Агаарын тээвэрлэгч компаниудыг боломжтой бүх хэлбэрээр дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2020.11.05-нд нийтлэгдсэн

Агаарын тээвэрлэгч компаниудыг боломжтой бүх хэлбэрээр дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Иргэний нисэхийн ерөнхий газар, “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Зам, тээврийн хөгжлийн яаманд ажиллалаа. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн навигацийн болон нисэх буудлын үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, салбарын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж  байгаа ажлаа Ерөнхий сайдад танилцууллаа. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал иргэний нисэхийн салбарт хүндрэл учруулж байна. Сүүлийн жилүүдэд хурдацтай өсч байсан үзүүлэлтүүд энэ онд 50-иас дээш хувиар буурчээ. Тухайлбал өнгөрөлтийн нислэг 54, хөөрөлт, буулт 63, зорчигч, ачаа, шуудан 63 хувиар буурсан байна. Ингэснээр 2010-2019 онд өсөлттэй байсан Иргэний нисэхийн ерөнхий газрын орлого 48, агаарын тээвэрлэгч компаниудын борлуулалтын орлого 67 хувиар буурчээ.  Өнгөрсөн онд нэг сая 600 гаруй мянган хүн агаарын тээврээр үйлчлүүлж байсан бол энэ онд 460 мянга болсон байна.

“МИАТ” компанийн өнөөгийн байдлын талаар гүйцэтгэх захирал Д.Баттөр товч танилцуулав. Компани энэ оны эхний гурван улиралд 1657 нислэг үйлдэж 410 орчим тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн ч 287 удаа нислэг гүйцэтгэн 130 тэрбум төгрөг олжээ. Алдагдлаа багасгахын тулд тусгай үүргийн нислэгээс гадна карго нислэг үйлдэх, дотоодын аялал зохиох, MAX агаарын хөлгийг газарт ашиглах зэргээр ажиллаж байна. Хэдийгээр зээлийн эргэн төлөлтөө аль болох хойшлуулж, хөрөнгө оруулалтаа царцаан, зардлаа бууруулж байгаа ч  байдал хэвээр үргэлжилвэл ирэх оны хоёрдугаар улирлаас төлбөрийн чадваргүй болох эрсдэл үүсчээ.

“Хүннү Эйр” компанийн захирал П.Мөнхжаргал дотоодын нислэг, нисэх буудлын үйлчилгээг НӨАТ-гүй болговол тасалбарын үнэ 8-10 хувиар буурах боломжтойг хэлэв. Цаашид шатахуун, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, Хөгжлийн банкнаас таваас доошгүй жилийн хугацаатай, бага хүүтэй зээл олгох, эргэлтийн хөрөнгөөр дэмжихэд анхаарахыг хүслээ.

Агаарын тээвэрлэгч компаниудын хүссэн хэмжээгээр санхүүжилт өгч чадахгүй ч боломжтой бүх арга хэмжээг авна гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Хэдийгээр агаарын тээвэрлэгч компаниуд санхүүгийн хүндрэлтэй байгаа ч нислэгийн үнэ, тарифаа нэмж иргэдийн нуруун дээр ачаалал үүсгэхгүй байхад анхаарахыг захилаа.

Цаашид шинэ нисэх буудалд шилжих бэлтгэлээ сайтар хангахаас гадна тэнд ажиллах хүмүүс, суурьших иргэдэд шаардлагатай  орон сууц, сургууль, цэцэрлэг, нийтийн тээвэр, худалдаа, үйлчилгээ зэргийг цогцоор нь шийдвэрлэхэд анхаарахыг салбарын сайдад үүрэг болгов.  Иргэний нисэхийн салбарт сахилга, хариуцлагыг дээд зэргээр мөрддөг байх ёстойг сануулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж