Алдарт Серенаг Италийн Винчи зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2015.09.12-нд нийтлэгдсэн

Алдарт Серенаг Италийн Винчи зогсоолоо

Нью-Йорк хотноо болж буй талбайн теннисний оны сүүлийн “Их дуулга” болох “US Open” буюу “Америкийн нээлттэй тэмцээн”-ий эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан ангиллын аваргын төлөө өрсөлдөх теннисчид тодорлоо.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилал сонирхолтой өрнөж, финалд Италийн Р.Винчи, Ф.Пеннетта нар үлдлээ.

Энэ оны "Австралийн нээлттэй тэмцээн", "Ролан Гаррос", "Уимблдон"-д дараалан түрүүлээд байсан Дэлхийн манлай теннисчин Серена Уильямсыг нутгийн дэвжээндээ аваргын цом өргөнө гэж таамаглаж байсан ч түүнийг Италийн Роберта Винчи зогсоолоо.

Баасан гаригт болсон Серена, Винчи нарын тоглолт гурван сет үргэлжилсэн бөгөөд эхний сетийг Серена 6:2-оор өөрийн болгожээ. Удаах сетүүдэд Итали теннисчин илүү байж 6:4, 6:4-өөр хожсоноор аваргын төлөө тоглохоор шалгаран үлдлээ.

Серена Уильямс "Америкийн нээлттэй тэмцээн"-д түрүүлбэл оны турш болдог дөрвөн "Их дуулга"-д дараалан түрүүлсэн анхны теннисчин гэж түүхэнд бичигдэх байсан юм. Энэ жил 34 настай нэрт теннисчин "US Open"-д сүүлийн гурван жил дараалан түрүүлээд байсан. Тэрбээр нийт "Их дуулга" тэмцээнд 21 удаа түрүүлжээ.

Дэлхийн чансааны 43-т бичигдэж буй Италийн Р.Винчи "Их дуулга" тэмцээний оргил амжилтаа үзүүлэхдээ дэлхийн манлай теннисчин Серенаг хожлоо.

 

Мөн нөгөө хэсэгт тэмцээнд хоёрт эрэмбэлэгдсэн Румыны Симона Халеп Италийн Ф.Пеннеттад 6:1, 6:3-аар ялагдсан байна. Ийнхүү энэ оны сүүлийн “Их дуулга” тэмцээний аваргын төлөө Италийн Р.Винчи, Ф.Пеннетта нар шалгаран үлдэж, нэгэн түүх бичлээ. Хэн хэн нь “Их дуулга”-ын ганцаарчилсан ангилалд оргил амжилтаа үзүүлээд байна.

Тус тэмцээнд 26-д эрэмбэлэгдсэн Италийн Флавия Пеннетта дөрөвдүгээр тойрогт Австралийн Саманта Стосур, шөвгийн наймд Чехийн П.Квитова, хагас шигшээд тэмцээнд хоёрт эрэмбэлэгдсэн Румыны С.Халеп нарыг хожиж, финалд үлдлээ.

 

Эрчүүдээс аваргын төлөө дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жокович, Швейцарийн Рожер Федерер нарын шилдгүүд шалгарлаа.

Новак Жокович “Их дуулга” тэмцээнд есөн удаа түрүүлэхдээ “US Open”-д 2011 онд аваргын цом өргөж байсан байна. “Швейцарь цаг” хочит Рожер Федерер “Их дуулга” тэмцээнд 17 удаа түрүүлэхдээ “US Open”-д 2008 онд түрүүлжээ. Өдгөө 34 настай Рожер Федерер 2012 оноос хойш “Их дуулга”-д түрүүлж чадаагүй байгаа. Тэрбээр энэ жилийн “Уимблдон”-ы финалд Жоковичид ялагдсан юм. Жоковичийн хувьд энэ жилийн “Австралийн нээлттэй тэмцээн” болон “Уимблдон”-д түрүүлж, “Ролан Гаррос”-т финалдсан.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж