"Жижиг орны эрх ашиг том улсынхаас доогуур тавигдах учиргүй"

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

"Жижиг орны эрх ашиг том улсынхаас доогуур тавигдах учиргүй"

"Жижиг орны эрх ашиг том улсынхаас доогуур тавигдах учиргүй"

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсын Гавьяат хуульч, доктор Ж.Энхсайхан Монгол Улсаас анх удаа шинэлэг судалгаагаараа “Энх тайвныг урагшлуулсан” шагналын эзэн болжээ. Түүнтэй энэ талаар болон Монгол улсын цөмийн зэвсгээс ангид байх статусын тухай ярилцлаа. 


-Юуны өмнө танд Дэлхийн энх тайвны сангаас шинэлэг судалгаагаараа “Энх тайвныг урагшлуулсан” шагнал авсанд баяр хүргэе. Тус чиглэлд ямар шалгуурыг хангасны үр дүнд  Монголоос анх удаа тодров?

-Баярлалаа. Дэлхийн энх тайвны сан нь энх тайвныг бэхжүүлэх, тэр чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, шинэлэг санаачилга гаргах, залуучуудын манлайллыг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлж, энэ чиглэлд энх тайвныг бэхжүүлэхэд дөхөм үзүүлсэн зургаан салбарт тодорсон хүмүүст шагнал олгодог юм байна. Тухайлбал, "Шинэлэг судалгаагаараа энх тайвныг урагшлуулсан", "Шашин хоорондын харилцааг хөхиүлэн дэмжихэд хувь нэмэр  оруулсан", "Гэр бүлийн харилцааг бэхжүүлэх үйлст хувь нэмэр оруулсан", "Тодорхой чиглэлээр онцгой үүрэг гүйцэтгэсэн", "Сайн засаглалыг урагшлуулахад хувь нэмэр оруулсан" гэсэн чиглэлд шагнал олгодог. "Шинэлэг судалгаагаараа энх тайвныг урагшлуулсан" шагналыг урьд өмнө нь Африкийн эдийн засгийг хөгжүүлж, ядуурлыг бууруулах талаар бодитой судалгаа гаргаж хэрэгжүүлсэн, энхийн соёлыг бэхжүүлж ардчиллыг нэвтрүүлэхэд дөхөм үзүүлсэн, хоёр Солонгосын харилцааг хэвийн болгох замаар Зүүн-Хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх талаар тууштай ажилласан хүмүүс хүртэж байсан юм билээ. Харин энэ жил тус шагналыг надад олгосон нь олон улсын харилцаанд жижиг улсын үүрэг ролийг нэмэгдүүлэх талаар хийсэн судалгаа, түүний дотор Монгол Улсыг цөмийн зэвсгээс ангид статустай болгох санаачилгыг онолын хувьд үндэслэж, түүнийг урагшлуулах талаар тууштай хүчин чармайлт гаргасан гэж үзсэн. Мөн нэг улс ч дангаараа цөмийн зэвсэггүй бүс болж, цөмийн зэвсэгтэй орнуудаас аюулгүй байдлын баталгаа гаргуулж авч болохыг Монголын жишээн дээр харуулсан гэх мэт үндсэн гурван шалгуурыг үндэслэж олгосон.

-Тухайн үед та Монгол Улсыг цөмийн зэвсгээс ангид статустай болгох санаачилгыг урагшлуулан хэрэгжүүлэх ажлыг гардан хүлээж, цөмийн зэвсэгтэй орнуудаас аюулгүй байдлын баталгаа гаргуулж авахад томоохон хувь нэмрээ оруулсан. Одоо ч гэсэн энэ чиглэлээр судалгаа хийдэг гэж сонссон?

-Сүүлийн үед төр засгийн энэ асуудалд тавих анхаарал суларсан. Цөмийн зэвсэгтэй орнуудаас Монголын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй, тэгэхээр сүрдүүлэхгүй гэдэг баталгааг 2000 онд гаргуулчихсан гээд үүндээ тайвширч сууж болохгүй. Бид хамгийн гол нь ирээдүйгээ бодох ёстой. 2000-аад оны дундуур энэ чиглэлд Гадаад харилцааны яамны анхаарал суларсан учраас Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай, мөн санаа нийлсэн зарим хүнтэй хамтран цөмийн зэвсгээс ангид байхын төлөө “Цэнхэр Сүлд Нийгэмлэг” ТББ гэдгийг байгуулж ажиллуулж байгаа. “Цэнхэр Сүлд” нь цөмийн зэвсгээс ангид байхын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, энэ талаар төр, засгаас явуулж буй бодлого чиглэлд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

“Цөмийн зэвсэггүй бүсүүдийн холбоо” гэж 2005 онд байгуулагдсан. Энэ холбоонд манай улсыг гишүүн нь болгоход холбооны нэрийг манай санаачилга, зүтгэлээр “Цөмийн зэвсэггүй бүсүүд ба Монгол Улс” гэж өөрчилсөн.

