Эрүүл мэндийн яамнаас “Covid-19” цар тахлын дэгдэлттэй холбоотой цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1022 иргэн ажиглалтад байна.
Тусгай үүргийн эхний онгоцоор ирсэн 267 иргэнийг ХӨСҮТ, Жаргалант сувилал зэрэг тусгаарлах байруудад тусгаарласан бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна.
Эрүүл мэндийн яамны 24 цагийн ажиллагаатай 199 дугаарт 131 хүн холбогдсон байна. ОХУ, Бразил улсаас нийт таван хүн холбогдож коронавируст халдварын талаар зөвлөгөө авчээ.
Сөүл Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор дөрөвдүгээр сарын 30-нд ирсэн 281 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:
Франкфурт руу зорчих байсан нэг иргэнээс коронавирус илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг хэлье.
Франкфурт руу зорчих гэж байсан эмэгтэйд эсрэг биет илэрсэн. Өмнө нь хөнгөн өвчилсөн гэсэн үг. Тухайн вирус нь үхжиж, тэмдэг илэрсэн гэсэн үг. Ойрын хавьтлын 15 хүнээс шинжилгээ авч, коронавирус илрээгүй. Тухайн эмэгтэйд Бельги улсаас ирснээс хойш 50 хоног өнгөрсөн, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй.
ЦАР ТАХЛЫН ҮЕД 280 ОР СУЛЛАНА
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал С.Энхболд:
-Өндөржүүлсэн бэлэн байдлыг хангах хүрээнд үйлчлүүлэгчдийн урсгал хөдөлгөөнийг нэг чиглэл болгосон. Жирийн үед гурван орц гарцаар үйлчилдэг байсан бол нэг гарцаар үйлчлүүлэх боломжтой болгосон. Эргэлтийн цагийг богиносгож 17:00 цаг болгосон. Улсын хоёрдугаар төв эмнэлэг 280 ор дэлгэн ажиллах тушаал авсан. Үүнээс эрчимт эмчилгээний тасгийн 50 ор бэлтгэсэн, хөнгөн болон хүнд өвчтөнд 230 ор сулласан. Халдвар тархсан тохиолдолд 12 цагийн дотор 280 ор суллах боломжтой. Одоогоор 100 ор суллаж бэлэн байдалд байна. Тусгаарлах 30 орыг бэлдэж, 24 цагаар эмч сувилагч үйлчлэгч гэсэн багаар ажиллуулж байна. Эмнэлгийн хэмжээнд жирэмсэн ажилчдаа чөлөөлсөн. Тусгаарлах, ажиглалтад буй эмч эмнэлгийн ажилтнуудад сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна. Ор бэлтгэх бэлтгэл сургуулилтыг дөрвөн удаа хийсэн. Сургалтад давхардсан тоогоор 600 эмнэлгийн ажилчид хамрагдсан. Хувийн хамгаалах хэрэгсэл өмсөх тайлах сургалтыг тогтмол явуулж байна. Шаардлагагүй бол эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байна.
ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
Posted by News.mn on Friday, May 1, 2020