О.Совд: Онгоцны ослын улмаас миний дүү үхэл, амьдралын зааг дээр байна

Хуучирсан мэдээ: 2019.11.11-нд нийтлэгдсэн

О.Совд: Онгоцны ослын улмаас миний дүү үхэл, амьдралын зааг дээр байна

"Хүннү эйр" ХХК-ийн  ажилтан О.Мэргэншагай аравдугаар  сарын 14-нд онгоц хучиж байхдаа унаж осолдсон хэрэг гарсан билээ. Түүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч ухаан орохгүй байгаа бөгөөд биеийн байдал нь улам муудаж байгааг түүний ах О.Совд хэллээ. Тэрбээр өнөөдөр  /2019.11.11/ энэ асуудлаар мэдээлэл хийсэн юм.


О.Совд “Хүннү Эйр” ХХКийхан осол болсон даруйд ажилтнаа өндрөөс унасныг нуун Чингис Хаан олон улсын нисэх буудал руу “манай ажилтан ухаан алдчихлаа” гэж худал дуудлага өгснөөс болж миний дүү үхэл амьдралын зааг дээр байна. Осол  гарсныг нисэхийн цагдаагийн хэлтэс мэдсэн ч хуульд заасан үүргээ биелүүлж хэргийн газар үзлэг хийж, нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулах ажлаа орхигдуулсан гэж  хардаж байна. Хамгийн ноцтой нь анхны үзлэг хийсэн эмч нь өндрөөс унаж ухаан алдаж, асар хүнд бэртэл авсан хүнийг "зүгээр байна босооч чи" гэж сэгсрээд юу ч болоогүй мэт яваад өгсөн. Үүнээс нь болж хагалгаанд орж чадалгүй хугацаа алдсан. Улмаар тархины хүнд бэртэлтэй хүнийг автобусаар зөөж эмнэлэгт хүргэсэн нь биеийг нь улам муутгасан. Миний дүүгийн тархи тэр чигтээ цус хуралт, харвалттай, тархины эд, эс  гэмтэж ажиллагаагүй болсон гэх хоёр оношийг эмч нар  тавьсан. Өөрөөр хэлбэл,тархиндаа ийм хүнд гэмтэл авсан хүн  ухаан ороод хөл дээрээ боссон ч бусдын асаргаанд орох ѳндѳр магадлалтайг  эмч нар хэлж байна.

Иргэний нисэхийн дүрмийн Б бүлгийн 12.51-т зааснаар ноцтой осол зөрчлийн талаар заавал мэдээлэх  ёстой гэж заасан байна.

Гэтэл Ажлын байрны хөдөлмөр аюулгүй байдал алдагдсанаас үүдэн хүний амь нас дээсэн дөрөөн дээр байхад  Иргэний нисэхийн ерөнхий газар, Чингис хаан Олон улсын нисэх  онгоцны буудал, ЗТХЯ зэрэг холбогдох төр засгийн байгууллага, удирдлагууд ослыг нуун дарагдуулж, осол болоогүй мэтээр мэдэгдэл, тайлбар хийж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм. Ажил олгогчийн үүрэг нь  хөдөлмөрийн аюулгүй байдал  эрүүл ахуйн тухай  хуульд заасан ажлын байр тоног төхөөрөмжөөр хангах ёстой байтал миний дүүд хамгаалалтын малгай ч  өгөөгүй байсан.

Олон улсын стандартаар "онгоц хучих" нь хууль бус ажил бөгөөд онгоцыг хучих бус заавал ангар буюу гараашт хийх ёстой. Гэвч “Хүннү Эйр" ХХК ажилчдаараа  хууль бус ажил хийлгэснээс гадна зориулалтын машин шат байхгүй хоол зөөдөг машинаар онгоцны далавч дээр гарч ажиллуулж, осол гарах үед зориулалтын каск  өмсүүлээгүй гээд олон эргэлзээтэй асуудал гарч ирж байна. 

Цаашид би  дүүгийнхээ ослын асуудлыг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө боломжтой бүх нөхцөлөөр тэмцэх болно”  гэв.

Харин компанийн зүгээс бололцоотой бүхий л зүйлээр тусалж байгаа гэдгээ илэрхийлээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж