Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.03.10) Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:
-Өчигдөр нийт 11170 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 96, Төв аймагт долоо, Завхан аймагт хоёр хүнээс халдвар илэрлээ. Нийт 109 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотод батлагдсан нийт тохиолдол 2608 боллоо. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд батлагдсан Covid-19 халдварын нийт 3481 тохиолдол боллоо. Сүүлийн 24 цагт 32 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
Шинээр илэрсэн халдварын тохиолдлуудаас таван хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн 6-р хороо, Сонгинохайрхан 20, 35-р хороо, Хан-Уул дүүргийн 15-р хороонд амьдардаг хүмүүс байна.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 668 хүн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал маш хүнд гурав, хүнд дөрөв, хүндэвтэр 46 , хөнгөн 615 хүн эмчлэгдэж байна.
Шинээр халдвар авсан 109 хүнээс 104 хүн нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал юм. Эдгээр 104 хүний 94 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн бол 10 хүн хоёр дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн.
Халдварын тархалтын үе шатаас харахад Улаанбаатар хотод халдвар авах эрсдэлгүй нэг ч дүүрэг, байр, гудамж байхгүй. Өөрөөр хэлбэл, нийслэл хотыг бүхэлд нь халдварын нэг голомт гэж үзэж болохоор байна.
Холбоотой мэдээ