“School police” буюу сургуулийн орчинд эцэг эхчүүд эргүүлээр ажилладаг болоод зургаан жил өнгөрчээ. Нийслэл хотын хэмжээнд давхацсан тоогоор нэг өдөрт 1400, сард 33 мянга 600 эцэг эх уг эргүүлд гарч байна. Энэ хугацаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд, эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдсэн гэдэг. Тэгвэл өнөөдөр /2019.05.16/ Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газраас “School police” чуулганыг зохион байгууллаа. Тус хуралд эцэг, эх, сургууль, цагдаагийн байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм.
Эцэг, эхчүүд хүүхдүүдийн аюулгүй байдлын төлөө “School Police” хөтөлбөрт хамрагдан хагас өдрийг зарцуулан ажиллаж байгаа нь хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал халамж, хүүхдийн эрхийн хамгааллын ажилд зохих хэмжээгээр ахиц гарч байгаа талаар албаны хүмүүс онцолж байлаа.
Нийслэлийн боловсролын газрын газрын дарга Ж.Гантулга “2016 оноос эхлээд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл аюулгүй орчныг хангах, сургуулийн орчинд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд “School police” арга хэмжээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь цөөн тооны сургуульд хэрэгждэг байсан бол өнөөдөр нийслэлийн бүх сургуульд явагдаж байна. Өдөрт дунджаар 1400 эцэг эхчүүд энэ арга хэмжээнд оролцдог. Эцэг эхчүүд энэхүү арга хэмжээнд оролцоход ажлын газраас нь цалинтай чөлөө өгдөг. Улмаар идэвхтэй сайн ажилласан эцэг эхчүүдийг шагнаж урамшуулдаг. Хамгийн гол нь сургууль эцэг эхчүүд, ажлын хагас өдөр цалинтай чөлөө аваад сургуулийн орчимд хүүхдийнхээ эрүүл мэндийг хэрхэн хамгаалах вэ? гэдэгт суралцаж байдаг” гэв.
2019 оны эхний дөрвөн сарийн байдлаар Ерөнхий боловсролын сургуулийн орчимд хоёр гэмт хэрэг, 14 зөрчил бүртгэгджээ. Бүртгэгдсэн зөрчлүүдийн дийлэнх хувийг залилан болон дээрмийн гэмт хэрэг эзэлжээ. Тухайлбал, бусдыг залилах гэмт хэрэг 2018 оны эхний дөрвөн сард найман удаагийн тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ оны эхний дөрвөн сард 34 болж өсчээ. Мөн дээрмийн гэмт хэргийн дийлэнх нь гудамж талбайд үйлдэгддэг байна.
ХҮҮХДҮҮД ЭЗЭНГҮЙ НОХОЙНД ХАЗУУЛАХ, ХУЛГАЙД ЭД ЗҮЙЛЭЭ АЛДАХ ГЭМТ ХЭРГҮҮД ИХ ГАРДАГ
Нийслэлийн цагдаагийн газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Х.Энхбаясгалан “Гэр хорооллын ойролцоо байдаг сургуулийн орчинд хүүхдүүд эзэнгүй нохойнд хазуулах, хулгайд эд зүйлээ алдах гэмт хэргүүд их гардаг. Сургуулийн орчинд зам дээр хоёр эргүүл, хөдөлгөөнт хоёр эргүүл гарч байгаа. Өглөө 7:30-13:30, орой 13:30-19 цаг хүртэл эцэг, эхчүүд байгууллагаасаа цалинтай чөлөө аваад хүүхдийнхээ төлөө жилд нэг удаа л эргүүлд гардаг. Эргүүлийн хоёр нь хүүхдүүдийг зам хөндлөн гаргахад анхаарах бол үлдсэн хоёр хүн нь сургуулийн ойр орчмыг эргэж тойроод хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаад ажилладаг. Сургуулийн эргүүл гэдэгтэй адилхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хүүхэд хамгааллын төсөл хэрэгжиж эхэлж байгаа. Энэ төслийн хүрээнд “Зөв тусгал” гэсэн арга хэмжээ явуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 152 иргэн ажиллана. Ингэхдээ хороо бүрт гэмт хэрэг ихээр гардаг эмзэг цэгүүдэд хүүхэд хамгаалагч эргүүлүүд сургуулийн эргүүлүүдтэй давхар ажиллана гэсэн үг” гэв.
“School police” эргүүлээр ажиллаж буй эцэг эхчүүд зөвхөн зам дээр зогсоож ажиллуулах, зохицуулалт хийх, зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах ажил гэж ойлгох буруугаар ойлгох явдал анзаарагдсан талаар сургуулийн удирдлагууд онцоллоо.
“School police”-ийн журамд зааснаар эргүүлд ажиллах иргэд олон төрлийн үүрэг гүйцэтгэх тухай заасны зөвхөн нэг нь “Хичээл орох болон тарах цагуудад сурагчдыг сургуулийн орчинд байгаа сургуулийн бүсэд хамаарах замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход дэмжлэг үзүүлнэ” гэж заасан байдаг. Үүнийг анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг тэд хэлж байлаа.
Мөн эцэг, эхчүүд өөрсдөө идэвхгүй оролцох, зарим нь бүртгүүлчхээд явах, ажилласан тухай тэмдэглэлээ бичихгүй, эсвэл дэлгэрэнгүй, тодорхой бичихгүй байгаа зүйл ажиглагджээ. Гэтэл эргүүлийн үүрэг гүйцэтгэгч нь сургуулийн бүсэд сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх ёстой аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