Өнгөрөгч бямба гаригт буюу тавдугаар сарын 6-ны өдөр “Автомашингүй өдөр” унадаг дугуйн парад болжээ. Монголын залуучуудын холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд "Спирт үү, спорт уу” аяны нээлт болгон энэхүү парадыг зохион байгуулсан байна. Уг арга хэмжээнд 1500 дугуйчин дугуйн парадад нэгдэж, дугуй унахын ач холбогдлыг олон нийтэд суртачиллаа. Анх 2012 онд энэхүү арга хэмжээг зохион байгуулахад 300 дугуйчин оролцож байсан бол өнгөрсөн онд 1000 болтлоо өссөн байна. Тэгвэл энэ жил энхүү тоо 1500-д хүрчээ. Дугуйн парадад нэгдсэн залуус Чингисийн талбайгаас хөдөлж, нийт 8 км замыг туулахдаа “Хүүхэд” гэсэн үгийг бүтээжээ. Учир нь МЗХ зургаадугаар сарыг “Хүүхдийн сар” болгон зарлаж, хүүхдүүд рүү чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Ч.БОЛОР