Тэгснээр “Монгол” гэсэн тодотголтой Ерөнхий Ассамблейн аюулгүй байдлын хоёр ч тогтоол байдаг нь онцлог юм.

-Яагаад Монгол Улсыг тусад нь онцолж нэрлэсэн бэ ?   

-Цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монголыг цөмийн зэвсэггүй бүс гэж нэрлэхээс зайлсхийдэгтэй нь холбоотой. Хэрэв Монголыг бие даасан цөмийн зэвсэггүй бүс гэж хүлээн зөвшөөрвөл зарим бусад улс ч манай адил өөрийгөө цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарлаж цөмийн зэвсэгтэй таван гүрнээс аюулгүй байдлын баталгаа гаргуулахыг шаардана гэж тэд үзэж болгоомжилж байдаг.

-Тэд одоо ч гэсэн тийм бодлого баримталж байгаа юу ?

-Тийм ээ. Хоёроос дээш улс нийлж бүс байгуулж болно гэж олон улсын хуулиар үздэг. Энэ дагуу Латин Америк-Карибын орнуудын бүс, Номхон далайн өмнөд хэсгийн бүс, Зүүн Өмнөд Азийн бүс, Африк тивийн бүс, Төв Азийн бүс гэсэн энэ таван бүс бүгд бүлэг улс орнуудаас бүрддэг. Тэгвэл цөмийн зэвсэгтэй таван гүрэн цөмийн зэвсэггүй ямар ч улс оронтой хиллэдэггүй манай улсыг дангаараа цөмийн зэвсэггүй бүс гэж хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийж манайхыг онцгой статустай улс гэж онцлон тэмдэглэдэг. Олон улсын хэмжээнд нэг улс ч цөмийн зэвсэггүй бүс байгуулж болно гэдгийг онол, практик дээр хүлээн зөвшөөрүүлсний дараа манай улс энэхүү статусаа “бүс” гэж нэрлэнэ гэдгийг тэд ойлгож байгаа.

-Тэгэхээр цөмийн зэвсэгтэй гүрнүүд манай улсыг цөмийн зэвсэггүй өвөрмөц статустай орон байхыг арга буюу хүлээн зөвшөөрч  баталгаа олгосон гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Цөмийн зэвсэгтэй таван орон 2012 онд манай улсын цөмийн зэвсгээс ангид статусыг хүндэтгэж, түүний зөрчих аливаа үйлдэлд оролцохгүй байхаа мэдэгдсэн хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж, улс төрийн баталгаа олгосон. Улс төрийн энэхүү баталгааг эрх зүйн үндэстэй болгох  ажил  одоо үлдээд байгаа юм.

Тухайн үед манай улс цөмийн зэвсгээс ангид статустай болж түүнийгээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд АНУ-тай бараг 40 орчим удаа уулзаж ярилцаж, цөмийн зэвсэгтэй таван гүрний төлөөлөгчидтэй давхардсан тоогоор 80 гаруй удаа ярилцаж, хэлэлцээ хийсний үр дүнд дээрх баталгааг олж авсан.

Цөмийн зэвсгээс ангид статустай болсны ач холбогдол мэдээж асар их бий. Монгол Улс олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсгээс ангид статустай болсноор цөмийн зэвсэгтэй орнуудын аль нь ч хүйтэн дайны үеийх шиг цөмийн зэвсгээ манайх руу онилохгүй, Монголыг тиймэрхүү бодлогодоо татан оролцуулахгүй гэсэн үг юм. НҮБ-ын  Ерөнхий Ассамблей 1998 онд Монгол Улсын санаачилгыг дэмжиж “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статус” нэртэй тогтоол батлан гаргасан. Тус тогтоолд Ерөнхий Ассамблейн гишүүн орнууд, НҮБ-ын холбогдох байгууллага, нэгжүүддээ хандаж тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, эдийн засгийн аюулгүй байдал, экологийн тэнцвэртэй байдал, бие даасан гадаад бодлогоо бататган бэхжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээ авахад нь Монгол Улстай хамтарч ажиллахыг уриалсан байдаг. Энэ тогтоолын заалтуудыг цаашид хэрэгжүүлэх талаар юу хийж болох вэ гэхээр хамгийн гол нь цөмийн зэсэгтэй улсуудын баталгааг эрх зүйн үндэстэй болгох талаар ажиллах хэрэгтэй байна. Тэгж ажиллах үндэслэл, бололцоо аль аль нь байна. Гэтэл манай тал энэ чиглэлд зохих ёсоор анхаарч ажиллахгүй л байна. ГХЯ-ны энэ асуудлыг хавсран хариуцдаг газрын шинэ дарга үүнд илүү анхаарна байх гэж найдаж байна.

-Цөмийн зэвсгээс ангид байх статусыг манай улсад ахадсан мэтээр хүлээж авдаг тал бий юу ?

-Байдаг. Хэдийгээр хөндлөнгөөс “ахадсан” мэт харагдах боловч энэхүү бодлого манай ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа. Хөрш хоёр улстай харьцуулбал манай улс жижиг улс болох нь яах аргагүй үнэн. Гэхдээ жижиг улс орны ашиг сонирхол том улсынхаас доогуур үнэлэгдэж, хүн амынх нь амь нас, эрүүл мэнд, аж байдал нь бусдынхаас доогуур тавигдах учиргүй. Харин ч жижиг улсын байдал илүү эмзэг, бусдын нөлөө бодлогод өртөх нь илүү амархан байдаг, олон улсын маргаан, мөргөлдөөнд татагдан орж илүү их өртөж хохирдог болохыг олон улсын харилцааны түүхээс харж болно. Тийм ч учраас жижиг улс орон бүр эрхээ эдэлж, бусадтай адил хэмжээнд төдийгүй бусдаас илүү алс хэтийг бодож идэвх санаачилга гаргаж ажиллах шаардлагатайг мөн түүх харуулдаг. Энэ санаачилгыг тууштай урагшлуулж ирснийг маань урамшуулж надад дээрх шагналыг олгож, нэгэнт эхлүүлсэн судалгааныхаа ажлыг үргэлжлүүлээрэй, жижиг улс ч гэсэн олон улсын харилцаанд тодорхой үүрэгтэй оролцож болох юм байна шүү гэдгийг цохон тэмдэглэж байсан нь учиртай. Цөмийн зэвсгийн талаар зөвхөн том гүрнүүд нь ярьдаг, бусад жижиг улс нь дуугүй байж голио шиг азаа үздэг байж болохгүй, бүгд оролцож, ялангуяа цэрэг, улс төрийн холбоотон улсууд энэ чиглэлд Монголын адил холбоотон их гүрэнтэйгээ идэвхтэй ажиллахыг  уриалж байгаа хэрэг гэж хэлж болно.

-Манай туршлагыг сонирхдог улс орон бий юу?

-Байгаа. Цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн зарим бага холбоотон, мөн сонгомол цөмийн зэвсэггүй бүс байгуулахад газар зүйн байршлын улмаас буюу улс төрийн нөхцөл шалтгаанаар оролцож чадахгүй улсууд манай туршлагыг сонирхож байгаа тал бий. Мөн арлын зарим жижиг улс газар нутгаа их гүрнүүдийн тоглоомын талбай болгохоос болгоомжилж өөрийгөө цөмийн зэвсэггүй хэмээн зарлаж цөмийн зэвсэгтэй орнуудаас баталгаа гаргуулах талаар ажиллах сонирхолтой  жижиг улс олон байгаа.

-Хоёулаа ярианы сэдвээ жаахан өөрчилье. Манай улсын гадаад бодлогыг та хэрхэн үзэж байна вэ. Ер нь Монгол Улсын гадаад бодлого өөрийн гэсэн дүр төрхийг олсон уу?

-Хэдийгээр манай гадаад харилцаа өргөжин тэлж өөрийн гэсэн онцлогтой болж байгаа боловч чанарын хувьд хангалтгүй дүн тавих байна. Гадаад харилцаандаа нэгдсэн бодлогогүй юм шиг, хариуцлагын тогтолцоогүй мэт харагддаг. Салбар хоорондын уялдаа холбоо тун сул, яам бүр нь юуны өмнө зөвхөн өөрийн ашиг сонирхлыг урьтал болгож байна.

Дэлхийд Монголд итгэдэг улс цөөхөн болж байна. Хоёр хөршөөс авахуулаад манайхыг ярьж тохирсноо биелүүлдэггүй гэж хэлдэг болж байна.

Мөн түүнээс гадна засаг төр солигдох бүрт бодлогын залгамж шинж чанар алдагддаг. Ер нь манай улсын төрийн тогтворгүй байдал гадаад бодлогод маш их сөргөөр нөлөөлж байна. Энэ мэт шүүмжлэх зүйл нэлээд бий. “Ухаалаг гадаад бодлого” гэж юу байх талаар би судалгаа хийж байгаа. Гадаад бодлогод юуны түрүүнд судалгаа сайтай, нэг дуу хоолой, ойлголттой байх явдал чухал байна. Жишээ нь, Эрчим хүчний яам нь нэг зүйл ярьдаг, ХХААХҮ-ийнхэн тэс ондоо зүйл ярьж энэ дунд нь Гадаад харилцааны яамны байр суурь нь бөөрөнхий, тодорхой бус байж болохгүй.

-Жижиг байх тусмаа том гадаад бодлого явуулна гэсэн үг үү?

-Томоос гадна гадаад бодлогоо зангидаж байх ёстой. Жишээ нь, Сингапур жижиг улс атлаа өнөөдөр дэлхийд нэр хүнд, нөлөөтэй орны тоонд ордог. Сингапур юу гэж хэлэх нь вэ гэдгийг дэлхий анхаардаг болсон. Мөн Израил Арабын улс орнуудтай улс төрийн чиглэлээр ана мана “үзэлцээд” байж чаддаг нь нэгдсэн нэг бодлоготой байдагтай нь холбоотой. Манайд бол нэгдмэл бодлого, хариуцлагын тогтолцоо гэж байхаа бараг больсон. Заримдаа манайх бараг Гадаад харилцааны 76 сайдтай юм шиг байдаг.

-Монгол Улс ШХАБ-д ажиглагчийн статусаа дээшлүүлж элсэх цаг нь болсон гэдэг дээр албаныхан тал бүрийн байр суурь илэрхийлж байна. Таны хувьд хэрхэн харж байна?

-ШХАБ-д элсэх нь зүйтэй гэж үздэг. Манайхан ШХАБ-ыг  хадны мангаа мэтээр төсөөлөөд байх шиг байгаа юм. ШХАБ-аас айх юм байхгүй. Гол нь түүнд элсэхийн өмнө алдах, олох зүйлээ сайн тооцоолох хэрэгтэй. Нэгэнт түүний гишүүн болбол ярилцаж тохирсноо ягштал биелүүлж бусдаас мөн тэгэхийг шаардах хэрэгтэй болно.

-ШХАБ-д элссэнээр гуравдагч хөршийн харилцаа суларна гэж зарим судлаачид хэлдэг?

-Хэрхэх нь манай талын бодлогоос л хамаарна. Бид нүүгээд явчихгүй учраас бодит байдлын өнцгөөс асуудалд хандах хэрэгтэй. Хоёр хөршөө ч, гуравдагч хөршүүдээ ч хадны мангаа гэж үзэж болохгүй. Зарим тохиолдолд аль аль талын ашиг сонирхлыг зохих ёсоор харгалзсан гурвалсан хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Тэгэх нь улс төрийн хувьд ч, мөн худалдаа, эдийн засгийн хувьд ч ашигтай байж болох юм. Тухайлбал, Европын орнуудтай харилцахдаа зарим тохиолдолд Оросыг татаж оролцуулах, АНУ, Япон, Өмнөд Солонгостой хамтарч ажиллахдаа Хятадыг татаж оролцуулах хувилбарыг бодолцох хэрэгтэй юм. Бид чинь хоёр том их гүрний дунд байгаагаас гадна мөн хоёр том зах зээлийн дунд байгаагаа мартаж болохгүй, тэрхүү хүчин зүйлийг овжин ашиглах хэрэгтэй. Энэ нь эдийн засгийн аюулгүй байдалд ч мөн эергээр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, энд ухаалаг бодлого хэрэгтэй байна гэж хэлэх байна даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж