Сэргэлэн жаахан Сагсаахай сэрэмжлүүлэг ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.22-нд нийтлэгдсэн

Сэргэлэн жаахан Сагсаахай сэрэмжлүүлэг ирүүлжээ

Сэргэлэн жаахан Сагсаахай сэрэмжлүүлэг ирүүлжээ

Сайн байна уу, найзууд аа. Хөгжилтэй, дүрсгүй Сагсаахай нь дахин мэндчилж байна. Ямар Сагсаахай вэ гэж үү? Яагаав, хэд хоногийн өмнөөс та бүхэндээ өөрийнхөө өдрийн тэмдэглэлээс толилуулж эхэлсэн цоохор ирвэсийн бяцхан гүем Сагсаахай нь байна.

Сая, сая хүмүүний амийг авч одсон аймшигт өвчин, цар тахлын гамшгийн тухай Сагсаахай, Сэгсээхэй, Энхрийхэн бидэн гурав нь элбэрэлт эхийнхээ хамт олж саяхан мэдлээ. Covid-19 гэх энэ муухай өвчин чинь зөвхөн эрдэмт хүмүүст төдийгүй элдэв төрлийн амьтад, хадат уулсын “хаан” ирвэс бидэнд ч бас ихээхэн халгаатай байж мэдэх айхтар эд гэнэ шүү.

Амьтны хүрээлэн гэгч "үзвэрийн газар"-ын арслан, бар, горилла, цоохор ирвэс болон үржүүлгийн газрын усны булганаас SARS-CoV-2 халдвар илэрсэн тухай дэлхийн хэвлэлүүд шуугиж байсныг та бүхэн уншиж л байсан байх. Мөн гэрийн тэжээвэр муур, нохой энэ вирусээр халдварласан тохиолдол бүртгэгдсэн ч аз болоход тунчиг цөөхөн гэнэ. Эдгээр амьтан хаанаас, хэнээс халдвар авсан юм бол? Муур, ноход гэрийн эздээсээ, харин амьтны хүрээлэн болон дархан цаазат газрын зэрлэг амьтад байгаль хамгаалагчдаас халдвар авсан нь тогтоогджээ. Нэмж хэлэхэд, хэчнээн амьтан энэ вирусээр халдварласныг бүгдийг мэдэх аргагүй гэнэ.

ХАРИН ЭСРЭГЭЭРЭЭ БУЮУ АМЬТНААС ХҮНД ХАЛДААСАН ТОХИОЛДОЛ ГАРСАН БОЛОВ УУ?

Одоогоор амьтнаас хүнд шууд халдварласан гэх баримт нотолгоо байхгүй байгаа агаад өнөөдрийн байдлаар цуглараад буй мэдээлэлд үндэслэн амьтнаас хүнд халдвар халдах эрсдэл бага хэмээн үзэж байгаа аж.

ХАРИН АМЬТНААС АМЬТАНД ХАЛДВАРЛАСАН ТОХИОЛДОЛ ГАРАА БОЛОВ УУ?

Дээр дурдсан халдварын тохиолдлуудад хийсэн судалгаа болон цөөн тооны амьтан дээр хийсэн туршилтаар муур, нохой, оготно, гөрөөс, сарьсан багваахай, орог зусаг, усны булга, гахай, туулай, илбэнх, цагаан сүүлт буга зэрэг олон төрөл зүйлийн амьтад энэ өвчнөөр өвдөх төдийгүй ижил төрлийнхөө амьтдад халдвар тараах боломжтойг тогтоосон байна. Гэхдээ иймэрхүү судалгаа, шинжилгээг өргөн хүрээнд, далайцтай хийж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай хэмээн олон орны амьтан судлаач, эрдэмтэн мэргэд үзэж байгаа гэдгийг Сагсаахай миний бие олж мэдлээ.

Дэлхийг дээрэлхэж буй цар тахлын аюул монгол орныг маань ч нөмрөөд буй энэ цаг үед та бүхэн минь хөл хорионыхоо дэглэмийг сайтар сахиж, амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутган, хүн хоорондын зайгаа барихыг Сагсаахай, Сэгсээхэй, Энхрийхэн гурав нь хүсч байна.

Хөнөөлт өвчин хөрст дэлхийгээс хурдан зайлаасай хэмээн хүслээ шивнэсэн сайхан сэтгэлт Сагсаахайгийн илгээлтийг уламжилсан "Монгол ирвэс" ТББ-ын ах, эгч нар нь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж