"Монголд 953 бие гүйцсэн цоохор ирвэс байгааг тогтоолоо"

Хуучирсан мэдээ: 2021.03.17-нд нийтлэгдсэн

"Монголд 953 бие гүйцсэн цоохор ирвэс байгааг тогтоолоо"

"Монголд 953 бие гүйцсэн цоохор ирвэс байгааг тогтоолоо"

Монгол Улс нэн ховор цоохор ирвэсийн судалгааг ирвэс бүхий нутгийнхаа хүрээнд шинэлэг арга зүй, том талбайг хамарч хийснээрээ дэлхийд анхдагч болжээ. Судалгааны ажил нийтдээ дөрвөн жил үргэлжилж 500 орчим судлаачид, байгаль хамгаалагчид, нутгийн иргэд оролцсон нүсэр ажил болсон байна. Өргөн цар хүрээтэй энэ судалгааны талаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүйлийн мэргэжилтэн, доктор /Ph.D/ Б.Гантулгатай ярилцлаа.


-Цоохор ирвэс бүхий орнуудаас Монгол Улс дэлхийд анх удаа ийм өргөн хүрээг хамарсан судалгааг хийжээ. Энэ судалгааны талаар ярилцлагаа эхэлье?

-Цоохор ирвэс бүхий 12 улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр баталсан “Дэлхийн цоохор ирвэс болон амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-т дэлхийн хэмжээнд энэ амьтны тоо толгой, тархац нутгийг тогтооно гэсэн томоохон зорилго тавьсан байдаг. Өмнө нь зарим орнуудад нутагтаа ганц нэг ууланд ч юм уу, хэсэгчилж судалгаа хийж байсан. Харин Монгол Улсын хувьд бүх нутгийг хамарч, том талбайд, шинэлэг арга зүйгээр нарийвчлан хийснээрээ дэлхийд анхдагч болж байгаа юм. Энэ утгаар нь харвал улс орны нэр хүндтэй холбоотой, чухал судалгаа болсон.

-Энэ судалгаанд маш олон хүний хөдөлмөр шингэсэн юм билээ. Танай зүгээс судалгаанд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

-Монгол орны цоохор ирвэсийн тархац нутгийг нарийвчлан тогтоох, тоо толгойг үнэлэх судалгааны ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар анх санаачилж, Монголын ирвэс хамгаалах сан, Олон улсын ирвэс хамгаалах сан, Шинжлэх ухааны академийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнтэй хамтран 2017 оноос зохион байгуулсан юм. Түүнчлэн МУИС, Тусгай хамгаалалттай газар нутгуудын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчид, нутгийн иргэд нийлсэн 500 орчим хүн 40 гаруй удаагийн хээрийн судалгаагаар  хийж гүйцэтгэлээ. Энэ ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам бодлогоор дэмжиж оролцсонд талархалтай байна. Монголчууд хамтарвал юуг ч хийж чаддагийг энэ судалгаа нотолсон гэж ойлгож болно.

-Судалгааг ямар аргачиллаар хийсэн бэ. Энэ талаар тодорхой ярихгүй юу?

-Ирвэс нь бартаа саад ихтэй ууланд амьдардаг нууцлагдмал амьтан тул шууд нүдээр харж тоолох бараг л боломжгүй зүйл. Тиймээс судалгааны өвөрмөц аргуудыг ашиглахаас өөр аргагүй. Үүнд, ул мөрийг нь тогтоох, ул мөр дээр үндэслэн тохиолдцыг нь үнэлэх, автомат камер ашиглан тодорхой уулын ирвэсийн тоо толгойг тогтоох, амьдрах орчны загварчлал, хүзүүвчилсэн ирвэсийн шилжилт хөдөлгөөний зураглалаар эзэмшил нутгийг нь тогтоодог.  Эдгээр судалгааны үр дүнгүүдэд үндэслэн Монгол орны цоохор ирвэсийн тархац нутгийг тооцоолж зураглан, тоо толгойг нь үнэлж тогтоодог юм. Ирвэсийн ул мөрийн судалгааг Монгол орны ирвэс байх магадлалтай 10 аймгийн 406800 км квадрат нутгийг хамруулан хийсэн бол автомат камерын судалгааг 29 ууланд хийсэн. Мөн нутгийн иргэдээс ирвэсийн талаар асуулга авах зэрэг олон арга, аргачлал бүхий мэдээллийг бүрдүүлсэн цогц судалгаа  болж чадлаа.

-Судалгааны дүнд Монголд хэдэн ирвэс тоологдсон бэ?

-Асар их тооцоолол, судалгаа хийж байж үр дүнг гаргасан учир шинжлэх ухаанд суурилсан маш чухал, ач холбогдолтой ажил боллоо. Судалгааны үр дүнд Монгол орны бие гүйцсэн цоохор ирвэсийн тоо толгой 806-1127-гийн хооронд буюу дунджаар 953 гэсэн үр дүн гарсан. Цоохор ирвэс Монгол Алтай, Говь Алтай, Хангай, Соёны нуруудыг дамнан ойролцоогоор 327 мянган км квадрат газар нутагт тархан амьдарч байгаа нь тодорхой боллоо. Ингэснээр Монгол орон дэлхийд цоохор ирвэсийн хоёр дахь том популяци бүхий улс болж байна.

-Цоохор ирвэс яагаад нэн ховор амьтанд тооцогддог юм бэ. Энэ амьтны онцлогийн талаар ярихгүй юу?

-Цоохор ирвэс төв Азийн 12 оронд л байдаг, өөр хаана ч байхгүй нэн ховор амьтан. Цоохор ирвэс нь өөрийн эзэмшил нутгийг тогтоон амьдралынхаа ихэнх хугацаанд ганцаараа амьдардаг. Хоёр жилд нэг удаа 2-4 гүем төрүүлдэг боловч гүемүүд нь бүгд нас биед хүрэх нь ховор. Үхэл, хорогдол ихтэй.  Гүемүүд нь эхтэйгээ хамт 1.5-2 жилийн хугацаанд хамт амьдарсны эцэст өөр өөрсдийн эзэмшил нутгийг олохоор тухайн ууландаа, эсвэл уулс хооронд явдаг. Ихэнх тохиолдолд эр ирвэсийн эзэмшил нутаг эм ирвэсийн эзэмшил нутгаас том байдаг. Эр ирвэсүүдийн эзэмшил нутаг давхцах нь ховор. Тогтсон хил хязгаартай байдаг. Эдгээр хил хязгаараа ирвэсүүд бумбаа, үнэртэн, самардас зэрэг ул мөр үлдээн тэмдэглэдэг. Нэг эр ирвэсийн эзэмшил нутаг хэд хэдэн эм ирвэсийн эзэмшилтэй давхцах нь элбэг. Ирвэсийн эзэмшил нутаг маш том.  Ойролцоогоор 100-400 км квадрат хэмжээтэй. Тиймээс цоохор ирвэсийн нягтаршил харьцангуй бага байдаг.  Тоо толгой нь ч мөн адил цөөн.  Өөрийн эзэмшил нутгаа байнга эргэн явж ул мөрөө үлдээдэг тул нутгийн хүмүүст тухайн нутагт олон ирвэс байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг болов уу.

-Монгол оронд байгаа нэн ховор энэ амьтныг цаашид хэрхэн хамгаалах вэ?

-Судалгааны үр дүнгээр хаана цоохор ирвэс аюулд өртөөд байна, тэр газар нь хамгааллын ямар үйл ажиллагааг хэрхэн явуулах вэ гэдэг арга замаа тогтоож, үр дүнтэй явуулах боломж бүрдэх юм. Мөн цоохор ирвэсийн амьдрах орчин болсон өндөр уулын бүс нутгийг хамгаалах чиглэлд дэлхийн нийтийн өмнө монголчуудын хүлээх үүрэг, хариуцлага оролцоо төдий чинээ өндөр болж байна. Хамгийн гол нь, нэн ховор энэ амьтны талаархи иж бүрэн судалгааны суурь баримт, мэдээлэлтэй боллоо. Энэ бол судалгааны бас нэг чухал үр дүн.

-Ярилцлагын төгсгөлд энгийн гэмээр нэг асуулт асууя, энэ амьтныг хамгаалахын ач холбогдол нь юу вэ?

-Цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн гол махчин амьтан. Тухайн ууланд ирвэс байх нь тэр уулын экосистем бүхэлдээ эрүүл саруул, унаган төрхөө хадгалж байгаагийн нотолгоо болдог. Тэнд байгаа аргаль, янгир, нэн ховор ургамал гэх мэт биологийн олон янз байдлын оршин тогтох зохилдолгоо хүртэл цоохор ирвэстэй уялдаатай байдаг. Ирвэс байхгүй бол өндөр уулын өвсөн тэжээлт амьтдын тоо толгойн зохицуулга алдагдаж, халдварт өвчин гарах, тухайн уул хэт талхлагдах, хөрсний элэгдэл нэмэгдэх зэргээр унаган төрх нь алдагдаж, экологийн хувьд тааламжгүй нөхцөл үүсч байгаагийн дохио болно. Иймээс ирвэсийн амьдралыг сайн судалж, түүний оршихуйн зүй тогтлыг таньж мэдэх нь хамгааллын ажилд хэрэгтэй суурь мэдээлэл болж, өндөр уулын хувь заяаг урьдчилан төсөөлөх боломжийг олгодог. Цоохор ирвэс бол уулсын маань хаан болсон сүрлэг амьтан шүү дээ. Тиймдээ ч нутгийнхан энэ амьтныг “уулын эзэн”, “цагаан өвгөн” гэх зэргээр авгайлдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж