Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хоёрдугаар сарын 19-ний өдөр цоохор ирвэсийн эд эрхтэн худалдан борлуулах гэж байсан этгээдийг илрүүлжээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Номин” супермаркетын хойд талын автомашины зогсоол дээр иргэн А нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу нэн ховор амьтны жагсаалтад орсон Цоохор ирвэсийн түүхий эд болох хоёр ширхэг арьс, гавлын яс, соёоны хамт худалдан борлуулах гэж байх үед нь илрүүлсэн байна.
Цоохор ирвэсийн түүхий эд болох арьс, гавлын яс, соёо зэргийг БНХАУ-ын иргэд өндөр үнээр худалдаж авдаг гэх ташаа мэдээлэл иргэдийн дунд байгаагаас ашиг, орлого олох зорилгоор дээрх амьтныг хууль бусаар агнажээ.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл: Хууль бусаар ан агнах
- Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Энэ төрлийн гэмт хэрэг зөрчил гаргасан тохиолдолд 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