салбарт 20 жил үйл ажиллагаа явуулсан, хотын төвд байрлах монгол хоолны газрар “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй ч энэ сарын 25-наас заалаар үйлчилж эхэлжээ. Энэ тухай тус газрын менежер “Төр фэйсбүүкээр ажлаа хийж болохгүй. Манай зоогийн газөр одоогоор “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй ч заалаар үйлчилгээ үзүүлж байна. Барьцаж байгаа юм биш. “Мисо” шөлний газар Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэний дараа хоолны газар, ресторан, кофе шопууд заалаар үйлчилгээ явуулахаар болж байна. Тухайн ресторан эрх бүхий, нөлөөтэй хүний мэдлийнх байна гэж харсан. Хэрэв над шиг хүн өнөөдөр УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж, заалаар үйлчилсэн бол Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулагдсан. Үгүй бол Зөрчлийн хуулиар торгуулчихсан л байгаа. "Мисо" шөлнөөс бусад газар үзэл бодлоо илэрхийлмээр байдаг ч бидний үг төрд хүрэхгүй. Хоол үйлдвэрлэлийн холбоо ч бидэнд үйлчилдэггүй. Төр засгийн шийдвэр уялдаа холбоогүй, хөрсөн дээрээ буудаггүй. Үүнд гайхаж, бас харамсдаг.

Хэрэв хяналт шалгалтаар үйл ажиллагааг маань хаана гэвэл надад харамсах зүйл байхгүй. Алдах ч зүйлгүй болсон.

Яах вэ дээ, би 20 жил хоолны салбарт ажилласан биз. Энэ хугацаанд төрийнхөө шийдвэрийг дагаж ирлээ. “Хариуцлагын гэрээ”-нд заасан шиг хүн бүрийн вакцины гэрчилгээг шалгаж чадахгүй, хянаж амжихгүй, хувь хүнийх нь ухамсарт итгэнэ. Вакцингүй хүн гээд Хотын даргын хэлсэн шиг хөөгөөд гаргаж чадахгүй. Хүний ёсоор харьцаж, хүнлэг хандана” гэлээ.

ВАКЦИНЫ БҮРЭН ТУНД ХАМРАГДСАН ЭСЭХИЙГ ШАЛГАХ БОЛОМЖГҮЙ

Цайны газруудаар үйлчлүүлж буй хүмүүсийн цөөн хэсэг нь л вакцины гэрчилгээгээ харуулж, бас QR кодоо уншуулаад үйлчлүүлдэг байна. Түрээслэгч нар ч бас вакцины гэрчилгээ шаардах нь цайны цагаар буюу оргил ачааллын үед бараг боломжгүйг хэлж байгаа юм. Учир нь, үйлчлүүлэгчдийн ихэнх нь вакцины гэрчилгээгээ үзүүлэхэд багагүй цаг шаарддаг, бас хүндрэлтэй байдаг аж. Иймд хүмүүсийн халууныг хэмжиж, заалаар үйлчилдэг байна.

“ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ” БАЙГУУЛСАН ЦАЙНЫ ГАЗАР, РЕСТОРАНД ЯМАР ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛ ТУЛГАРЧ БАЙНА ВЭ?

Цайны газрын түрээслэгч О.Ганбүргэд өнгөрсөн Бямба гаригт тус гэрээнд гарын үсэг зуржээ. Түүний хувьд гэрээтэйгээ танилцаж, судалж амжаагүй байна. Учир нь олон хүн бужигнаж байсан тул гэрээнд ямар заалт тусгасныг ч мэдээгүй аж.  Ямартай ч вакцины хоёр тунд хамрагдсан иргэдийн бүртгэлийг ачаалалтай үед хөтлөхөөс авхуулаад хүндрэлтэй бөгөөд тулган шаардсан хатуу гэрээ болсныг хэлж байв.

Тэрбээр “Бидэнд гэрээнд оруулах нэмэлт санал байхгүй. Бэлдсэн дөрвөн хуудас гэрээ байгаа юм. Гэрээний хувийг бидэнд өгөөгүй, гарын үсэг, тамгаар баталгаажуулснаас биш танилцах боломж байгаагүй.

Ер нь шаардлага биелүүлж ажиллахгүй бол хаалгаа барь гэж тулгасан л гэрээ болсон. Орлоготой байхын тулд арга буюу гэрээ байгуулсан ч түүнд тусгасан шиг вакцины хоёр тунтай хүнд үйлчилнэ гэдэг бүтэхгүй юм билээ.

Одоо хэзээ торгуулах бол гэдгээс л айж байна. Үнэндээ хөлөө олчихсон томхон газруудын хөлд чирэгдэж гүйцлээ. Тэд эрсдэлээ даах чадвартай. Гэтэл жижиг газар түрээс төлж ажиллуулдаг бид хэцүү байдалд орно” гэлээ.

Багшийн дээдийн автобусны буудал орчимд эгнэсэн олон цайны газраар ороход ихэнх нь хүнгүй шахам, ийм нөхцөл байдалтай байгааг хэлж байв. Харин томоохон сүлжээ ресторануудаар үйлчлүүлэх хүмүүсийн хөл татрахгүй аж. Үүдээр нь орвол халуун хэмжиж, бас вакцины хоёр тунд хамрагдсан эсэхийг шалгаж, бүртгэл хөтөлж байв. Эзэд нь цайны газрын түрээслэгчидтэй адил “Хариуцлагын гэрээ” байгуулсан ч хэтэрхий тулган шаардсан гэрээ болсон гэдэгтэй санал нэг байв.

Тэд “Хариуцлагын гэрээний агуулга нь ажиллавал ажилла. Үгүй бол хаалгаа барь гэж байна. Ийм л шаардлага тавьж байна. Орлоготой байх, ажилчдадаа цалин олгохын тулд “Хариуцлагын гэрээ”-г хүлээн зөвшөөрөхөөс яах билээ. Хэтэрхий өндөр торгуультай, тулган шаардсан гэрээ болсон. Яг социализмын үед нэг намын тогтолцоотой байснаас ялгаа алга” хэмээв.

Олон удаагийн хөл хорио, Улсын онцгой комиссын эргэж буцсан шийдвэр аж ахуйн нэгжүүдийг сөхрүүлжээ. Саяхнаас “шүгэл үлээсэн” ресторан кафе, кофе шопуудын эсэргүүцлийн үр дүнд хотын дарга Д.Сумъяабазар “За яах вэ, та нарыг ажиллуулъя” гэж дуугарсан. Гэвч “Хариуцлагын гэрээ” гэх хэцүү шалгуур, шаардлагатай шийдвэр гаргасан нь бизнес эрхлэгчдэд бөөн дарамт болж байна.

Цайны газраас кофе шоп, томхон ресторануудын эзэд хүртэл “Хэзээ хаалгаа барих бол” гэсэн айдастай, "бүсээ чангалсан" байдалтай ажиллаж буйгаа нуусангүй. “Хариуцлагын гэрээ”-г өнгөрсөн Бямба гаригаас аж ахуйн нэгжүүдтэй байгуулж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 2510 үйлчилгээний байгууллагаас 1600 нь зөвшөөрлөө авчээ.

Аж ахуйн нэгжүүд гэрээгээ зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар торгуулахаас эхлээд үйл ажиллагааг нь хаах хүртэл хариуцлага тооцохыг холбогдох албаны хүмүүс мэдээлж буй. Ялангуяа ресторанууд томхон хүлээн авалт, “буяны ажил”-ын цагаалга зохион байгуулах хориотой. Мөн “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй  байж заалаар үйлчилгээ явуулсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.

"ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ" БАЙГУУЛААГҮЙ БОЛ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦАЛНА

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Т.ЗОЛЖАРГАЛ: 

-“Хариуцлагын гэрээ” байгуулснаар тухайн байгууллагын заалаар үйлчилгээ явуулах эрх нь нээгдэнэ. Хэрэв хяналт шалгалтаар хариуцлагын гэрээ байгуулалгүй заалаар үйлчилгээ явуулсан нь илэрвэл үйл ажиллагааг нь хаана. Хуулийн этгээд эрхээ эдэлж байгаа бол хүлээсэн үүргээ ч биелүүлэх ёстой. “Хариуцлагын гэрээ” бол үйлчилгээний байгууллагуудыг хариуцлагатай байлгах зорилготой. Тиймээс хааж боож, дарамталсан зүйл огт байхгүй. Мөн гэрээ байгуулсан бол дөрвөн хувь гэрээний нэг хувийг нь аж ахуйн нэгжид өгч байгаа. Ерөнхийдөө "Хариуцлагын гэрээ"-нд заалаар 50 хувиас хэтрэхгүй үйлчилгээ явуулах, ширээ алгасах, вакцины бүрэн тунд хамрагдаж, 14-өөс дээш хоносон хүнийг ажиллуулах болон үйлчлэх зэрэг халдвар хамгааллын энгийн дүрмийг тусгасан. Хамгийн гол асуудал нь, аж ахуйн нэгжүүдийн хувьд шаардлага хангаж ажиллаж буй нь цөөн байна.

Жишээ нь, Covid-19 авч эдгэсэн хүн гэрийн тусгаарлалтаас гарч, одонгийн найранд 150 хүнд халдвар тараасан тохиолдол ч байна. Нэг хүний хариуцлагагүй үйлдлээс болоод 150 хүний ар гэр, үр хүүхэд эрсдэлд орж байна. Халдвар авсан хүмүүс тухайн хүлээн авалт зохион байгуулсан ресторанд зарга үүсгээд байгаа юм. Иймд “Хариуцлагын гэрээ”-нд ресторанд хүлээн авалт, буяны ажлын цагаалга зохион байгуулахыг хориглох талаар тусгасан.

Төр ажлаа хийж байна. Аж ахуйн нэгжүүд үүргээ биелүүлж чадахгүй байна. Төр, хувийн хэвшил, иргэн гурван талаас хичээвэл цар тахлыг даван туулна. Тиймээс биш төр ажлаа хийгээд байхад аж ахуйн нэгж, хувь иргэн ухамсаргүй, шаардлага биелүүлэхгүй бол цар тахлын ард гарахгүй. Халдварыг хамтдаа давна гэдгийг хувийн хэвшлийнхэн ойлгохгүй байна" гэлээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнгөрсөн Бямба гаригт аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, “Хариуцлагын гэрээ” байгуулахдаа “Гэрээнд гарын үсэг зурж, тамгаа дараад л байгууллагынхаа үүд хаалгыг нээж болно. Яг энэ гэрээнд зааснаар, стандартын дагуу хариуцлагатай ажиллавал цаашлаад фитнесс клубууд, амралтын газар, жуулчны баазуудыг мөн нээхээр төлөвлөж байна. "Хариуцлагын гэрээ"-г ойлголцлын, итгэлцлийн гэрээ гэж мөн ойлгож байна” гэж хэлсэн юм. Тэрбээр вакцинд хамрагдаагүй, амны хаалт зүүгээгүй хүмүүст бүү үйлчил! гэж аж ахуйн нэгжүүдэд уриалсан.

Бодит байдал дээр, цайны газруудаас авхуулаад олон үйлчилгээний байгууллага вакцины гэрчилгээнээс илүү хувь хүний ухамсарт итгэж байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүст үйлчлэхгүй байхыг уриалж, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа. Гэвч бас вакцинд хамрагдах боломжгүй харшилтай, архаг суурь өвчтэй, хавдрын мэс засал хийлгэсэн, бага сартай жирэмсэн, 12-оос доош насны хүүхэд зэрэг мянга мянган хүн үйлчилгээний байгууллагаар хэрхэн үйлчлүүлэх вэ гэдэг тухайн ресторан, кофе шоп, цайны газрын зохион байгуулалтын асуудал болохыг ч холбогдох албаны хүмүүс хэлж байгаа юм.

Ямартай ч “Хариуцлагын гэрээ”-г мөрдүүлэх зорилгоор мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас хамтарсан баг гарч, хяналт шалгалтыг өдөр бүр зохион байгуулах нь. Зөрчил гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар эхний ээлжид хариуцлага тооцно. Хэрэв дахин зөрчил гаргавал тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж