"AstraZeneca" Энэтхэгийн өмч биш

Хуучирсан мэдээ: 2021.04.05-нд нийтлэгдсэн

COVID-19

"AstraZeneca" Энэтхэгийн өмч биш

"AstraZeneca" Энэтхэгийн өмч биш

Энэтхэгээс таван сая тун “AstraZeneca” вакцин авах байсан нь хойшлогдсоны улмаас Их Британийн вакцинжуулалтын хөтөлбөр “түр гацав”. Гэвч бусад орнуудын хувьд үүнээс илүү муу мэдээ гэж байхгүй. Тэрбум гаруй хүн амаа вакцинжуулахын тулд Энэтхэг улс вакцины экспортоо зогсоож буйгаа мэдэгдсэн нь дэлхийн хүн амын гуравны нэг орчим нь амьдардаг ядуу буурай орнуудын хувьд “тэнгэр хөмрөх шиг” мэдэгдэл байв. Ингэснээр буурай орнуудын иргэд ойрын хугацаанд Covid-19-ийн вакцины бараа харахааргүй болж байна.

Энэтхэгийг хэт үндсэрхэг үзэл гаргаж, вакцинаа хуваалцсангүй гэж гомдоллож байгаа ч хүн амынхаа 50 орчим хувьд вакцины эхний тунг хийчихсэн Их Британийн хувьд хүн амынхаа дөнгөж гурван хувийг вакцинжуулаад буй Энэтхэгээс вакцин шаардах нь ёс зүйн хувьд зохимжгүй юм.

Саудын Араб, Канад, Их Британи зэрэг баян чинээлэг орнууд Энэтхэгээс хэдэн сая тун вакцин авчихаад дахиад илүүг “нэхэж” байгаа нь үнэхээр аминчхан үйлдэл билээ.

Энэтхэгийн “Serum Institute of India”-д үйлдвэрлэж буй “AstraZeneca”-ийн хэдэн тэрбум тун вакцин нь баян орнуудад зориулагдаагүй, гэхдээ бас зөвхөн энэтхэгчүүдийн ч өмч биш. Энд үйлдвэрлэж буй вакцин нь дэлхийн хамгийн ядуу буурай 92 улсад тараагдах ёстой вакцин юм.

Энэ бүхэн хэрхэн эхлэв?

Одоогоос яг нэг жилийн өмнө Оксфордын Их сургуулийн Женнерийн хүрээлэнгийн судлаачид Covid-19-ийн эсрэг вакцин боловсруулах өрсөлдөөнд тэргүүлж, вакцин үйлдвэрлэгчээ нээлттэй байдлаар шалгаруулж, эрхийг нь өгнө гэж мэдэгдэж байв. Гэсэн ч дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч, Энэтхэгийн “Serum Institute of India”-тай гэрээ байгуулсан. Нэг сар орчмын дараа Гейтсийн сангийн тусламжтайгаар Их Британид төвтэй үндэстэн дамнасан эмийн компани болох “AstraZeneca” болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран бүтээсэн вакциныг Энэтхэгт үйлдвэрлэхээр болсон.

“AstraZeneca”, “Serum Institute of India”-тай гэрээ байгуулж, Олон улсын вакцины холбоо буюу “GAVI”, Билл Гейтсийн сан зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр бүх ядуу буурай оронд зориулж “AstraZeneca”-гийн вакциныг ихээр үйлдвэрлэхээр болсон юм. Дэлхийн хүн амын дөрвөн тэрбум орчим нь амьдардаг 92 улсад энэхүү вакциныг тэгш хуваарилахаар анхнаасаа тохиролцсон аж. Тус үйлдвэрт үйлдвэрлэж буй вакцины 35 хувийг Энэтхэг улс өөрсдөө авна гэж анх тохиролцсон боловч одоо 50/50-ийн зарчим буюу 50 хувийг нь дотооддоо хэрэглэж, 50 хувийг нь экспортлоно гэсэн гэрээнд бичигдээгүй зохицуулалт хийж байна.

Мөн “AstraZeneca”, “Serum Institute of India” нарын хооронд байгуулсан гэрээний жагсаалтад багтаагүй улс орнуудад шаардлагатай тохиолдолд вакцин нийлүүлнэ гэж заажээ. Үүний дагуу Бразил, Өмнөд Африк зэрэг улсууд Энэтхэгээс вакцин авахыг хүссэн байна. Харин Их Британи, Канад зэрэг баян орнууд хүн амынхаа тооноос давсан их тун вакцин худалдан авч буй нь ёс зүйгүй хэрэг.

