Дорнодчуудын спортын II их наадам дөрөвдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно. Энэ наадмыг 2013 онд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүлэгч гишүүн, МҮОНТ-ийн Спортын албаны дарга, спортын сэтгүүлч Д.Батжаргал анх санаачлан, зохион байгуулж байсан түүхтэй.
Дорнодчуудын спортын II их наадмын шатрын тэмцээн энэ сарын 19-ний өдөр “Урамтай шатар” клубын байранд болж, тэмцээний аваргууд тодорсон байна.
Шатрын тэмцээнд эхний гурван байр эзэлсэн шатарчдын шагналыг 2015 оны дөрөвдүгээр сарын 26-ны ням гаригт болох Дорнодчуудын спортын II их наадмын нээлтийн ёслолын үеэр гардуулан өгөх бол 26-ны өглөө 09.00 цагаас ширээний теннис, волейбол, 27-ны өглөө 09.00 цагаас сагсан бөмбөгийн тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд эхлэх юм.
Маргааш буюу энэ сарын 24-ний орой 18.00 цагаас Спортын төв ордны хурлын танхимд Дорнодчуудын спортын II их наадмын сүүлийн Техникийн зөвлөгөөн болох бөгөөд багуудаа нэмж бүртгэн, сугалаа явуулна.
Наадмын сагсан бөмбөг, волейболын тэмцээн тус бүр адил эрэгтэй 30 хүртэлх, 31-40 хүртэлх, 41-50 хүртэлх, 51-ээс дээш гэсэн дөрвөн нас, эмэгтэй 30 хүртэлх, 31-45 хүртэлх, 46-гаас дээш гэсэн гурван насны ангиллаар явагдах бол ширээний теннис ганцаарчилсан төрлөөр эрэгтэй 30 нас хүртэл, 31-40, 41-50, 51-ээс дээш гэсэн дөрвөн нас, эмэгтэй 30 хүртэлх, 31-45 хүртэлх, 46-гаас дээш гэсэн гурван насны ангиллаар болно.
Дорнодчуудын спортын II их наадмын Ерөнхий ивээн тэтгэгчээр Дорнод аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар, ивээн тэтгэгч, дэмжигчээр УИХ-ын гишүүн Д.Арвин, Х.Болорчулуун, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Нийгмийн асуудал эрхэлсэн дэд захирал С.Сувдаа, “Хан шувалдай” групп, “SJ Mining” компани, “Үйзэн тал” групп, “Дун эрдэнэ” ХХК, Монгол Улсын алдарт уяач Б.Цэндбаатар, Т.Батзориг, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд болон “Танан импекс“ компанийн хамт олон ажиллаж байна.
Б.ЭНХ