Хачирхалтай нь, Өмнөд Африк, Энэтхэг улсууд нийлүүлэлтийн хомсдолоос сэргийлэхийн тулд эмийн салбарын монополь компаниудаас түр татгалзаж, вакциныг илүү өргөн хүрээнд үйлдвэрлэх боломжийг бусад үйлдвэрүүдэд олгохыг Дэлхийн худалдааны байгууллагаас хүсэхэд үүнийг хамгийн түрүүнд эсэргүүцэж байсан улсуудын тоонд Их Британи, Канад, Бразил багтжээ. Үүний үр дүнд хүн төрөлхтний гуравны нэг нь Энэтхэгийн нэг компаниас вакцины хамааралтай болсон юм.

Хожим нь тэрхүү эсэргүүцэж байсан улсууд Энэтхэгийн Засгийн газраас вакцины нийлүүлэлт тасалдаж буй асуудлыг даруй шийдэж өгөхийг шаардсан юм.

“AstraZeneca” вакцинаа цар тахлын үед бараг л нэмэлт ашиггүй, маш хямд үнээр зарна гэж амлаж байсан ч дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтдаг Уганда улс Европоос гурав дахин өндөр үнээр тус компанийн вакциныг худалдаж авахад хүрчээ. “AstraZeneca”-гийн гэрээнд уг вакцины үнийг хязгаарласан заалт ороогүй. "Вакцины үнэ нь олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байх болно, үүнд үйлдвэрлэлийн өртөг, газар зүй, бүс нутгийн байршил, улс орнуудын худалдан авах хэмжээ зэрэг багтана” гэж сүүлд тус компанийн албаны хүн ярьсан байна. Барууны эм үйлдвэрлэлийн салбар өөрсдийн улс орнуудаа вакцинаар хангаж чадахгүй нь тодорхой болох үед тэд Хятад, Орос руу хандаж эхэлсэн.

Вакцины судалгаа, боловсруулалтад тэрбум тэрбумаар нь цацсан барууны улсуудын Засгийн газруудаас ялгаатай нь Энэтхэгийн Засгийн газар судалгаа шинжилгээний ажлын санхүүжилтэд зориулж “Serum Institute”-д бараг нэг ч цент өгөөгүй. Тийм мөртлөө тус улсын Засгийн газар “Serum Institute”-ээс гадагш гарч буй вакцин нэг бүрийг бүртгэж, хэзээ, хаашаа, хэдэн тунг илгээхийг тооцоолох болсон байна. Энэтхэгийн Засгийн газар вакцины тээвэрлэлттэй холбоотой эдгээр асуудлуудын талаар олон нийтэд нэг ч тайлбар өгөөгүй бөгөөд тайлбар өгөхөөс татгалзжээ.

Өнгөрсөн сард халдварын тархалт эрс нэмэгдсэн тул Энэтхэгийн Засгийн газар 345 сая иргэнээ вакцинжуулах дотоодын вакцинжуулалтын хөтөлбөрөө өргөжүүлж, бүх вакцины экспортыг зогсоосон. 60 орчим сая тун вакциныг аль хэдийнэ хийгээд байгаа ч зорилтот бүлгээ вакцинжуулж дуусахын тулд тус улсад дахиад 630 сая тун вакцин хэрэгтэй.

“Bharat Biotech’s” компанийн “Covaxin” гэх өөр нэг вакциныг дотооддоо хэрэглэж байгаа ч маш бага хэмжээгээр үйлдвэрлэж байна. Олон вакцин батлагдахын хэрээр “Serum Institute”-ийн ачаалал буурч магадгүй ч одоохондоо Энэтхэгийн вакцинжуулалтын дийлэнх хувийг зөвхөн нэг ханган нийлүүлэгч хангаж байна. Үүнээс болж Энэтхэг улс дэлхийн хамгийн ядуу буурай 91 улсаас нүүрээ буруулах, эсвэл өөрийн улсын иргэдээ “хөсөр хаях” гэсэн хүндхэн сонголттой тулгарчээ.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж